Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 06, 2019

Улаанбаатарын хамгийн таатай оффис: Premium Group

Байгууллагын нэр: PREMIUM GROUP 
Байгуулагдсан он: 2011
Үйл ажиллагааны чиглэл: Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ
Ажилтны тоо: +1400 
Хаяг: Шангри-ла Улаанбаатар, 23 давхар 

Яагаад сонгох болов? 

Олон улсад нийт 13 мянга гаруй салбар дэлгүүртэй бидний сайн мэдэх “CU” convenience store-ийг Монголд нэвтрүүлж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 900 орчим шинэ ажлын байр бий болгон, 30 мянган хүнд үйлчилж хотын иргэдэд шинэ соёлыг түгээж буй “Premium Group”-ын таатай оффисыг энэ удаа бид онцолж байна.

“Premium Group” нь анх 2011 онд Премиум Конкрит компанийг үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхлүүлсэн бол өдгөө бетон зуурмагийн үйлдвэрлэлээр Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах дэд бүтцийн төслүүдэд манлайлж, барилгын салбарт чанараар түүчээлэн, 5 салбар компанийн 1400 гаруй ажилтныг эгнээндээ нэгтгэсэн томоохон групп болтлоо өргөжжээ.

Премиум группийг Оюу толгойн гүний уурхайн төсөлд ажилладаг “Premium Industrial and Engineering” болон “Premium Building Materials” бетон зуурмагийн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг компаниудаас гадна UMS мэргэшсэн лаборатри, “СU Mongolia”, ОХУ-ын LADA брэндийн автомашинуудыг худалдаалдаг “Руссо Моторс” компаниуд бүрдүүлдэг.

Тэдний оффис их хотод өнгө нэмэн сүндэрлэсэн дэлхийн 100 гаруй оронд салбартай “Шангри-Ла” төвийн А зэрэглэлийн оффисын 23 давхарт байрлах бөгөөд шинэ оффистоо төвхнөөд сар гаруйхан хугацааг үдэж буй тус хамт олныг зорин очвол шалнаасаа тааз хүртэлх цэлгэр цонхоор Улаанбаатар хотыг дөрвөн зүг, найман зовхист 365 градус бүтэн тольдох боломжтой нь гайхалтай байлаа.

Ажлын орчин 

Ажилчдынхаа бүтээлч сэтгэлгээнд эерэгээр нөлөөлөх зорилгоор шар, улаан, ногоон зэрэг олон өнгөний шийдлийг оффисынхоо олон тохижилтод “шигтгэж” өгчээ. Тухайлбал, амралтын сандал, буйдангууд болон ажилчдын ширээ хоорондын тусгаарлагчийг олон өнгөөр тохижуулсан бол оффисын ханыг цагаан, саарал өнгөөр дагнан, цулгуй болгожээ. Байгалийн өнгө аясыг мэдрүүлэхийн тулд үүдэн хэсгийг хад чулууны өнгө бүхий эко хавтангаар бүрсэн бол бусад хэсгийг цагаан өнгөөр дагнан аль болох цэвэрхэн цэлгэр харагдуулахыг зорьсон ажээ. Ханыг ийнхүү цулгуй өнгөөр дагнасан учраас өнгөлөг уран зургуудыг сонгож өлгөсөн нь үнэхээр таалагдав.

Премиум группийн захирлуудын зөвлөлийн дарга А.Ганхуяг "Шангри-Ла оффист нүүж ирсэн шалтгаан гэвэл манай залуучууд маань энерги авах ёстой, юмыг том байдлаар сэтгэж, харах ёстой, залуучуудынхаа эрч хүчийг нөхөж байх хэрэгтэй, тийм ч учраас бид юмыг өөр өнцгөөс харж Монголд том боломжууд бий шүү гэдгийг харуулахаар сонгосон" хэмээсэн юм.

Оффисын интерьерийг аль болох минималист байлгах үүднээс хэт олон зүйлсээр тохижилт хийхээс зайлсхийсэн байна. Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг учраас ажлын таатай орчинг бүрдүүлэхийн тулд ажилтнуудынхаа эрүүл мэндэд хамгийн их анхаардаг гэдгийг онцоллоо. Тухайлбал, таазанд байрлах агааржуулагч нь урьдчилан цэвэршүүлсэн агаарыг ашиглан оффисын орчныг бүхэлд нь цэвэр агаараар байнга сэлгэдэг байна. Энэ нь ажилтнууддаа агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд ч цэвэр агаартай оффист ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч байгаагаараа давуу талтай санагдлаа.

Мөн тавилга, хивс зэрэг нь хүний биед сөрөг нөлөөгүй, химийн хорт бодис агуулаагүй эко бүтээгдэхүүнүүд бөгөөд олон цагаар суугаа ажил хийдэг ажилтнууддаа зориулан хивсний хувьд соронзон долгион үүсгэдэггүй, шороо татахгүй, элдэв үнэргүй бол сандлууд нь нуруу болон хөлөнд ачаалал өгдөггүй аж. Оффисын ширээ, шүүгээ зэрэг нь Италийн эко хавтангаар хийгдсэн, харин хивснүүдээ Японоос тусгайлан захиалж авчруулжээ. Түүнчлэн задгай оффисын орчны дуу чимээг намасгах зорилгоор ажилтнуудын ширээ хоорондын тусгаарлагчыг дуу намасгагчтай хийж өгсөн байна.

