Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   08 сарын 11, 2019

7 хоногийн тойм: Усны хямрал + Самсунгийн сэргэлт + Диснейн дарамт

Ковер зургийн тайлбар: Galaxy Book S Macbook-ийн жинхэнэ өрсөлдөгч байж чадах уу?

Дэлхий дахинд

Дэлхийн Нөөцийн Институтээс жил бүр гаргадаг усны нөөцийн төлөв байдлын тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсанаар дэлхийн нийт газар нутгийн дөрөвний нэг нь усны хомсдол үүсэх аюултай нөхцөл байдалд өртсөн бөгөөд нийт 17 орон "тэг зогсолт" хийхэд ойрхон ирсэн гэдгийг санууллаа. Катар, Израйл, Ливан, Иран зэрэг эдгээр орнуудын дийлэнх нь Ойрх Дорнод болон Умард Африкт байршиж байгааг тэд онцолсон байна. Монгол улс жагсаалтын 55-р байрт бичигджээ.

Өнгөрсөн 7-р сар түүхэн дэх хамгийн халуун сар байсныг эрдэмтэд баталлаа. Европ даяар 40 давсан температурыг амссан уг сарын дундаж агаарын хэм өмнөх дээд амжилтаар бүртгэгдсэн 2016 оны 7-р сараас 0,04 градусаар дулаан байсан гэнэ.

Google 2022 он гэхэд өөрсдийн үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнүүдээ дахин боловсруулсан түүхий эд ашиглаж бүтээх амлалтыг өглөө. Үүнд нь Pixel-ийн утас, Chromecast, Google Home, Nest ухаалаг гэрийн төхөөрөмжүүд, Pixelbook лаптопууд бүгд багтана. Тэд аль хэдийн зарим бүтээгдэхүүнүүддээ энэхүү бодлогоо шингээн эхэлснээ мөн онцолсон байна.

Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэрэгт буруутгагдан хоригдож байсан Америкийн тэрбумтан Жеффри Эпштэйн амиа хорлосон байна. Тэрбумтнууд, одод, төр нийгмийн зүтгэлтнүүдэд насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг зуучилж орлого олдог байсан хэмээн буруутгагдаж байсан тэрээр 2 долоо хоногийн өмнө баривчлагдаж улмаар 45 жил хүртэлх хугацаанд хоригдох магадлалтайд тооцогдож байсан юм. Түүний хэргийг мөрдөх, шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж, үнэн мөнийг тогтооно гэдгээ хууль сахиулагчид мэдэгджээ.

HuffPost: Ж.Эппштэйний хэргийн талаар


Усны хомсдол дэлхийг нөмрөв

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Samsung хүлээлт дүүрэн байсан тусгай эвентээрээ Note 10 загварын шинэ утсаа танилцууллаа. AMOLED дэлгэцтэй, илүү хүчирхэг баттерейтай тус утас нь 6,3 инчийн энгийн, 6,8 инчийн Plus загвараас гадна 5G дэмждэг өөр хувилбартай гарч байна. Мөн Note-ийн шинэ загварууд анх удаа чихэвчний оролтгүй хийгдснээрээ онцлогтой. Үүнээс гадна тэд Microsoft-той хамтран Windows үйлдлийн системтэй 23 цаг баттерейгаа барьдаг, 999 долларын Samsung Galaxy Book S загварын лаптопоо танилцуулав. Мэргэжилтнүүд 9-р сараас худалдаанд гарах тус загварыг Макбүүктэй өрсөлдөж чадахуйц хүчирхэг болжээ хэмээн дүгнэж байгаа гэнэ.

The Verge: Galaxy эвентээс онцлох 7 танилцуулга

Huawei өөрсдийн хөгжүүлсэн HarmonyOS үйлдлийн системээ танилцууллаа. АНУ-Хятадын худалдааны хоригтой холбоотойгоор Гүүгл өөрсдийн Андройд системээ тус компанид хориглох шийдвэр гаргаад буй. Гэхдээ Huawei шинэ системээ зөвхөн ухаалаг төхөөрөмжүүд, дагалдах хэрэгслүүдэд ашиглах бөгөөд гар утсандаа хэзээнээс нэвтрүүлэхээ зарлаагүй байгаа юм.

Hyundai компани нарны эрчим хүчээр цэнэглэгддэг дээвэртэй машинаа танилцууллаа. Sonata Hybrid нь дээвэр дээр байрлуулсан хавтангаар нийт баттерейны 60 хүртэлх хувиа цэнэглэх боломжтой бөгөөд 6 цаг цэнэглэхэд 1300 км зайг туулах боломжтой болно гэдгийг онцолжээ.

