Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   08 сарын 06, 2019

Апп тойм: Yodek - Зугаатай танилцуулна, удаан үргэлжлүүлнэ

Өнөөдрийн дугаартаа бид тун сонирхолтой нэгэн аппликейшнийг танилцуулах гэж байна. Энэ бол онлайнаар хүнтэй танилцах Yodek апп юм. Тэгэхээр синглүүд, дааблууд минь бүгдээрээ наашаа суугаарай. Та өөрөө хосоо хараахан олоогүй бол алгаа үр, өөрөө олсон байлаа ч “борлуулах” шаардлагатай найз нөхөд, ах дүүс байвал бушуухан дуулга. Аль ч тохиолдолд гансарч, гуниглах цаг дууссан байна. Хөгжмөө тавь, дуугаа захиал … гэж мэгээд тээ. Хошигнох ч яахав, апп-ийг хөгжүүлэгчид дэлхийн олон улс оронд хэрэглэгдэж буй үй олон болзооны апп-уудад хийгдээгүй онцгой нэгэн санааг ашигласны зэрэгцээ зах зээлээ Монголоор төдийгүй олон улс гэж харж төлөвлөж байгаа нь онцгой анхаарал татлаа. Ингээд Yodek-ийг чухам яагаад ашиглах хэрэгтэй талаар дэлгэрэнгүй өгүүлье.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Сошиал медиа байхад апп-аар яах юм? Монгол жижиг, ийм апп хэрэглэхэд утгагүй ш дээ… гэх мэтийг зарим хүн хэлмээр санагдаж байж магадгүй. Мэдээж энэ бүхнийг тэд нарийн тооцжээ. Болзооны апп гэхээр л богино хугацааны харилцаа, түр зуурын "хайр"-ыг л амладаг гэж ойлгодог, улмаар зайлсхийдэг олон хүн байдаг болохоор тэд энэ асуудлын шийдэл болгон илүү утга учиртай харилцааг үүсгэж чадах Yodek-ийг эхлүүлсэн аж. Ингээд энэ апп-ийг хэрэглэх хэд хэдэн шалтгааныг энд дурдъя:

Шалтгаан 1: Сошиал хуудсууд таны танилууд буюу таны хүрээллийн, тантай сонирхол нэгт хүмүүсээр дүүрэн байдаг. Тэдний ганц бие эсэхийг ч мэдэхэд заримдаа хүндрэлтэй байдаг. Эдгээрээс болж шинэ хүнтэй танилцах магадлал буурах нь ойлгомжтой. Тиймээс хүнтэй танилцахаар идэвх гаргаж буй, “тэр нэгэн”-ээ чухам эрэлхийлж буй, биесээ үл таних хүмүүсийн “тусгай” платформ танд яг тохирно. Товчхондоо, Yodek танд өөрийн хүрээллээс давж шинэ хүнтэй танилцахад туслах юм. Одоогоор тус апп-д аль хэдийн 6000 гаруй хэрэглэгч бүртгүүлээд байгаа бөгөөд өдрөөс өдөрт энэ тоо ч нэмэгдэж, апп ч сайжирсаар байгаа аж.

Шалтгаан 2: Апп-ийг хөгжүүлэгч баг. Орчин цагт хүмүүсийн хоорондоо танилцах арга хэлбэрийг өөрчлөхөөр санаа шулуудсан шижигнэсэн залуучуудаас бүрдэх энэ багийг манай “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын зочин А.Амарбаяр ахалдаг. Амазон, Apple, Gitlab-д ажиллаж байсан туршлагатай тэрээр болзооны апп-ийнхаа санааг хаанаас хэрхэн олсноо ингэж ярьсан юм:
“Өнгөрсөн жил Guardian дээр карьертаа амжилттай яваа монгол эмэгтэйчүүдэд нөхөр олдохгүй байна гэсэн утгатай нийтлэл гарч, Монголын сошиал медиа хэрэглэгчдийн дунд багагүй яриа хэлэлцүүлэг үүсгэсэн. Тэр нийтлэлийг олж уншаад би монгол эрчүүд бүр ч алга болчихоогүй, хүмүүс нэг нэгнээ олохгүй байна, хоорондоо танилцах аргаа мэдэхгүй байх шиг байна гэж бодсон юм. Ингэж л болзооны апп бүтээж, нийгмийн асуудлыг шийдэхийг зорьсон.”

Yodek-ийн багийнхан судалгаагаа сайн хийж, хэрэглэгчдийн санал хүсэлт, гомдол, ойлгомжгүй зүйлс болоод санал санаачилгуудыг нээлттэй хүлээн авч, тэдгээртээ болон датанд үндэслэн шинэ шинэ үйлдэл, функцуудыг байнга нэмж буй нь хэрэглэгчдийн хувьд тун сайн мэдээ юм.

Шалтгаан 3: Танилцах хэлбэр болох Story (стори)

ЯАГААД СТОРИ ГЭЖ?

