Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   08 сарын 13, 2019

Апп тойм: Хэрэгцээт монгол аппууд #4

"Апп тойм" булангаараа бид үе үе хэрэгцээт монгол аппуудыг нэгтгэн хүргэдэг билээ. Цувралын дөрөв дэх дугаараар бид хэрэглэгчдийн идэвхтэй, үр дүнтэй ашиглаж байгаа буюу таталт өндөртэй, мөн тун саяхан шинээр нэвтэрсэн 5 апп-ийг хамтатган хүргэж байна. Та бүхэн бүгдийг нь биш юм аа гэхэд заримыг нь утсандаа суулган ашиглана гэдэгт итгэж байна.

E-POLICE

Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран нэвтрүүлсэн “E-Police” апп нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй жолооч нарт иргэдийн ирүүлсэн зураг, мэдээллийн дагуу хариуцлага тооцож, торгууль оноодог үйлчилгээг үзүүлдэг. Апп-д өөрийн бүртгэлийг утасны дугаараар үүсгэж, баталгаажуулах кодыг авч бүртгүүлэх бөгөөд хэрэглэгчээс Зөрчлийн тухай хуулийн дагуу санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсвэл төөрөгдүүлсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх сануулгыг өгдөг нь зөв зүйтэй санагдлаа. Ингэснээр иргэдийн оролцоотойгоор замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрэм зөрчлийг бууруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж. Замын хөдөлгөөнд оролцогч дүрэм зөрчсөн есөн нөхцөлд та зөрчлийн мэдээллийг яг тухайн агшинд нь зургаар илгээх бөгөөд холбогдох ажилтнууд таны илгээсэн зөрчлийг шалган хэрхэн шийдвэрлэснээ зурган хэлбэрээр эргээд танд мэдэгдэх аж. Мөн замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэх нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй апп онцгойлон сануулна.

Татах: iOS, Android

UNITEL

Та энэ апп-ийг “Би Юнителийн дугааргүй” гээд алгасав аа. Учир нь энэ апп-ийг ашиглан та зөвхөн Юнителийн биш Юнивишн, Гэр интернэт, IP77 үйлчилгээнүүдийн төлбөр төлөх боломжтой. Ингэхдээ бүхий л банкны данс, QPay, SocialPay-г ашиглаж болно. НӨАТ-ын баримтаа ч гэсэн онлайнаар авчихна. Энэ апп байхад Юнителийн аль нэг салбар луу өөрийн биеэр очих шаардлагагүй гэсэн үг. Харин Юнителийн дугаартай хэрэглэгчдийн хувьд апп-ийг ашиглан давхар дуудлага хадгалах, мессеж роуминг идэвхжүүлэх, давхар дуудлага авах, дуудлага шилжүүлэх зэрэг үйлчилгээнүүдийг идэвхжүүлж, бүр симээ ч сэргээх боломжтой. Мөн мэдээж төлбөр төлж, нэгж ба дата худалдан авах боломжтой.

Татах: iOS, Android

Нийгмийн даатгал

Хэрвээ та нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол хамгийн түрүүнд энэ апп-ийг утсандаа тат гэж зөвлөх байна. Ингэснээр та хожим үүсэж болох олон эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах юм. Энэ апп-ийг ашиглан гар утаснаасаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тус сангаас гаргуулсан зардал, төлбөр бүрээ тэр дор нь өөрөө хянах боломжтой. Дотроо “Нийгмийн даатгалын үйлчилгээ”, “Мэдээ мэдээлэл”, “Хууль, Тогтоомжийн жагсаалт”, “Хэлтсүүдийн байршил”, “Санал хүсэлт” гэсэн нийт таван үндсэн цэстэй. Энэ апп сайн дурын даатгуулагчдад шимтгэл төлөх тухай, гэрээ сунгах тухай, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тухай мэдэгдлүүдийг илгээдэг. Нийгмийн даатгал апп-д бүртгүүлэхийг хүсвэл энд дарах, эсвэл нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж баталгаажуулах аж.

Татах: iOS, Android

убтз тасалбар

Энэ тасалбар захиалгын системийг хэрэглэгч ашиглан орон нутгийн болон олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарыг нэг сарын өмнө захиалах боломжтой. Таны худалдан авсан тасалбар PDF хувилбараар системийн захиалга хэсэгт болон имэйл хаягаар илгээгддэг бөгөөд энэхүү онлайн тасалбарын QR кодыг галт тэрэгний тасалбар шалгагчид уншуулснаар таны аялал илүү хялбар болно. Нэг удаагийн хандалтаар нэг олон улсын тасалбар, дөрөв хүртэлх орон нутгийн тасалбарыг авч болно. Найз нөхөд, гэр бүлээрээ аялалд явахдаа суудал захиалгаа нэг дор хийн цаг хэмнэх боломжтой гэсэн үг. Мөн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээний нөхцөлүүд болох цай, кофе авах эсэх, телевизор авах эсэх мэдээллээ оруулж болдог нь таатай.

Татах: iOS, Android

Зуслан

Нийслэлийн Байгаль Орчны Газраас хэрэглээнд нэвтрүүлсэн "Зуслан" апп-ийг санал болгоё. Энэ апп-ийг ашиглан зуслангийн бүс гэлтгүй хотын төв дэх ногоон бүсүүдэд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг мэдээлэх боломжтой. Апп тун “Мэдээ, мэдээлэл”, “Санал гомдол” гэх хоёр цэстэй. “Мэдээ, мэдээлэл” хэсгээс төрийн үйлчилгээ, ногоон хөгжилтой холбоотой мэдээлэл авах боломжтой. Харин зөрчил мэдүүлэхийг хүсвэл “Санал гомдол” хэсэгт даран, гарчиг, агуулгаа тодорхой бичиж, зураг хавсаргах юм. Ингэхдээ дээд тал нь гурав хүртэл зураг л оруулах боломжтой гэдгийг анхаараарай.

Татах: iOS, Android

Холбоотой нийтлэлүүд:
Апп тойм: Хэрэгцээт монгол аппууд #1
Апп тойм: Хэрэгцээт монгол аппууд #2
Хэрэгцээт монгол аппууд монгол аппууд #3: Босоо бичигтэн + Check my service + Шувуу + Хувийн санхүүч

11137   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Нийтлэлд оролцсон:

Б.Лхагвацэрэн




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.