Хятадын дрон таксины технологи хөгжүүлэгч EHang Гуаньжоу хоттой хамтран хамгийн анхны агаарын тээврийн иж бүрэн дэд бүтцийг байгуулах болсноо зарлалаа. Жолоочгүй, нисдэг таксины технологио тэд өнгөрсөн жилийн турш Вена болон Гуаньжоуд амжилттай туршаад байгаа юм.

Apple залуу хэрэглэгчдийг онилсон шинэ төрлийн санхүүгийн хэрэгсэл Apple Card-ийн туршилтаа албан ёсоор эхлүүллээ. MasterCard, Goldman Sachs-тай хамтран гаргаж буй тус кредит карт нь шимтгэлгүй, буцаалт өндөртэйгөөс гадна Apple-ийн экосистемд бүрэн зохицон ажиллана гэдгээрээ онцлогтой. Apple Card 8-р сарын сүүлээс эхлэн хэрэглээнд бүрэн нэвтэрнэ.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Uber нээлттэй компани болсноосоо хойшхи анхны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тэд 2-р улиралд нийт 5,2 тэрбум долларын алдагдалтай ажилласан нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт нь байв. Орлогын өсөлт нь ч 14 хувьтай байж, 3,1 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Зардлаа бууруулахаар ажиллаж буй тэд маркетингийн газраасаа 1200 ажилтны орон тоог цомхотгох болсноо зарласан байна. Тэдний өрсөлдөгч Lyft-ийн зардал мөн нэмэгдсэн ч орлого нь 867 сая доллар болон таамгыг давснаар нэгж хувьцааны үнэлгээ нь 3 хувиар нэмэгдсэн байна.

Дэлхийн топ чип үйлдвэрлэгчдийн нэг Broadcam Symantec-ийн байгууллагын бизнесийн нэгжийг 10,7 тэрбум доллараар худалдан авлаа. Өнгөрсөн удаад гол өрсөлдөгчдийн нэг Qualcomm -ийг 100 тэрбумаар авах тохиролцоондоо хориг тавиулсан Broadcam ингэснээр бизнесээ өргөжүүлж, жилд 2 тэрбум долларын борлуулалттай байгууллагын бизнесээ хүчирхэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Цай, энергийн ундааны зах зээлийн топ брэндүүдийн нэг Arizona Beverage марихуаны орцтой ундаа, цай болон зөөлөн чихэр гаргах болсноо зарлалаа. Тэд Dixie Foods хэмээх стартаптай хамтран Америкийн бүх сүлжээ дэлгүүрүүдээр өөрсдийн нэрийн марихуантай бүтээгдэхүүнүүдээ борлуулах аж.

Борлуулалтын орлого нь 2 дахин буурч, зөвхөн өнгөрсөн жил 11 мянган ресторанаа хаасан Subway хиймэл махны технологи хөгжүүлэгч Beyond Meat-тэй хамтрах болсноо зарлалаа. Тэд эхний ээлжинд ургамлын гаралтай бөөрөнхий махыг нэрийн сендвичдээ хавсаргахыг санал болгоно гэнэ. Subway бүх салбаруудын дизайнаа шинэчилж, хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэн зах зээл дэх байр сууриа эргүүлэн авахаар хичээж байгаа билээ.

Алдарт тэрбумтан Варрен Баффетийн Berkshire Hathaway санхүүгийн тайлангаа танилцуулж, 122 тэрбум долларын бэлэн мөнгөний нөөцтэй байгаагаа ил болголоо. Тэрээр энэ онд "томоохон худалдан авалт" хийхээр зэхэж байгаа ч үнэ хэт хөөрөгдөлтэй байгааг сануулсан байна. Тус компанийн цэвэр ашиг нь 14 тэрбум доллар байсан байна. Гэхдээ тэдний хамгийн сүүлд худалдан авсан Kraft Heinz нь санхүүгийн хувьд хүнд байдалд байсаар байгаа билээ.

