Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   08 сарын 21, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Рэппэр, продюсер Desant (Г.Батболд)

Өнөө цагт Монголд гэлтгүй дэлхийд хип хоп хөгжмийн дарах жин, нөлөө нэмэгдсээр байгаа билээ. Үүнийг илтгэх мэт Монголд хөгжмийн энэ урсгал, чиглэлд хамгийн их уран бүтээл хийгдэж буй. Тэдгээрийн дотроос аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, гол төлөөлөгчдийн нэг болсон уран бүтээлч бол рэппэр, продюсер Desant юм. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа хөгжимд дурлаж, 10 жилээ төгсөх үеэсээ буюу 2005 оноос анх сонсогчдод дуугаа хүргэж эхэлжээ. Desant өөрийн уран бүтээлүүдийг гаргахын зэрэгцээ ирээдүйтэй рэппэр, уран бүтээлчдийг дэмжин ажилладаг бөгөөд 2017 онд "Тоонот рекордс"-ийг хамтран байгуулжээ. Ингээд бүрэн хэмжээний анхны тоглолтоо 9-р сарын 6-нд хийх гэж буй түүний ажлын арга барилтай танилцацгаая.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Рэппэр, "Тоонот рекордс"-ийн продюсер
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Сошиал хуудсууд: DESANT (Facebook), @ballergang777 (Instagram),

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би Дээгийтэй хамтран 2017 онд"Тоонот рекордс" хөгжмийн компаниа байгуулсан. Одоо 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манайх хажуудаа видео студитэй, Jason, O.Z.Trip, Bilgang гэсэн артистуудтай гэрээтэй ажилладаг. Би өөрөө продюсер, артистын үүргийг давхар гүйцэтгэж байна.

Арга барилын хувьд би нэг зүйлд бүрэн төвлөрч байж дараагийн ажилдаа шилждэг. Жишээ нь 1-2 сард студид дуугаа бичүүлэхэд төвлөрч, олон дуу бичүүлээд, дараа нь тэдгээрийнхээ клип рүү орох гэх мэтээр шат дараатай ажилладаг гэсэн үг. Олон юм зэрэг хийх нь надад таардаггүй. Продюсерын ажлаа бол байнга л хийнэ.

Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөн өдрийг эхлүүлдэг. Үдээс өмнө гэр орон, хувийн ажлуудаа амжуулж байгаад үдээс хойш студи дээрээ ирдэг. Тэгээд шөнө орой болтол ажиллана даа.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Youtube, Spotify, iTunes зэрэг хөгжмийн аппууд мэдээж байна. iTunes-ээс гэхэд хөгжмийн борлуулалтаа хянадаг юм. Сошиал медиагаас Инстаграмаа өөрөө байнга хөтөлдөг. Фэйсбүүк дээр зар, мэдээллийн чанартай зүйлсийг түлхүү бичдэг. За тэгээд банкны гэх мэт хэрэглээний апп-уудыг ашиглаж таарна. Энд тэнд дуулах ээлжээ хүлээх, хүн хүлээх тохиолдолд Candy Crush тоглодог.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэхийг хүссэн үедээ эрт л босдог доо. Миний хувьд хамгийн шилмэл арга юм. За тэгээд мэдээж ажил хөнгөвчилдөг технологиудыг ашиглах, багийн ажиллагаа сайн хийх нь чухал байдаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би хувийн зүйлсээ гар утсан дээр бичдэг. Ажлын холбогдолтой зүйлсээ бас гар утсан дээр, зарим тохиолдолд ажлын самбар дээр бичдэг. Харин том ажил, төслийн анхны ноорог, төлөвлөгөөг дэвтэр дээр бичдэг юм. Дэвтэр маань миний машинд явж байдаг. Машиндаа ганцаараа сууж байгаад ажлуудаа бодож төлөвлөж дадсан.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Хөгжим, дуу хийх ажлаа сайн хийдэг байх гэж боддог. Бас ямар ч зүйлийг хийж чадахгүй гээд хойш суугаад байх нь ховор. Яаж ийгээд зохицуулж, хийж болж л таараа гэж боддог.