Хурал, уулзалтын жижиг, том өрөөнүүд нь Улаанбаатар хотыг бүрэн тольдох цонхон талдаа байгаа нь цэлгэр, сэтгэл тэнийм байх бөгөөд Shanghai, Tokyo, New York, Seoul, Hong Kong, Toronto room зэрэг томоохон хотуудын нэрээр нэрлэгдсэн нь Дэлхийн өнцөг булан бүрт очсон мэт санагдсан юм.

Премиум группийн Санхүүгийн албаны санхүүгийн шинжээч Б.Эрмүүнбилэгт:

"Манай байгууллага энгийн зүйлс дээр хүртэл ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулдаг нь байгуулагын хамгийн том соёл болов уу. Оффисын тохижилтоос авахуулаад байгууллагын том, жижиг олон соёлд ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарсан бодлого шингээсэн байдаг нь маш их таалагддаг. Мөн Премиум группийн удирдлагууд хийж буй бүхий л зүйлдээ өөрсдөө манлайлж, үлгэр жишээ болж явдаг учраас залуу хүний хувьд байнга суралцаж, дэвшиж явахыг хичээдэг. Шангри-Ла оффист нүүж ирсэн шалтгаан ч биднийг, залуу үеэ илүү том зорилго, тэмүүлэлд хөтлөх сэдэл болж өгсөн."

Байгууллагын соёл, сургалт хөгжүүлэлт 

Премиум группийн хувьд харилцан итгэлцэл, эерэг хандлагыг бий болгох нь байгууллагын чухал соёл ажээ. Шинэхэн чанасан кофегоо шимэн, цэлгэр цонхоор хотоо тольдонгоо, халуун яриа өрнүүлэн зогсох ажилтнуудын уур амьсгалаас эерэг, эрч хүчтэй энэхүү соёл нь мэдрэгдэнэ.

Премиум группийнхэн уг соёлоо зөвхөн дотооддоо гэлтгүй харилцагчиддаа, үйлчилгээний газрууддаа шингээн ажилладагийг CU сүлжээ дэлгүүрт орох бүрт “Сайн байна уу, CU-д тавтай морил” хэмээн инээмсэглэн мэндлэх ажилчдын эелдэг харьцаанаас харагддаг. Тэд ажилтнуудынхаа сонирхол, хоббиг судалж, түүнд тохирсон арга хэмжээ, эвентийг “PG клуб” (Premium Club)-ээрээ дамжуулан тогтмол зохион байгуулдаг уламжлалтай ажээ.

Премиумынхан ажилтнуудынхаа хувь хүний хөгжил, мэргэжлийн болон ерөнхий ур чадваруудыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагаа байнга зохион байгуулдаг бөгөөд Premium Industrial and Engineering, Premium Building Materials компаниуд нь тусгай сургалтын багтай бол СU академи нь үйлчилгээний стандартын 3 сарын цогц сургалт, Руссо Моторс нь ОХУ-н Лада компанийн мэргэжилтнүүдийг урьж тэдний мэдлэгийн сангаас суралцах боломжийг ажилтнууддаа нээлттэй олгодог ажээ.

Мөн ажилтнууд нь өглөө ажилдаа ирэхдээ өөрийн хүсэлтээр 8, 9, 10 цагийн аль нэгийг сонгох боломжийг олгосон нь цэцэрлэг, сургуульдаа хүүхдээ хүргэж өгдөг эцэг, эхчүүдийн хувьд маш уян хатан ажиллах нөхцөл болжээ.

CV илгээх: HR@premiumie.mn
Анкет бөглөх: Анкет

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТЫН ТУХАЙ

Насанд хүрсэн хүн өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг.Байгууллагын дотоод соёл, сургалт хөгжүүлэлт ч гэсэн ажилтны сэтгэл хангалуун байдалд жинтэй нөлөөтэйг та бид мэднэ.

Эдгээр хүчин хүчин зүйлээр дамжуулан ажилтнуудынхаа бүтээмж ба сэтгэмжийг нэмдэг, хүнд ээлтэй ажлын орчинг бүрдүүлсэн байгууллагуудыг олж алдаршуулахаар Unread Media "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" жагсаалтыг жил тутам гаргадаг билээ. Энэ жил бид уншигчдаасаа 1300 гаруй санал хүлээн авч, редакцын шүүлтүүрээр шигшин Улаанбаатарын хамгийн таатай 9 оффисыг тодрууллаа. Манай жагсаалт жил бүр шинэчлэгдэн гарах тул таны саналыг бид хэзээд дуртайяа хүлээн авах болно.

"УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД" ЖАГСААЛТТАЙ ТАНИЛЦАХ

БҮТЭН ЖАГСААЛТ: УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД 2019
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Мобиком Корпораци
Улаанбаатарын хамгийн таатай оффис: АНУН ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Дэнцү Дата Артист Монгол
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Капитрон банк
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Invescore Financial Group
Улаанбаатарын хамгийн таатай оффис: RE/MAX Collection Luxury Properties
Улаанбаатарын хамгийн таатай оффис: СаяСанаа ХХК
Улаанбаатарын хамгийн таатай оффис: Hub Innovation Center

өнгөрсөн жилийн жагсаалттай танилцах

МОНГОЛД АНХ УДАА: Улаанбаатарын хамгийн таатай оффисууд 2018

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Д.МӨНХБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ш.ЦОГЗОЛМАА
О.БҮТЭД
Б.ЛХАГВАЦЭРЭН

Креатив директор:

Б.БАТЗАЯА

Гэрэл зургийг:

Г.АНАНД

Хандалт / Сэтгэгдэл:

12090   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.