Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 07, 2019

Даниэл Канэманы “Тунгаан бодох уу, Түргэн шийдэх үү” номын тухай

Хүмүүс эдийн засаг, мөнгөний харилцаанд орохдоо рационал гэхээс илүү сэтгэл хөдлөл дээр суурилж шийдвэр гаргах хандлагатай байдаг нь сэтгэн бодох үйл явцын онцлог хэв шинжээс хамааран эндүү дүгнэлт хийхэд хүргэдэг ажээ. Тиймээс эрсдэл дунд хүмүүс шийдвэр гаргахдаа логикоор бус сэтгэл хөдлөл дээрээ үндэслэн иррационал шийдвэр гаргах, дүгнэлт хийхдээ тухайн асуудалд хамааралгүй мэдээлэл ашиглах зэрэг хүний сэтгэхүйн алдааны талаар сонирхолтой судалгааны ажлуудаа хүүрнэсэн Даниэл Канэманы “Тунгаан бодох уу, Түргэн шийдэх үү” номыг энэ удаа онцолж байна.

Номын тухай 

Принстон дахь Вүүдро Вилсоны Нийгэм, олон улсын харилцааны сургуулийн сэтгэл судлал, нийгмийн ухааны профессор Даниел Канэман нь хүний сэтгэл зүй аливаа шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг болохыг олон жилийн турш судалсан нэгэн юм. Тэрбээр өөрийн эрдэмтэн найз Амос Тверскитэй хамтран хүмүүс статистикийн тоо баримтыг зөн совингоороо мэдрэх боломжтой эсэхийг судалж эхэлснээр энэхүү номыг бичих сэдэл төржээ. Тэд нийт 14 жил хамтран ажиллаж, эгэл жирийн хүмүүсийн бодож сэтгэх үйл явцдаа гаргадаг алдаа эндүүрлийг баримтжуулан, хүн сэтгэлд хөдлөлд автан эндүү ташаа бодож сэтгэдэг гэхээс илүүтэй сэтгэн бодох үйл явцын онцлог хэв шинжээс хамааран эндүү дүгнэлт хийдэг болохыг олж мэдсэн юм. Энэ хүрээнд хүний сэтгэхүй, оюун бодлыг залж чиглүүлдэг хоёр системийн тухай нарийвчлан судалж, хүн чухам хэдийд зөн совиндоо итгэж, хэдийд сайтар тунгааж бодох ёстойг дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Тэдний судалгааны ажил гүн ухаан, эдийн засаг, статистик, хууль эрх зүй зэрэг олон салбарт ашиг тусаа өгч, үр дүнтэйгээр ашиглах өргөнөөр ашиглах болсноор судалгааны ажлыг үнэлэн 2002 онд Нобелийн шагнал хүртээсэн билээ. Гэвч тэдний нийтлэлийг зарим нь хүний оюун сэтгэхүй дорд үзэж жишээ хэмээн үзэж, санал нийлээгүй хүмүүс ч цөөнгүй байжээ. Тухайлбал, номын эхэн хэсэгт хүнд зөн совин татах нь ид шидтэй огтхон ч холбоогүй, өмнө нь мэдэж байсан зүйлээ таньж харахын нэр хэмээн өгүүлсэн байдаг. Шатарчин 100 цаг хичээллэсний дараа шатрын өргийг огт ондоо нүдээр хардаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь тулгарч байгаагүй нөхцөл байдлаас хэдийн танил болсон зүйлээ олж хараад оновчтой шийд гаргахыг л зөн совин татах хэмээнэ гэж үзсэн байна. Тиймээс хүн хүндхэн асуулттай тулгарсан үедээ түүнээс урган гарах илүү хөнгөн асуултад хариулах байдлаар шийдэлд хүрдэг зантай гэнэ. Гэхдээ тэрийгээ ер анзаардаггүй гэнэ шүү.

