Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 29, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - "Unlimited Media Group"-ийн арт директор З.Энхмөнх

Ээлжит дугаартаа бид медиа салбарт урлаг, соёлын уншууртай контентуудыг түгээж, бүтээлч үйлдвэрлэлд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгож буй "Unlimited Media Group"-ийн арт директор З.Энхмөнхийг (Куш) урьж ярилцлаа. 
Австрийн хийлч, хөгжмийн зохиолч Креслер Фрицийн хөгжим эгшиглэсэн өрөөгөөр нь зочилбол түүний амьдралд урлаг ямар эрхэм болох нь тодхон харагдана. Тэрээр урлагийн гэр бүлд өсөж, Хөгжим бүжгийн коллежийг морин хуурчаар төгсжээ. Бизнес ба медиа салбарт дижитал технологид суурилсан урлаг, соёлын контентуудыг бүтээхээс гадна нийгмийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулахаар ажиллаж буй Кушийн ажлын арга барилтай танилцацгаая. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “Unlimited Media Group”-ийн Маркетингийн албаны дарга, арт директор, "Gereg Fashion" сэтгүүлийн эрхлэгч, “Cotton Candy” компанийн үүсгэн байгуулагч, хувийн дасгалжуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Kush Zorigt (Facebook), Kush Zorigt (Instagram),

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлын өдрүүдэд өглөө бүр 7 цагаас үйлчлүүлэгчдэдээ фитнессийн хичээл заахын зэрэгцээ өөрөө бэлтгэл хийн өдрийг эхлүүлдэг. Гэхдээ аль болох зургаан цагаас өмнө босож өглөөг өөртөө бүрэн зориулан, бүтээмжтэй байхыг хичээдэг юм. Бэлтгэлийн дараа үндсэн ажилдаа орж, үдээс өмнө төвлөрч суух ажлуудаа амжуулдаг бол үдээс хойш ихэвчлэн хүмүүстэй уулзалт хийдэг. Ингээд орой нь ажлаа тараад аль болох шууд гэр лүүгээ харихыг илүүд үздэг. Заримдаа фитнессийн үйлчлүүлэгчтэйгээ ажиллах хуваарьтай байдаг л даа.

Ер нь аль болох гадуур хооллохгүйгээр гэртээ хоол ундаа бэлтгэж, гэртээ байгаа цагаа маш үр бүтээмжтэй өнгөрөөхийг хичээдэг юм. Тиймээс оройн 18 цагаас хойш бусадтай ажил төлөвлөхгүйгээр гэртээ сууж, гэрэл зургууд дээрээ ажиллан, 21-22 цаг гэхэд унтаж амардаг. Амралтын өдрүүдэд ч ялгаагүй ийм хэв маягтай даа.

Миний хувьд 10 гаруй жилийн өмнөөс фитнессээр хичээллэж эхлэн, таван жилийн өмнөөс өдөр бүр тогтмол бэлтгэл хийдэг болж, хоёр жилийн өмнөөс бусдыг дасгалжуулдаг болсон юм. АНУ-ын дасгал хөдөлгөөний институтээс гаргасан хичээлүүдээс суралцаж, хувийн дасгалжуулагч хийхийн хажуугаар олон нийтэд чиглэсэн лекц хийдэг болсон.

Ажиллах арга барилын хувьд хэрэггүй мэдээлэл, дуу шуугианаас аль болох хол байхыг хичээдэг. Зөвхөн шаардлагатай мэдээллийг зорилтот платформоос хүлээн авдаг учраас аливаа мэдээллийн урсгалд анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэггүй.

Гэрэл зураг авах тухайд бол агуулга, консептоо гаргах, бэлтгэл ажлууддаа илүү цаг гаргаж, тэр нь хэдий чинээ хэцүү байна, төдий чинээ сайн ажил болно гэдэгт итгэдэг. Ингэхдээ зургийн санаагаа нөөхгүйгээр аль болох шавхаж гаргахыг хичээж байгаа.

