Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 16, 2019

Суут кино найруулагч Квентин Тарантиногийн бүтээлчээр ажиллах 5 зарчим

Хэнийг ч, юуг ч ялан дийлэх хачирхалтай дүрүүд, цус нөж ба гоо үзэсгэлэн, шугаман бус бүтэц. Энэ бол суут кино найруулагч Квентин Тарантиногийн илэрхийлэл. Бүтээлүүдийг нь сайн ч гэлээ гэсэн, муу ч гэлээ гэсэн, та бид өвөрмөц гэдгийг нь хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Тэр яаж энэ гайхамшигтай содон кинонуудыг бүтээв? Тэр яаж хямдхан кино түрээсийн газраас алдарт Холливуд хүрэв? Энэ бүгдийн хариулт нь түүний бүтээлч сэтгэлгээ, арга барилтай холбоотой. Энэхүү нийтлэлд өгүүлэх Квентин Тарантиногийн бүтээлчээр ажиллах 5 зарчим танд санаа сэдэл өгнө гэдэгт итгэж байна.

1. Сайн орчин нөхцөлийг хүлээн хойш суух хэрэггүй

Квентин Тарантино: “Чи кино хиймээр байвал шууд хий. Битгий тусламж хүлээ. Битгий төгс нөхцөлийг хүлээ. Зүгээр л хий.”

Тэртээ 1992 онд “Reservoir Dogs” гэх кино гарч үзэгчдийн төдийгүй уран бүтээлчдийн дунд шуугиан тарив. Кино хийх “дүрэм журам” хийгээд арга барилыг тэр чигээр нь эвдсэн энэ киног 29 настай кино түрээсийн ажилтан Квентин Тарантино бүтээжээ. Түүнд кино найруулах арвин туршлага байтугай энэ төрлийн сургалтанд сууж үзсэн удаа ч байхгүй. Тэр зүгээр л кинонд хайртай, бас кино бүтээхийг хүсдэг залуу байв. Тарантино надад ийм туршлага хэрэгтэй, эсвэл би энэ талаар суралцах хэрэгтэй гээд хойш суугаагүй. Зүгээр л хийсэн. Тэгээд амжилтанд хүрсэн. Та ч бас ямар нэг зүйлийг хийхдээ надад тийм эх сурвалж, тийм цаг, тийм нөөц байсан бол гэж хойш суухын оронд яг одоо эхлээрэй.

2. Бүтээлч хүмүүст анхаарлаа хандуул

Квентин Тарантино: “Хэрвээ өөрөөсөө удаан гүйдэг хүмүүстэй уралдвал мэдээж хэрэг чи ялна. Гэхдээ юу гээч? Өөрөөсөө хавьгүй хурдан гүйдэг хүмүүстэй уралдаад үзвэл чи хамгийн сүүлд орох хэдий ч илүү хурдан гүйж сурсан байх болно.”

Өдгөө Квентин Тарантиногийн нэр Холливудын өндөр нэр хүндтэй уран бүтээлчидтэй зэрэгцэн “хүндэт самбар”-т байрладаг. Тэрээр энэ уран бүтээлчидтэй эн зэрэгцэхийн тулд тэднээс өөрсдөөс нь урам зориг авч, бүтээлээс нь суралцаж иржээ. Түүнийг кино түрээсийн газарт юу хийдэг байсан гэж бодож байна? Тэр бүх цаг үеийн, дотоод гадаад бүх л сайн киног үздэг байжээ. Тэгэхээр таны өнөөдөр үзэж харсан зүйлс маргаашийн таныг бүтээх нь дамжиггүй. Шар мэдээ уншиж, сошиал медиа ухаад суучихвал бид яаж олигтой бүтээлч санаа олох вэ? Иймээс яг одооноос эхлэн бүтээлч чадварлаг хүмүүсээс суралцаж эхэл.

3. Дэлхий ертөнцөөс хүсдэг зүйлээ өөрөө бүтээ

Квентин Тарантино: “Би элитизмд итгэдэггүй. Би үзэгчдийг өөрөөсөө дор "тэнэг" гэж боддоггүй. Би ч бас үзэгч.”

