Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 30, 2019

2030: Тэгш бус байдлыг бууруулах нь

ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт бид нэгэн “том” сэдвийг барьж авсан учир олон таван үгийн оршилгүй шууд гол яриандаа орохыг хүслээ. Тэрхүү сэдэв бол “тэгш бус байдал” юм. Тэгш бус байдал гэхээр орлогын тэгш бус байдал, боловсролын тэгш бус байдал, жендерийн тэгш бус байдал зэрэг олон сэдвийг ярьж болно. Жендерийн асуудлаар бид аль хэдийнэ товхимол бэлтгэсэн, боловсролын асуудлыг дараа жич хөндөх тул өнөөдөр орлогын тэгш бус байдлыг голлон ярихыг хүсэж байна. Орлогын тэгш бус байдал нь бусад төрлийн тэгш бус байдал үүсэх урьдач нөхцөл юм. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань Тогтвортой хөгжлийн “Ядуурлыг арилгах” нэгдүгээр зорилго, “Тэгш бус байдлыг бууруулах” аравдугаар зорилгыг хөндөж байна. 

Тэгш бус байдал гэдэг хүн төрөлхтний түүхэнд их л дээр үеэс байсан зүйл. Дэлхий дээр хүн бүр өөр өөрийн онцлог, давуу, сул талтай төрдөг, бүх зүйл тэв тэгшхэн байдаггүй болохоор тэр биз. Гэхдээ тэгш бус байдал даамжрах нь эдийн засаг, нийгмийн олон сөрөг үр дагаврыг дагуулдаг тул байнга ярьж хэлэлцэж, төрөл бүрийн хөшүүргээр аль болох бага түвшинд байлгах гэж хичээх нь зүйн хэрэг билээ. Ингээд дэлхийд болоод Монголд тэгш бус байдал ямархуу түвшинд байгаа, бууруулахын тулд юу юу хийж болох талаар ярилцацгаая!

ТАЙЛБАРЛАХ НЬ

Оршилд дурдсанчлан, Монголд гэлтгүй дэлхий даяар жилээс жилд нэмэгдсээр буй тэгш бус байдлыг бид зөвхөн мөнгө, хөрөнгөтэй холбон ойлгож болохгүй. Үүнээс гадна нас, хүйс, арьс өнгө, үүсэл гарал, шашин, хөгжлийн бэрхшээл, эдийн засгийн болон бусад байдлыг үл харгалзан нийгмийн харилцаанд ямар ч саадгүй оролцох, цалин хөлс, нийгмийн хамгааллын бодлогод тэгш эрх эдлэх зэрэг нь энэ ойлголтын чухал хэсэг юм.

Хэдийгээр хүний хэр сайхан амьдрах нь өөрийнх нь хүчин зүтгэлээс их хэмжээгээр хамаарах боловч тэгш бус байдалд хүргэдэг өөр шалтгаанууд бий. Амьдралын боломж тааруу айлд төрөх, баян улсын иргэн байх, чинээлэг биш ч боловсролтой айлд өсөж хүмүүжих, магадгүй эдийн засгийн хямралын үед төрөх гээд хүний өөрийн сонгож шийдэж болдоггүй орчин нөхцөл хэрхэн аж төрөхөд нь чухал нөлөөтэй байдаг. Ур чадвар, давуу талыг нь тэтгэж тордох орчин нөхцөл үгүй бол хүн өөрийн нөөц боломжид хүрч амьдарч чаддаггүй. Тийм ч учраас ардчилсан улс орнуудад хүн болгонд тэгш боломж олгох, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийг чухалчилдаг билээ.

