Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 21, 2019

7 хоногийн тойм: 50 фунтийн математикч + Маскийн тархины чип + Авенжерсийн сүүлчийн ялалт

Ковер зургийн тайлбар: Аполло 11 хөлөг хүний төрөлхтний мөнхийн хүслийг биелүүлэв

Дэлхий дахинд

Германы батлан хамгааланы сайд Урсула фон дер Ляйен Европын Коммисыг дараагийн 5 жил тэргүүлэх боллоо. Өдгөө 61 настай тэрээр Евро коммисын анхны эмэгтэй дарга болж байгаа нь энэ. Тэрээр нийт 383 гишүүний дэмжлэгийг авсан нь шаардлагатай 50-аас дээш хувийн саналаас ердөө 20-оор илүү байсан гэсэн үг юм.

Хонгконгийн ялтан шилжүүлэх журмыг бүрэн цуцлахыг шаардаж буй жагсаал тун эгзэгтэй нөхцөл байдлыг үүсгээд байна. Ням гараг бүр жагсаж буй эсэргүүцэгчдийн тоо 430 мянгад хүрсэн бөгөөд зарим нь Бээжингийн төлөөлөгчийн танхим руу халдаж, мөн тэднийг эсэргүүцэж буй хэт даврагчид метроны буудалд халдлага хийн 36 хүнийг гэмтээсэн гэнэтийн үйл явдал гарчээ.

Японы парламентийн дээд танхимын сонгуульд ерөнхий сайд Абе Шинзогийн тэргүүлсэн Либерал Ардчилсан намын эвсэл ялалт байгууллаа. Гэсэн ч тус нам нийт суудлын гуравны хоёрыг өөрийн болгож хараахан чадаагүй учир үндсэн хуульд өөрчлөлт оруулах зорилгоо биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна. Харин Украйнд шинэхэн ерөнхийлөгч В.Зеленскигийн "Ард түмний зарц" нам нийт 42 хувийн дэмжлэг хүлээж, парламентад олонх болсон байна.

Компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюуны салбарыг үндэслэгчдийн нэгт тооцогддог нэрт математикч Алан Тюрингийн хөрөг Английн 50 фунтийн мөнгөн дэвсгэр дээр мөнхлөгдөх боллоо. Тэрээр дэлхийн 2-р дайнд Германы цэргийн нууц кодыг тайлснаараа дайны хувь заяаг шийдэхэд онцгой хувь нөлөөг үзүүлсэнд тоооцогддог билээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Конго улсад эбола вирусын "онцгой байдал" зарлалаа. Тус улсад уг өвчин одоогоор 1600 хүний аминд хүрээд байгаа бөгөөд сая илүү хүн амтай Гома хотод анхны өвчтөн илэрсэн нь аюулын харанга дэгдээд байна. 2014-16 онд дэгдсэн өмнөх халдвар Баруун Африкийн хэд хэдэн оронд тархаж, улмаар 10 гаруй мянган хүн нас барсан билээ.

Алан Тюрингийг 2014 онд гарсан The Imitation Game кино дэлхий даяар илүү таниулсан билээ

технологийн ертөнцийн эргэн тойронд

2 жилийн өмнө Элон Маскийн үүсгэн байгуулсан Neuralink анхны нээлттэй танилцуулгаа хийлээ. Хүний тархийг чипээр дамжуулан компьютертэй холбож, супер хүнийг бүтээх зорилготой тус стартап 180 сая долларыг босгон, 19 харханд амжилттай туршилт хийгээд амжсан бөгөөд ирэх жилээс эхлэн үсний ширхэгээс ч нимгэн чипээ хүний тархинд суурилуулах туршилтаа эхлүүлнэ хэмээн мэдэгджээ. Элон Маск хиймэл оюунтай өрсөлдөхүйц боломжийг хүн төрөлхтөнд олгохыг хүсэж байгаагаа компанийн алсын хараа хэмээн тодорхойлсон байна.

Хүн төрөлхтөн саран дээр анх хөл тавьсны 50 жилийн ойг тэмдэглэн буй энэ өдрүүдэд сансрын салбар ихэд завгүй байлаа. НАСА сар луу хүн тээвэрлэх зорилго бүхий Orion хөлгийг бүтээх ажил дуусч, 2020 оны сүүлээр эхний туршилтаа хийх болсныг зарласан. Харин Японы Сансрын Агентлаг Тойота компанитай хамтран 2029 он гэхэд саран дээр газардах зургаан дугуйт тээвэрлэгч машины концепцийг мөн танилцуулжээ.

Калифорнийн Их Сургуулийн бүтээсэн хиймэл оюун рубикийн шоог ердөө 1 секундын дотор эвлүүлжээ. Тэд дундаж хүнээс даруй 2 дахин бага буюу 28 үйлдлээр шоог эвлүүлсэн бөгөөд "өөрөө сурсан" хэмээн бүтээгчид нь алгоритмаа онцолжээ.

