Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 19, 2019

Онцлох бизнес: CU Mongolia - Таны амьдралын шинэ хэв маяг

Та бүхэн сүүлийн үед Улаанбаатар хотод маань хөх ягаан, ногоон өнгөтэй дэлгүүр олширч, амьдрал тань дагаад илүү ая тухтай, цаг ашиглалт тань илүү сайжирч байгааг анзаарсан биз ээ. Энэ бол таныг таатайяа хүлээн авч буйгаа нэрнээсээ л илэрхийлдэг CU Mongolia конвиниенс дэлгүүрийн ач юм. Өдгөө нэг жилийн ойгоо тэмдэглэж буй CU Mongolia энэ хугацаанд аль хэдийн 50 сүлжээ дэлгүүрийг нээгээд байгаа бөгөөд хүнсний найдвартай байдал, хэрэглэгчийн тав тух, үйлчилгээний соёл, бараа хүргэлт гээд олон зүйлд томоохон ахиц дэвшлийг авчран, үйлчилгээний салбарыг өөрчилж байгаа билээ. Ингээд Convenience Store хэмээх ойлголтыг Монголд жинхэнэ утгаар нь таниулж, иргэдийн бүтээмжийг нэмж буй CU Mongolia-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзоригтой ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: CU Mongolia
Хаяг: Shangrila оффис, 23-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Convenience store
Үүсгэн байгуулагдсан: 2018 оны 8-р сар
Үүсгэн байгуулагч: А.Ганхуяг, А.Ганболд (Премиум Групп)
Уриа үг: Таны амьдралын шинэ хэв маяг
Цахим хуудсууд: www.cumongol.mn (вэбсайт), CU Mongolia (фэйсбүүк), @cu_mongolia (инстаграм)

Гүйцэтгэх захирал Г.Чинзориг

Яагаад CU сүлжээ дэлгүүрийг Монголд оруулж ирэх болсон бэ?

Энэ бол Premium группийг үүсгэн байгуулагчдын мөрөөдөл байсан юм. Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хонг Конг зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудаар явж байхад хүмүүс нь шаргуу хөдөлмөрлөж, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа нь ажиглагддаг. Харин юу тэднийг ийм амьдралын хэв маягтай байхад тусалж байна вэ гэж судлах юм бол хариулт нь Convenience store-той холбогдон гарч ирдэг. Улаанбаатар хотын иргэд бид ч бас ажил хэрэгч болж, богино хугацаанд их зүйл амжуулж, илүү бүтээлч байхыг хичээдэг болсон. Гэтэл бидний энэ завгүй амьдралын хэв маягт тохирох, өглөө эрт ажил эхлэхийн өмнө онгойдог, ажил тарсны дараа нээлттэй байдаг бидний өдөр тутмын хэрэгцээг хангах үйлчилгээний газрууд ховор байсан. Иймд Convenience store-ийн үйлчилгээ өнөөдрийн бидэнд зайлшгүй хэрэгцээтэй болсон нь анзаарагдсан юм. Мөн Улаанбаатарт ирсэн гадаадын жуулчид шөнө хотын гудамжинд гараад нээлттэй үйлчилгээний газар олж чадахгүй байдаг тухайгаа бидэнд ярьдаг байсан. Нөгөө талаасаа бид хүнсний аюулгүй байдал, худалдааны салбарын үйлчилгээний соёлд зайлшгүй шинэчлэл хийх цаг нь ирсэн гэж үзсэн тул энэ бизнесийг эхлүүлсэн. Бид улс эх орныхоо нийслэл, эдийн засгийн гол ачааг үүрч яваа Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ажил хэрэгч хүмүүсийн бүтээмжийг нэмж байгаагаараа бахархдаг.

Convenience store гэх ойлголтын тухай?

Convenience дэлгүүрийг та өөрийн өдөр тутмын хэрэгцээ бүгд багтсан хөргөгч юм уу шүүгээ гэж харж болно. Яг л хүн гэртээ байхдаа өлсвөл хөргөгчнөөсөө юм аваад идчихдэг шиг, эсвэл юм бичих гээд үзгээ олохгүй байвал шүүгээнээсээ шинэ үзэг гаргаж ирээд бичдэг шиг. Та Convenience дэлгүүрээс ойр зуурын бүхий л хэрэгцээгээ цаг алдалгүйгээр хурдан хангах боломжтой гэсэн үг. Дээр нь та эелдэг, соёлтой үйлчилгээ авч, хэсэг хугацаанд амраад, эрч хүчээ сэлбэх газар ч гэж ойлгож болно.

CU-ийн онцлог, давуу талууд юу вэ?

