Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   08 сарын 22, 2019

Мэдүүштэй: Оюутан залууст өгөх 8 чухал зөвлөгөө

Хичээлийн шинэ жил юу юугүй эхлэх гэж байна. Энэ мөчид бид эрдэм номд шамдан суралцаж буй оюутан залуустаа зориулан хэдэн чухал зөвлөгөөг хүргэж байна. Ингэхдээ бид “Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлагаа шүүн, хүндэт зочдынхоо суралцахтай холбоотойгоор хэлсэн сургамжтай, мэдүүштэй зөвлөгөөнүүдийг эмхэтгэн хүргэж байгаа юм. 

гадаад хэл дээр ном унш

Канадын Конкордиа их сургуулийн ассошиэт профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн

МУИС-д дөнгөж ороод байх үед Ч.Баярхүү гэж багш минь "Монгол жижиг, МУИС жижиг, багш нар чинь жижиг. Тэгэхээр чи энэ хүрээнд л эргэлдвэл бүр л жижиг болно. Тиймээс гадаад хэл дээр ном уншиж бай" гэж хэлсэн нь том цочроо өгч билээ. Улмаар англи хэлийг махран судалж, мэргэжлийн номуудаа ч сайн уншсан. 1994 онд төгсөхдөө дипломоо англиар бичсэн анхны оюутнуудын нэг гэгдэж байлаа. Тухайн үед, юм үзэж нүд тайлсан, бизнес нь амжилттай явж байсан Буянгийн Жаргалсайханы дуу хоолой залууст хүчтэй хүрдэг байлаа. "Залуу хүний зорилго тодорхой байх ёстой" гэсэн үгийг нь санаж, англи хэл сурахыг гол зорилгоо болгосон доо.

Монголд оюутнууд 1-2 курстээ хичээлээ сайн хийж, багш нартаа шахуулж байгаад 3-4 курстээ хичээл ном нь ч багасаад, тун хялбар болоод ирдэг. Тэгэхээр 3-4 курстээ өөрөө сайн бие дааж, мэргэжлийн номуудаа унших хэрэгтэй. Оюутан хүний гол ажил чинь бие даан суралцах л шүү дээ. Зөв ном олж уншихын тулд зөв хүмүүсээс чиглэл авах ёстой. Тэгэхгүй бол нийгмийн ухааны хичээлүүд Монголд сайн хөгжөөгүй байгаа тул буруу ном уншаад давхичихвал "будаа тээх" аюултай. Сайн багш нар бол оюутнуудыг чиглүүлэх л үүрэгтэй байдаг.

ЗОЛИОС ЗААВАЛ ГАРНА

МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, Доктор, Профессор Ч.Ундрам

Би ахлах сургуульдаа АНУ руу солилцооны хөтөлбөрөөр явж, америк гэр бүлд амьдарсан юм. Америк аав ээж маань их сайн хүмүүс байсан. Надтай байнга ярилцаж, хэлний чадварыг минь ахиулна. 16 насны төрсөн өдрөөр минь "The 7 habits of Highly Effective Teens" буюу "Өсвөр насныхны үр дүнтэй 7 дадал" номыг бэлэглэсэн. Тэр номыг сөхөж үзэхэд "найз нөхөдтэйгөө уулзах уу, зорилгодоо чиглэсэн ажил хийх үү" гэсэн санаа бүхий хоёр тийш заасан сумтай салаа замын зураг байсан. Тэр санаа зурагтайгаа хамт миний сэтгэлд яагаад ч юм их тод үлдсэн юм даг. Түүнээс хойш хичээлээ сайн хийе гэвэл заримдаа найзтайгаа уулзах цагаа багасгах ёстойг, хоёуланг нь зэрэг сонгох боломжгүйг ойлгож авсан. Амьдралдаа аливаа зүйлсийг эрэмбэлэх ёстойг, нэг дор бүгдийг авч болохгүйг ухаарсан юм шиг байгаа юм. Нэг таатай зүйлийг авахын тулд нөгөөг нь тодорхой хэмжээгээр золиослох шаардлага гардаг шүү дээ. Миний хувьд одоо өндөр ачаалалтай захиргааны ажил хийж байгаа. Энэ сонголтыг хийсэн минь судлаачийн хувьд тодорхой золиосыг гаргасан. Одоо бол судалгаа, бүтээл хийх цаг гарах нь ховор.