Инстаграм зурагнуудын доорх лайкийн тоог харуулахгүй байх туршилтыг албан ёсоор эхлүүлж, 6 улсад нэвтрүүлээд байна. Итали, Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Япон, Бразил дахь хэрэглэгчид уг туршилтанд хамрагдаад байгаа бөгөөд Инстаграмыг илүү хэрэглэгчдэд ээлтэй, нээлттэй орчин болгох зорилгын хүрээнд хийгдэж байгаа шинэчлэл юм.

16 сарын турш сошиал медиаг бүрэн хориглосны эцэст, Твиттер, Фэйсбүүк зэрэг платформууд руу нэвтрэх эрхийг нээлттэй болгож байгаагаа Чад улсын засгийн газар зарлалаа. 1990 оноос хойш тус улсыг удирдаж буй ерөнхийлөгч И.Дебиг 2033 он хүртэл засаглах боломж олгох үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх үеэс сошиал хэрэглээг хязгаарлаж эхэлсэн билээ.

Элон Маск таны тархийг компьютертэй холбохыг хүсэж байна

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

2019 оны хамгийн том IPO хийх төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан AB InBev Австрали дахь бизнесээ зарж байгаагаа зарлалаа. Тэд Carlton & United Breweries-ийг Японы топ брэндүүдийн нэг Asahi-д 11,3 тэрбум доллараар үнэлэн шилжүүлж байгаа юм.

Байгальд ээлтэй загварын хувцас хэрэглэл бүтээдэг Стелла Мккартнитай хамтран ажиллах гэрээ байгуулснаа LVMH зарлалаа. Домогт Пол Мккартнигийн охин Стелла 17 жил хамтран ажилласан Kering-тэй гэрээгээ цуцлаад удаагүй байсан юм. Дэлхийн хамгийн том загварын брэндүүдийг эзэмшигч LVMH 2 сарын өмнө өөр нэг од Рианнатай хамтрах болсноо зарласан билээ.

Амазон жил бүр гишүүддээ зориулан зохион байгуулдаг Prime Day нь түүхэн дэх хамгийн амжилттай борлуулалтын дээд амжилтыг эвдсэнийг мэдэгдлээ. Хямдрал үргэлжилсэн 48 цагийн хугацаанд нийт 175 сая ширхэг бүтээгдэхүүн зарагдсан нь Cyber Monday, Black Friday нийлүүлснээс ч өндөр амжилт гэнэ. Гишүүд нийт тэрбум долларын хэмнэлтийг хийснийг мөн Амазон онцолжээ.

Microsoft өнгөрөгч улиралд 11,4 тэрбум долларын борлуулалттай ажиллан шинжээчдийн таамгыг давснаар нэгж хувьцааны үнэлгээ нь 140 долларт хүрч, бүх цаг үеийн дээд амжилтаа тогтоолоо. 64 хувийн өсөлт үзүүлсэн клоуд үйлчилгээний Azure-ийн борлуулалт мөн анх удаа Windows-ийн бизнесээс давсан нь онцлох үзүүлэлт байлаа.

Такси дуудлага, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч Didi шинээр 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг босгож байгаа гэнэ. Ингэснээр нийт 62 тэрбум долларын үнэлгээтэй болж, Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй стартап болох учиртай тэд олон улсын зах зээлд Uber-тэй өрсөлдөх амбицтай байгаа юм.

Prime Day-ийн хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн нь Echo Dot байжээ

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Марвелын супер баатруудын тухай түүхийг өгүүлэх Avengers: Endgame бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино боллоо. 4-р сард нээлтээ хийн, улмаар өнгөрсөн сард нэмэлт бичлэгүүд бүхий уртасгасан хэлбэртэйгээр цацагдсан Avengers 2021-27 онд ахин 4 анги гаргахаар бэлтгэж буй Avatar-ийг гүйцсэн нь энэ билээ.

Ирэх 9-р сард явагдах Америкийн телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй наадам Эмми нэр дэвшигчдээ танилцууллаа. Game of Thrones нийт 32 нэр дэвшилтийг авснаар 25 жилийн өмнөх NYPD Blue-г давж, тус наадмын түүхэн дэх дээд амжилтыг тогтоолоо. HBO ч давхардсан тоогоор 137 төрөлд нэр дэвшиж байгаа нь мөн рекорд болсон байна. Сонирхуулахад, өнгөрсөн жил анх удаа HBO-г давсан Нетфликс энэ жил 117 нэр дэвшилтийг авсан байна.

