Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   07 сарын 19, 2019

Алдартай үсгийн фонтуудын сонирхолтой түүхүүд

Фонт буюу бичгийн хэв нь бидний өдөр тутмын амьдралд байнга тааралддаг ном, сонин, зар сурталчилгаа, лого, хаяг гэх мэт олон зүйлийн өнгө төрхийг тодорхойлдог хэдий ч тэр болгон хүмүүсийн анхаарлыг татдаггүй билээ. Тэгвэл та бидний харж дассан хэдий ч нэрийг нь үл мэдэх фонтууд бидний төсөөлснөөс илүү баялаг түүхийг туулж, дэлхийн түүхийг бүтээлцэж, тодорхой утга санааг илэрхийлсээр иржээ. Тиймээс сэтгэлгээний зэвсэг болсон хүн төрөлхтний хэл яриаг тогтсон бичгийн хэлбэрт оруулж, түүхийн олон үйл явдлын гэрч, мөр болсон 6 фонтын үүсэл гарлыг онцлон сонирхуулъя. 

1. HELVETICA

Дизайнер: Макс Мидингер, Эдуард Хоффман

Онцлох бүтээлүүд: Microsoft, Toyota, Panasonic, American Apparel, Lufthansa, Jeep, Target, American Airlines, BMW зэрэг компаниудын логон дээрээс олж харж болно.

Үүсэл гарал: Дизайнеруудын хамгийн их ашигладаг фонт хэмээн олонтаа нэрлэгддэг "Helvetica" нь Швейцарын нэгэн жижиг тосгоноос гаралтай. Өрсөлдөгч компанийн борлуулалтаараа тэргүүлэгч фонтыг давж гарахыг хүссэн Эдуард Хоффман график дизайнер Макс Мидингерт шинэ фонт бүтээх даалгаврыг өгсөн аж. Ийнхүү 1957 оны зун Helvetica фонт нь "Neue Haas Grotesk" нэрийн дор анх бий болсон бөгөөд Германы зах зээлд нэвтрэхийн тулд удалгүй одоогийн нэрээ олж авсан байна.

2. BODONI

Дизайнер: Гиамбатиста Валли

Онцлох бүтээлүүд: Vogue, Mamma Mia!, Nirvana, Columbia Records

Үүсэл гарал: 221 жилийн түүхтэй энэхүү фонт нь Гиамбатиста Валли хэмээх Италийн дизайнерын бүтээл бөгөөд "өөрчлөлтийн салхи" болсон фонтуудын нэг юм. Өвөрмөц Q болон J үсэгтэй уг фонт нь 1700-аад оноос хойших олон ном, хэвлэлүүд дээр мөрөө үлдээсэн байдаг. Олон жилийн туршид Bodoni-ийн өнгө төрх хувьсан monotype, classic, modern, italic, bauer зэрэг тоолж барамгүй их хувилбартай болжээ.

3. FUTURA

Дизайнер: Пол Реннер

Онцлох бүтээлүүд: Gravity, American Beauty, Gone Girl, Interstellar зэрэг кинонуудын постероос харж болно. Вес Андерсон болон Стэнли Кубрик зэрэг алдарт найруулагчдын хамгийн хайртай фонт хэмээгддэг аж.

Үүсэл гарал: Futura фонтын эхлэл нь 1927 онд Пол Реннер хэмээх дизайнер хуучны эв хавгүй, уламжлалт элементүүдээс татгалзаж шинэ фонт үүсгэхээр зорьсноор тавигджээ. Гэхдээ түүний гаргасан анхны хувилбар нь зарим үед бараг уншигдахааргүй хурц дүрснүүдээс бүрдэж байсныг "Baeur" хэмээх үйлдвэр шинэчилж өнөөгийн бидний сайн мэдэх өнгө төрхөнд нь авчирсан байна. Futura нь дизайны салбарын орчин үеийн хэв маягийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан ба энэ үеийн бэлэг тэмдэг болсон фонтуудын нэг яалт ч үгүй мөн юм.

