Ковер зургийн тайлбар Дэлхийн хамгийн үнэтэй пүүз!

Онцлох

Энэ долоо хоногт нээлттэй компаниуд улирлын тайлангаа танилцуулсан нь бизнес, технологийн ертөнцийн топ мэдээ байлаа. Бид гол компаниудын тайлангийн мэдээллийг багцлан хүргэж байна.

Snapchat-ийн сэргэлт үргэлжилсээр. Жилийн өмнөхтэй харьцуулахад хэрэглэгчдийн тоо нь 8 хувиар өсч 203 саяд хүрэн, улмаар борлуулалт нь 48 хувиар нэмэгдсэн нь тэдний хувьцааг 12 хувиар нэмэгдүүлэхэд хүргэлээ. Андройд апп-ийн шинэчлэл, Discovery цэсний нэмэлтүүд, AR Lens-үүд нь тэднийг шинэ үеийнхний эхний сонголт хэвээр байх гол нөхцөл байсаар байна.

Твиттерийн эргэн ирэлт энэ улиралд ч мөн адил үргэлжилж, таамагласнаас илүү амжилттай тайлан танилцуулснаар хувьцааны үнэлгээ нь 9 хувиар өслөө. Арилжаалагдах боломжтой хэрэглэгчдийн тоо нь топ зах зээлүүдэд 14 хувиар нэмэгдэж, борлуулалтын орлого нь 840 саяд хүрсэн байна. Твиттерийн сурталчилгааны орлого мөн 21 хувиар нэмэгджээ.

Түргэн хоолны салбарын тэргүүлэгч Mcdonalds 5,3 тэрбум долларын борлуулалттай ажилласнаар шинжээчдийн таамгыг даван хувьцааны үнэлгээ нь түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрлээ. Энэ он гарснаас хойш 20 хувиар өссөн үнэлгээ нь өдгөө 165 тэрбум доллараас давсан байна. 2019 онд 2000 гаруй салбараа засч, шинэчлэхэд 1 тэрбум долларыг зарцуулж буй нь зардал нэмэгдэхэд нөлөөлж буй ч хүргэлтийн бизнес нь тооцоолсноос өндөр амжилт үзүүлж байгааг тэд онцолжээ.

Нэг салбарт ноогдох борлуулалтын хэмжээ 6 хувиар нэмэгдснээр Starbucks-ийн нэгж хувьцааны үнэлгээ 8,9 хувиар өслөө. Өнгөрөгч улиралд 6,82 тэрбум долларын борлуулалт хийсэн нь таамгаас давсан үзүүлэлт болсон бөгөөд кофены зах зээлд тэргүүлэгч байр сууриа улам баталгаажуулж чадсан үзүүлэлт боллоо хэмээн экспертүүд үзэж байна.

25 тэрбум долларын өртөгтэй хувьцаагаа эргүүлэн худалдан авахаа зарласан Alphabet тайлангаа танилцуулсны дараа 2015 оны 7-р сараас хойшхи хамгийн өндөр үнэлгээндээ хүрсэн байна. Гүүглийн борлуулалтын өсөлт саарсан хэвээр байгаа ч клоуд бизнес нь улам урагшилсаар тэдний нийт борлуулалтыг 38,9 тэрбумд хүргэсэн байна.

Технологийн компаниудаас Amazon-ий тайлан л шинжээчдийг таамагт хүрсэнгүй, 2 хувиар буурлаа. Хэдий тэдний борлуулалтын орлого 63,4 тэрбум доллар байсан ч цэвэр ашиг нь тооцоолсноос бага байв. Тэд хүргэлтээ хурдан болгох, ложистикийн урсгалыг эрчимжүүлэхэд 800 сая долларыг зарцуулсан нь үүний гол шалтгаан. Гэхдээ тэдний нэгж хувьцааны үнэлгээ он гарснаас хойш 33 хувиар өсөөд байгаа билээ.

Технологийн компаниудад ээлтэй улирал өнгөрөв

дэлхий дахинд

Их Британийн шинэ ерөнхий сайдаар Борис Жонсон сонгогдлоо. Өмнө нь Лондон хотын захирагчаар ажиллаж байсан тэрээр 10-р сарын 31 гэхэд гэрээгүй байсан ч хамаагүй Европын холбооноос гарах хатуу байр суурийг баримталж байгаа нэгэн билээ.

