Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   08 сарын 10, 2019

Ричард Давид Прехтийн “Хайр: Цэгцрээгүй сэтгэл” номын тухай

Хайр гэдэг алдарт найрагчдын мөнхийн хуучирдаггүй сэдэв боловч танин мэдэхүйн түмэн асуултад оновчтой хариулт өгсөн философичдын хувьд энэ сэдвээс хамгийн холуур явсаар иржээ. Тиймээс зарим философич, социологичид хайрыг зохиомол зүйл гэж үздэг нь гайхмаар зүйл биш. Гэхдээ зөвхөн философичид ч гэлтгүй хайрыг бүрэн дүүрэн судалсан шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл байхгүй билээ. Харин судлах амлалт бол бий. Ямартай ч хайрын тухай сэдэв нэгэнт фельетоны уянгын халил байхаа больж, шинжлэх ухаанчаар тайлбарлахыг хичээсэн оролдлогууд гарсаар байна. Энэ хүрээнд бид Германы философич, доктор Ричард Давид Прехтийн бичсэн “Хайр: Цэгцрээгүй сэтгэл” номыг энэ удаа онцолж байна.

Номын тухай 

Бид Германы философич, доктор Давид Прехт зохиолч Ричард Давид Прехтийг “Би хэн бэ, тийм гэвэл хэдэн би вэ?” гэх дэлхийн 23 орны хэл дээр хоёр сая гаруй хэвлэгдсэн алдарт номоор нь эчнээ танина. Тэрбээр философичид болон тархи судлаачдын сонирхолтой өрсөлдөөн, харилцан сурах явцыг нарийн судалж, философийн хамгийн чухал хариултуудад цогц хариултыг өгсөн бол “Хайр” хэмээх номонд эрэгтэй, эмэгтэй хүн хоорондын хайрын тухай асуудлыг хөндөн, олон сэдвийн хүрээнд сонирхолтой судалгааны ажлуудыг шигтгэн өгчээ.

Номын эхний таван бүлэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биендээ татагдах үйл явцыг байгалийн хуулиудтай холбон тайлбарлан, биохими, генетик болон эволюци гэсэн хоорондоо нягт уялдаатай биологийн гурван салбараар дэлгэрэнгүй өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, бидний хүйсийн дүрийн биологи болон соёлын суурь ойлголтуудыг авч үзэн, хүйсийн шинж тэмдэг, чанарууд хаанаас үүссэн тухай сонирхолтой жишээг багтаажээ.

Ингэхдээ хайр биологитой хэрхэн холбогддог, эмэгтэйчүүд, эрчүүд юу хүсдэг болон тэдний сэтгэхүйн онцлогийн талаар Фридрих Ницше, Жан Пол, Сартр, Роланд Барт, Мишел Фуко зэрэг философич, социологичдын сонирхолтой тайлбаруудаар хачирлаж, Чарльз Дарвины 12 жилийн турш амьтан, ургамлын үржихүйн тухай судалгааны ажлуудаар шигтгээ хийжээ. Энэ хүрээнд зохиолч хайр гэж юу болохыг анхдагч шалтгаанаас нь эхлэн тайлбарлахын тулд эрэгтэй, эмэгтэй хүний бие физиологи, сэтгэл зүйн ялгааг олон сонирхолтой судалгаагаар тайлбарласан байна. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүний орон зай төсөөлөх чадварын тухай судалгаагаар 1970 оны эрчүүд хамаагүй илүү байсан бол сүүлийн үеийн судалгааны үр дүн бараг л ижил гарах болжээ.

