Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 11, 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

Байгууллагын нэр: Hub Innovation Center 
Байгуулагдсан он: 2018 
Үйл ажиллагааны чиглэл: Дундын оффис, бизнес инкубатор
Ажилтны тоо: 30 
Хаяг: СБД, 8-р хороо, Бээжингийн гудамж, Нийслэлийн Улаанбаатар Чуулгын барилгатай залгаа Hub Innovation Center 
Вебhubinnovation.center
Сошиал хуудсууд: Hubinnovationcenter (Facebook), Hubinnovationcenter (Instagram)

яагаад сонгох болов? 

Орчин үеийн ажлын орчны сонгодог жишээ болоод буй дундын оффисуудаас бид энэ удаагийн жагсаалтдаа "Hub Innovation Center"-ийг багтаалаа. Гарааны бизнесүүдийг дэмжих, залуучуудыг ажлын таатай орчноор хангах зорилгоор байгуулагдсан тус төв өнгөрөгч нэг жилийн хугацаанд зорилтот хэрэглэгчдэдээ хүрч, залуучуудын цуглах дуртай гол цэгүүдийн нэг болжээ.

Тус төв нь зорилтот төслүүдийг бойжуулах инкубатор, дундын оффис, Makers' Lab гэсэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд бид дундын оффисыг нь энэхүү жагсаалтдаа онцолж байна.

Ажлын орчин

HUB төвийн дундын оффист зочилсон хэн бүхнийг индастриал хэв маяг угтаж авна. Нийслэлд буй дундын оффисуудаас хамгийн томд тооцогдох 570 м.кв талбай бүхий талбайд том, жижиг арга хэмжээ зохиож болох цэлгэр танхим, долоон янзын ажиллах орчин бий. Өөрөөр хэлбэл хүн бүр ажлын арга барил, тухайн үеийн сэтгэл санааны байдалд тохируулах энгийн ширээн дээр суух, босоо ширээн дээр ажиллах, амралтын хэсгийн хэлбэрждэг буйдан дээр тухлах, төвлөрч суух бүхээгт шилжин байрлах гэх мэтээр долоон янзаар байршлаа солих боломжтой нь энд байх хүн бүхэнд таалагддаг.

Өнгөлөг хана, хаа сайгүй ногоорох тасалгааны цэцгүүд, гоёмсог шийдэлтэй амралтын хэсэг, уулзалтын хэсгүүд, хүссэн газар бүрд тань тааралдах 240 ширхэг залгуур гээд энд онцлууштай зүйлс олон. Гишүүд гал тогооны хэсэгтээ кофе чанаад уух боломжтой ба хүсвэл доод давхарт байрлах Jack's Coffee Shop-д ч гишүүний хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болно.

Эндхийн гишүүд дундын оффисын өрөө ба хэсгүүдийг тун сонирхолтой нэршлүүдээр хэлж заншжээ. Жишээлбэл, хурлын өрөөгөө “Шийдлийн хөндий”, амралтын хэсгийг “Төв цэнгэлдэх”, үндсэн танхимаа “Сэтгэбаатарын талбай”, номын санг “Шинэ гандан” зэргээр нэрлэсэн нь бүтээлч бөгөөд хөгжилтэй санагдав. Танхимд “Дөрвөн уулаа давж сэтгэ!” хэмээх урам зориг өгсөн постерууд мөн харагдах бөгөөд “Гэрлээ унтраа! Гэрэлээ”, “Аягаа угаа! Амараа” гэх мэтээр хөгжилтэй нэршлүүд ч үргэлжлэх аж.

Коммюнити менежер О.Эрдэнэдалай:

"Салбар бүрийн залуу манлайлагч, шинийг санаачлагч хамт олны дунд ажиллаж, олон зүйлийг сурч, хөгжиж боломжууд энд байдаг. Дундын оффисын гишүүдтэй танилцан найз нөхөд бололцож, танилын хүрээгээ тэлж байгаад баяртай байдаг."

Байгууллагын соёл - сургалт хөгжүүлэлт 

Дундын оффисын гишүүн Г.Одхүү:

"Улаанбаатарт буй дундын оффисуудаас HUB-ийг сонгох шалтгаан маань маш тодорхой. Өглөө ирээд кофегоо чанаж уухаас авхуулаад хэрэгцээт бүхэн маань энд байдаг учраас яг л гэрээсээ ажлаа хийж байгаа мэт санагддаг. Мөн дээр нь харьцангуй хямд үнэтэй."

HUB дээр инновац, технологи, стартап, залуучуудтай холбоотой сэдвүүдээр маш олон сонирхолтой арга хэмжээнүүд байна болж байдаг. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд энд нийт 150 гаруй эвент болжээ. Үүний сацуу дотооддоо гишүүдийнхээ дунд зохион байгуулдаг "HUB" нэрийн эвентүүд ч бий. Тухайлбал, өөрийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамтрагчаа хайж олох “Pitch&Match” эвент, голдуу технологийн салбарын манлайлагч залуусыг урьдаг “Meet&Greet”, гишүүд хоорондын мэдээлэл туршлагаа солилцох “HUB Talks” зэргийг дурдаж болно. Олон нийтэд чиглэсэн болон гишүүддээ чиглэсэн эдгээр арга хэмжээнүүд нь эндхийнхнийг хөгжүүлж, харах өнцгийг нь тэлж, танилын хүрээг нь тогтмол нэмж байдаг.

Дундын оффисын дотоод үйл ажиллагааг сайн дурын коммюнити менежерүүд хангадаг нь үлгэр жишээ авууштай модель санагдсан юм. Эдгээр 20 гаруй эдгээр коммюнити менежер олон залуучууд дундаас шалгарч орсон бөгөөд долоо хоногт тодорхой цагийг ажилдаа зарцуулан, бусад үед нь гишүүний хувиар хичээл номоо давтах буюу ажилладаг.

Ерөнхий уур амьсгалын хувьд, энд гарааны бизнес эхлүүлэх хүсэлтэй буюу эхлүүлсэн, хувиараа ажилладаг, завсарлага аваад карьерын дараагийн алхмаа хийх гэж буй, томоохон шалгалтад бэлдэж буй гэх мэт төрөл бүрийн зорилготой олон залуучууд цугларан "бужигнадаг" тул цаанаасаа л их энерги өгч байгаа нь мэдэгдэнэ.

Бүртгүүлэх: Бүртгэлийн форм

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК

Өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.Мөнхбаясгалан
Д.Ганзориг
Ш.Цогзолмаа
О.Бүтэд
Ё.Ичинноров
Б.Лхагвацэрэн

Креатив директор:

Б.Батзаяа

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

14973   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.