Ер нь олон зүйлийг амжуулах гэж хичээх нь хүнийг хэмлэж, сарниулдаг учраас ажлуудаа аль болох хооронд нь уялдаатай байлгах буюу нэг цаг үед нэг л зүйл дээр төвлөрөхийг хичээдэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Би тийм ч олон апп, програм ашиглаад байдаггүй. Бүтээлчээр ашиглаж, стрессээ тайлж, урам зориг авч болох апп гэж боддог учраас Инстаграмыг ашиглах дуртай. Мөн гэрэл зургуудаа хоёр програм дээр түлхүү янзалдаг юм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэх хамгийн сайн арга бол маш сайн төлөвлөж, түүнийгээ дагах болов уу. Мөн хэрэггүй мэдээлэл, дуулиан шуугианаас холуур байхыг хичээдэг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажлын жагсаалтаа тэмдэглэлийн дэвтэр болон гар утасны Notes дээрээ бичдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Бусдыг сонсохдоо сайн болов уу. Тийм болохоор бусдад зөвлөмж өгөхдөө сайн байж магадгүй. Жижиг зүйлсийг анзаарахдаа сайн болохоор арт директор болсон байх гэж боддог юм.

Түүнээс гадна шинэ зүйл сурах, шинэ ур чадвартай болох нь надад маш чухал санагддаг. Өөрчлөлт бол сайн зүйл гэдэгт итгэж явдаг даа.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хийж буй ажлууд минь бүгд л “үйлчилгээ”. Медиа салбарт синдикат үйлчилгээ, гэрэл зургийн үйлчилгээ, бусдыг дасгалжуулах үйлчилгээ гэх мэт. Бусдад хэрэгцээтэй зүйлийг өгдөг энэ ажлууддаа дурлаж, таатай мэдрэмж авдаг.

Сэтгүүл зүй, гэрэл зураг бол тэр чигээрээ байнгын бүтээлч байдлыг шаарддаг.
Бүтээлч салбарынхны хувьд арилжааны болон арилжааны бус аль ч төрлийн ажлыг хийсэн хамгийн чухал нь өөрт таалагдах ажил хийх ёстой гэж боддог юм. Зөвхөн бусдын таашаалд зориулсан бол тэр ажил сайн болохгүй гэсэн үг. Тиймээс захиалагчийн хүсэлтийн дагуу хийхдээ ч өөрт таалагдахаар хийх хэрэгтэй. Тэгвэл захиалагчдаа хүлээн зөвшөөрөгдөнө. Медиа салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд бүх зүйлийг хүнд зориулж хийдэг учраас заримдаа харилцагч, захиалагчид хийсэн зүйлийг ойлгохгүй байх тохиолдол гардаг л юм. Гэхдээ үүнийг саад бэрхшээл гэж харвал өрөөсгөл болох биз.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Ub.Life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь хамтрагч болж, тус сонины контентуудыг албан ёсоор хүргэж эхлээд байгаа. Энэ хүрээнд бид олон улсын сэтгүүл зүйн стандартуудаас суралцаж явна. Түүнээс гадна байгууллагуудтай контентын төслүүд дээр хамтран ажилладаг. Эдгээр ажлууд дээрээ аль болох л шат ахиж сайжрахыг эрмэлзэж байна.

Монголд өнөөдөр 450 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. “Gereg Fashion & Beauty” сэтгүүлийн хувьд салбартаа тодорхой орон зай бий болгож, сайн зураг авалт хийж, уншууртай нийтлэл бэлтгэн хүргэхийн тулд мэргэжлийн дизайнеруудтай ажиллаж, хийж байгаа зүйлсээ олон улсын жишигт дөхүүлэхээр хичээж явна. Гэрэл зургийн хувьд ур чадвараа улам сайжруулахыг хичээж, саяхан нэг богино хэмжээний киноны арт директороор ажиллалаа. Цаашид гэрэл зураг гэлтгүй дүрс бичлэгийн найруулга дээр ажиллаж ур чадвараа улам ахиулах сонирхол бий.

Харин фитнессийн хувьд саяхан www.medium.com дээр “Move right with Kush” нэртэй блог бичиж эхэлсэн. Дасгал хөдөлгөөн, фитнессийн талаар монгол хэл дээрх мэдээлэл дутмаг байгааг анзаарч, цуврал нийтлэлүүд бичихээр шийдсэн юм.