Өмнө нь хэлсэнчлэн Тарантиногийн кино бол Холливудын жирийн л арилжааны кино биш. Арилжааны биш ч гэсэн 8.5 сая долларын зардлаар бүтээсэн "Pulp Fiction" кино нь АНУ-ын бокс оффисоос 108 сая долларын ашиг орлого олж, дэлхий даяар нийтдээ 213 саяын борлуулалт хийжээ. Энэ үзүүлэлтээр "Pulp Fiction" 100 сая доллараас давсан ашигтай анхны "инди" кино болж байсан юм. Үүний гол нууц нь Тарантино кино хийх болгондоо “Би энэ киног мөнгө төлж үзэхийг хүсэх үү?” гэж боддог ажээ. Зөвхөн Тарантино ч биш амжилттай бизнес эрхлэгч олон хүн энэ зарчмаар бизнесээ удирддаг гэдэг. Тиймээс та ямар нэгэн зүйлийг байсан ч болоосой гэж мөрөөдөн суудаг бол түүнийг өөрөө бүтээгээрэй.

4. “Хулгайл”

Квентин Тарантино: "Би бүх цаг үеийн бүх киноноос 'хулгайлдаг'."

Олон хүн "бүтээх" гэдэг нь ямар нэг цоо шинэ зүйлийг гаргаж ирэх гэж буруу ойлгодог. Гэтэл энэ дэлхийд цоо шинэ зүйл гэж нэгээхэн ч үгүй билээ. Бүтээлч ажил хийнэ гэдэг бол өмнө бүтээгдсэн олон эх сурвалжийг нийлүүлж шинэ хольц үүсгэхийг хэлнэ. Тарантиногийн кинонууд цоо шинэ зүйл шиг санагддаг. Гэхдээ сайн анзаарах юм бол эдгээр кинонууд түүний үзсэн самурайтай япон кино, уншсан дитектив зохиолууд, зэрлэг өрнөдийн соёл зэрэг олон зүйлээс бүрдэнэ. Та "Kill Bill"-ийн эхний ангийн Японд болдог тулааны үеэр ахлах сургуулийн формтой тулаанч охин хэрхэн үхдэгийг санаж байна уу? Хэсэг хугацаанд ямар ч хөдөлгөөнгүй зогсоод нүднээс нь цус дусалж эхлэх үед үхэж байгаагаа ухаардаг хэсэг. Үүнийг Тарантино Италийн "City of the Living Dead" гэх киноны хэсгээс санаа аван хийж байжээ. Хуулбарлах нь ямар нэг зүйлийг тэр чигээр нь дууриах тухай ойлголт бол “санаа авах” нь жижиг хэсэг, деталиудыг өөрийн бүтээлд шингээхийг хэлнэ. Та ч бас олон бизнесээс өөрт таалагддаг давуу талуудыг нь нийлүүлэн авч, шинэ бизнес эхлүүлж болох шүү дээ.

5. хүнд Хэцүү үйл явдлыг хөшүүргэ болго

Квентин Тарантино: “Би анх саатуулагдахдаа нэлээн сандарч хэдий ч эндээс хэд хэдэн сайн диалоги сурсан шүү”

Тарантиног "True Romance"-ийн зохиолыг бараг зуун удаа дахин бичиж байж эцсийн хувилбараа студи руу явуулахад ямар хариу ирснийг мэдэх үү? “Чи яаж бидэн рүү ийм новшийн хог явуулж зүрхэлж байна аа? Чи лав галзуурсан байх. Бидэнд ямар санагдаж байгааг мэдмээр байна уу, айн? Бид чиний хэнд ч хэрэггүй хогийг буцаагаад явуулчихлаа. Чамайг хараал идэг!” гэх үгтэй захиа түүний зохиолын хамтаар ирсэн гэдэг. Тэрээр энэ үед гутарч зохиолоо орхиогүйгээр үл барам улам сайжруулж кино болгосон юм. Ихэнх хүн иймэрхүү хэцүү нөхцөл байдал үүсэхэд зүгээр л тэсэж өнгөрөхөд анхаардаг. Гэхдээ энэ үед зүгээр л шүд зуун өнгөрөх биш, Тарантино шиг "эндээс юуг сурч болох вэ", "хэрхэн сайжруулж вэ" гэдгийг бодож ажиллах хэрэгтэй аж.

8626   2


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.