Subway эрүүл хооллолтыг эрхэмлэнэ

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Дисней 11-р сарын 12-оос эхлэн шинээр танилцуулж буй "Disney+"-ийг үзэх эрхээ өөрсдийн эзэмшдэг спортын контент нийлүүлэгч "ESPN+" болон "Hulu"-тай нэгтгэн сарын 12,99 долларын багцаар гаргах болсноо мэдэгдлээ. Энэ нь гол өрсөлдөгч Нетфликс болон бусад стриминг платформуудаас хямд үнэ гэсэн үг юм. Одоогоор энэ багц болон үнэ олон улсын зах зээлд үйлчлэх эсэх нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна Дисней энэ онд худалдан авсан Fox-ийн зарим алдартай контентуудыг ахин хийх болсноо зарлалаа. Шинээр хийгдэх бүтээлүүд дунд "Гэртээ ганцаараа", "Музейд өнгөрүүлсэн шөнө" зэрэг үзэгчдийн хайртай бүтээлүүд багтсан нь сонирхолтой. Тэд эдгээр контентуудыг Disney+ платформ дээрээ онцгой эрхтэйгээр байрлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ хооронд Нетфликс "Хаадын тоглоом" цувралыг бүтээгчид болох Д.Бениофф, Д.Вайсс нартай 200 сая долларын урт хугацааны гэрээ байгуулсан байна. Контентийн дайнд оригинал бүтээлүүдээрээ ялгарах стратеги баримталж буй тэд энэ жил үүндээ 15 тэрбум долларыг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ Бениофф, Вайсс нар Диснейтэй "Оддын дайн" цувралын шинэ анги дээр ажиллах гэрээтэй байгаа билээ.

Д.Жонсон, Ж.Статхам нарын супер оддын тоглосон "Fast & Furious"-ийн шинэ анги "Hobbs & Shaw" 25,5 сая долларын орлогоор бокс оффисийг ахин тэргүүллээ. Тус кино одоогоор дэлхий даяар 224 сая долларын ашиг цуглуулаад байна. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн "Scary Stories To Tell in The Dark" 20 сая долларын орлогоор 2-р байрт бичигдэв. Хүүхдийн алдартай зохиолоос сэдэвлэсэн тус аймшгийн төрлийн киноны продюсерээр алдарт Г.Дел Торо ажилласан юм.

Victoria's Secret түүхэндээ анх удаа трансжендер модельтой гэрээ байгууллаа. Тэд өмнө нь Elle, Vogue сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж нэрд гарсан Валентина Сампайог эгнээндээ нэгтгэсэн байна. 22 настай Бразил моделийн энэхүү гэрээ нь загварын ертөнцийн чиг хандлагад томоохон нөлөө үзүүлэх үйл явдал боллоо хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна.

Диснейн эдгээр үйлчилгээг тусад нь авбал 5 доллараар илүү төлбөр төлнө гэнэ

алдалгүй унших арван мэдээ

CNN: Хонгконгийн хямрал үргэлжилсээр
Жагсагчид онгоцны буудлыг эзэлж, цагдаагийнхан энгийн иргэд рүү нулимс асгаруулагч ашиглаж эхэллээ

BBC: Премьер лиг эхлэхийн өмнө
Дэлхийн хамгийн их үзэгчтэй лиг энэ долоо хоногт эхлэв. Та хангалттай мэдээллээр өөрийгөө цэнэглэж амжсан уу?

Polygon: ФИФА 2020 анх удаа эмэгтэй менежертэй боллоо
Хамгийн алдартай компьютер тоглоом жендерийн мэдрэмжтэй шийдвэр гаргажээ. Одоо та хүйсээ сонгож болно

CNBC: Nike худалдан авагчдын зан төлвийг таахыг хүсэж байна
Celect хэмээх стартапыг худалдан авсан тэд таныг дэлгүүрт орохоос тань өмнө таньж мэдэн, таалагдах бүтээгдэхүүнийг санал болгох болно

Vox: Шинэ худалдааны дайныг тайлбарлах нь
АНУ-Хятадаас гадна БНСУ-Япон хоорондын худалдааны дайн дэлхий нийтийг зовоож эхлэв. Энэ талаар таны мэдэх ёстой бүх зүйл энд бий

Techcrunch: Snapchat 1 тэрбум доллар босгоно
Хөрөнгө оруулагчдад топ компаниудаас хамааралгүй өсөж чадна гэдгээ харуулсан Snapchat бүр илүү амбицтай гэдгээ нотоллоо

People: Disney-ийн ээлжит шинэчлэл: Lady and The Tramp
Дамбо, Симба, Мулан. Харин одоо ноход :)

Billboard: Эд Ширан хэрхэн U2-ийг гүйцэв?
Түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон аялан тоглолтын эзний нууц юу байв?

QZ: Catcher In The Rye анх удаа дижитал хэлбэрт шилжив
Мэдээж албан ёсоор шүү дээ. Саллинжерийн домогт зохиол яагаад ингэж удав?

The Verge: Porsche-ийн анхны бүрэн цахилгаан машинтай танилц!
Мэдээж бүгд энэ зах зээлд өрсөлдөж байхад Порше хоцорно гэж юу байх вэ?

10611   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.