Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 08, 2019

Бүтээлч салбарынхны олимпын наадам - "Cannes Lions 2019"-ийг дэлгэрэнгүй тоймлох нь

Дэлхийн “Creative industry” буюу бүтээлч үйлдвэрлэлийнхний хувьд олимпын наадам гэж нэрлэж болох “Cannes Lions International Festival of Creativity” өнгөрсөн зургаадугаар сарын 17-ноос тав хоногийн турш Францын Канн хотноо болж өнгөрсөн юм. Өдгөө дэлхий даяар маркетинг, хэвлэл мэдээлэл, дизайн, архитектур, кино, хөгжмийн урлаг, соёлын бүтээл үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй сая хүн ажиллаж, жилд гурван их наяд ам.долларын баялаг бүтээж буй. Энэ хүрээнд "Сreative Economy" хэмээх шинэ зах зээл хүчтэй тэлж, оюун санааны үйлдвэрлэл нь магадгүй аж үйлдвэрлэлээс ч илүү үнэ цэнийг бүтээх боллоо. Бүтээгч хүмүүст зориулан өдөр тутам контент хүргэдгийн хувьд бид жил бүр Канн хотноо болдог энэхүү олон улсын криетив наадмыг онцлон, хэлэлцэгдсэн зүйлс, шилдэг бүтээлүүд, салбарын чиг хандлагын талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй билээ. 

Наадмын тухай 

Өдгөө дэлхий дээрх нийт зар сурталчилгааны 89 хувийг хүмүүс огт санадаггүй буюу анзаардаггүй, үлдсэн дөрвөн хувийг эерэг, долоон хувийг сөрөг сэтгэгдэлтэйгээр санадаг гэвэл та итгэх үү? Үүний цаана маркетингийн салбар жил бүр 18.3 тэрбум ам.долларыг зүгээр л салхинд хийсгэж орхидог байх нь. Ийм учраас маркетеруудыг үнэхээр бүтээлч байх ёстойг "Канны Арслангууд" наадам бодитоор харуулж, сонсгож, мэдрүүлдэг ажээ.

Канны олон улсын кино наадмаас салбарласан “Cannes Lions International Festival of Creativity” нь 1954 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг болсноор дэлхийн маркетинг, олон нийттэй харилцах салбарынхны ололт амжилтаа хуваалцдаг хамгийн том арга болон өргөжсөн байна. "Канны Арслангууд" наадамд оролцогчид амжилттай кэйсүүд, алдаж бүтэлгүйтсэн түүхүүдийг ярилцан, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, зар сурталчилгааг амжилттай, үр өгөөжтэй хийхэд тулгарч буй асуудлууд, өөрчлөгдөж буй чиг хандлага, ирээдүйн гол трендийг тодорхойлдог.

Энэ жилийн наадамд тус салбарынхан гэрэл зураг, дүрс бичлэг, биет баримал зэрэг олон төрлөөр 30,900 бүтээл ирүүлж, дэлхийн 90 орны бүтээлч салбараас 11 мянган уран бүтээлч оролцжээ. Ирүүлсэн бүтээлүүдээс маркетинг, зар сурталчилгаа, ПиАр, олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл, дизайн, энтертайнмент, урлаг, эрүүл мэнд, инновац зэрэг 27 төрөлд "Гран При" ба алт, мөнгө, хүрэл медалийн эздийг шалгаруулсан байна. Энэ жил манай улсаас албан ёсны төлөөлөл болж 10 гаруй хүн оролцсон бөгөөд Монголын Маркетингийн Холбооны төлөөлөл гурав дахь жилдээ, “APU” болон “Bat Solution Partners” компанийн төлөөлөл анх удаа оролцжээ.

