Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   09 сарын 11, 2019

Rise: Та 18 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

ХААН Банк Сангаас 2019-2020 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэн орж буй шинэ оюутнуудад зориулан өөрийгөө хөгжүүлж, сурч боловсроход нь туслах, их хотын хариуцлагатай иргэн болж төлөвшихөд нь хувь нэмэр оруулах зорилгоор "RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр"-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн нээлт 9-р сарын 15-нд "Crocus Event Hall"-д болох бөгөөд хүрэлцэн ирэх хүндэт зочдодоо бид "Та 18 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?" гэх сонирхолтой асуулт тавьж, хариултуудыг нь энэхүү нийтлэлд нэгтгэлээ.

МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрам

Өөрийнхөө 18-тай байсан үеийг, түүнээс хойш туулсан амьдрал, алдаа оноогоо эргэн харсны үндсэн дээр дараах таван товч зөвлөгөөг залуучууддаа өгье гэж бодлоо. Үүнд:

1. Юуны өмнө өөрийгөө насанд хүрсэн Монгол Улсын иргэн гэдгээ сана. Та шийдвэр болгоныхоо хариуцлагыг хуулийн хүрээнд ч, ёс зүйн хэм хэмжээнд ч үүрэх ёстой бүрэн дунд боловсролтой иргэн хүн гэдгээ байнга санах учиртай.

2. Алдахаас бүү ай. Залуу хүн шинийг хийж бүтээхийн төлөө зүтгэж байх хэрэгтэй. Алдахаас айж хойш суувал ажил хийж сурахгүй. Алдаж үзсэн хүн алдаанаасаа суралцаж илүү чадварлаг болж хөгждөг юм шүү. Одоохондоо гэр бүлтэй болоогүй байгаа дээрээ алдаж онож үзэх нь илүү бага хохиролтой. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй болоод ирэхээр хариуцлага маш өндөр болж алдаж үзэх завшаан бараг үгүй болно.

3. Мэдэхгүйгээ мэд. Хүн ном уншиж, аливаа асуудлын гүн рүү орж судлах тусам тухайн асуудал ямар гүнзгий юм бэ гэдгийг мэддэг. Ингээд ирэхээр ямар их зүйл мэддэггүй юм бэ гэдгээ ойлгож эхэлдэг. Ийм хүмүүс илүү даруу, ярих ярихгүй сэдвээ мэддэг болж хүмүүст хүндлэгддэг.

4. Сайн хүмүүсийг олж нөхөрлө. Хүн бол нийгмийн амьтан. Өөрийг тань хүрээлж байгаа хүмүүс таны бодол, сэтгэл зүй, шийдвэр гээд бүх зүйлд нөлөөлж байдаг. Тиймээс зөв хүмүүсийг олж өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

5. Зорилгоо тодорхойл. Ирээдүйд ямар хүн болох, эх орон, хүн төрөлхтний сайн сайхны төлөө юу хийж чадах вэ, түүний тулд юу мэддэг, чаддаг болох ёстойгоо тодорхойлоод амьдралаа төлөвлө. Учир нь залуу нас байтугай, хүний амьдрал маш богино. Та энэ богино хугацааг утга учиртай байлгахын тулд зорилготой байх ёстой.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтан, TEDx илтгэгч Б.Булганчимэг

1. Сахилга баттай байх: Том зургаа харж, түүнд шууд нөлөөлөх зүйлсэд анхаарлаа хандуулах байсан. Жишээ нь чи гадаадад магистрт сурах, том байгууллагад ажиллах эрмэлзэлтэй бол голч дүн чухал. Дүн хамаагүй, юу сурах нь чухал гэх мэтээр романтиклах хэрэггүй.

2. Сэтгэлийн хат суух: Тулгарсан асуудлуудад тийм ч их ач холбогдол өгөхгүй байсан. Цаг хугацааны эрхээр бүх асуудал шийдэгддэг юм байна лээ. Цагийн юм цагтаа л байдаг. Оюутан нас бол өөрийгөө дайчлах үе, үр шимийг хураадаг нас нь тусдаа. Мөн чиний замаар өмнө нь явсан зөвлөхтэй/ментортой болох.

3. Сэтгэлийн болоод биеийн эрүүл мэндээ сайжруулах: Дасгал хөдөлгөөн заавал хийж, гүйж, йогоор хичээллээрэй. Бясалгал хийж, аль болох эрүүл хооллох дадалд сураарай. Бие эрүүл, сэтгэл тайван байхад ямар ч асуудал хөнгөн буудаг юм билээ.

CallPro-гийн хамтран байгуулагч, Faro сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Од

Та бидний сайн мэдэх комедиан, энтрепренер Б.Идэр-Од, 18 настай байхдаа ийм зүйлсийг сонссон, уншсан ч болоосой гэдэг үүднээс блогтоо нэгэн сонирхолтой бичвэрийг нийтэлж байжээ. Тэрхүү бичвэрийг бид товчлон хүргэж байна. Дэлгэрэнгүйг нь та англи хэлээр блогоос нь уншаарай.

1. Хувийн ур чадваруудаа хөгжүүлэх гэж хэт яарч хэрэггүй. Ном, хичээл сургалтаас сурсан зүйлийн 70 хувийг ажил дээр гарахад мартдаг. Түүний оронд хүмүүстэй танилц, ярилц, харилцаа тогтоо.