"Үхтэлээ" сур

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах

Сурсан сураагүйн ялгаа гэж их ээ. Юм хурдан сурч тогтоодог залуу сайхан насаа суралцахад л зарцуулах учиртай. Одоо л хэр сайн сурснаас ирээдүйн амьдрал чинь тодорхойлогдоно шүү дээ. "Үхтэлээ" сур. Сурч байгаад үхсэн хүн гэж байдаггүй юм шүү (инээв). Суралцахын хэрээр хүний оюун санаа, хязгаар тэлж, хүсэл мөрөөдлүүд урган гардаг. Одоо ч гэсэн би, залуудаа тийм ч сайн сураагүй юм байна даа гэж хааяа боддог. Энийг тэр үед сурчихсан бол гэж бодогдох үеүд байнга л тохиолддог.

зорилготой амьдар

Дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн

"Зорилготой амьдар" гэж захья. Биелж болохуйц зорилгыг өмнө тавьж яваарай. Би дөрөвдүгээр ангид байхдаа эмч болъё гэсэн зорилго тавьсан. Нэгдүгээр курсдээ мэс заслын эмч болъё гэсэн зорилго тавьсан. Мэс засалч болсон хойноо сайн мэс засалч болъё гэсэн зорилго тавьсан. Дараа нь 2000-аад оны эхнээс элэг шилжүүлэх хагалгааг Монголдоо хийе гэж зорьсон. Эдгээр зорилго маань биелж, одоо нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо хийх зорилго тавиад байна. Өдий зэрэгт хүрсэн минь зорилготой ажилласных, зориглож эхлүүлснийх.

МЕНТОРТОЙ бол

Google компаны ахлах инженер Б.Баттулга

Би 10 жилдээ зөвхөн математик л нүддэг байв. Бусад хичээлээ нэг их тоохгүй. Компьютерийн шинжлэх ухааны нэг жаахан хэсэг болох алгоритм нь математиктай төстэй учир алгоритмоор дамжаад мэдээлэл зүйд сонирхолтой болсон. Солонгост бакалавртаа голдуу л математикийн хичээлүүд сонгосоор байгаад давхар математикийн мэргэжилтэй төгссөн. Магистрт орсон хойноо ч судалгаа хийхдээ математикт илүү суурилсан судалгаа хийсэн. Математикийг төгс төгөлдөр, гоо сайхан зүйл гэж шүтэж явсан хүн тэгж тэгж бүхэл бүтэн 8 жилийн дараа жинхэнэ софтвер инженер ямар байх ёстой, хэнтэй хаашаа уралдах ёстойг ухаарч эхэлж байгаа юм. Тухайн үед бидэнд яриад зөвлөх мэргэжилтнүүд байсан бол илүү хурдан хөгжих боломжтой байсан болов уу.

АНГЛИ ХЭЛ + ЭРҮҮЛ БИЕД ОНЦГОЙ АНХААР

IRIM судалгааны төвийн гүйцэтгэх захирал асан А.Долгион

Хоёр гурван юм хэлмээр байдаг юм. Залуучуудад англи хэлтэй болох хэрэгцээ улам их нэмэгдэж байна. Тухайн мэргэжилдээ хэчнээн сайн байлаа ч англи хэлний чадвар тааруу байх нь карьерын хувьд өсөж дэвжихэд саад болж байна. Мэдээж англи хэл сайн сурах нөхцөл хүн бүрт өөр өөр байгаа нь мэдээж. Тиймээс тухайн нөхцөлдөө тааруулаад хичээхээс өөр аргагүй. Манай зарим ажилтнууд ажил дээр гараад англи хэл нь сайжирдаг. Ажлын маань 80 хувь давхар англи хэл дээр явдаг болохоор тэр байх. Энэ мэтээр өөрийгөө гарцаагүй сурах нөхцөл байдалд оруулж болох юм. Бүх л салбарт, ямар ч ажил хийсэн, англи хэлтэй л болох хэрэгтэй байна.