Канны арслангуудыг хүртэгчид

Энэ жил Канны Арслан авч буй бүтээлүүдийн 60 хувийг нийгмийн шинжтэй асуудлыг хөндсөн контентууд эзэлсэн бөгөөд бараа бүтээгдэхүүнийг шууд сурталчилдаг "бүдүүлэг" үе ард хоцорч, түүний цаана байх үнэ цэн, утга учрыг хөндөх нь маркетингийн салбарын зорилт болоод буйг илтгэн харуулжээ. Энэ хандлагыг даган компаниуд тогтвортой бөгөөд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд хариуцлагатай байх нь чухал гэсэн санаа түгэх болжээ. Үүнээс үүдэн нийгмийн цөөнх, хөгжлийн ялгаатай хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжсэн кампанит ажил, зар сурталчилгааг бүтээх нь голлох тренд болсон байна.

Өмнө нь олны танил болсон урлаг, соёлын оддыг аливаа бүтээгдэхүүн, брэндийн гол нүүр царай болгодог байсан бол орчин үед нийгмийн зорилтот бүлгийг оролцуулсан, хэн нэгнийг үл ялгасан хүртээмжтэй бүтээл, кампанит ажил өрнүүлэх нь хамгийн үр нөлөөтэй болжээ. Тухайлбал, “Nike” компани арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шударга бус явдлын эсрэг тэмцэгч Америк хөл бөмбөгийн мэргэжлийн тамирчин Колин Каперникийг компанийнхаа нүүр царайгаар сонгож, нийгмийн цөөнх, ялгаварлан гадуурхахын эсрэг Dream Crazy кампанит ажлыг хийсэн нь "Канны Арслан" наадмын "Гран При" шагнал хүртсэн байна.

Шагналын төрөл: Outdoor and Inaugural Entertainment for Sport Grand Prix
Санаачлагч: Nike, Inc
Бүтээгчид: Wieden + Kennedy, Portland
Улс: АНУ

"Канны Арслангууд" наадамд ирсэн бүтээлүүдээс харахад, дэлхийн томоохон компани, брэндүүдийн зорилго нь нийгмийн бусад зорилготой нийцсэн, үнэт зүйлс шингээсэн байх учиртай болжээ. Өөрсдөө ашиг орлого олохын төлөө байгаль орчинд хор хөнөөл үзүүлж, бусдын аюулгүй байдал, эрүүл ахуйд эрсдэл учруулж байвал тухайн компанийн зах зээлд тэсэж үлдэх магадлал өдөр ирэх бүр буурсаар байх болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тиймээс дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ яаж хувьсаж байгааг бүтээлч салбарынхан хамгийн түрүүнд соргогоор анзаарч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай аж. Бид аливаа барааг зарахдаа ашиг орлого дээр төвлөрөхөөс илүүтэй хэрэглэгчдэд ямар үнэ цэн өгөх вэ гэдэгт анхаарч чадвал урт хугацаандаа тэр бизнес ашигтай, амжилттай байх болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэнэ.

Шагналын төрөл: Design Grand Prix
Санаачлагч: Google
Бүтээгчид: Google Creative Lab
Улс: АНУ

Зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсаж буй "Google" компани гэхэд хөгжлийн ялгаатай хүмүүсийн технологийн хэрэглээг дэмжих, бүтээлч чадварыг нь хөгжүүлэх, тэдэнд бусдын адил уран бүтээл туурвих боломжийг олгох зорилгоор хэрэгжүүлсэн төслөөрөө "Канны Арслан" хүртсэнийг та бүхэн дээрх видеоноос үзээрэй.

Шагналын төрөл: Creative Strategy Grand Prix
Санаачлагч: The Volvo group
Бүтээгчид: Forsman & Bodenfors, Gothenburg
Улс: Швед

Шведийн автомашин үйлдвэрлэгч "Volvo" компани "The Equal Vehicles for All (E.V.A.)" төслийнхөө хүрээнд 1970 оноос хойш 30 жилийн турш эмэгтэйчүүдийн зам тээврийн ослын шалтгааныг судалж, эрчүүдээс илүү зам тээврийн осолд өртөх магадлалтайг тогтоожээ. Учир нь, автомашин үйлдвэрлэгчид осол гаргахаас урьдчилан сэргийлэх тест хийхдээ зөвхөн дундаж эрэгтэй хүний биеийн жин, хэлбэрт тохирсон туршилтуудыг хийж байсан нь эмэгтэйчүүдийн осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлсэн аж. Тиймээс тус компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины загвар танилцуулж, кампанит ажил өрнүүлсэн байна.