Холбоотой: Future - Саран дээр анх газардсан фонт

4. BASKERVILLE

Дизайнер: Жон Баскервилл

Онцлох бүтээлүүд: Ихэвчлэн академик, албан ёсны бичиг баримтууд ашиглагддаг бөгөөд Metropolitan Opera, Канад улсын бичмэл лого зэргээс олж харж болно.

Үүсэл гарал: 2012 онд баримтат кино бүтээгч Эррол Моррис "Нью Йорк Таймс"-ын уншигчдаас өөдрөг эсвэл гутранги үзэлтний аль нь болохыг асуусан судалгаа явуулжээ. 45 мянга гаруй оролцогчтой энэхүү судалгааны цаад зорилго нь тухайн өгүүлбэр ямар фонтоор бичигдсэн байгаа нь уншигчдын мэдээллийг хүлээж авахад хэрхэн нөлөөлдгийг тогтоох байв.

Судалгааны үр дүнд 250 гаруй жилийн түүхтэй Baskerville хэмээх фонт нь бусдаас илүү итгэл үнэмшил төрүүлдэг болох нь тогтоогджээ. Жон Баскервиллийн 1757 онд гаргасан энэхүү фонт нь тухайн үед байсан түгээмэл хэв маягийг эвдэхийг зорьж анх бий болсон аж. Гэвч хүмүүс уншиж дадсан фонтоос нь өөр хэв маяг гарч ирэхэд тийм ч таатай хүлээж аваагүйгээр барахгүй зарим нь "нүд хорсгом" хэмээн хүртэл дүгнэж байлаа. Ийнхүү мартагдсан байсан фонтыг 1917 онд Брюс Рожерс хэмээх эрхэм Харвардын их сургуулийн хэвлэл, нийтлэлүүд дээр ашиглаж эхэлснээр өнөөдрийн нэр алдарт хүрсэн байна.

5. FRUTIGER

Дизайнер: Адриан Фрутигер

Онцлох бүтээлүүд: Claremont McKenna College, Cornell University, University of Southern California зэрэг олон их сургуулиудын албан ёсны фонт бөгөөд метроны системд өргөн ашигладаг. Хамгийн онцлох хэрэглээ нь Европын Холбооны мөнгөн дэвсгэрт юм.

Үүсэл гарал: Дэлхийн алдартай фонт дизайнеруудын нэг Адриан Фрутигер 1960-аад оны үед Charles De Gaulle онгоцны буудлын хаягжилтад ашиглах шинэ фонт зохиох даалгаврыг авснаар Frutiger фонт үүсэлтэй. Онгоцны буудалд зориулан бүтээж байгаа учраас тэрхүү фонт хэн хаанаас ч, ямар өнцгөөс харсан бай уншигдац сайтай байх ёстой байлаа. Ийнхүү элдэв маяг, угалзгүй sans-serif загварыг Univers-ийн геометрийн шугамуудтай хослуулсан Frutiger мэндэлсэн байна.

6. GARAMOND

Дизайнер: Клод Гарамонд

Онцлох бүтээлүүд: Abercrombie & Fitch лого, Харри Поттер болон Доктор Сюссийн номнуудын хэвлэл

Үүсэл гарал: Сэргэн мандалтын үед бичгийн хэв маягт ихээхэн хувь нэмэр оруулсан Клод Гарамондын бүтээл дээр үндэслэн өнөөдрийн бүтээлүүдэд түгээмэл ашиглагддаг Garamond фонт бий болсон байна. Түүний гаргасан хувилбарыг 1989 онд Роберт Слимбах илүү "орчин үеийн" болгосноор олны хэрэглээнд нэвтэрчээ. Түүнчлэн энэхүү фонт нь бусад төстэй фонтуудаасаа илүү бага хэвлэлийн хор ашигладаг учраас "байгальд ээлтэй" хэмээн тодорхойлогддог.

23442   52


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.