Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 28, 2019

Exclusive: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019

"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2019" жагсаалтад тавтай морил! 

Unread Media компани өнгөрсөн жил анх удаа Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг нэрлэсэн билээ. Хоёр дахь удаагийн жагсаалтаа гаргахдаа бид уншигчдынхаа дунд санал асуулга явуулж 1300 гаруй хариулт хүлээн авсан бөгөөд уншигчид, хамтрагчидтайгаа хамжин хэдэн сарын турш эрэл хайгуул хийсний эцэст үр дүнг нь ийн танилцуулж байгаадаа баяртай байна. 

Ажлын орчны тав тух, уур амьсгал, дотоод соёл гэдэг байгууллагын өсөлт хөгжил, цаашлаад улс орны хөгжил дэвшилд дам нөлөөтэй байдаг. Энэ тал дээр ихээхэн идэвх чармайлт гаргадаг компани, байгууллагуудыг алдаршуулах нь олон мянган аж ахуйн нэгжид таатай ажиллах орчин бүрдүүлэх үлгэр жишээ, санаа авах сурвалж болж, чадварлаг хүний нөөцийг соронздон татахад тусална гэдэгт итгэнэ. 

Уламжлал ёсоор бид ажлын орчны тохижилт, байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт гэсэн гурван шалгуурын дагуу уншигчдаас хамгийн их санал авсан 35 оффистой өөрсдийн биеэр танилцаж, шалгарч үлдсэн 9 оффисыг танилцуулж байгаа нь энэ юм. Та бүхэн энэ нийтлэлээс хамгийн таатай 9 оффисыг нэг дороос харж, тус тусын холбоосоор дамжин оффис нэг бүртэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

Энэ жил "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалт бизнесийн олон салбарын төлөөллийг багтаан бүрэн шинэчлэгдсэн (нэг л байгууллага дахин багтсан) бөгөөд уншигч та бүхнийг өөрийн биеэр зочилсон мэт мэдрэмж аваасай гэсэндээ оффисуудын дотоод тохижилт, зохион байгуулалтыг 360 градусын виртуал байдлаар оруулж өглөө. Таалан сонирхоцгооно уу!

МОБИКОМ (МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО)

Монголын хамгийн том компаниудын нэг, мэдээлэл, харилцаа холбооны салбарыг 20 гаруй жил тэргүүлж буй, 1.5 сая гаруй хэрэглэгчтэй “Мобиком” корпорацийн будаг нь ханхалсан шинэ оффис энэ жилийн жагсаалтад маань багтлаа. Мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн технологиор иргэдийн амьдралыг тав тухаар хангадаг тэд дотооддоо ажлын таатай орчныг бүрдүүлж, ажилтнууддаа ээлтэй бодлогыг баримтлан ажилладаг. Мобикомын менежмент, дотоод соёл, орчны тохижилт зэргээс санаа авууштай, сурууштай зүйл олон байгаа гэдэгт итгэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: МОБИКОМ КОРПОРАЦИ

АНУН (ТАВИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА)

"АНУН" ХХК манай өнгөрсөн жилийн жагсаалтад багтаж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Онцын шалтгаангүй бол аливаа компанийг жил дараалан багтаах хүсэлгүй бид энэ жил тэднийг дахин сонгосон нь учиртай. Өнгөрөгч 22 жилийн турш 19 мянга орчим байгууллагыг тавилгын шинэлэг, сайн шийдлээр хангаж ирсэн АНУН тав тухтай, бүтээлч байх тал дээр өөрсдөө ямагт нэг алхмын түрүүнд явдаг бөгөөд оффистоо томоохон шинэчлэл хийж өргөтгөснөө өнгөрсөн долоо хоногт "нээгээд" байгаа юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: АНУН

ДЭНЦҮ ДАТА АРТИСТ МОНГОЛ (хиймэл оюун)

Дэлхийн технологийн аварга компаниудын анхаарал хандуулах болсон хиймэл оюуныг дагнан хөгжүүлдгээрээ Монгол Улсад анхдагч болж буй “Дэнцү Дата Артист Монгол” компанийн шинэлэг оффис манай жагсаалтад багтлаа. Дэлхийн 145 оронд салбартай маркетинг, зар сурталчилгааны олон улс дамнасан “Dentsu”-ийн "Data Artist" охин компани өнгөрсөн онд манайд салбараа нээж, чадварлаг монгол инженерүүдийг нэгтгэн, хиймэл оюунд суурилсан маркетингийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ДЭНЦҮ ДАТА АРТИСТ МОНГОЛ

ИНВЕСКОР (БАНК БУС САНХҮҮ)