25 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн "Араатны хаан арслан" нээлтийн долоо хоногтоо 185 сая долларын орлого олж, бокс оффисийг итгэл төгс тэргүүллээ. Симбагийн түүх өнгөрсөн долоо хоногт Хятадад нээлтээ хийсэн бөгөөд одоогоор дэлхий даяар 531 сая долларыг цуглуулаад байна. Дараагийн байруудад "Spider-Man", "Toy Story 4" бичигджээ.

Apple подкастын зах зээлд хүч түрэн нэвтэрч, топ контент бүтээгчидтэй онцгой гэрээ байгуулж эхэлсэн тухай мэдээлэл цацагдлаа. Тэд подкаст бүтээгчдэд зориулсан студи засан бэлтгэж байгаа нь үүний илрэл гэнэ. Тэгвэл тэдний гол өрсөлдөгч болох учиртай Spotify Disney-тэй хамтран гэр бүлд чиглэсэн контентийг бүтээн хүргэх гэрээ байгуулсан байна. Үүний хүрээнд хэрэглэгчид тусгайлан бэлдсэн цэснээс Диснейн бүтээлүүдийн дуу, аязыг хүлээн авах боломжтой болох аж.

Зөвхөн Америкийн зах зээлээс гэхэд 10 мянган хэрэглэгчээ алдсан Netflix-ийн хувьцааны үнэлгээ 10 хувиар буурч, зах зээлийг донсолголоо. Шинжээчид тэднийг өнгөрсөн улиралд 5 сая шинэ хэрэглэгчийг татна гэж тооцоолж байсан ч бодит байдал 2,7 сая байсан нь үүнд мөн нөлөөлсөн. Гэхдээ зөвхөн энэ жил 3 тэрбум долларыг шинэ контент үйлдвэрлэхэд төсөвлөсөн тэд үүнийг "улирлын шинж чанартай" хэмээн онцолж, ирэх улиралд өндөр амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа нуусангүй.

Avengers-ийн бүх ангиуд эхний 10-т бичигддэг. Мэдээж инфляци тооцохгүй бол шүү дээ :)

алдалгүй унших арван мэдээ

Autoblog: Red Bull Racing хамгийн хурдан пит стопыг гүйцэтгэв
Уралдааны машины дөрвөн дугуйг хэдэн секундэд сольж чадах вэ? 1,91 секунд гэвэл итгэх үү?

NPR: Эл Чапод бүх насаар нь хорих ял оноолоо
Нэгэн үе хар тамхины ертөнцийг атгаж явсан түүнд 12 тэрбум долларыг торгууль мөн оногдуулсан байна. Тэр одоо 62 настай

Space: Урагшаа, Энэтхэг: Их аялал эхэллээ
Саран дээр газардсан дөрөв дэх гүрэн болох зорилготой Энэтхэгчүүдийн өмнөд туйлд хүрэх огноо - 7-р сарын 22

Techcrunch: BMW Хятадын зах зээл рүү анхаарлаа хандуулав
Тэд Wechat-ийг бүтээгч Tencent -тэй хамтран жолоочгүй машины технологи хөгжүүлэхийг хүсэж байна

Gizmodo: Twitter-ийн шинэчлэлд та бэлэн үү?
Твиттер нүүр хуудасны дизайнаа шинэчилж, харилцан яриаг илүү тухтай, утга учиртай байлгахыг зорьж байна. Шинэчлэл тэднийг аврах болов уу?

Variety: Marvel дараагийн кинонуудаа танилцууллаа
Тhor, Doctor Strange, Black Panther-аас эхлээд Wandavision, Shang-Chi, Loki хүртэл


Reuters: Microsoft AT&T 2 тэрбум долларын гэрээ байгууллаа
Microsoft-ийн клоуд үйлчилгээ Azure зах зээл дэх байр сууриа улам бүр баталгаажуулсаар, энэ оны хамгийн эрэлттэй гэрээг өөрийн болгов

Japan Times: Kyoto Animation-ий байранд гал тавьжээ
Японы хамгийн алдартай анимэйшн бүтээгчдийн байр луу санаатайгаар халдаж, хамгийн багаар 33 хүний аминд хүрлээ

FT: Оюутолгойн далд уурхайн ашиглалтанд орох хугацаа хойшилж магад
Рио Тинто хөрсний нөхцөл байдлаас шалтгаалж зардал 1,9 тэрбум доллараар нэмэгдэж, хугацаа 30 сараар хойшилж магадгүйг мэдэгдсэн нь зах зээл савлахад хүргэв

Forbes: Faceapp үнэхээр аюултай гэж үү?
Та ч энэ апп-д өөрийн сельфигээ өгч, найзуудтайгаа хөгжилдчихсөн үү? Гэхдээ та ямар аюул ард нь байгааг ухаарч амжсан уу?

5856   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.