Энэхүү ном нь нийт таван хэсгээс бүрдэж, эхний хэсэгт дээрх хоёр системд тулгуурлан эргэцүүлэн бодох, сонголт хийх тухай өгүүлэх юм. Хоёрдугаарт хэсэгт, эргэцүүлэн бодох үйл явцыг илүү дэлгэрүүлэн, бид ямар учраас статистик тоо баримтад тулгуурлан бодож сэтгэж чаддаггүй болохыг тайлбарлана. Ингээд дараагийн хэсэгт аливааг тоо баримттай уялдуулж эргэцүүлэх нь ямаршуухан хүндрэлтэй болох тухай дэлгэрүүлэн хүүрнэх болно. Улмаар дөрөвдүгээр бүлэгт хүмүүс сонголт хийхдээ ухамсарт сэтгэхүйгээс хэрхэн гаждаг тухай болон аливаад хүрээ хязгаар тогтоож, ялихгүй хүчин зүйлээс шалтгаалан сонголт хийх нь ямар хор уршигтайг хэлж өгнө. Ингээд төгсгөлийн хэсэгт нэг, хоёрдугаар системийн ялгааг дүгнэж, Амостай хамтран бичсэн хоёр судалгааны нийтлэлийг бүрэн эхээр нь хавсаргажээ. Эхнийх нь тодорхойгүй нөхцөлд хэрхэн шийдвэр гаргах тухай болон боломжийн тухай онол хийгээд хүрээ хязгаар буй болгох нь алсдаа ямар хор уршигтай болохыг шинжилсэн судалгааг тун энгийн ойлгомжтой байдлаар уншигчдад хүргэжээ.

нэг, хоёрдугаар системийн тухай 

Сэтгэл зүйчид хэдэн арван жилийн турш хүний сэтгэн бодох хоёр төрлийн системийг сонирхсоор иржээ. Нэгдүгээр систем нь автоматаар ажилладаг бөгөөд бидэнд агшин зуурт тодорхой төсөөлөл бий болгож, түүнд ухаан зарах, хяналт тавих шаардлагагүй байдгаараа онцлогтой аж. Харин хоёрдугаар систем нь анхаарал төвлөрөхийг шаарддаг бөгөөд анхаарал сарнимагц тасалддаг шинжтэй. Биднийг сэрүүн байхад дээрх хоёр систем зэрэг ажиллах боловч нэгдүгээр систем автомат горимоор, нөгөөх нь тайван байдалтайгаар багахан ачаалалтай ажилладаг. Тиймээс эхний систем цаг үргэлж сэрэл, сэдэл, мэдрэхүй дамжуулан, хоёрдугаар систем тэдгээрийг таатай гэж үзвэл тодорхой үзэл бодол болгон баримтжуулж, үйл хөдлөл болгоно.

Нэгдүгээр систем ямар нэг асуудалтай тулгарвал үүнийг боловсруулж шийдэхийн тулд хоёрдугаар системээс тусламж эрдэг байна. Зохиолч нэг, хоёрдугаар системийн үйл ажиллагааг нарийн хуваарилснаар ачаалал багатай ч үр дүнтэй ажиллах боломжтой гэж үзэн тун сонирхолтой байдлаар зүйрлэн тайлбарлажээ. Тухайлбал, энэхүү номоор кино зураг авлаа гэж бодоход хоёрдугаар систем өөрийгөө гол баатар хэмээн эндүүрсэн туслах дүр болох гэнэ. Хичээл зүтгэл гаргаж байж л ажиллахаас биш ихэвчлэн залхуу, алмай байдалд байх дуртай аж. Тиймээс хоёрдугаар системийн өөрийнх нь гэж бодсон үйл хөдлөлийн ихэнх нь номын гол баатар болох нэгдүгээр системийнх байж таардаг байх нь.

Анхаарал хандуулахтай холбоотой нэгэн чухал баримтыг туршилтаар баталсан нь аливаа үйлдэл дадах тусам түүнд зарцуулах энерги буюу хүчин чадал нь дагаад багасдаг тухай юм. Хүн аливаа үйлдлийг олон хийх тусам цагийн аясаар тархины багахан хэсэг ажилладаг болох нь туршилтаар тодорхой болжээ. Авьяас ч үүнтэй адил хэв шинжтэй аж. Залхуурах нь бидний төрөлхийн араншин бөгөөд хар ажилд ч тэр, оюуны ажилд ч тэр аль болох бага хүч гаргах тохиргоотой гэнэ шүү. Гэвч хүмүүс өөрийгөө хүчлэлгүйгээр удаан хугацаанд ажиллах боломжтой болохыг онгод орох хэмээх нэр томьёогоор тайлбарлажээ. Анхаарал голын ус урсах мэт тасралтгүйгээр төвлөрч ажиллах буюу онгод ороход тархинд тэр бүр ачаалал өгөхгүйгээс гадна энэ үед цаг хугацааны мэдрэмж алдагдаж, хүн өөрийгөө, асуудлаа хүртэл мартдаг ажээ. Бие организмын бусад эд эрхтэнтэй харьцуулахад мэдрэлийн систем маш их глюкоз шаарддаг. Тиймээс оюуны ачаалал нь бусад физиологийн ачааллаас илүүтэй чухал ажээ.

7152   0


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.