Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 02, 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол

Байгууллагын нэр: Дэнцү Дата Артист Монгол 
Байгуулагдсан он: 2018 
Үйл ажиллагааны чиглэл: Мэдээллийн технологи 
Ажилтны тоо: 50 
Хаяг: Central Tower, 13 давхар 
Вэб: Facebook

Яагаад сонгох болов? 

Хиймэл оюунд суурилсан төслүүдийг 100 хувь гадаад зах зээлээс авч эх орондоо гүйцэтгэж байгаагаараа Монголдоо анхдагч болж буй "Дэнцү Дата Артист Монгол" компанийн үүдээр орсон хэн бүхэн гутлаа тайлж, углааш өмсөх ёстой. Үүднээсээ л өөрийн гэсэн нягт нямбай соёлтой болох нь мэдэгдэх тус компани яг одоо ирэх жил Японы Токио хотод болох олимпын наадмын нэгэн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ.

2022 он гэхэд 400 гаруй дэлхийн хэмжээний инженер бэлтгэж, Япон улсын хиймэл оюуны зах зээлд танигдсан компани болох том төлөвлөгөөтэй компанийн хувьд ажлын таатай орчныг бүрдүүлж, датанд суурилан бүтээлчээр сэтгэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь онцлууштай билээ.

Ажлын орчин 

Оффистоо ургамал, цэцэг, мод бүхий интерьерийн шийдлийг цогцлоож, ногоон бүсийг бий болгосон нь амьд байгальд буй мэт таатай мэдрэмжийг өгөх ажээ. Дэнцүгийнхэн цэвэрхэн, цэгцтэй, тав тухтай мэдрэмжийг төрүүлэх цагаан, хөх өнгөөр дагнан ханаа зассанаас гадна чөлөөт хэсэг буюу ногоон бүсийн тааз хэсгийг хар өнгөөр будаж, индастриал хэв маягаар тохижуулсан нь оффисын орон зайг улам цэлгэр болгосон байна.

Ногоон хивс, мод зэргээр тохижуулсан "ногоон бүс"-д олуулаа тухлан урт буйдан, хэлбэрждэг “beanbag”, дүүжин сандлууд байх бөгөөд шалнаасаа тааз хүртэл үргэлжилсэн цонхны цаанаас Улаанбаатар хотын төв хэсгийг тольдож, нийслэлийн хамгийн гоёмсог, сүрлэг барилгуудыг дэргэдээс нь харах боломжтой. Дартс, ширээний хөлбөмбөг, суниалт хийх турник, гарын чилээ гаргах боксын мишок, бээлий тэргүүтэн байсан нь тун догь! Тэд энэ хэсэгт оюун санаагаа уралдуулах, бүтээлч шийдлүүдийг ярилцах тав тухтай орчинг бүрдүүлсэн учраас оффисын хамгийн онцлох дизайны шийдэлтэй хэсэг хэмээж байв. Эндээ сар бүр тогтмол арга хэмжээ, сургалт семинар зохион байгуулж, өдөр, оройн цагаар хоол ундаа ч идэж болдог байна. Оффисынхоо зарим ханыг тэр чигт нь ногоон зүлгээр тохижуулсан байх бөгөөд шилэн хануудыг хөдөлгөн уулзалтын өрөөг томосгох буюу багасгах шийдлийг гаргаж өгсөн нь төрөл бүрээр brainstorming хийхэд тун тохиромжтой аж.

Орон зай бол интерьерийг бүтээж буй бүх бүрэлдэхүүн хэсгүүдээс хамгийн чухал нь гэгддэг. Оффисын чанх хойд хэсэгт байрлах инженерүүдийн ажиллах орон зайг цэлгэр нээлттэй орчинд бүрдүүлж, “ид шид” бүтээдэг хэсэг хэмээн бидэнд онцлон танилцуулав. Цэлгэр орчин бүтээмж нэмж, хамтын ажиллагааг сайжруулдаг тул хариуцаж буй төсөл бүрээр ширээ хоорондын зайг үүсгэн, нэг үгээр “арал” үүсгэжээ. Төслийн удирдагч буюу “арал”-ын удирдагчид оффисын цонхон талд сууж, багийн гишүүдээ шууд харах боломжтой бол гишүүд нь эгнэх байдлаар ширээний ард суух аж. Ингэснээр төсөл бүрийн багийн ахлагч хэн болох, түүн дотор ямар хүмүүс хамтран ажиллаж байгаа нь оффисын тохижилтоос шууд харагдана.

Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт 

Үргэлж үнэ цэнийг бүтээх эрхэм зорилготой Дэнцүгийнхэн ажилтнуудын hard skill буюу мэргэжлийн ур чадвараас илүүтэй soft skill буюу өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах чадварыг хөгжүүлэхэд анхаардаг байна.

Тэд долоо хоног бүрийн лхагва гарагийн өглөө мэдээллийн технологи, хиймэл оюуны чиглэлээр сургалт зохион байгуулж, сүүлийн үеийн чиг хандлага, шинэ мэдээллийг хуваалцдаг ажээ. “R&D” хэмээх баг нь шинэ технологи, салбарын чиг хандлагын талаар судалгаа хийж компанийн ажилтнуудад танилцуулдгийг бидэнд дуулгасан юм.

Харин хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, багийн ажиллагааг сайжруулахын тулд нийт ажилтнууд үйл ажиллагаа, инновац, эвент хэмээх гурван багт хуваагдаж, долоо хоног болон сар тутамд зохион байгуулах арга хэмжээг хариуцдаг нь таатай санагдсаныг онцолъё.

Ажлын цагийн хувьд өглөө 8-9 цагийн хооронд ирж болох бөгөөд ирсэн цагаасаа хойш найман цаг ажиллаад тарж болох динамик, уян хатан сонголттой ажээ.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.МӨНХБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ш.ЦОГЗОЛМАА
О.БҮТЭД
Б.ЛХАГВАЦЭРЭН

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

14297   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.