Банк бус санхүүгийн салбарт тэргүүлэгчдийн нэг, олон хэрэгцээт, шинэлэг бүтээгдэхүүн санал болгогч “Инвескор”. Дотооддоо төдийгүй гадаад зах зээлд өргөжин тэлж буй тус байгууллага энэ онд IPO хийж, 18.6 тэрбум төгрөгийг босгон, олон нийтэд нээлттэй компани болсон нь бидний анхаарлыг татсан юм. Энэ амжилтын ард чадварлаг хүний нөөц, таатай ажлын орчин, зөв зүйтэй менежмент байдгийг та бүхэн дэлгэрэнгүй нийтлэлээс уншаарай.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: ИНВЕСКОР

КАПИТРОН (БАНК САНХҮҮ)

Монгол Улсын банк санхүүгийн зах зээлд технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернет, телефон, мессеж банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлэгчдийн нэг бол Капитрон банк. Капитал+Электрон гэсэн хоёр үгний хослолыг бүтээж, өндөр технологид суурилсан, тогтвортой хөгжлийг дэмжигч, оюунлаг банк байх утгыг агуулан өөрсдийн уриаг "Ухаалаг ирээдүйн зүгт" хэмээн тодорхойлсон Капитрон банк өөрсдийн гол нөөц, хүч болох ажилтнууддаа ээлтэй, халуун дулаан уур амьсгал бүхий таатай орчныг бүрдүүлснээрээ манай жагсаалтад багтав.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: КАПИТРОН БАНК

PREMIUM GROUP (ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЭЦ, БАРИЛГА)

Монголын барилгын материалын салбарт тэргүүлэгч Премиум Групп нэг жилийн өмнө CU сүлжээ дэлгүүрийг Монголын зах зээлд нэвтрүүлж, худалдаа, үйлчилгээний салбарт шинэ соёл, стандартыг бий болгоод байгаа билээ. Өдгөө 5 охин компани, 1000 гаруй ажилтантай болсон тус групп ажилтнууддаа том сэтгэж, боломжийг шүүрэхийг уриалдаг бөгөөд түүнийгээ илтгэх мэт энэ зун Улаанбаатарын "хамгийн супер" байршилд оффисоо шилжүүлжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: PREMIUM GROUP

RE/MAX Mongolia (үЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛ)

Дэлхийн 110 улсад долоон мянга гаруй оффис, 100 мянга гаруй агенттай RE/MAX компани Монголд орж ирснээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд олон дэвшил, шинэ стандарт бий болсон билээ. Ердөө гурван жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн “RE/MAX Mongolia” аль хэдийн 39 салбарыг нээж амжаад байгаа бөгөөд хүмүүс, байгууллагуудыг амьдрах, ажиллах таатай орон зайтай нь холбож өгдөг тэд өөрсдөө ч орчны тав тух, хүнд ээлтэй байдалд онцгой анхаардаг ажээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: RE/MAX COLLECTION LUXURY PROPERTIES

САЯСАНАА (Интерьер дизайн)

Манай өнгөрсөн жилийн жагсаалтад орж байсан Ард Санхүүгийн Нэгдэл тэргүүтэй олон байгууллагын интерьер дизайны шийдлийг гаргасан, байгуулагдсанаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд 400 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд буй “SaySanaa” компанийг бид энэ удаагийн жагсаалтдаа онцолсон юм. "Сая сая" бүтээлч санаа урган гардаг, төсөөлөн бодох сэтгэлгээ сайтай, "уран" хүмүүс ажилладаг тэдний оффис ямархуу бол? Сонирхоод үзэцгээе.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: САЯСАНАА

 HUB innovation center (ДУНДЫН ОФФИС)

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр жил гаруйн өмнө нээлтээ хийж байсан HUB Innovation Center зорилтот хүмүүстээ амжилттай хүрч, гарааны бизнесүүдийг дэмждэг, залуучуудыг ажлын таатай орчноор хангадаг хотын гол цэгүүдийн нэг болжээ. Хуучны "Залуучуудын ордон"-ыг залуучуудад эргүүлэн авч, гоёмсог тохижилт, үр ашигтай менежменттэйгээр үйл ажиллагаа явуулах энэ төв шинэ цагийн ажлын орчны соёлыг түгээсээр байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС: HUB INNOVATION CENTER

Өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

"Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалт нь жил бүр уламжлал болон танилцуулагдах юм. Та бүхэн энэхүү жагсаалтын талаарх санал сэтгэгдлээ хуваалцаарай.

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.МӨНХБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ш.ЦОГЗОЛМАА
О.БҮТЭД
Б.ЛХАГВАЦЭРЭН
Ё.Ичинноров
С.Намуунаа
Д.Баясгалан
Д.Ганзул

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

36524   11

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.