Мөн, нэг мэдэхэд олон дүүтэй болсон байна. Сайн ах байхыг хичээдэг дээ.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Би багаасаа л хүсэж мөрөөддөг байсан зүйлээ хийж, өөрийн сонгосон замаар явж байгаа. Хийсэн туурвисан бүтээлүүд минь хүмүүст тодорхой хэмжээнд хүрч, тэр хэрээр хүндлэл, хайрыг хүлээн авч байгаагаа мэдэрдэг. Нэг үеэ бодвол хип хоп, рэп гэдэг урлаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм байна. Гэх мэтээр хийж байгаа ажлын эерэг сайн тал олон.

Хэцүү хүнд гээд байх зүйл гайгүй дээ. Бусад бүх л ажилтай адилаар ачаалал ихтэй үе гэж байна. Одоо продюсерын ажил хийж байгаа болохоор зөвхөн өөрийн гэлгүй бусдын өмнө хариуцлага хүлээж, чамбай нягт байх ёстой үе ирсэн байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Миний бие анхны бүрэн хэмжээний найруулгатай тоглолтоо ирэх 9-р сарын 6-ны өдөр Crocus Event Hall-д хийх гэж байна. Намайг дээр үеэс сонсож ирсэн хүмүүс энэ хугацаанд миний бие хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж ирснийг мэдэх байх. Энэ бүхнийг би одоогийнхоороо хүргэхийг хүсэж байгаа. Тоглолтын найруулга, тайзны зураг гээд бүх зүйлээ өөрөө гардан хийж байна. Хамтарч байсан бүх уран бүтээлчдээ урьж, дуунуудаа хүргэх болно.

Тоглолтоо хийсний дараа нэлээн хэдэн улсаар аялан тоглолт төлөвлөсөн байгаа. Мөн он гаргаад шинэ цомгийн ажилдаа орно. Хөгжим, дуугаралтын хувьд бүх зүйл нь "мэргэжлийн" байх тийм цомог болно гэж төсөөлж байгаа. Өөрийн карьерын нэрийн хуудас болох байх хэмээн харж байна.

Студийн хувьд Jason-ий цомог дээр нэлээн шаргуу ажиллаж байна. Манай хөгжмийн ертөнцөд сайн RnB дуучны орон зай дутагдаж байгаа. Энэ орон зайд түүнийг гарч ирэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.

ТА ДУУгАА ХЭРХЭН ЗОХИОДОГ ВЭ? 

Янз янз байдаг. Сүүлд гаргасан "Захидал" дууг онцолъё. Надад өөрт минь их таалагддаг бүтээл юм. 5 жилийн өмнө Солонгост очин тоглож байлаа. Мэдээж тэнд найз нөхөд, ах дүү нартайгаа уулзалдана. Тэр хүмүүстэй уулзахад нутгаа их санаж байгаа нь, салж явмааргүй байгаа нь мэдрэгдсэн юм. Тэрнээс хойш гадаадад суугаа хүмүүст нэг юм хэлмээр санагдаад л байдаг болчихсон. Тэгээд энэ санаагаа бараг мартчихсан явж байтал Lil Thug E-ийн нэлээн дээр үед хийж өгсөн beat-ийг архиваа ухаж яваад олж, нөгөө санаатайгаа нийцүүлтэл яг сайхан таарсан шүү.

