Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   08 сарын 03, 2019

"Та өөрөө старт-ап компани" номын хэсгээс: Эрсдэлтэй хэмээн бусдын буруу үнэлж буй боломжийг шүүр

Карьерийн өсөлт, бизнесийн өсөлтийн талаар сонирхон уншдаг хүн бүрд зориулж бид энэ удаагийн дугаараа бэлтгэлээ. Ингэхдээ Linkedin-ийг үүсгэн байгуулагч Рейд Хоффман болон Америкийн шилдэг залуу энтрепнер Бен Каснока нарын хамтран бичсэн "Та өөрөө старт-ап компани" номыг сонгон авч "Эрсдэлтэй хэмээн бусдын буруу үнэлж буй боломжийг шүүр"  хэсгийг онцлон хүргэж байна. 

Эрсдэлтэй хэмээн бусдын буруу үнэлж буй боломжийг шүүр

Бусад хүмүүст эрсдэлтэй санагдсан зүйл тухайн цаг үеийн онцлог, орчин нөхцлөөс шалтгаалаад таны хувьд эрсдэлгүй санагдаж болно. Эрсдэл гэдэг хувийн шинж чанартай. Тантай адил агуурстай, эрмэлзэлтэй, бас зах зээлийн ижил хэрэгцээг хангаж буй хүмүүс ч гэсэн аливаа эрсдэлийг байгаагаас нь хэтрүүлэн үнэлэх нь бий. Ийм л үед тэдний харалганаар зайлсхийж буй боломжийг ашиглах үүд нээгддэг.

Уоррон Баффет “Бусад хүмүүс шунах үед айгтун,харин айж байх үед нь шунагтун” гэдэг зарчмыг мөрддөг бөгөөд энэ нь түүний өрсөлдөх давуу тал юм. 2008 оны санхүүгийн хямралын үеэр ихэнх америкчууд шатахаас айн хувьцаагаа зарж байхад Баффет тэдгээрийг хямдралаар худалдан авч байв. Хувьцааны зах зээл дээр бусад хүний итгээгүй зүйлд итгэж байж л сая мөнгө олдог. Ирээдүйд үнэ нь өнөөдрийнхөөс илүү өснө гэдэгт итгэж байгаа учраас хувьцаа худалдан авдаг. Харин тухайн хувьцааг зарж буй этгээд эсрэгээрээ хувьцааны үнэ буурна гэдэгт итгэж байдаг. Хувьцааны зах зээлд хөрөнгө оруулахад бусад олон тохиолдлын адил эсрэг бөгөөд зөв бодож байж л өндөр амжилтанд хүрдэг.

Эрсдэлийг үүрэх талаар ярьж буй тохиолдолд, эсрэг бөгөөд зөв байна гэдэг нь илэрхий өндөр эрсдэлтэй, бас өндөр үр өгөөжтэй боломжийн араас явалгүй, бусдын бодож байгаагаас бага эрсдэлтэй боловч үр өгөөж нь өндөр байх боломжийн араас хөөцөлдөхийг хэлнэ.

Карьерын үүнтэй төсөөтэй, харьцангуй нийтлэг боломжуудаас дурдъя:

  • Бага цалинтай боловч ихийг суралцаж болох ажил. Хэдий хэрийн цалин бэлнээр авч байгаа вэ гэх мэтээр амархан тооцож болох хатуу хөрөнгөд хүмүүс илүү анхаардаг. Тиймдээ ч бага цалинтай боловч илүү сурж хөгжих боломжтой ажлаас эрсдэлтэй хэмээн татгалзах нь элбэг.
  • Бүтэн цагийн ажлаас тогтвор муутай гэрээт болон цагийн ажил. Бага зэрэг тогтворгүй байх нь хүмүүсийн бодож байгаагаас асуудал багатай байдаг. Бодит байдал дээр харин ч сайн зүйл байдаг тухай бид удахгүй ярилцах болно. Хүмүүс гэрээт ба цагийн ажлыг бүтэн цагийн ажлаас догуур тавьж, нэг их ойшоодоггүй боловч энэ нь үнэндээ олон төрлийн Б төлөвлөгөөнд шилжихэд хэрэг болох чадваруудыг хөгжүүлэх шилдэг арга юм.
  • Хурдан суралцдаг, цалингийн хүлээлт багатай, их туршлага хуримтлуулж амжаагүй нэгнийг ажилд авах. Энэ бол өгөөж ихтэй дундаж эрсдэл юм. Учир нь хурдан суралцдаг хүн туршлага, дутуугаа богино хугацаанд нөхөж чаддаг. Хөдөлмөрийн зах зээл тэднийг дутуу үнэлдэг тал бий.
  • Эрсдэлийг нь ил тод зарладаг боломж. Төрөлхийн сөргүү хандлагаасаа болоод бид ямар нэг зүйлийн сөрөг үр дагаварыг хэдий чинээ их сонсох тусам, биелэх магадлалыг нь хэтрүүлэн үнэлдэг. (Чухам ийм л учраас мэдээллийн хэрэгслүүдээх онгоц сүйрсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа хүмүүс онгоцоор нисэхээс айдаг болчихдог) Мэдээллийн хэрэгслээр, эсвэл тантай нэг салбарт ажилладаг хүмүүс аль нэг ажил, карьерын эрсдэлийн талаар байнга яриад байгаа бол, тэр нь үнэн хэрэгтээ ихэнх хүмүүсийн итгэж байгаа шиг тийм ч эрсдэлтэй биш байж мэднэ.

Өөрийн сайн мэдэх, мөн зиндаа нэгтнүүдийн тань тооцолол буруу байж мэдэх салбаруудаас та аятайхан эрсдэл/үр дүн бүхий боломжийг шүүрч чадна. Жишээлбэл, шинэхэн энтрепнерүүдийн хувьд хямралын үед мөнгө босгох, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн борлуулах нь хэцүү учраас иймэрхүү хүнд үед аль нэг компанид ажиллах нь илүү найдвартай гэж үзэн, бизнесийн санаагаа орхиж, яахаа мэдэхээ больчин нь бий. Тэгвэл эдийн засгийн хямралын үед ихэнх хүмүүс эрсдлээс айгаад хөдөлдөггүй учир бизнес эхлүүлэх нь харин ч эрсдэл багатай гэдгийг туршлагатай энтрепренерүүд мэддэг. Ийм үед бизнес эхлүүлсэн тохиолдолд авьяаслаг хүмүүсийг элсүүлэх, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн борлуулах, мэдээллийн хэрэгслээр бизнесээ сурталчлахаас эхлээд олон зүйлийн төлөөх өрсөлдөөн жирийн үеийнхээс бага байдаг. Ийм ч учраас Майкрософт, ФедЭкс зэрэг олон шилдэг компани хямралын жилүүдэд байгуулагдсан билээ. Хямралын үеийг өндөр эрсдэлтэй гэж тоймгүй олон энтрепренер боддог нь эргээд үүнийг бага эрсдэлтэй болгодог.

“Та өөрөө старт-ап компани” номын 152,153,154-р талууд

9545   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.