Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   08 сарын 12, 2019

Онцлох бизнес: CHUU CHUU Travel Club - Амтагдтал аялъя

Зуны аялал, зугаалга ид өрнөдөг өнгөрөгч долоодугаар сард Улаанбаатар хотод маань нэгэн шинэлэг газар нээгдсэн нь CHUU CHUU Travel Club юм. Аяллын үүр болох учиртай "Чүү Чүү" аяллын клубт та бүхэн ирснээр том газрын зураг дээр аяллаа төлөвлөн зурж, хийсэн аяллын сонин сайхнаа хуваалцаж, аяллын эвентэд оролцож болно. Одоохондоо аяллын төлөвлөгөөгүй байлаа ч хоол, бэйкери, гар аргаар бэлтгэсэн кофе амталж, пянз тоглуулагч дээр хөгжим сонсож, ханын проектор дээр кино үзэж, гэрэл зурагчдын бүтээлүүдийг сонирхож, шагай гэх мэт тоглоом наадгайгаар наадсан ч болно. Ингээд энгийн нэг кафег биш таны аяллыг гайхамшигтай, мартагдашгүйгээр зохион байгуулж өгч чадах "Чүү чүү"-г үүсгэн байгуулсан зургаан залуугийн хоёртой нь буюу Б.Базарсүрэн, Б.Тэлмэн нартай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: CHUU CHUU Travel Club
Хаяг: Monnis Tower, Үндэсний номын сан хоёрын зүүн талд
Үйл ажиллагааны чиглэл: Үйлчилгээн дээр суурилсан албан ёсны аялагчдын клуб (кафе)
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны 7-р сар
Үүсгэн байгуулагчид: Б.Базарсүрэн, Б.Тэлмэн, Б.Батбилэг, Ч.Ганжавхлан, О.Мишээл, О.Гарьд
Цахим хуудсууд: CHUU CHUU Travel Club (фэйсбүүк хуудас), CHUU CHUU Travel Club (фэйсбүүк групп) @chuuchuutravelclub (инстарграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ЯАЖ ОЛСОН БЭ?

Б.Базарсүрэн: Манайд аялагчид цугладаг газар гэж бараг байхгүй. Аялахыг хүссэн хүмүүс цуглаж төлөвлөгөөгөө гаргадаг, аяллын хамтрагчаа олдог, нэг нэгэндээ зөвлөдөг, аялж ирээд замын сонин сайхнаа бусадтай хуваалцдаг орчин нэн дутмаг байгааг олж харсан юм.
Анх Жавхаа бид хоёр энэ тухай ярьж суугаад бизнес болгох боломж байгаа, шаардлага ч урган гарч буй талаар ярилцаж байлаа. Бидэнд бизнес хийх бас нэг шалтгаан байгаа нь, олон жил сайн дурын ажил хийж яваад ахуй амьдрал, ар гэрээ тодорхой хэмжээнд орхигдуулсан тал бий. Жавхаа бид хоёр энэ санаагаа найз Микодоо дуулгаж гурвуулаа ярилцаад, маргааш нь Тэлмэн, Гарьд, Билгээ нарын найзууддаа дуулган бүгд хамтрахаар шийдээд, клубийн ажлаа энэ тавдугаар сард эхлүүлсэн.

Миний хувьд монгол ахуй, өв соёлын аяллыг сүүлийн таван жил хийж байгаа. Үеийн залуус, дүү нараа өв соёл, түүх уламжлалаа танин мэдэж, бахархаж, хайрлаасай хэмээн өөрөө "гүүр" болохыг хичээдэг. Найз Жавхаа маань 16 наснаасаа эхлэн хөтөч хийж, гадаадын жуулчдыг, тэр дундаа солонгосчуудыг олон жил аялуулж байна. Билгээ маань "Тусгал" клубээрээ дамжуулан гэрэл зургийн аяллыг олон жил амжилттай зохион байгуулж ирлээ. Гарьд маань худалдааны бизнес, Тэлмэн маань үйлчилгээний бизнес эрхэлдэг. Ингээд л тус тусын үнэ цэнээ нэгтгээд "ЧҮҮ ЧҮҮ"-г эхлүүлсэн хэрэг.

Яагаад "чүү чүү" гэж нэрлэх болсон бэ? 

Б.Базарсүрэн: Гадаад хүнд морь унахыг зааж өгөхөд хамгийн түрүүнд мориндоо юу гэж хэлдэг вэ гэж асуудаг. Хариулт нь ЧҮҮ ЧҮҮ. Жаахан хүүхдүүд морь уная гэхээсээ өмнө ЧҮҮ ЧҮҮ уная гэдэг. Нөгөөтээгүүр ЧҮҮ ЧҮҮ нь урагш тэмүүлэхийн бэлгэдэл.

тэгвэл логоны тухайд?

Б.Базарсүрэн: Логог маань Монголын шилдэг дизайнеруудын нэг “Brainstorm”-ийн уран бүтээлч, найз Дөөк маань урлаж өгсөн. Төрийнхөө сүлдээс санаа авч, дэлхийн улс орнуудын өнгийг шингээж, дөрвөн туурайг нь аяллын чиглэлээр бэлгэдэн бүтээсэн. Мөнхийн хөдөлгөөнтэй байж, эх орноороо болон дэлхийгээр өртөөчлөн аялах утгыг агуулж байгаа юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Б.Тэлмэн: Бид өөрөөсөө гаргах нь гаргаж, зээл авах нь авч, өөрт буй зүйлсээ зарах нь зараад л тал талаас хамжин анхны санхүүжилтээ шийдсэн.