Хайр ингэхэд хэзээ бий болсон юм бол? Энэ асуултад хариулт өгөхийн тулд хайрын үүслийн тухай биологичдын дунд түгээмэл тархсан нэгэн сонирхолтой түүхийг онцолсон байна. Хелен Фишерийн 1992 онд хэвлүүлсэн “Хайрын анатоми” номд өгүүлснээр бидний өвөг дээдэс дөрвөн хөлөөрөө мөлхөхөө больж, хойд хөл дээрээ боссоноор эмэгтэй хүнд энэ өөрчлөлт олон сул талыг авчирчээ. Учир нь, ойд байхдаа үр хүүхдээ нуруун дээрээ төвөггүйхэн үүрээд явдаг байсан бол хоёр хөл дээрээ явдаг болсноор мод, чулуунаас гадна хүүхдээ зөөж явахад бэрхшээлтэй болжээ. Тиймээс тэдний хамтран амьдрагчаа сонгох сонголт нь өөрчлөгдөж, хүчтэй, баатарлагаас илүүтэй өөрт хэрэгтэй гэж үзсэн дөлгөөн ааштай, найрсаг эрчүүдийг сонгох болсон аж. Үүнийг даган ертөнцийн хамгийн хачирхмаар феномен буюу хүний тархин дотор хайрын гүйдлийн хэлхээ үүсжээ. Уг хэлхээ удалгүй үл мэдэгдэх замаар эрэгтэй хүний тархи руу дамжсан хэмээн тайлбарласан байдаг ажээ. Тэгвэл дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй зарим судлаачид хайр анхнаасаа эрэгтэй, эмэгтэйд зориулагдаагүй, хайр бол эх үрийн холбооноос үүсэлтэй хэмээн үздэг байна.

Номын зургадугаар бүлгээс хайрлах үед бидний тархинд юу болдог, дурлал хэрхэн үүсдэг талаар шинжлэх ухааны өнцгөөр задлан шинжилгээ хийжээ. Тухайлбал, бид хэн нэгэнд дурлахад допамин хэмээн тээгч бодис ихээр гарч, фенилэтиамин дааврыг цусны урсгалд нийлүүлснээр дээрх бодисууд тайвшруулагч серотонины хэмжээг бууруулдаг байна. Түүгээр зогсохгүй мансууруулах үйлчилгээ үзүүлдэг эндорфин, кортизол ялгарснаар бидний эрч, сэтгэл хөдлөлийг огцом өсгөж, эцэст нь ухаангүй үйлдэл хийхэд хүргэдэг ажээ!

Дурласан сэтгэлийн хамгийн дээд хугацаа гурван жил, дундаж хугацаа гурваас арван хоёр сар хүртэл үргэлжилнэ. Олон улсын статистик үзүүлэлтээс харахад дурлалт хосууд хамтдаа өнгөрүүлсэн дөрөв дэх жилдээ салах магадлал өндөр байдаг ажээ. Тэгвэл хосоо сонгох тухайд Зигмунд Фройд хэлснээр хүн насанд хүрсний дараа юунд сэтгэл татагдах нь хүний бага насны эцэг эх, хүүхдийн харилцаанаас их хамаардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, бидний хүүхэд насны ой санамжид сайн эвсэл муугаар үлдсэн дурсамжууд хайрын шалгуур үзүүлэлтүүд болон хэрэгцээг тодорхойлох нэг шалтгаан болдог байна. Тархи судлаачдын үзэж буйгаар хүний зан чанар хамгийн ихдээ 20 хувь л өөрчлөгдөх боломжтой гэнэ. Тиймээс хайртай хүнийгээ хэт өөрчлөх гэж оролдох нь тийм ч сайхан санаа биш ажээ.

Романтик хайрын тухай өгүүлэх нь 

Хүн хайрыг хүсэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлийг ч хайдаг. Өнөөгийн хэт бие даасан нийгэмд хайртай хүнээсээ бид хоёр л зүйлийг хүлээдэг ажээ. Тэр нь, “Намайг ойлго”, “Миний амьдралыг сонирхолтой болго” гэх хүсэл гэнэ. Гэвч бидний амьдралд олон өнгө нэмж, сонирхолтой болгодог хүмүүс ихэнхдээ урт хугацааны хамтын амьдралд төдийлөн тохиромжгүй байх магадлалтай аж. Харин хамгийн сайн тохирох хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам энгийн сайхан, саарал болж хувирдаг болохыг зохиолч онцолжээ.

