Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 11, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - "Медтравма" эмнэлгийн ерөнхий захирал, клиникийн профессор Д.Бархүү

Монголын анагаахын салбарт бидний мэдэх зарим бэрхшээлтэй асуудлууд бий боловч тэр бүхнийг хүлцэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажилдаа бүхнээ зориулдаг олон мянган эмч, сувилагч бий. Энэ удаагийн дугаартаа бид тэдний нэг, олон жил эмчээр ажиллаад дүрс оношилгооны эмнэлэг байгуулан, салбартаа манлайлж яваа нэгэн эрхмийг урилаа. Тэр бол "Медтравма" эмнэлгийн захирал, дүрс оношилгооны эмч нарын 2019 оны конгресс президент Д.Бархүү юм. Тэрээр 1997 онд АШУИС-ийг төгсөж, Польш улсад ажлын гараагаа эхлүүлээд ГССҮТ-д дүрс оношилгооны их эмч, тасгийн эрхлэгчээр олон жил ажиллажээ. Улмаар 2017 оноос “Медтравма” эмнэлгийг хамтран байгуулж, захирлаар нь ажиллах болсон бөгөөд дүрс оношилгооны эмч нарын, ясны сийрэгжилтийн эсрэг нийгэмлэгийн, яаралтай тусламжийн радиологийн зэрэг хэд хэдэн холбооны удирдлагын багт ажилладаг байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: "Медтравма" эмнэлгийн ерөнхий захирал, "Бриллиант" эмнэлгийн хамтран байгуулагч, "Монсан медикал сервис" ХХК-ний хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал, MENDMN-ий зөвлөх, Монголын дүрс оношилгооны эмч нарын 2019 оны конгресс президент
Хэрэглэдэг гар утас: Samsung Note 8
Хэрэглэдэг компьютер: Dell i7 Dual Core, Asus Notebook
Сошиал хуудсууд: Dorjnamjin Barkhuu (Фэйсбүүк), Dorjnamjin Barkhuu (Линкедин), @barko99 (твиттер)

ТА ЭМНЭЛГИЙНХЭЭ ТУХАЙ ТОВЧХОН ТАНИЛЦУУЛААЧ? 