CU өөрийн гэсэн үйлчилгээний соёл, үйл ажиллагааны онцлогтой. Хамгийн эхний онцлог бол бид бизнесээ бараа зарах гэж хардаггүй, харин эерэг харилцааны бизнес гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, томоохон супермаркетуудад үйлчлүүлэгч бараатай илүү харьцдаг бол манайхаар үйлчилгээний ажилтнуудтай ярилцаж, эерэг зөв мэдээлэл солилцон таатай харилцааг үүсгэдэг. Өдөрт манай сүлжээ дэлгүүрээр гучин мянган хүн үйлчлүүлдэг. Бид үйлчлүүлэгч нэг бүртэй үргэлж эелдэг, хүндлэлтэй харилцахыг эрхэм зорилгоо болгодог. Хоёр дахь онцлог бол бид өөрсдийн түгээлтийн төвөө ажиллуулдаг. Иймд бид бараагаа их хэмжээгээр нөөцөлдөггүй, өдөр бүр түгээлтийн төвөөсөө бага багаар авдаг. Ингэхдээ замын ачаалал хамгийн бага үеэр хүргэлт хийдэг. Бид өөрсдийн түгээлтийн төвтэй байснаараа тодорхой хэмжээнд боломжит замын түгжрэлийг бууруулж байгаа. Учир нь бидний нэрлэж заншсанаар “8 нэрийн” нэг дэлгүүрт барааг түгээхийн тулд дунджаар өдөрт 20-30 өөр компаний түгээлтийн машин очих шаардлагатай болдог. Харин бид үүнийг өөрсдийн түгээлтийн төвөөр дамжуулан нэг дэлгүүрт өдөрт 2 удаагийн түгээлт хийдэг. Энэ нь нэг дэлгүүрт ирэх түгээлтийн машины тоог 10 дахин бууруулж байгаа хэрэг юм.

Хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

Манай толгой компани, Монголын барилгын материалын салбарт тэргүүлэгч, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай Премиум групп 9 жилийн уйгагүй хөдөлмөрийн үнэ цэнээр бий болгосон бизнесийн ашгаараа “CU Mongolia” -д хөрөнгө оруулалт хийсэн.

Бизнесийг эхлүүлсэн буюу удирддаг багийн тухайд?

“CU” брэндийн конвиниенс дэлгүүрийг Монголд нээхийн өмнө бид “Central Express” нэртэй конвиниенс дэлгүүр ажиллуулж байлаа. “Central Express” дэлгүүрийг анх 2015 оны 12-р сард нээж, 2018 оны 7-р сар хүртэл UBH, Central Tower, Урчуудын эвлэл гэсэн гурван байршилд ажиллуулсан. “Central Express” бол Монголын хамгийн анхны конвиниенс дэлгүүр юм. Энэ дэлгүүрийг нээх санааг анх Премиум группийн үүсгэн байгуулагчид гарган хэрэгжүүлж байсан. Одоо “CU Mongolia” -ийн удирдлагын багт маш туршлагатай найман залуу бий. Бүгд худалдаа үйлчилгээний салбарт 10-20 жил ажилласан туршлагатай баг хамт олон. CU жилийн ердөө нэг жилийн дотор 50 салбар дэлгүүр нээсэн байна.

CU Mongolia-ийн ирээдүйн төлөвлөгөө?

CU-г бид үйлчлүүлэгчдийнхээ өдөр тутмын амьдралын хэв маягт тохирсон үйлчилгээг бий болгохын төлөө ажиллаж байна. Өглөө ороод кофегоо уучихдаг, өдөр ойр зуурын хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ авчихдаг, орой сунаж ажиллавал хоол ундаа идэх зэргээр цагаа хэмнэчихдэг, хүмүүсийн байнгын хэрэглээ болгоно гэж зорьж байна. Эрүүл мэндэд тустай, цагт хэмнэлттэй, бүтээгдэхүүний зөв сонголттой байхыг чухалчилдаг. Гэрээсээ, оффисоосоо гарахад, аялал зугаалганд явахад хаана ч л байж байхаар сүлжээгээ хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

CU-ийн үнэт зүйл, бизнестээ баримталдаг зарчмууд?