Жишээ нь, орон нутагт сайн сурдаг байсан хүүхэд оюутан болоод гадаад хэлний мэдлэг дутуугаас ангидаа хоцорч, сургуулиа төгсөөд боломжийн хэмжээний цалинтай ажилд орж чадахгүй ч байж мэднэ. Ийнхүү орон нутагт төрсөн нь, дундаж айлаас гаралтай нь, сургуульд нь гадаад хэлний чадварлаг багш байгаагүй нь эцсийн дүнд тэр оюутны амьдралд том нөлөө үзүүлнэ. Энэ жишээнээс л орон нутгуудыг жигд хөгжүүлэх, чадварлаг багшийн хүрэлцээ буюу боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх гэх мэт тэгш бус байдалтай шууд холбоотой цөөнгүй асуудал урган гарна.

Тиймээс бид ялгавартай үзлийг бий болгодог тэгш бус байдлын асуудалд онцгой анхаарал хандуулж, бие биеэ ямар нэг ойлголтоор хуваах бус, нэг нэгийгээ дэмжиж, оролцоог нь хангаж, татан оруулж, ардаа үлдээхгүй байх нь чухал юм.

Цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Өдгөө дэлхийн нийт хүн амын 10 хүн тутмын нэг нь нэн ядуу амьдарч буй бөгөөд ядуу хүмүүсийн 50 хувь нь хүүхэд байна. Өөрөөр хэлбэл 783 сая хүн нэн ядуу амьжиргааны түвшинд буюу өдрийн 1.9 ам.доллар (Монголбанкны өнөөдрийн ханшаар 1 ам.доллар = 2733 төгрөг)-оос үл хэтрэх орлогоор амьдарч байна. Нэн ядуу амьдарч буй 25-34 настай 122 эмэгтэй тутамд ийм насны 100 эрэгтэй харгалзаж буй аж. 2016 оны байдлаар дэлхийн хүн амын 45 хувь нь л ямар нэг нийгмийн хамгаалал, тэтгэмж хүртэх боломжтой байгаа нь тун чамлалттай дүн юм.

Нэг талд ядуу хүмүүс ийм олон байгаа бол нөгөө талд дэлхийн баялгийн нэлээд хувийг тун цөөн хувь нь эзэмшиж байгаа баримт бий. Тухайлбал 2016 оны байдлаар дэлхийн орлогын 22 хувийг хүн амын ердөө нэг хувь нь л эзэмшиж байгаа гэнэ. Харин дэлхийн орлогын 10 хувь нь хүн амын орлого тааруу 50 хувьд харьяалагдаж байна. 1980 онд хүн амын баян нэг хувь нь дэлхийн орлогын 16 хувийг эзэмшдэг байсан гэхээр тэгш бус байдал улам л нэмэгдэж байгаа нь илэрхий байна.

Тэгвэл манай улсад нөхцөл байдал ямар байгаа вэ? Үндэсний Статистикийн хороо, Дэлхийн Банкны хамтарсан судалгаагаар 2014 онд манай орны ядуурлын түвшин 21.6 байсан бол ердөө хэдхэн хоногийн өмнө гарсан тайлангаар ядуурлын түвшин 28.4 хувьтай гарчээ. Ядуу амьдарч байгаа 10 хүн тутмын зургаа нь хот суурин газарт, 10 хүн тутмын дөрөв нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд нийт хүн амын 15 хувь буюу 475 мянган хүн ядууралд өртөх эрсдэлтэй эмзэг байдалд байгаа ажээ. Орлогын тэгш бус байдлыг хэмждэг Жини коэффициентийг авч үзвэл, 1997 оноос хойш Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт ойролцоогоор 0.3 орчимд хэлбэлздэг буюу тэгш бус байдал багатай гэж гардаг. Гэхдээ энэ нь орлогын түвшнээр тооцдог үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй. Манай улсад орлогын тэгш бус байдал гэхээсээ хөрөнгийн тэгш бус байдал их байгаа гэж зарим эдийн засагчид үздэг.