Washington Post-ийн мэдээлснээр Huawei Хойд Солонгосын 3G сүлжээг үүсгэж хөгжүүлэх ажлыг гүйцэтгэсэн гэнэ. Тэд сүүлийн арав гаруй жилийн турш Хятадын төрийн өмчит өөр нэг компанитай хамтран тус улсад утасгүй интернетийн сүлжээг үүсгэх ажлыг хийж буй талаар мөн энд дурдсан байна. Тус компанийн экс ажилтны өгсөн мэдээллээс үндэслэн цацсан уг мэдээ нь Huawei-ийн АНУ болон бусад орнуудтай үүсгээд байгаа ээдрээтэй нөхцлийг улам хүндрүүлэх боломжтой билээ.

Форбес сэтгүүлээс дэлхийн хамгийн үнэ цэнтэй спорт клубүүдийн нэрийг зарлалаа. Уг жагсаалтыг америк хөлбөмбөгийн Даллас Ковбойс клуб 5 тэрбум долларын үнэлгээтэйгээр 4 дэх жилдээ дараалан тэргүүлэв. Харин бэйсболын Нью Йорк Янкийз 4,6 тэрбумын үнэлгээтэйгээр 2-р байрт бичигджээ. Хөлбөмбөгийн Реал Мадрид клуб жагсаалтын 3-т эрэмблэгдсэн байна. Сагсан бөмбөгөөс Нью Йорк Никс 5-р байрт жагсчээ. Эхний 50-ийн талаас илүүг NFL-ийн клубүүд бүрдүүлсэн бол бэйсболоос 7, хөлбөмбөгөөс 8, NBA-ээс 9 баг багтсан байна.

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй тэмцээн Тур Де Францын ялагчаар Колумбын 22 настай тамирчин Эган Бернал тодорлоо. 23 өдрийн турш үргэлжлэх 21 гарааны дараах нийлбэр дүнгээр ялагч болсон Бернал Латин Америкаас төрсөн анхны аварга болсноос гадна дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн залуу ялагч болжээ.

Оросын сөрөг хүчний лидер Алексей Навални зөвшөөрөлгүй жагсаал хийсэн хэргээр 30 хоногийн хугацаатай баривчлагдлаа. В.Путин болон түүний бодлогын эсрэг тэмцлийн үеэр 1000 гаруй иргэнийг цагдаагийнхан саатуулжээ. Үүний дараагаар Навални химийн бодист хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрснийг түүний өмгөөлөгч болон эмч нар мэдээлсэн нь олон улсын анхаарлын төвд ороод байна.

Борис Жонсон Их Британийг аварч чадах уу?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Microsoft хүн төрөлхтөнд үр өгөөжтэй, илүү ёс суртахуунтай хиймэл оюуныг хөгжүүлэх зорилготой Open AI төсөлд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарлалаа. Уг төслийг 2015 онд Э.Маск, П.Тиел, Р.Хоффман, С.Алтман зэрэг цахиурын хөндийн топ энтрепренерүүд санаачлан эхлүүлсэн юм.

Яг нэг жилийн дараа нээлтээ хийх Токио 2020 Олимпийн наадмыг зохион байгуулагчид наадмын үеэр ажиллах таван роботыг танилцууллаа. Үзэгчид, тамирчид болон зохион байгуулагчдын ажлыг хөнгөвчлөх зорилготой уг роботуудыг Тойотатай хамтран хөгжүүлжээ.

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд алдсан хэргийнхээ улмаас Фэйсбүүк 5 тэрбум долларын торгууль хүлээлээ. Үүнээс гадна эрх баригчид тэднийг аюулгүй байдалтай холбоотой шинэ зөвлөл байгуулж, нууцлалын асуудалтай холбоотой компанийн бүтцэд шинэ өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна.

ispace нэртэй компани өнгөрсөн пүрэв гарагт анхны пуужингаа амжилттай хөөргөснөөр, хувийн хөрөнгө оруулалттай анхны Хятад стартап болон бүртгэгдлээ. 2016 онд байгуулагдсан тус стартапын пуужин нь 260 км ачааг тээвэрлэх чадалтай бөгөөд эхний нислэгээрээ хоёр арилжааны хиймэл дагуулыг тээвэрлэж байгаа юм.

