Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 13, 2019

Аялах урам зориг төрүүлэм 5 ном

Аялах дургүй хүн ховор биз ээ. Гэсэн хэдий ч шууд томоохон аялалд гарахад бэлэн хүн цөөн. Дэлхийн хамгийн алдарт аялагчид ихэвчлэн амьдралд нь томоохон үйл явдал болсны дараа аялалд гарахаар шийдэж, улмаар аяллын ачаар тэдний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн байдаг. Тэд аялалаас өөрийгөө олж нээн, дэлхий ертөнцийг шинээр таньж мэддэг. Гэхдээ хүн бүр томоохон үйл явдал болохыг хүлээн, аяллаас олж авах тэр зүйлсийг хойшлуулна гэж үү? Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ аялах урам зориг төрүүлэм таван номыг онцлон хүргэж байна. 

eliza Gilbert. Eat, Pray, Love 

Магадгүй аялал гэхээр олон хүний санаанд хамгийн түрүүнд энэ ном буух биз. Учир нь энэ хамгийн сонирхолтой аяллын бодит түүхүүдийн нэг. Орчин үеийн эмэгтэй зохиолч Элиза Гилберт нөхрөөсөө салсны дараа бүхнийг орхин өөрийгөө танин мэдэхийн тулд аялалд гарч, энэ номыг бичсэн. “Eat, Pray, Love” буюу “Ид, залбир, хайрла” гэх нэр зүгээр нэг сайхан үгс биш бөгөөд тус бүр түүний аялж явсан газруудыг илэрхийлдэг. Тэр Италид тансаг хоолнууд идэн хөгжилдөж, Энэтхэгт өөрийн мөн чанарыг олохоор залбирч, Балид шинэхэн хайртайгаа учирсан юм. Энэ ном Нью Йорк Таймсын хамгийн өндөр борлуулалттай номоор нэрлэгдэж байсан төдийгүй уг түүхээс сэдэвлэн Columbia Pictures кино бүтээсэн байдаг.

Дэлгэрэнгүй: Eat, Pray, Love

eric weiner. Geography of bliss

Жил бүр дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын индекс, түүний талаар нийтлэлүүд гардаг шүү дээ. Харин энэ танд ямар санагддаг вэ? Эрик Вейнерийн хувьд эдгээр индекс бүрэн утга илэрхийлж чадаагүй тул тэр өөрийн биеэр дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудаас эхлэн хамгийн аз жаргалгүй гэгдэх орнуудаар хүртэл аялжээ. Түүний аяллын гол зорилго нь хүмүүсийг яг юу аз жаргалтай болгодгийг олж мэдэх байсан юм. Эрикийн номоос та олон сонирхолтой зүйлс мэдэж авахаас гадна эдгээр орнуудаар өөрийн биеэр аялж үзэх хүсэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй: Geography of Bliss

Rolf Potts. Vagabonding 

Энэхүү номыг алдарт бадарчин Ролф Поттс бичсэн. Иймд урт хугацаагаар аялахаар төлөвлөж буй хүмүүс уншихад тохиромжтой. Тэрээр амьдралынхаа арван жилийг зам дээр өнгөрөөсөн бөгөөд үүнд Израйлиар хөндлөн гулд алхсан хугацаа ч хамаарна. Түүний номоос та үнэ цэнэтэй сургамжууд, үнэн бодит мэдээлэл, сонирхолтой эшлэлүүдийг олж авах болно. Эндээс таныг аялах урам зориг олж авна гэдэгт итгэлтэй байна. Та энэ номыг унших эсэхдээ эргэлзэж байгаа бол эхлээд түүний ярилцлагыг сонирхоод үзээрэй.

Дэлгэрэнгүй: Vagabonding

Matt kepnes. how to travel a world on $50 a day

Энэхүү номыг бичсэн хүн бол алдарт аяллын блог хөтлөгч Мэтт Кэпнес юм. Тэрээр аялал үнэтэй биш, бүгдэд хүртээмжтэй байх ёстой гэж үздэг. Тэрээр номдоо хэрхэн дэлхийн хаана ч амттай хоол идэж, тухтай оронд унтан 50 долларт багтаан тавтай аялах талаар бичсэн. Энэ номд олон сонирхолтой зөвлөгөө бий. Жишээлбэл дэлхийн хаана ч банкны шимтгэл хэрхэн төлөхгүй байх, яаж хямд аюулгүй дэн буудал олох, хаанаас хямд онгоцны тийз авах зэрэг аргуудыг заадаг. Та магадгүй өөрийгөө аялах хэмжээний мөнгөгүй гэж үзэж байгаа бол энэ номыг уншаад бодол тань өөрчлөгдөж болох юм. Учир нь Мэтт Кепнес бага мөнгөөр хэрхэн илүү удаан, илүү хол, тав тухтай аялахыг заах болно.

Дэлгэрэнгүй: How to travel world on $50 g day

Bill bryson. in a sunburned country 

Билл Брисоны номоос аль нэгийг нэрлэнэ гэдэг хэцүү. Учир нь тэр аяллын ном зохиогчдоос яах аргагүй хамгийн нэр хүндтэй, чадварлаг хүмүүсийн нэг билээ. Гэсэн хэдий ч олон эх сурвалжууд шүүсний эцэст түүний In sunburned country номыг онцолж байна. Тэрээр Австралийн зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл уул уурхай дагаж хөгжсөн жижиг тосгонууд, мартагдсан боомт хотууд, онгон зэрлэг байгалиар аялсан. Энэ үедээ юунд гайхаж, юунаас айж байсан талаараа хүртэл энэ номдоо маш сонирхолтой байдлаар бичсэн байдаг. Номыг уншсаныхаа дараа та Австрали руу аялахаар шийдэж болох юм.

Дэлгэрэнгүй: In a sunburned country

12221   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.