Манай "Медтравма" эмнэлэг бол улсын хэмжээнд гэмтэл согог, дүрс оношилгооны чиглэлээр 24 цагийн тусламж үйлчилгээ үзүүлдэг цор ганц эмнэлэг. Ингэхдээ бид технологийн шийдлийг ашиглан хөдөө орон нутаг, алслагдсан газар, боловсон хүчин дутмаг жижиг хувийн эмнэлгүүдэд хүртэл хүрч үйлчилдэг. Яаралтай оношилгоо шаардсан хүмүүст маш богино хугацаанд хүрч үйлчлэх зорилготой тул өдөр шөнөгүй ажилладаг даа.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Хориод жил эмчийн ажил хийж байгаад сүүлийн хэдэн жил эрүүл мэндийн удирдлага, эмнэлгийн менежментийн чиглэлээр ажиллах болсон маань миний ажиллах хэв маягт нэлээд өөрчлөлт авчирсан байна. Ажлын өдрөө би өглөө ирээд имэйлээ шалган, салбарынхаа мэдээллүүдийг уншиж эхлүүлдэг. Дараа нь удирдлага, менежментийн баг, тасгийн эрхлэгч нартайгаа уулзаж, үүрэг даалгаврын биелэлтээ шалгана. Тэгээд чухал асуудлууд дээр санал бодлоо хэлж, чиг үүрэг өгдөг. Ажлыг чухлаас нь эхэлж хийх арга барилтай.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, апп ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлын харилцаа холбоог Slack-аар, бүх төслийн төлөвлөгөөг Trello дээр гаргадаг. Өдөр тутмын төлөвлөгөөгөө харин Wunderlist дээр хөтлөн явуулдаг. Хамтран ажилладаг хүмүүстэй мэдээлэл солилцохдоо Viber, Line, WhatsАpp зэрэг чат аппуудыг хэрэглэнэ. Бас ихэнх эмч нарын уншдаг, Pubmed.com, Uptodate зэрэг сайтаас мэдээлэл нэлээн хардаг. Сүүлийн үед замын түгжрэлд Audible-аар ном сонсох, подкаст сонсох дуртай болоод байгаа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цагийн юмыг цагт нь хийх л хамгийн сайн арга. Мэдээж бас ажлаа сайн төлөвлөх хэрэгтэй. Гэвч бүх юм санаснаар болно гэж юу байх вэ. Гэнэт ажил бөөгнөрөх асуудал гарна. Тэр үед өөр дээрээ бүх ажлаа төвлөрүүлж махрах хэрэггүй юм билээ. Оронд нь зүгээр л ажлаа аль болох сайн хуваарилж, эзэн оноож өгөх нь чухал.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Wunderlist гэх апп дээр тэмдэглэл хөтөлдөг. Энгийн, хялбар байдаг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Өмнө нь жирийн эмч байсан бол одоо мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн, 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийгэмд тодорхой хариуцлага үүрээд явж байгаадаа баяртай байгаа.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тодорхойгүй байдал байдаг. Энэ чиглэлийн бодлого, төлөвлөлт байхгүйн улмаас тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд эмнэлгүүд маш их мөнгө төлж байна. Тоног төхөөрөмжөө хэт их тэлж, олон төрлийн тоног төхөөрөмж суулгаж байгаа нь ирээдүйд манай улс сервис зардал дээр асар их мөнгө төлөхөд хүргэнэ. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдэд даатгалын тогтолцоо сул зэргээс иргэдийн хэтэвчнээсээ төлж байгаа мөнгө жил бүр өсөж, 41 хувьд хүрсэн нь асуудал болж байна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Эмчийн ажлыг сэтгэлээсээ нэлээн махруу сайн хийдэг байсан болов уу гэж бодож байна. Заримдаа өндөр хариуцлагатай үе тохиож, янз бүрийн бэрхшээл тулгарахад "Эмчээ хийгээд ч явах байж уу" гэсэн бодол орж ирдэг. Өөр нэг сайн хийчихдэг зүйл бол мужаан дархны ажил. Би гэр орныхоо ойр зуурын, засаж янзлах ажлыг өөрөө хийх дуртай. Багажны хөөрхөн цуглуулгатай, жижиг мужааны өрөөтэй.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Би энэ жилийн Монголын Радиологийн Үндэсний Чуулганы конгресс президентээр сонгогдсон болохоор удахгүй болох чуулганыг зохион байгуулахад төвлөрч ажиллаж байна. Манай дүрс оношилгооны салбар Монголын эрүүл мэндийн салбар дундаа нэгдмэл байдаг, үндэсний чуулганаа тогтмол зохион байгуулдаг онцлогтой. Бид жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн дүрс оношилгооны эмч нарын мэдлэг боловсролд гойд анхаарах болсон. Тийм ч учраас энэ удаагийн чуулганаа DIGITAL TRANSFORMATION нэрийн дор зарлаж, эмч мэргэжилтнүүддээ мэдлэг чадвар, оюун санааны хувьд бүрэн шинэчлэл хувьсал хийхийг уриалж байгаа. Сэдвээ барин бид хурлаа огт цаас ашиглалгүй, аппликейшнээр зохион байгуулна.

