Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 26, 2019

Онцлох бизнес: Fullbox- Амьдралын чухал өөрчлөлт бүрийг "нэг хайрцагнаас"

Ажлын байран дээр гаргадаг шийдвэр бүрийг оновчтой байхад туслах зорилготой, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан, эко бүтээгдэхүүн болох Fullbox-ийг энэ удаа онцолж байна. Шинжлэх ухаанд суурилсан иймэрхүү төрлийн бодит бүтээгдэхүүн одоогоор олон улсад ч гэсэн хараахан гараагүй бөгөөд энэ шинэлэг бүтээгдэхүүнийг санаачлагч, үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Fullbox
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бизнес Плаза, 505 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Менежерүүдэд зориулсан сэтгэл зүйн бүтээгдэхүүн
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны 5-р сар
Үүсгэн байгуулагч: Ц.Дэлгэрмэнд
Цахим хуудсууд: www.officialfullbox.com (веб)

Fullbox-ийн санааг яаж олсон бэ? Яагаад эхлүүлэв?

Сэтгэл судлаачаар ажиллах хугацаандаа ихэвчлэн насанд хүрэгчид болон хосуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгч ирсэн юм. Энэ үед хүмүүс өөрсдийгөө өөрчлөх гэж, өөрийн мөн чанарыг таних гэж их хичээдэг нь ажиглагдсан л даа. Гэхдээ хүмүүс хэрхэн, яаж гэдгээ мэддэггүй. Хэрвээ үүнд мэргэжлийн хүмүүс ямар нэгэн аргачлал гаргаад, зөвлөөд өгөх юм бол хүн бүр хүссэн өөрчлөлтөө хийж, үр дүнд хүрэх боломжтой юм гэж бодоод хоёр жилийн өмнө Fullbox-ийг хийх санааг гаргасан. Өөрөөр хэлбэл өөрийгөө олох зөвлөгөөг хайрцагт хийж, бодит бүтээгдэхүүн бий болгох санаа байв. Хүнийг сайхан харагдуулдаг гоо сайхны бүтээгдэхүүн хайрцагт байдаг шиг зорилго нэгт энэ бүтээгдэхүүн маань бас хайрцагт байвал яасан юм бэ гэж бодсон хэрэг. Ингээд сэтгэл судлаачдын байнга хэлдэг “People are wonderful” үгийн ful-ийг нэмээд “Fullbox” гэх нэрийг өгсөн.

Баг, хамт олны тухай? 

Анх бүтээгдэхүүний санааг гаргахад “Сэтгэл судлалын үндэсний төв” болон “Эн Пи Си энд Мандал” ХХК-ийн сэтгэл судлаачдын баг ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Одоогийн байдлаар хамтарч буй хүмүүстэйгээ гэрээгээр ажиллаж байна.

Тус бүтээгдэхүүний онцлог, давуу талууд юу вэ? 

Бүтээгдэхүүн маань үдсэн гурван хэсгээс бүрдэнэ. Нэг дэх нь 30 жилийн төлөвлөгөөгөө гаргахад зориулагдсан. Судалгаанаас үзэхэд менежерүүдэд хүн удирдах 30 жилийн төлөвлөгөө байдаг. Үүнийг тав таван жилээр зургаан үед хувааж багцалсан хэрэг. Хэрэглэгч маань үе тутамд нэг томоохон ажлыг хийчихсэн байна гэж төлөвлөнө. Ингэхдээ одоо цагаас биш төгсгөлөөс нь эхэлж төлөвлөх ёстой. Үүнийг тайлбарлахын тулд жишээ дурдья. Хэн нэгэн нэг компанид ороод таван жилийн турш ажиллана гэж төлөвлөсөн бол ажиллаж байх хугацаандаа эндээс гараад би юу хийх вэ, хэрхэн карьераа үргэлжлүүлэх вэ, цаашид яаж хөгжин дэвших вэ гэх мэтээр ирээдүйдээ байнга санаа зовниж байдаг. Улмаар бие сэтгэл хоёр нь өөр өөр орон зайд байж, сэтгэл зүйн гутрал, ажлаас халшрах хам шинж зэрэг өвчнүүд үүсдэг. Иймээс хүн хэтийн зорилгоосоо шалтгаалаад ойрын хугацаанд хийх зүйлсээ төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Улмаар тухайн хүний хийх ёстой бүхий л зүйл тодорхой болж, ирээдүй рүүгээ тэмүүлж амьдрах урам зоригоор дүүрэн болно.

Хоёр дахь хэсэг нь амьдралын гурван цаг төлөвлөлт. Энэ нь хүмүүс ямарваа нэгэн шинэ зүйлийг сурахын тулд их хугацаа төлөвлөсөн бол түүнийгээ өдөр тутам бага багаар биелүүлж байх ёстойг илэрхийлж байгаа юм. Ингэхийн тулд хүмүүс хийх үйлдлээ тодорхой болгосны дараагаар түүндээ цаг гаргана гэсэн үг.