2. Өөрийгөө үнэл. Илүү ихийг асуухаас бүү эмээ. "Би энэ түвшинд хүрээгүй, надад ийм туршлага байхгүй, би тийм сайн биш" гэсэн бодлоо орхи. Хангалттай сайн болохоо хүлээвэл чи хэзээ ч тийм болохгүй.

3. Хэнбугай ч өөртөө бүрэн итгэлтэй байдаггүй. Чи хэзээ ч өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй болохгүй. Дотроо айж эмээнэ, санаа зовно гэдэг хэвийн зүйл. Гагцхүү өөртөө итгэлтэй мэт л байх хэрэгтэй.

4. Таагүй, сөрөг хүмүүсээс зай барь.

5. Аль болох олон удаа татгалзсан хариу ав. Тэгэх тусмаа чи "Үгүй" гэсэн хариултад эмзэглэх нь бага болно. Энэ бол хэвийн зүйл. Амьдралд нэг биш олон хаалга байдаг. Нэг нь хаагдахад нөгөө нь нээгддэг.

6. Зарим зүйлсэд цаг хугацаа хэрэгтэй. Хэчнээн их хичээлээ ч зарим зүйлс цаг нь ирэхээр буюу хангалттай цаг зарцуулсны дараа л бүтдэг гэдгийг сана.

7. Туршлагын талаар март. Хандлага л нэн чухал шүү. Хариуцлагатай, хурдан сурдаг, зөв хандлагатай хүнийг л ажил олгогчид хайж байдаг юм.

“Бид нэг хэлээр харилцдаг уу” номын зохиогч Г.Уянга

18 настай өөртөө өгөх хамгийн эхний зөвлөгөө бол, энэ бол нүд ирмэх зуур өнгөрдөг, өсөж яваа хамгийн аз жаргалтай нас шүү гэдгийг сайтар хэлж ухааруулмаар байна. Амьдрал руу дөнгөж хийж буй анхны алхам. Хичээл сургуулийг орхиж болохгүй. Гэхдээ хичээлдээ хамгийн сайн байх, мундаг байх нь туйлын зорилго биш шүү дээ. Амьдрал бол ямар нэг “зорилго” биш. Амьдрал бол “үйл явц” юм гэдгийг эртхэн ойлгоорой. Сургуулиа төгсөх гэж, аль нэг хичээлдээ онц дүнтэй суралцах гэж, мөнгө олох гэх мэт маш олон зорилгыг өөртөө тавьж, түүнийхээ хойноос л хөөцөлдөөд байдаг байж. Тиймээс, 18 насандаа нийгмийн амьдралд орж, нөхөрлөж, бүжиглэж, насан туршдаа өөрийн болгох хоббигоо олох ёстой байж. Эргэн тойрон, ээж аавын хэлсэн болгон туйлын зөв ч биш байж. Тэд ч мөн амьдралд алдаж оноод л явж байгаа жирийн хүмүүс шүү дээ. Ээж аавтайгаа илэн далангүй ярилцаж, сурснаа бас зааж өгөх байж. 1990 оны сүүлчээр, СЭЗДС-д хувьцааны тухай хичээл орж, энэ тухай ойлголттой танилцаж байлаа. Гэтэл үүнийгээ гэрийнхэндээ ярьдаггүй байснаас цэнхэр, ягаан тасалбараа хэрэглэлгүй “үхүүлж” байж билээ. 18 настай чамдаа захихад, өөрийгөө хэзээ ч бүү гол, өдөр болгоныг үр бүтээлтэй бөгөөд хөгжилтэй өнгөрөөгөөрэй.

АФА академийн гүйцэтгэх захирал, сургагч багш Ш.Амартүвшин

Би 18 настай өөрөөсөө доорх 7 асуултыг асуух байсан:

1. Би ямар авьяастай вэ?
2. Би ямар хүн болохыг хүсэж байна вэ?
3. Би ирээдүйд хэрхэн дурсагдахыг хүсэж байна? Эсвэл (Ямар түүх үлдээхийг хүсэж байна?)
4. Энэ түүхийг бичихийн тулд ирэх 5-7 жилийг төлөвлөгөөгөө яаж гаргах вэ?
5. Эргэн тойрны хүмүүсээсээ би юу суралцах вэ?
6. Зорилгодоо хүрэхэд маань тусалж чадах хүн хэн байна?
7. Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй ямар мэдээлэл, чадваруудыг яаж өөртөө суулгах вэ?

Rise 2018 хөтөлбөрийн оролцогч, МУИС-ийн Сэтгүүл зүйн 2-р түвшний оюутан Б.Лхагвацэрэн

Миний хувьд 17 настайдаа МУИС-д элсэн орж, их сургуулийн оюутан болсон. Энэ хугацаанд их сургуулийн академик хичээлүүдээс гадна, сайн дурын ажлууд болон мэргэжилтэй холбоотой хагас цагийн ажлуудыг хийж, эдгээрээс их зүйлийг суралцаж явна. Тиймээс үе тэнгийн нөхдөө хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлсдээ цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлээсэй гэж хүсдэг. Их сургуулийн доктор, профессоруудын мэргэн зөвлөгөөг сонсох, тэдний шавь байх хугацаа маш богино учраас суралцах, мэдэх хугацаагаа хийдүүлж болохгүй гэж боддог.

RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2019-ийн нээлтийн арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл энд дараарай.

Дэлгэрэнгүйг: Фэйсбүүк эвент

15284   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.