Бас эрүүл мэндээ сайн анхаарч байгаасай гэж хүсдэг. Биднээс дээших үеийнхэн янз бүрийн суурь өвчтэй байх нь элбэг юм. Тиймээс залуучууд бид биедээ анхаарал тавих хэрэгтэй. Эрүүл байхад бусад нь болно гэдэг дээ.

ахиад өөр боломжууд гарч ирнэ, тууштай зүтгэ

Emart-ийн ТУЗ-ийн дарга, Харвардын Бизнесийн Сургуулийн төгсөгч Б.Баттүшиг

Надад тийм үе олон тохиолдсон. Ахлах сургуулиа Сиатлд төгсөх үедээ Харвардад суралцах "мөрөөдлөөр" жигүүрлэж явлаа. Яагаад ч юм тэр үед би өргөдлөө эрт явуулах сонголт хийж (early admission) ганцхан Харвард руу л материалаа илгээчихсэн байсан юм. Маш чухал сагсан бөмбөгийн тоглолтын өмнөхөн "тэнцээгүй" гэдгийг илтгэсэн жижиг захидал хүлээж авчихаад их л сэтгэл санаагаар унаж, өөр сургуулиудад хүсэлтээ явуулж байхгүй яав даа гэж өөрийгөө буруутгаж байсан. Тэгээд дараа нь ганцхан сарын дотор яаран сандран нэлээн олон сургууль руу материалаа явуулсан. Ихэнхээс нь эерэг хариу авсны дотор ах нарын санал болгож байсан Чикагогийн их сургууль байсныг шууд л сонгосон. Тэнцээгүй гэсэн тэр хариу намайг улам бүр хурцалж, эдийн засгийн чиглэлээр дэлхийн №1 сургуульд амжилттай суралцах үндэс болсон гэж боддог. Бакалавраа хамгаалаад Морган Стэнлид ажиллаж эхлээд л би дараагийн шалгалтууддаа бэлдэж эхэлсэн. Харвардад сурах өнөөх мөрөөдөл минь толгой дотор минь байсаар л байсан хэрэг. Хожим "тодорхойлох захиаг" минь бичиж өгсөн, Харвардын төгсөгч захиралтайгаа "тулж" ажиллан, GMAT шалгалтдаа нэлээн хэдэн сарын өмнөөс зорьж бэлдсэн. 6, 7 жилийн дараа зорьсондоо хүрээд Харвардад тэнцэж төгссөн минь "бүх юм дуусчихгүй, ахиад өөр боломжууд гарч ирдэг, тууштай зүтгэх хэрэгтэй" гэдгийг харуулсан хэрэг байсан.

гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй

Непко Паблишингийн үүсгэн байгуулагч, нийтлэлч Баабар

Энэ хорвоод юунд ч авьяасгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Ядахнаа л тэвэг тоглох, чавхаар харвахдаа авъяастай байж болно шүү дээ. Түүнийгээ л зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс. Өөрөө байраа олоогүй байж эх орон, ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДААРАЙ

Далимд дурдахад, хэрвээ та шинэ оюутан бол "RISE" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрт оролцохыг санал болгож байна. Энэ хөтөлбөр нь амьдралын гараагаа эхлүүлж, оюутны амьдралд хөл тавьж буй залууст орчиндоо хурдан дасах, хотын болон бусад олон төрлийн соёлд суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь хөтөч болж цаашлаад тогтвортой, хувийн зохион байгуулалттай, бие даасан оюутан болоход нь туслах зорилготой юм.

12361   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.