Дуу хийх дарааллын хувьд, ихэвчлэн эхлээд ая, beat-ээ сонгодог. Ингээд үүн дээр ямар дуу хийвэл зүгээр вэ гэж бодож, ярилцаж байгаад шүлгээ бичнэ. Шүлгийн хувьд заримдаа гараараа бичиж гүйцэмгүй их санаа орж ирэх нь бий. "Захидал" дууны шүлэг яг л ийм байдлаар бичигдсэн. Заримдаа ийм ийм хөгжим дуугарсан ийм beat хэрэгтэй байна гэж захиалах үе гарна. Миний хувьд Energy Beats, Люминогийн MC Beatz, Lil Thug E, Real-ийн Лууяа нараас голдуу хөгжим авдаг.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Уран зохиол л голдуу уншдаг даа. Гэхдээ сүүлийн үед гадуур явах маань ихсээд ном унших нь багассан байна. Хүмүүсийн намтар, бодит түүхийг унших бас сонирхолтой байдаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Бүх л төрөл жанрын дуунуудыг бүгдийг нь сонсдог. Гэртээ байхдаа Trace Urban хөгжмийн сувгийг нэлээн тавьдаг юм байна. Тэгээд сонин содон юм дуулдвал хэн, ямар дуу вэ гэдгийг өнгийж харна.

Хамгийн их сонсдог буюу машинд байнга явдаг CD-нүүд гэвэл old school хип хоп. 2PAC, Biggie, NWA гээд тэр үеийн хөгжим цаанаа л дотно байдаг.

Продюсерийн хувьд, үлгэр дууриал авдаг хүн бол Dr.Dre. Энэ хүн Snoop Dogg, Эминем, 50 Cent, The Game, Кэндрик Ламар зэрэг артистуудыг продюсерлэн гаргаж ирсэн. Одоо тэд бүгд домог гэхээр ямар агуу вэ гэдэг нь харагдана.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЮУ, ИЛҮҮ ХААЛТТАЙ ЮУ?

Би нэг их нээлттэй хүн биш ээ. Хувийн амьдрал зэргээ хүнд дэлгэх дургүй. Хэлмээр зүйлсээ дуугаараа л илэрхийлдэг.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Шөнө 1 цагаас өмнө бараг унтахгүй дээ. 2, 3 цаг хүргэх үе ч зөндөө. Өглөө 8 цагийн үед босдог.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Мэдээж гэр бүлдээ цаг гаргана. Мөн кино үзэх их дуртай, гар утсаараа ч хамаагүй. Том Хардигийн кинонууд, бодит түүхийн, хөгжмийн кинонуудыг их үздэг. Фантазитай кинонуудад тийм ч дуртай биш. Хааяа дүү нар дуудвал фитнесс хийнэ, хааяа заал авна.
Бас найзуудтай уулзах, агаар салхинд гарах дуртай. Гэхдээ миний өдрүүд байнга ижил байдаггүй. 14 хоног, эсвэл сар болоод хэмнэл нэлээн өөрчлөгдөөд байдаг юм.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Мэдээж хамгийн түрүүнд хөгжмөөс. Мөн насных уу (инээв), сүүлийн үед байгальд гараад, байгалийн тогтоц хараад сэтгэл сэргэдэг болсон байна лээ. Сонин сайхан байгалийн тогтоц хараад шинэ санаа орж ирэх нь бий.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Dr.Dre-ийн East West, Crips and Bloods бүлгүүдийн тухай ярьдаг баримтат кинон дээр гардаг хэсэг ойрхон туссан шүү: "Одоо нэг их дуртай дургүй гэж хана босгож, бие биеэ үзэн ядаад яахав дээ, амьдрал богинохон" гэж хэлдэг хэсэг.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Жинхэнэ бай, өөрийнхөөрөө бай гэж хэлдэг. Хэт бүү гүнзгийр, аливаа зүйлсийг бүү хүндрүүлж хар гэдэг. Ямар нэг гарц гаргалгаа байж л байгаа. Бас сүүлийн үед "Гялс хий, гялалзуул" гэж ойр ойрхон хэлдэг болсноо анзаарсан шүү.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Thunder-ийг санал болгоё. Миний зохион байгуулдаг "Backyard" ТВ шоунаас тодорч гарч ирсэн авьяаслаг залуу рэппэр.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Д.Ганзул

Хандалт / Сэтгэгдэл:

20502   8

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.