Элон Маскийн үүсгэн байгуулсан The Boring Company анхны хөрөнгө оруулалтаа босгож, 120 сая долларын санхүүжилт татлаа. Газар доогуур туннель барих замаар түгжрээ, тээврийн асуудлыг шийдэх зорилготой тус компани 2021 он гэхэд Лас Вегаст анхны арилжааны туннелийг барих тендерт ялалт байгуулаад байсан билээ.

Токиогийн олимпийн шинэ туслахууд

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Хятадын технологийн стартапуудад нээлттэй компанийн хэлбэрээр санхүүжилт босгох боломжийг олгох зорилготой STAR Market нэртэй хөрөнгийн бирж нээлтээ хийлээ. NASDAQ-тай төстэй байдлаар эхэлж буй энэхүү биржийн нээлтийн үеэр нийт 25 компани 5,4 тэрбум долларыг босгожээ.

Apple Intel-ийн ухаалаг утасны чип үйлдвэрлэгч нэгжийг 1 тэрбум доллараар худалдан авлаа. Энэ хэлцлийн дүнд нийт 2200 ажилтан Apple-д шилжихээс гадна холбогдох патент, тоног төхөөрөмж мөн шинэ эзэнтэй болж байна. Хэдий Apple Qualcomm-той "онцгой нөхцөлтэй гэрээтэй" хэдий ч урт хугацаанд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх наймаа боллоо хэмээн экспертүүд үзэж байна.

Японы Softbank 108 тэрбум долларын шинэ санхүүжилт татаж, Vision Fund-ийн 2-р хэсгийг эхлүүлэхэд бэлэн болсноо зарлалаа. Өндөр өсөлттэй, дэвшилтэт технологи хөгжүүлэгч гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулах уг санд Microsoft, Apple, Foxconn зэрэг топ компаниуд нэгджээ. Саудын Арабын дийлэнх хөрөнгийг нь босгосон эхний хэсгийн хүрээнд тэд WeWork, Uber, Grab, Didi, Oyo, Paytm зэрэг стартапуудыг дэмжээд байгаа юм.

Филиппиний хамгийн том рестораны сүлжээг эзэмшигч Jollibee дэлхий даяар 1189 салбартай The Coffee Bean & Tea Leaf-ийг 350 сая доллараар худалдан авлаа. Нийт 80 хувийг нь эзэмших болсон тэд нэмэлт 100 сая долларын хөрөнгө оруулалтыг хийх тохиролцоонд хүрсэн байна. 1963 онд байгуулагдсан тус кофе шопын сүлжээ нь өнгөрсөн жил 21 сая долларын алдагдалтай ажиллажээ.

Ямар ч шимтгэлгүйгээр хөрөнгийн биржийн арилжаанд орох боломж олгодог Robinhood 7.6 тэрбум долларын үнэлгээтэйгээр шинэ санхүүжилт татлаа. 2013 онд байгуулагдсан тус стартап шинээр 323 сая долларын хөрөнгө оруулалтыг босгосон бөгөөд олон улсын зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлэх зорилготой байгаа юм.

М.Сон эзэнт гүрнээ улам тэлэхийг хүсэж байна

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Диснейн бүтээл "Lion King" 75,5 сая долларын орлого цуглуулж, 2 дахь долоо хоногтоо бокс оффисийг тэргүүллээ. Симбагийн түүх дэлхий даяар 963 сая долларын борлуулалт хийгээд байгаа гэнэ. Гэхдээ энэ долоо хоногийн онцлох бүтээл нь 2-р байрт бичигдсэн "Once Upon A Time in Hollywood" байлаа. Дебют долоо хоногтоо 40 сая долларын орлого олсон нь найруулагч К.Тарантиногийн хувьд дээд амжилт болсон байна. Уг кинонд Холливудын супер одод болох Б.Питт болон Л.Ди Каприо нар тоглосон билээ.

