Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   08 сарын 31, 2019

Урт удаан, жаргалтай амьдралын нууцыг өгүүлэх "Икигай" номын тухай

Амжилттай ажиллаж, карьераа өсгөхийн сацуу зөв амьдралын хэв маягийг барьж, урт удаан наслахыг хүсдэггүй хүн гэж хаа байх вэ. Гэвч энэ нь хүнээс тэсвэр тэвчээр, тууштай байдал, цагийн менежмент гээд олон дадал хэвшлийг шаарддаг билээ. Тэгвэл эдгээр энгийн юм шиг хэрнээ мөрдөхөд амаргүй эрүүл амьдралын хэв маягийн талаар өгүүлэх “Икигай” номыг энэ удаа онцолж байна.

Уг номын зохиогч Хэктор Гарсиа, Францез Мираллэс нар Японы зүүн өмнөд хэсэгт байрлах Окиново арал дээр очиж, тэндхийн хүмүүсийн нь хооллолт, дасгал хөдөлгөөн, ажлын ачаалал, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг зэргийг бүхий л талаас нь судалж, нэн сонирхолтой баримтуудыг олж нээсэн байна. Тус арлын гурван хүн тутмын нэг нь зуугаас дээш насалдаг нь дэлхийн дунджаас хэд дахин илүү үзүүлэлт аж. Чухам энэ жижигхэн арлын иргэдийн өндөр наслалт болоод өтөлсөн хойноо ч эрч хүчтэй, идэвхтэй амьдардгийн нууц юунд оршиж буйг "Икигай" номд өгүүлнэ. Япон хүмүүсийн хувьд өглөө орноосоо босох гол шалтгаан буюу икигай нь тэдний амьдралыг бүхэлд нь утга учиртай болгодог бөгөөд ажилдаа бүхнээ зориулан дур сонирхолтой ажиллаж, амьдрах гол нууц нь болдог байна. Стив Жобс хүртэл бишрэн гайхаж байсан икигайг ойлгоё гэвэл та энэ номыг уншаарай.

НОМЫН ТУХАЙ

Испанид програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн Хектор Гарсиа 2004 оноос хойш Япон улсад амьдрахдаа япончуудын урт наслалтын нууцыг ихэд сонирхож, өөрийн найз зохиолч Францез Мираллестай хамтран энэхүү номыг бичихээр шийджээ. Токиогийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд найзын хамт салхилан хүний амьдралын утга учрын талаарх барууныхны судалгаа, тайлбарууд, тэр дундаа логотерапия буюу утга учрын эмчилгээний талаар санал бодлоо солилцож яваад "икигай" хэмээх нууцлаг үгтэй таарсан байна. Улмаар тэд нэг жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийж, Окинава арлын Огими мужийн хамгийн өндөр настай хүмүүстэй уулзан ярилцан, байгалийн нөөц баялгаас гадна гайхамшигт хүч “икигай” тэдэнд байгааг олж мэдэрчээ.

Энэ үгийг бусад хэл рүү шууд орчуулах боломжгүй бөгөөд ерөнхий санаа нь амьдралын аз жаргал, “ямагт завгүй байхын жаргалан” гэх ойлголттой дөхөж очдог. Үндсэндээ, икигай нь таныг өглөө орноос босгох шалтгаан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны дуртай зүйл, таны сайн хийж чаддаг зүйл, дэлхий ертөнцөд хэрэгтэй зүйл, ашиг авчирч болох зүйл гэсэн 4 үндсэн чанараас бүрддэг аж.

Сонирхуулахад, япон хэлэнд тэтгэвэрт гарахтай холбоотой үг байдаггүй учраас иргэд нь тэтгэвэрт гарсан ч идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөсөөр байдаг гэнэ. Ингэж урт хугацаанд эрч хүчтэйгээр ажиллахад икигай хамгийн чухал нөлөөтэй гэж үздэгийг уг номд онцолжээ. Икигай хүн бүхэнд бий боловч гагцхүү хэзээ олж нээх нь цаг хугацааны асуудал юм. Уг номын эхний хоёр бүлэгт өтөлсөн ч залуу байдлаа хадгалж, урт удаан жаргалтай амьдрах нууцын талаар өгүүлнэ. Харин гуравдугаар бүлэгт, утга учрын эмчилгээ ба моритагийн эмчилгээний тухай нарийн тайлбарлана. Тэгвэл дөрөвдүгээр хэсэгт хийж байгаадаа хэрхэн бүрэн төвлөрч, ажил хөдөлмөр, чөлөөт цагаа хэрхэн хөгжиж дэвжих орон зай болгох тухай сонирхолтой баримтуудыг эш татан хүүрнэнэ. Тухайлбал, бүрэн төвлөрөхийн тулд хэд хэдэн аргуудыг баримтлах хэрэгтэй байдгаас хамгийн чухал нь нэг л ажилд төвлөрөх арга аж. Олон ажлыг зэрэг хийх нь бүтээмжийг 60 хүртэлх хувиар багасгахаас гадна IQ-г арван оноогоор бууруулдаг байна. Бидний тархи нэгэн зэрэг хэчнээн сая мэдээлэл авч байдаг ч секундэд зөвхөн хэдэн арваадыг нь л боловсруулж чаддаг аж. Тиймээс олон ажлын хооронд нааш цааш шилжсээр байвал цаг хугацаа алдаж, алдаа гаргах магадлал өсөхөөс гадна хэрхэн хийснээ амархан мартахад хүрдэг байна.

Дараагийн бүлгүүдэд Японы зуун настнуудын хэлсэн сургаал үгсийг онцолж, дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн хооллолтын нууц, тэдний иддэг хүнсний ач холбогдлыг тайлбарладаг. Мөн урт наслалтыг дэмжих дорнын дасгалуудыг зурагт тайлбарын хамт багтааж, амьдралын олон сорилтыг хэрхэн эергээр давах тухай өгүүлжээ.

Аз жаргалтай байх тухайд

Бид дуртай зүйлээ хийх үедээ цаг хугацааны мэдрэмжээ алддаг бол хүсээгүй зүйлээ хийх үед минут бүр асар урт хугацаа мэт санагддаг. Сэтгэлийн зовнил, гуниг гутралаа мартаад, үнэхээр их таашааж хийдэг зүйл маань юу вэ? Ямар үед бид сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг вэ? Эдгээр асуултын ард икигай нуугдаж байдаг ажээ. Унгарын сэтгэл судлаач Михали Чикзентмихалигийн онцолсноор, икигайгаа олж аз жаргалд хүрэх шидэт жор гэж байдаггүй ч хийж байгаадаа бүрэн төвлөрч, туйлын сайхан мэдрэмжийг авч болох ажээ. Тэрхүү мэдрэмжийг хүртэхийн тулд агшин зуурын таашаал өгөх зүйлс хийхийн оронд анхаарлыг минь бүрэн татдаг зүйлсэд илүү их цаг зарцуулах ёстой аж. Депол их сургуулийн судлаач Овен Шаффер бидэнд анхаарлаа бүрэн төвлөрүүлэхийн тулд дараах стратегиудыг хэрэгжүүлүүлэхийг зөвлөжээ.

1. Хийх зүйлээ мэдэж байх
2. Хэрхэн хийхээ мэдэж байх
3. Тухайн зүйлээ хэр сайн хийдгээ мэдэж байх
4. Хаашаа чиглэхийг мэдэж байх
5. Чухал сорилтуудыг ойлгож байх
6. Шаардагдах ур чадваруудыг мэдэж байх
7. Анхаарал сарниулах зүйлсээс ангид байх

9249   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

О.Анударь
Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.