Бүтээлч салбарЫН өнөөгийн тренд, цаашдын чиг хандлага юу вэ?

Хэрэглэгчид аливаа компани, брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар урьд өмнөхөөс илүү мэдээлэл хүлээж авах боломжтой болсон учраас тэдэнд бодит байдлаас зөрсөн "давсалсан" мэдээлэл өгөх гэж оролдох нь хамгийн муу арга болжээ. Тиймээс компаниуд богино хугацааны, ашиг харсан маркетинг хийхийн оронд олон нийтэд аль болох нээлттэй байж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олж авахын төлөө үнэ цэнийг бүтээх нь чухал болохыг "Канны Арслангууд" наадам илтгэн харуулжээ. 10 дэд сэдвийн хүрээнд болсон хэлэлцүүлэг, уулзалтууд дээр "VALUE" буюу үнэ цэн, "AUTHENTIC" буюу бодит, жинхэнэ гэх үгс хамгийн их яригдсан байна.

Тухайлбал, "Кантар" судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар 19-35 насны залуусын 84 хувь нь бизнес эрхлэгчид, дэлхийн томоохон брэндүүд нийгмийн асуудлыг заавал шийдэлцэх үүрэгтэй хэмээн хариулжээ. Мөн "Edelman Trust Barometr"-ээс хийсэн судалгаагаар судалгаанд оролцогч залуусын 65 хувь нь нийгмийн асуудалд анхаарал хандуулдаггүй, байгальд ээлгүй үйл ажиллагаа явуулдаг брэндүүдээс бараа худалдан авахгүй хэмээн хариулжээ.

Энэ чиг хандлагаас харахад, хувь хүнээс авхуулаад ямар ч компанийн зорилго, алсын хараа нь нийгмийн зорилготой нийцэх шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, шинэ үеийн залуус хуурамч, дүр эсгэсэн реклам сурталчилгаа, ПиАр-д хууртахаа больжээ. 1995 оноос хойш төрсөн залуусын бараг 80 хувуь нь "Influencer" буюу нийгэмд нөлөөтэй хүмүүсийн үг, үйлдлийг харж шийдвэр гаргадаг гэнэ.

Тиймээс аливаа зар сурталчилгаа, брэндинг, ПиАр-ыг хийхдээ "тэнгэрээс бууж", бусдыг хууралгүй, өөрсдийгөө хөөргөлгүй зах зээлээ бодитоор мэдэрч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох энгийнээр хүргэж, үнэ цэнийг бий болгох нь амжилт гэж тооцогдох нь байна.

Гэвч хэрэглэгчдийн анхаарлыг татах тийм ч амар биш. Зар сурталчилгааны дэлхийн томоохон компани болох "BBDO"-ийн ерөнхийлөгч Andrew Robertson тус наадамд тавьсан илтгэлдээ далай шиг их мэдээлэлтэй өнөө цагт хүмүүсийн анхаарал төвлөрөл хамгийн хязгаарлагдмал нөөц болсныг онцолжээ. Тухайлбал, хүн аливаа зүйлд дунджаар 6-10 секунд анхаарлаа төвлөрүүлдэг болсон учраас бүтээлч салбарынхан энэ богино хугацаанд санаагаа ойлгуулж, мессежээ хүргэж чадах ёстой хэмээжээ. Энэ нь өнөөдөр бүтээлч салбарынханд хамгийн том сорилт болж байна.

Бүтээлч салбарыг ямар хүмүүс түүчээлж байна вэ?