Анх фитнессээр хичээллэж эхлэх үедээ гоё биетэй болох юм сан гэж боддог байсан бол яваандаа тамирчны зэрэглэлийн бэлтгэлд шилжиж, тэмцээнд оролцох болсон. Энэ бүхний дараа дасгал хөдөлгөөн гэдэг хүний хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг ойлгож, бусдад ойлгуулахыг хүссэн юм. Тиймээс хүмүүст өөрийгөө бодибилдингаар хичээллэдэг гэж хэлэхээс илүүтэй дасгал хөдөлгөөнийг зөв зүйтэйгээр сурталчлахыг хичээж байна. Монголд нийгмийн эрүүл мэндийн судалгааны ажлууд тийм ч олон байдаггүй. Ихэнх нь гадаад хэл дээр байдаг учраас энэ талаар илүү сайн судалж, бусдад хуваалцахыг хүсдэг.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном унших арга барилын хувьд олон номыг зэрэг эхлүүлж уншдаг. Сүүлийн үед дасгал хөдөлгөөн, фитнесстэй холбоотой номууд их уншиж байна. Гэхдээ баримтат номууд бидний өдөр тутмын ажил, амьдралд тустай боловч сэтгэл баясгаж, "сүнс тэжээх" сурвалж биш болов уу.

Өмнө нь “Гоодаль” сэтгүүлд ажиллаж байхад утга зохиол, урлагийн талаар олон ном, бүтээл уншиж, олон хүнтэй ярилцдаг байсан бол одоо бичихээс илүүтэй визуал ажлууд дээр төвлөрч байна. Одоо бол энэ олон ажлын хажуугаар нэг сайн романы ард гарна гэдэг бараг л тансаглал мэт болчихож. Одоогийн амьдралын хэв маягт минь подкаст л илүүтэй тохирч байх шиг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим бол миний хувьд асар үнэ цэнтэй зүйл. Хөгжим бол зүгээр нэг агаарт хийсэх долгион бус өөрийн гэсэн анхаарал, хайр халамжийг шаарддаг үнэ цэнтэй зүйл гэж боддог. Тиймээс амарч байх үедээ аль болох анхааралтайгаар сонгодог хөгжим түлхүү сонсдог. Мөн сая хэлсэнчлэн ажил, гэрийн хооронд подкаст л миний нүд, чих болдог юм. Тухайлбал, NPR-аас гаргадаг Hidden Brain, Ted Radio Hour, BBC Front Row, Twenty Thousand Hertz, Design Matters, 99% Invisible подкастуудыг түлхүү сонсдог.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЮУ, ИЛҮҮ ХААЛТТАЙ ЮУ?

Би маш дотогшоогоо хүн. Миний ажил л намайг нээлттэй байхыг шаарддаг. Тэр нь ч их таалагддаг. Ялангуяа, багаар ажиллана гэдэг бие биеэ ойлгон бат бэх харилцаа холбоо үүсгэх үйл явц учраас бусадтайгаа сайн ярилцаж, бодол санаагаа дэлгэх ёстой.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ихэвчлэн гэртээ. Бас найзууд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөнө. Бүтээлч салбарт ажиллаж буй бид өөрсдийгөө байнга хөгжүүлж байх хэрэгтэй болохоор шинэ кино, ном сэлтээс хоцрохгүй байхыг боддог. Гэхдээ тэр бүхэнд хангалттай цаг гаргаж чадахгүй л байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Энэ хотод амьдарч буйн гол шалтгаан бол хүмүүс. Хэчнээн утаатай, түгжрээтэй хотод амьдарч байгаа ч гэсэн сайхан хүмүүс хажууд минь байгаа нь миний амьдралыг утга учиртай, аз жаргалтай болгодог.

Мөн гэр бүлийнхэн, фитнессийн багш, найзуудаасаа урам зориг, эрч хүч авдаг даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Олон сайхан хүнээс урам зориг, эрч хүч авах үг сонсдог учраас хамгийн гэж онцлох зүйл байхгүй дээ. Аав минь, бас фитнессийн багш Батхуяг маань надад их нөлөөлсөн гэж боддог. Тэдний үлгэр дууриал, хэлэлгүйгээр ойлгуулсан зүйлс надад үнэ цэнтэй байдаг.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Зөвлөөд байх олон зүйл надад юу байх билээ. Gen-Z буюу 1995 оноос хойш төрөгсөд өөрийгөө олохдоо сайн юм шиг санагддаг. Шинэ үеийн залуус цаг хугацааны үнэ цэнийг ойлгодог бол олон зүйлийг амжуулж, сайхан амьдарна гэдэгт итгэлтэй байдаг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Монголын Урлагийн Зөвлөлийн үүсгэн байгуулагчдын нэг, “Guru Media”-гийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа эгчийг санал болгоё.

НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Гэрэл зургийг:

Д.Ганзул

Хандалт / Сэтгэгдэл:

13903   2

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.