Хамтрагчаа хэрхэн олж сонгосон бэ?

Б.Тэлмэн: Бид олон жил хамтдаа сайн дурын ажил хийсэн хүмүүс. Бид Лантуун дохио ТББ-ын том шүхэр дор нэгдсэн хүмүүс. Дээр нь угийн найзууд болохоор санаа оноогоо хуваалцаж явдаг. Бүгд л өөрсдийн гэсэн бизнесийг эхлүүлэх нууцхан хүсэлтэй байсан нь ил болж хамтдаа "ЧҮҮ ЧҮҮ"-г эхлүүлсэн. Бид бүгд олон жил нийгмийн сайн сайхны төлөө цаг зав, хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулсан залуус.

Б.Базарсүрэн: Бидний тав, зургаан жилийн нөхөрлөлийн хөрсөн дээр "Чүү Чүү" гэдэг шинэ тариа боловсорч байна. Одоо арчилж ургуулахыг л зорино доо.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Б.Базарсүрэн: Өвөрмөц онцлогтой өв соёл, зан заншлаа гадаадын жуулчдад зөвөөр таниулах, монгол хүмүүсийг эх орноороо аялж, танин мэдэхэд нь хөтөлж, аялагчдын үүр (гэр орон) байхыг зорьж байгаа юм. Монголдоо бид улирлаас үл хамааран аялал зохион байгуулах бүрэн боломжтой. Нөгөөтээгүүр клуб дээрээ төрөл бүрийн эвент зохион байгуулахаар зориуд нэлээн том тайз базаасан. Түүнчлэн Монголдоо хуурсан кофег зөвхөн гар аргаар чанаж, өөрсдийн цехэд хийсэн амтат бэйкери, чанартай хоолоор үйлчлэхийг зорьж байна. Манайхыг хүмүүс кофе шоп гэж жаахан буруу ойлгоод байх шиг байгаа юм. Үйлчилгээн дээр суурилсан албан ёсны клуб (кафе) гэдгийг онцлох нь зүйтэй.

Б.Тэлмэн: Манайх өглөөний 06:00 цагаас шөнийн 24:00 хүртэл ажилладаг. Манайд ирээд тэр ширээн дээр байгаа өнгөт принтерийг үнэгүй ашиглаж, тэр томоос том газрын зураг дээр аяллаа зурж төлөвлөх боломжтой. Бас нэг онцлог нь бид гэрэл зурагчдыг дэмжих тусгай хана бэлтгэсэн. Тэнд буй зургуудаас сонгож худалдаж авах боломжтой. Энэ зургууд маань улирлаас хамааран солигдоод явах юм.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Б.Базарсүрэн: Ойрын хоёр жилийн зорилго гэвэл, аялал гэхээр залуучуудад "Чүү Чүү" гэсэн хоёр үг хамгийн түрүүнд санаанд нь буудаг хэмжээнд клубээ таниулан, тогтвортой үйл ажиллагаагаар хангах. Ойрын таван жилийн зорилго гэвэл гадаадын аль нэг улсад салбар клубээ байгуулах гэж хэлж болно. Арван жилээр нь харах юм бол гаднын таван улсад салбар клубээ байгуулах зорилготой.

Б.Тэлмэн: Үйл ажиллагаагаа жигдрүүлэхийг зорьж байна даа. Манайхыг гээд зориод ирж буй үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамж дүүрэн үдэхийг хичээж ажиллана.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Базарсүрэн: Нэгт, байгальд хайртай байх. Хоёрт, нөхөрлөлдөө үнэнч байх. Гуравт, хуваалцах. Үйлчилгээний хувьд үргэлж шинэ бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ дайлах. Үүр гэдэг утгаараа халуун дотно найрсаг байхыг эрхэмлэнэ.

Б.Тэлмэн: Нарийн тооцоо, нандин үерхэл.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Б.Тэлмэн: Найз нөхөдтэйгөө хамтарч ажиллах нь давуу талтай ч бас зарим талаар амаргүй. Өмнө нь ганцаараа шийдвэр гаргадаг байсан бол одоо заавал бусадтайгаа ярилцана. Бүгд дэмжих санааг гаргахын тулд нэлээн сайн ярьж хэлэлцэх шаардлагатай. Гэхдээ ингэж ярилцаж гаргасан шийдвэр тун зөв байдаг.

Б.Базарсүрэн: Найз нөхөд байна гэдэг нэг хэрэг. Бизнесийн хамтрагчид байна гэдэг бас өөр хэрэг. Энэ хоёрын харьцааг тэнцвэртэй барих нь чухал.

ЗАРИМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Б.Базарсүрэн: Жавхаа бид хоёр баруун аймгуудаар 12 өдрийн турш 4000 гаруй км аялаад өчигдөр ирлээ. Солонгос найзууд маань сүүлийн 9 жил Монголоор аялсан. Ирэх хавар Монголын тухай нэг ном гаргах юм. Тэдний нэг нь анх удаагаа бидний аяллыг сонгож ирсэндээ талархаж, өмнө нь гурван ч удаа ирэхдээ ингэж сайхан аялаагүй тухайгаа ярьж байсан. Тэгж хэлэхэд нь бид зорилгодоо хүрэх эхний алхмуудаа зөв зүйтэй л хийж байгаа юм гэж урамшин бодож суулаа.

Б.Тэлмэн: Манайд ирсэн хүмүүс тухлаад суугаасай гэж анхнаасаа зорьсон. Энэ зорилго маань эхнээсээ биелж байгаад баяртай байна. Цаашдаа улам хичээж ажиллана даа.

12271   1


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Г.Ананд




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.