Энэ апп-ийг бусдаас ялгаж буй гол онцлог нь Стори юм. Сторигийн онцлог нь тухайн агшин хормуудыг буюу хүмүүсийн одоо яг юу хийж буйг, хаана явааг, юу бодож сэтгэж буйг харуулдаг. Yodek-д уламжлалт профайл гэсэн хэсэг байхгүй. Та бусдын сториг л үзэх болохоос профайл руу нь ороод ямар хүн бэ гэдгийг нь мэднэ гэж үгүй. Сторинуудыг хэн оруулж байгаа нь мэдэгддэггүй нь нэг талаар таньдаг хүндээ танигдахыг (тэгж ичингүйрэн балайрдаг л биз дээ :P ) хүсдэггүй зарим хүнд таалагдах нь гарцаагүй. Үүний зэрэгцээ тоглоом тоглож байгаа ч юм шиг зугаатай мэдрэмжийг төрүүлэх аж. Мэдээж тухайн сторинуудыг сонирхон таалагдсан гэдгээ илэрхийлснээр стори хийгчтэй танилцах магадлалаа нэмэгдүүлнэ. Нөгөө талд тэр хүн таны сториг “үнэлснээр” та хоёрт холбогдох эрх нээгдэн Match үүсэж, магадгүй алс хожмоо цэнгэлийн манлайд ч хүрэх замыг заах ажээ.

Стори таалагдсан, таалагдаагүйг илэрхийлэхдээ болзоо апп-уудын “сонгодог” зарчмаар Swipe хийх буюу баруун зүүн тийш гүйлгэнэ. Баруун - Таалагдлаа, Зүүн - Уучлаарай.

Апп-ийн энэ л онцлог нь тэдний гол давуу талыг бий болгожээ. Сошиал медиа платформууд дээр, бусад болзооны апп-ууд дээр хүмүүс профайл үүсгээд түүнийгээ хайхрахгүй, шинэчлэхгүй орхичих нь олон. Харин стори нь илүү шинэ мэдээллийг өгөх бөгөөд текст, зураг, видео, аудиогоор нийтлэх хэлбэрүүд нь бүтээлчээр, сонирхолтой байдлаар өөрийгөө таниулах боломжийг олгоно. Үүний үр дүнд, зураг буюу профайлыг нь хараад л шуудхан танилцах гэдэг хандлага байхгүй болно гэсэн үг. Цаад хүний хийж буй зүйлс, дур сонирхол, үзэл бодол зэргийг үзэн сонжиж, эргүүлээд өөрийнхийгөө сонирхуулж, анхаарлыг нь татаж байж хоорондоо харилцах боломжийг та авах болно. Өөрөөр хэлбэл, та магадгүй бусад платформтой харьцуулахад арай их цагийг, арай их хөдөлмөрийг гаргах хэрэгтэй болох байх. Гэхдээ хамгийн чухал нь энэ бүхнийг хариуд илүү чанартай харилцаа, илүү утга учиртай холбоог та үүсгэж чадна. Багахаан нэмэлт хүчин чармайлт гаргаад л удаан хугацаанд үргэлжлэх үерхлийг эхлүүлэх, цөхөртлөө хайсан түүнийгээ олж авах магадлалаа нэмэх нь байна. Мөн танилцуулах энэ хэлбэр нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалж үлдэхгүй тул аюулгүй байдал талаасаа давуу талтайг тэд онцолж байсан юм.

Энэ далимд нэг бяцхан зөвлөгөө хэлэхэд, Yodek дээр чанартай сторинууд оруулдаг байвал тун амжилттай байх юм шиг санагдсан. Таны ямар ч сториг үзэх сошиал найзууд тань биш, танилцах хүнээ хайж буй хүмүүс үзнэ гэдгийг тооцоолон хийдэг зүйлс, хобби сонирхлоо видеогоор харуулах, үзэл бодлоо аудиогоор ярих гэх мэтээр өөрийгөө бүтээлчээр харуулах хэрэгтэй юм билээ.

ЯАГААД АЛГАСАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрвээ та ганц бие биш бол мэдээж ийшээ орж будилуулаад дэмий биз ээ :) Харин хэрэгцээ нь байгаа найз нөхөд, эргэн тойрныхондоо санал болгохоо мартуузай. Мөн богино хугацааны харилцаа эрэлхийлж байгаа буюу маш хурдан хүнтэй танилцах хүсэлтэй хүмүүст тийм ч тохиромжтой биш юм.

СТОРИ ХИЙ, ЭРЭЛХИЙЛ, ХОСОО ОЛ

Манайхан багаараа хэрэглэж үзээд, хөгжүүлэгч багийнхантай нь уулзаж сурвалжлахад Yodek гэж чухамдаа ийм апп байна. Одоо дэлгэрээд буй хэллэгээр бол хүний хорвоод хүнийг хүнтэй нь танилцуулах, seen-дүүлэхийн зовлонгүй сайхан “буян” юм. Ганц биечүүд нь санаа зовох зүйлгүй сайн шиг хэрэглээд үзээрэй.

Вебсайт: yodek.io
Фэйсбүүк: Yodek
Инстаграм: @YodekApp
Имэйл: hello@yodek.io

Татаж авах

8792   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.