Гурав дахь хэсэг нь менежерүүдэд маш хэрэгтэй. Тэд ихэвчлэн удирдах албан тушаалтнуудынхаа санаа бодлыг сонсож шийдвэр гаргадаг. Үүний хажуугаар өөрийн дор удирдлага дор буй ажилтны санал санаачилгыг ч мөн сонсож, мэдээлэл цуглуулсныхаа дараа шийдвэр гаргавал илүү бодит, үнэн зөв байх болно гэдгийг илэрхийлж байгаа юм. Энэ бүхнийг тухайн тэмдэглэлийн хуудсанд зааврын дагуу хөтлөөд явбал мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Бүтээгдэхүүний онцлогийн хувьд эртний зан заншил, уламжлалтай холбоотой. Өвөг хөгшид маань “алс хэтээ төлөвлө”, “алс ирээдүйгээ бод” хэмээн хэлдэг дээ. Үүнээс улбаалан уг бүтээгдэхүүнийг хүмүүс ирээдүйн зорилгоо харж одоогийн ажлаа зөв төлөвлөөсэй гэсэн үүднээс бүтээсэн юм.

Мөн цаасаар хийсэн, байгальд ээлтэй Fullbox-ийг байгууллага, хувь хүмүүс захиалаад, өөрөө бие даан хэрэглэх боломжтой. Одоогоор Монголд төдийгүй олон улсад яг ийм өөрийгөө хөгжүүлэхэд зориулагдсан, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан бодит бүтээгдэхүүн байхгүй.

Fullbox-ийг ирээдүйг хэрхэн харж байгаа вэ? 

Бид удахгүй олон улсын хуралд явах гээд бэлдэж байна. Үүнтэй холбоотойгоор менежерүүдэд зориулсан аппликейшин гаргаж байгаа. Энэ бүхнийгээ олон улсын түвшинд гаргаж, оюуны экспорт хийх зорилготой ажиллаж байна. Цаашлаад сэтгэл судлалын салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухааны тогтвортой байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гэсэн зорилтууд бий.

Fullbox бол манай анхны бүтээгдэхүүн. Хамгийн эхний хайрцгаа менежерүүдэд зориулан гаргаж буй нь энэ. Цаашдаа ч бид сайхан мэдрэмжүүдийг хайрцагт хийгээд хүмүүст түгээх зорилготой. Тиймээс эцэг эх, хүүхдийн хөгжил, хосуудад зориулсан хайрцгуудыг удахгүй гаргах болно.

Танай бизнес, үйл ажиллагаандаа баримталдаг зарчмууд?

Нэгдүгээрт олон улсын түвшинд салбар шинжлэх ухаандаа хувь нэмэр оруулах, хоёрдугаарт Монголдоо тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компани байх, гуравдугаарт мэргэжилтнүүд маань ур чадвараараа дэлхийд үнэлэгдэх гэсэн үндсэн зарчимд тулгуурлан ажиллаж байна. Үүнийг бодит болоход нөлөөлөх чухал хүчин зүйл нь манай хэрэглэгчид болох хувь хүмүүс ба байгууллагууд юм.

Энэ төрлийн бизнес, бүтээгдэхүүнийг авч явахад учирдаг бэрхшээл, эрсдэл? 

Сэтгэл судлалын салбараас явуулдаг сургалт, судалгаа, зөвлөгөөг иргэд маань талархан хүлээж авахын зэрэгцээ олноор үйлчлүүлдэг болсон. Харин байгууллага болон компаниудын хувьд удирдах ажилтан болон ажилтан, менежерүүдээ хөгжүүлэх тал дээр сайн анхаардаггүй. Энэ нь магадгүй төсөв санхүүтэй холбоотой байж болох ч орхигдуулж болшгүй зүйл.

Иймээс Fullbox-ийг өдөр тутам авч явах, оффисынхоо ширээн дээр байрлуулах, цүнхлээд аваад явахад ч авсаархан байхаар бодож, загвар хийцийг нь гаргасан.

Хэрэглэгчдийн зан төлөвийн тухайд? Сонирхолтой ажиглалтууд?

Бүтээгдэхүүнийг маань хэрэглээд эхэлсэн хүмүүст шууд өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа шүү. Хамгийн түрүүнд засрах зүйл бол одоо цагаас төлөвлөхгүйгээр төгсгөлөөс нь төлөвлөх, цагийн менежмент, ажилтантайгаа харилцах харилцаа юм. Бүтээгдэхүүн худалдаж авсан хүмүүст бид зааварчилгаа өгөх зорилгоор үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Тэр үеэр хүмүүс байнга ярьдаг хэрнээ төлөвлөж бичиж байгаагүй тухайгаа, мөн хэрхэн биелүүлэх талаар бодож үзээгүй юм байна гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцдаг. Улмаар уг сургалтын явцад нарийн төлөвлөсөн зорилго бүхэн нь биелэх боломжтой юм гэдгийг ойлгож, тодорхой менежментийн дагуу, хялбараар ажлаа хийдэг болж байгаа нь ажиглагдсан.

СОНИРХУУЛАХАД, Монгол ажилтнуудын ажлын байранд нийтлэг гаргадаг алдаа юу вэ? 

Монгол ажилтнуудын хувьд олон төрлийн үүрэг даалгаврыг зэрэг гүйцэтгэх шаардлага гардаг. Энэ нь хэдийгээр тухайн хүний хувьд чадваржих давуу тал болдог ч өөрийн бусдаас ялгарах онцлог, чадамжаа тодорхойлж чадахгүй байх эрсдэлийг бий болгодог. Тиймээс баг, хамт олонтой ажиллахдаа өөрийн бусдаас ялгарч буй давуу ба сул талаа анзаарч хардаг байх нь чухал. Ингэснээр сул талаасаа болж нэг алдааг олон давтахгүй. Өөрийн давуу талыг зөвхөн өөрт байдаг авьяас гэж харахаас илүүтэй баг, хамт олондоо оруулж буй хувь нэмэр гэж харах нь зүйтэй.

11558   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.