Nike-ийн 1972 онд 12 ширхэг үйлдвэрлэсэн "Waffle Shoe" хочтой пүүз дуудлага худалдаагаар 475,500 долларын үнэ хүрэн, түүхэн дэх хамгийн үнэтэй пүүз боллоо. Найкийн хамтран үүсгэн байгуулагч Б.Боурмений өөрийн гараар урласан уг пүүзийг Канадын энтрепренер М.Надаль худалдан авсан байна. Тэрээр нийт 1,2 сая доллараар худалдан авсан хамгийн ховор 100 пүүзний цуглуулгаа хувийн музейдээ тавихаар зэхэж байгаа аж. Өмнөх рекордыг 1984 оны Олимпийн наадамд Майкл Жорданы өмсөж байсан Converse 170 мянган доллараар тогтоож байв.

Тэгвэл 1969 оны 7-р сарын 20-нд саран дээр газардсан түүхэн үйл явдлын дүрс бичлэгийн эх хувийг нэрээ нууцлахыг хүссэн тэрбумтан 1,8 сая доллараар худалдан авсан байна. 2 цаг гаруй үргэлжлэх уг бичлэг нь 1976 онд "санамсаргүй тохиолдлоор" ердөө 200 орчим доллараар зарагдаж байсан ажээ.

Netflix Энэтхэгийн зах зээлд зөвхөн гар утас хэрэглэгчдэд зориулсан сарын 2,8 долларын үнэтэй багцыг танилцууллаа. Энэтхэгт 2 сая хүрэхгүй хэрэглэгчтэй тэд шинэ багц нь 100 сая шинэ хэрэглэгчийг авчирна гэсэн хүлээлттэй байгаагаа нуусангүй.

"Дота 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах The International тэмцээний шагналын сан 30 сая долларт хүрэн хамгийн өндөр шагналтай тэмцээний түүхэн амжилт тогтоолоо. Өнгөрсөн жил 25,5 сая долларыг багуудад хуваасан тус тэмцээн 8-р сарын 20-нд Шанхайд эхлэх юм. Сонирхуулахад, энэ өдрүүдэд явагдаж буй Fortnite-ийн дэлхийн цомын тэмцээн мөн адил 30 сая долларын шагналын сантай гэдгээ зарлаад байгаа юм.

алдалгүй унших арван мэдээ

Variety: Дисней өөрсдийн рекордыг эвдсээр
Энэ жилийн топ 5 киног бүгдийг Дисней бүтээсэн. Тэдний бокс оффисийн орлого аль хэдийн 5 тэрбум долларыг давжээ.

CNBC: Теслагийн 2019 оны хамгийн муу өдрийн эргэн тойронд
Элон Маскийн хамтрагч компаниа орхиж байгаагаа зарлаж, компанийн үнэлгээ 13,6 хувиар унав

CNN: Хонгконгийн хямрал үргэлжилсээр
Мянга мянган босогчид жагсаж, хүчний байгууллагынхантай мөргөлдөөн үүсгэв

Konbini: Game of Thrones-ийн өмнөтгөлийн эхний анги хийгдэж дуусчээ
5000 жилийн өмнөх үйл явдлыг хүүрнэх шинэ цувралын эхний ангийн зураг авалт Ирландад хийгдэж дууссаныг HBO баталлаа

NBA: Зион Уильямсон Жордан брэндтэй гэрээ байгууллаа
Энэ жилийн драфтын номер нэг Леброноос хойшхи рүүки тоглогчийн хамгийн том гэрээг хийжээ

BBC: 10 мянган алхамын нууц
Эрүүл амьдралыг цогцлоохын тулд өдөр бүр 10 мянга алхахыг эрдэмтэд зөвлөдөг. Гэхдээ та үүнд итгэдэг үү?

Engadget: NBCUniversal-ийн шинэ стриминг 4-р сард нээлтээ хийнэ
Эхлээд Disney+. ДHBO Max. Тэгээд NBCUniversal.

CPR: Энэтхэгийн ухаалаг утасны зах зээл шинэ тэргүүлэгчтэй боллоо
Xiaomi-ийн удаан хугацааны тэргүүллийг Oppo, Vivo, OnePlus брэндүүдийг бүтээгч BBK-д алджээ

The Verge: Япон хөлөг астеройдоос дээж авч буй бичлэг
Хаяабусагийн гайхамшигт аян үргэлжилсээр, тус хөлөг 2 дахь удаагаа амжилттай дээж авч чадлаа

Techcrunch: Apple 2020 онд 5G дэмждэг утсаа гаргана
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд нэг биш, бүр гурван загварын шинэ утас танилцуулахаар зэхэж байгаа аж.