Энэ салбарын хамгийн чухал асуудал, сэдвүүдийг хөндөж, одоогийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар ярьж буй хүмүүс нь дандаа тавиас дээш насныхан байгааг тус наадмын илтгэгчид, шүүгчдийн бүрэлдэхүүнээс харж болно. Өөрөөр хэлбэл, нас бол зүгээр л тоо гэдийг бүтээлч салбарынхан бодитоор харуулж байна. Манайхаар бол тэтгэврийн хөгшчүүд мэт харагдах тэр эрхмүүд нас нь явах тусам илүү туршлагатай, илүү алсыг хардаг, салбарынхаа гол тоглогчид, бодлого тодорхойлогчид болжээ. Харин бид бүтээлч салбарынхан гэхээр л зөвхөн залуу хүмүүсийг боддог нь ташаа ойлголт байх нь.

Гэхдээ дэлхий дахинд маркетингийн салбарт шинэ үеийнхэн гарч ирсэнтэй холбоотойгоор сүүлийн үед нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөж байгаа аж. Өмнө нь хүмүүс материаллаг зүйлд ач холбогдол өгч, өмч хөрөнгө бий болгохыг илүүд үздэг байсан бол орчин үеийн залууст тэр бүхэн огтхон ч чухал биш зүйлс болжээ. Амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг дагаад хүний хэрэглээ ч өөр болох нь ойлгомжтой.

Монголчууд шилдгүүдээс юуг суралцах вэ?

"Bat Solution Partners" компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг:

Монголын маркетингийн салбарын хөгжлийг олон улсын жишигтэй харьцуулбал объектив болон субъектив зөрүү харагдана. Субъектив талаас нь харвал уран бүтээлч, криетив хүмүүсийг “community” буюу олон нийттэй холбох тал дээр суралцах зүйлс олон байна. Манайд аливаа криетив бүтээлийг хэсэг бүлэг цөөн хүмүүс л ойлгохоос биш олон нийтэд төдийлөн хүрдэггүй талтай. Өөрөөр хэлбэл, бүтээлч байдлыг хэрхэн хүний өдөр тутмын амьдралд шингээж, энгийнээр ойлгуулах вэ гэдгийг суралцах хэрэгтэй байгаа юм. Барууны орнуудын бүтээлч салбарынхан нийгэмд үүсээд байгаа олон асуудлыг ямар ч нэмэлт хачиргүйгээр зоригтойгоор сөхөж, өөрчлөлт хийхийн төлөө эрчимтэй кампанит ажил өрнүүлж чаддаг.

Цаашид энэ наадамд манайхаас зөвхөн бүтээгчид биш захиалагч тал буюу компанийн эзэд очиж, олон нийттэй харилцах ажлууд, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх арга замууд хэрхэн өөрчлөгдөж буйг мэддэг болох хэрэгтэй санагдлаа. Тэд энэ зах зээлийн трендийг сайн ойлгож байж, олон нийттэй харилцах, маркетингийнхаа стратегийг тодорхойлж, уран бүтээлчидтэй бүрэн ойлголцох боломжтой юм. Гэхдээ аливаа нийгэмд хандсан кампанит ажил, сурталчилгааг олон нийтэд бүрэн утгаар нь хүргэхийн тулд юуны өмнө тухайн нийгмийн суурь нь сайн хөгжсөн, хүмүүсийн ухамсар нь дээшилсэн, ялгаатай хөгжлийг ойлгодог, бие биедээ тусалдаг, ёс суртахуунтай байх шаардлагатай. Тиймээс иргэд өөрсдөө эхлээд нийгмийн асуудлаа ойлгодог, санаа тавьдаг байх хэрэгтэй юм.

"Канны Арслангууд" наадмаас нэг зүйл хамгийн их гайхширал төрүүлснийг хуваалцахад, өнгөрсөн оны наадам дээр хиймэл оюун хэчнээн сайн хөгжлөө ч хүний бүтээлч сэтгэлгээг хэзээ ч даван гарч чадахгүй гэж ярьж байсан юм билээ. Гэтэл энэ жилийн наадамд хиймэл оюунаар бүтээсэн нэгэн контент наадмын номинацид нэр дэвшээд "Канны арслан" авчихлаа. Гол нь шүүгчид уг бүтээлийг хиймэл оюунаар хийсэн гэдгийг огт мэдээгүй юм билээ.

6024   1


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

В.Ганзориг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.