Хиймэл оюун (AI), блокчейн систем, IOT нэвтэрч, аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхэлж байгаа өнөө үед манай эмч мэргэжилтнүүд дэлхий нийтийн технологийн шинэчлэлээс хоцролгүй хөл нийлэн алхах боломжтойг таниулахаар чуулганаа зохион байгуулж байгаа. Ирээдүйн хамгийн том баялаг бол их өгөгдөл буюу Big Data. Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун эхнээсээ нэвтрэн, зарим салбарт эмчийн хамгийн сайн туслах (аливааг мартахгүй, асар богино хугацаанд мэдээлэл өгөх, анализ хийх чадвартай, тухайн мэргэжилтнээс тасралтгүй суралцах чадвартай) болж, ирээдүйд зарим талаар эмчээс илүү байх нөхцөл бүрэлдээд байна. Одоогоор энэ технологи дэлхий нийтэд дүрс оношилгоо, арьс, нүд судлал, патологи зэрэг салбаруудад өргөн нэвтэрч, тодорхой үр дүнд хүрээд байна. 2019 оны эхээр Хятадад хиймэл оюуны програм мэдрэлийн дүрс оношилгооны эмч нартай зарим мэдрэлийн өвчний оношилгоо дээр өрсөлдөн, цаг хугацаа болон үнэн магадтай байдал дээр илт давуу ялсан байна лээ.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Би багын л ном унших хоббитой хүүхэд байсан. Шөнөжин ном уншиж суусан өдрүүд цөөнгүй ээ. Одоо бол сонсдог ном, подкаст их сонирхдог. Саяхан "Emotional Intelligence", "Mindset" зэрэг номуудыг уншсан. Baabar.mn дээр тавигддаг нийтлэлүүдийг ихэвчлэн уншдаг. Мөн Карол Двекийн "Mindset" номыг санал болгох байна. Ялангуяа эцэг эх болж байгаа, байгууллага, хамт олон удирддаг хүмүүст их зүгээр. Энд өсөж хөгжих сэтгэлгээ ямар чухал болох талаар өгүүлсэн байна лээ. Би өөрөө бас сүүлд мэргэжил нэгт нөхөдтэйгөө мэдрэлийн өвчний оношилгооны "Компьютерт томографи, Соронзон үелзүүрт томографи" гэсэн гарын авлагыг залуу эмч нартаа зориулан гаргасан.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өмнө нь эмч хийж байхдаа жижүүрт нойргүй шахам хоноод, нойрыг тоодог ч үгүй байж. Одоо бол нойр ямар чухлыг ойлгож явна. Эрт унтаж, эрт сэрэх нь маш чухал юм билээ. Би орой 23 цагаас өмнө унтаж, өглөө эрт 6 цагт сэрэхийг хичээдэг. Заавал нар мандахаас өмнө сэрэх хэрэгтэй гэж боддог.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим сонсох дуртай. Ялангуяа төвлөрөл, тайвшрал шаардлагатай үед Шарав, Жанцанноров гуайн хөгжмийг, эрч хүч хэрэгтэй үед "Queen" хамтлагийн "We will rock you", "Radia Ga Ga" дуунуудыг сонсох дуртай.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Сүүлийн гурван жил лагер дээрээ амьдарч байна. Аль болох ажлаа эрт дуусгаж, зуслан дээр хүүхдүүдтэйгээ хамт байх дуртай. Тэдэнтэйгээ хамт аль болох спортлог байхыг эрмэлзэж, сагс тоглодог. Бас мод тарих, арчлах, услах дуртай болоод байгаа. Бас ажил дээр жаахан ядарсан үед биеийн чилээгээ гарган, хэд хэд дартс шидэхэд сайхан болчихдог юм.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би баг хамт олноосоо, хийж байгаа ажлаасаа, хамтран ажиллаж буй залуу үеийнхнээс эрч хүч, урам зориг авдаг. Сүүлийн нэг жил долоо хоногийн аль нэг өдөр үд хүртэл багийнхантайгаа хамт суун кофе ууж, хоол идэнгээ ажлаа ярилцах болсон. Энэ цаг мөч надад их таатай байдаг. Өмнө нь бол багш нараасаа, ахмад үеийнхнээс урам зориг авдаг байлаа. Би бас намтар номууд унших дуртай. Суут хүмүүсийн амьдралаас сургамж, урам авдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Хөдөлмөр, хичээл зүтгэл гэдэг ямагт үр шимээ өгдгийг эргэн тойрныхон болоод амьдралын туршлагаас олж харсан гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Ном унших хэрэгтэй. Бас орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын сацуу дунд болон ахмад үеийнхнээ ойлгож, нягт харилцаатай ажиллаарай гэж хэлнэ.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Чатбот системийг Монголд нэвтрүүлэн, хөгжүүлж байгаа "Андууд Лаб" ХХК-ийн захирал Эрхэмбаатарын ажлын арга барилтай танилцах хүсэлтэй байна.

13468   3


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.