Романтик хайрын тухай ойлголт нь анх XVIII зууны нийгмийн тогтсон дарангуйлал, хатуу дэг жаяг, хориг цээрийг багасгах гэсэн зохиолч, яруу найрагчдын сэдлээс үүдэлтэй аж. Өөрөөр хэлбэл, хайрын тухай элдэв бүтээлүүд нь хотжилтын эхэн үе буюу английн соён гэгээрлийн үеийн романаас сэдэл авч, европыг тэр чигт нь байлдан дагуулж эхэлжээ. Үүний тод жишээ нь, 1774 онд Гётегийн бичсэн “Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа” гэх хүний зүрхний шархыг өгүүлсэн бестселлер ном юм.

Энэ хүрээнд зохиолч хайр хүлээлттэй ямар холбоотой вэ? хэмээх асуултад хариулахдаа “Хайр гэгч замбараагүй сэтгэл дан эмоциос биш харин ихэвчлэн мөрөөдөл, төсөөллөөс бүрддэг. Миний төсөөлөл, миний хүлээлт ямар байхыг шийднэ. Хайр зөвхөн эмоци байсан бол дурласан хос ямар нэгэн буруу зүйл хийх учиргүй. Хамгийн гол нь, би энэ мансууралдаа дуртай байхад л болоо. Хайр хаалганд гоол хийх зорилготой хөл бөмбөгийн тоглоом л гэсэн үг. Гэхдээ хоёр хаалганы тоглоом юм” хэмээсэн байдаг. Тиймээс хайрын тулгуур баганыг хүлээлтүүд босгох бөгөөд хайр гол сэдэв нь хүлээлт гэж тодорхойлжээ.

Гэвч хүн төрөлхтний хамгийн халуун сэдэв байсаар ирсэн романтик хайрын тухай ойлголт “алтан үе”-ээ нэгэнт өнгөрөөгөөд байгаа гэнэ шүү. АНУ-ын кино найруулагч, зохиолч Оскар Вайлд XIX зууны эхэнд “Бусдаас ялгарах зүйлгүй мэт эмэгтэй харин ч бусдаас онцлог” хэмээн бичсэнээр орчин үеийн хаалгыг тогшжээ. Хүмүүс материаллаг эд зүйлс, загварын чиг хандлагаар дамжуулан бусдаас онцгой байхыг хүсдэг ч энэ үйлдлээрээ аливаа хэм хэмжээнд баригдаж байгаагаа илэрхийлдэг аж. Үүнийг даган хайр дурлалын сэдвийг бүтээлч салбарынхан өлгөн авч, бүх талаас нь уудалсан кино, дуу, ном зэргийг бүтээж, фантаазын ертөнцийг үүсгэж, уянгын халилаар дүүргэдэг байсан бол орчин үед тэр эрчээ бага багаар алдсаар байна.

Учир нь, хайрын тухай ойлголтыг бий болгож, өдийг хүртэл янз бүрээр тодорхойлж ирсэн хүн төрөлхтний түүхийн эргэн харвал орчин үед бид хайрын талаар урьд өмнөхөөсөө илүү ухаантай хандах болжээ. Энэ талаар зохиолч “Өнөөдөр бохь зажилсан сургуулийн хүүхдүүд залуу Гётегийн Штрассбургийн Мюнстерийн дарь эхийн сүмийг үзээд бахдахдаа нулимс дуслуулж байсан дүрийг хараад будлисан тэнэг гэх биз ээ” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн романтик хайрын илрэл, үйл явц нь урьж хожид байгаагүйгээрээ ухаантай, ухамсарт суурилсан зүйл болсон аж. Хайрын давалгаа хүнийг тэр чигт нь нөмрөн эзэмдэхээ больж, урьдаас мэддэг болсон нь гайхах зүйлгүй ажээ. Бид романтиктай харьцах, нөлөөг нь дарах аргыг нь ч мэддэг болсон нь сайшаалтай. Мэдрэмжийн хариуд зоригтой байж, өдөр тутмын аюулыг болгоомж, сэрэмжээр хариулах нь өнөөгийн хайрын шинжүүд болжээ.

4730   0


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.