СU нээгдээд нэг жил гаруй хугацааг өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд бид байнга үнэт зүйл, зарчмаа шинэчилж, сайжруулж байгаа. Өнөөдрийн хувьд бидэнд үйлчилгээний албанаас удирдлагын баг хүртэл бүгд дагаж мөрдөн баримталдаг гол таван зарчим бий. НЭГДҮГЭЭРТ, үйлчлүүлэгчээ нэн тэргүүнд тавих. Аливаа шийдвэр гаргахдаа хэрэглэгчдэд үнэхээр ашигтай юу гэдэгт үндэслэдэг. Манай баг хамт олон ямар ч шийдвэр гаргасан үйлчлүүлэгч нэгт байх ёстой. ХОЁРДУГААРТ, яагаад гэж асуух. Бүх ажилчид маань ажлаа хийхдээ учир шалтгааныг мэдэлгүйгээр даган дуурайх биш, яагаад ингэж хийж байгааг нарийн ойлгодог байх нь маш чухал. Ингэснээр зарим зүйлсийг хурдан өөрчилж сайжруулдаг. ГУРАВДУГААРТ, итгэл даах чанар. Бид үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж чадахуйц байх ёстой. Хэрвээ алдаа гаргавал тэр даруй алдаагаа хүлээн зөвшөөрч, засаж сайжруулж байх хэрэгтэй. Урт хугацааны турш олон хүмүүстэй өдөрт тутам харилцах бизнес учраас бид өөрсдийн үйл ажиллагаанаас бий болж буй сөрөг зүйлийг үл ойшоох, эсвэл нуун дарагдуулах гэсэн ойлголт байх ёсгүй. ДӨРӨВДҮГЭЭРТ, багийн ажиллагаа. Баг гэдэг нэг зорилготой бүлэг хүмүүсийн нэгдэл шүү дээ. Багаасаа илүү өөрийн эрх ашгийг чухалчилж, багийнхаа итгэлийг эвдсэн асуудал гарвал бид тэр гишүүнийг багаасаа гаргадаг. ТАВДУГААРТ, үр дүн. Бид оролдлогоос илүү үр дүнг чухал гэж үздэг. Оролдлого, хичээл зүтгэл чухал ч гэсэн үр дүнгүй бол цагаа үрсэн хэрэг л гэж боддог. Тэгэхээр бүгд л үр дүнтэй ажиллахыг хичээдэг дээ.

Энэ төрлийн бизнесийг авч явахад учирдаг бэрхшээл, эрсдэл?

Манай баг аливаа зүйлсийг бэрхшээл биш сорилт гэж хардаг. Бидний гол сорилт бол ажилчдаа чадваржуулж, бүтээмжтэй, мөн эелдэг харилцаатай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллуулах юм. Энэ сорилтыг л давж чадвал манай байгууллага хэрэглэгчдийн үйлчлүүлэх дуртай газар болж, цаашлаад компани тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ. Манайх дотроо CU академитай. Энэ академийн сургалт гурван сарын хугацаанд үргэлжилдэг. Хоёр сард нь зөвхөн хувь хүний хөгжлийн тухай хичээл орж, суурийг нь тавьдаг. Жишээлбэл санал зөрөлдөхөд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэх мэт. Үүний дараагаар дэлгүүр ажиллах зарчим, бүтээгдэхүүн үйлчилгээний тухай ойлголтуудыг заадаг. Бид ийм төрлийн менежментийг хэрэгжүүлдэг учраас манайд ажиллаж байсан залуус хаана ч очсон гологдохгүй гэдэгт итгэлтэй байдаг. Хоёр дахь том сорилт бол хэрэглэгчдээ ойлгох. Үйлчлүүлэгчдийнхээ юу хүсэж байгааг, юун дээр сэтгэл ханамжгүй гарч байгааг ойлгох нь маш чухал. Нэг өдөр л үйчлүүлэгчээ яг таг таньж мэдээд болчихгүй, энэ бол тасралтгүй үргэлжлэх үйл явц. Тиймээс бид өдөр болгон үйлчлүүлэгчээ илүү ойлгохыг хичээдэг.

Хамгийн их борлогддог бараанууд буюу хэрэглэгчийн зан төлөвийн тухайд?

Хүмүүс ихэвчлэн шинэ хүнсний бүтээгдэхүүн, хоолыг түлхүү худалдан авах хандлагатай байдаг. Convenience дэлгүүрийн давуу тал нь олон төрлийн үйлчилгээ рүү хөрвөж чаддагт оршдог. Хүнсний дэлгүүр, кофе шоп, кафе, хүмүүсийн уулзаж ярилцдаг газар зэрэг олон байдлаар хэрэглээ нь гардаг. Эндээс үйлчлүүлэгчдийнхээ онцлогийг харвал ихэнх нь ажил хэрэгч хүмүүс. Гэхдээ ажил хэрэгч хүмүүс гэдэгт зөвхөн оффисын ажилчдийг биш, шахуу цагийн хуваарьтай хүмүүсийг багтааж ойлгодог. Оюутнууд ч орно гэсэн үг. Ажил хэрэгч хүмүүсийн хүсдэг зүйл бол маш түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ.

20455   10


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Нийтлэлд оролцсон:

О.Анударь

Гэрэл зургийг:

Н.Билгүүн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.