Хүн ам харьцангуй цөөн, газар нутаг, байгаль нөөц сайтай манай улсын хүн амын бараг 30 хувь нь ядуу амьдарч байна гэдэг үнэхээр тулгамдсан асуудал мөн. Хүн ядуу амьдарч байхад өдрийн хоолны мөнгөндөө санаа зовно уу гэхээс улс орны ирээдүй, хөгжил дэвшлийн талаар санаа бодлоо чилээж чаддаггүй.

IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгион

ЧИГ ХАНДЛАГА

Мэдээллийн эрин зуун гэгдэж буй өнөө үед мэдээлэлд хүрэх боломж, мэдээллийг авах чадвар улам бүр чухалд тавигдах боллоо. Мэдээллээр хүн мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөрт тохирох ажлыг хайн олж, ашиг олох боломжтой бизнесийг хийх боломж бүрдэнэ. Үүнээс үүдэн мэдээлэл, харилцаа холбооны технологиудыг ашиглах боломж, хүртээмжийн зөрүүтэй байдлыг илтгэх Digital Divide гэх ойлголт бий болоод буй. Цахим хуваагдал гэж нэрлэж болох энэ тэгш бус байдалд бид өнөөдөр онцгой анхаарал хандуулах шаардлагатай юм. Улс орнууд цахим хуваагдлыг бууруулах замаар тэгш бус байдлыг бууруулах арга стратеги баримтлах болсон нь алдарт хөрөнгө оруулагч Мэри Мийкерийн жил бүр гаргадаг “Интернэтийн чиг хандлага” тайлангаас харагдана. Тухайлбал 2009 онд дэлхийн хүн амын 24 хувь нь интернет хэрэглэдэг байсан бол 2018 онд 51 хувь болж өсжээ.

Энэ тал дээр манай улсад ололттой зүйлс цөөнгүй бий. Нэг хүнд ноогдох ухаалаг гар утасны тоо, интернэтийн хүртээмж ба үнэ зэргээрээ бид бүс нутагтаа өнгөлдөг улсуудын тоонд орно. Гэхдээ интернэтийн нэвтрэлтийг орон нутагт нэмэгдүүлэх, интернэтийн зохистой хэрэглээг бий болгох зэрэг хийх ажлууд мэдээж бий. Бидэнд буй интернэтэд харьцангуй хялбар нэвтрэх бололцоо, хэвлэл мэдээлэл, сошиал медиагаар үгээ чөлөөтэй илэрхийлэх боломжууд нь эргээд тэгш бус байдлыг бууруулахад тустай. Технологиор дамжуулан бид төрийн бодлогод хяналт тавьж, дуу хоолойгоо хүргэж чадах билээ.

ЗӨВЛӨГӨӨ

Үүнийг уншиж буй иргэн та ямартай ч интернэтээс мэдээллээ авдаг, тогтвортой хөгжилд санаа тавьдаг гэхээр орлогын түвшин дундаж буюу түүнээс дээш болов уу гэж бид таамаглаж байна. Энэ таамаглалдаа үндэслэн өнөөдрийн сэдэвтэй холбоотойгоор хэрэгжүүлж болох хэдэн санааг хэлье.

  • Та хэн нэгнийг нас, хүйс, арьсны өнгө, гарал үүсэл, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, орлогын түвшнээс нь хамааран бүү ялгаварлаарай. Бидний бичсэнчлэн ялгаатай байдал гэдэг олон шалтгаантай.
  • Аливаа ажил, бизнесийг эрхлэн хийхдээ бүх хүнд хүртээмжтэй байлгахыг, ижил тэгш боломж олгохыг эрмэлзэж байгаарай. Хэрвээ та дэлгүүр ажиллуулдаг бол шатыг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд орж гарахад хялбар байхаар шийдэж болно шүү дээ. Жишээ нь, ХААН Банк Улаанбаатар хот дахь нийт тооцооны төвүүдийнхээ 80 гаруй хувийг бүрэн налуу замтай болгож, тэгш хүртээмжтэй байдлыг дэмжин ажиллаж байгаа аж.

8043   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э. Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.