Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 07, 2019

7 хоногийн тойм: Шинэ гүнж + Дархан аварга + Халуун агаар

Ковер зургийн тайлбар: АНУ-ын шигшээ урам зориг түгээсээр аваргаа хамгаалав.

дэлхий дахинд

Boeing компани сарын зайтай осолдсон онгоцны осолд амиа алдагсдын гэр бүлд 100 сая долларын нөхөн төлбөрийг сайн дураар олгох болсноо зарлалаа. Индонези, Этиоп улсуудад 737 Max загварын онгоц осолдож, нийт 346 зорчигч амь үрэгдсэн юм. Гэхдээ хохирогчдын гэр бүл шүүхэд хандаж, албан ёсоор зарга үүсгэх явц жил дамнан үргэлжлэх бөгөөд үүнээс ч их зардал гарах төлөвтэй байгаа юм.

Калифорни мужийн Беверли Хиллз хот 2021 оноос эхлэн бүх төрлийн тамхийг худалдаалахыг бүрэн хориглолоо. Ингэснээр тэд"хүнд" хориг гаргасан дэлхийн анхны хот болж байгаа гэсэн үг юм. Гэхдээ өндөр зэрэглэлийн зарим лоунж, хувийн клубүүдэд зарим нэр төрлийн тамхийг борлуулахыг зөвшөөрөх аж.

2019 оны 6-р сар дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зургаадугаар сар болсныг эрдэмтэд зарлалаа. Европыг дайрсан хэт халалт үүний гол шалтгаан бөгөөд зарим газруудад хэвийн хэмжээнээс 2-6 градусаар халуун бүртгэгдсэн байна. Өмнө нь 2016 оны 6-р сар хамгийн халуунд тооцогдож байжээ.

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уаррен Баффет 3,6 тэрбум долларыг нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллагад хандивлах болсноо зарлалаа. Ингэснээр түүний 2006 оноос хойш өргөж буй нийт хандивын хэмжээ 34 тэрбум долларт хүрч байгаа юм.

2011 оноос хойш Олон Улсын Валютын санг удирдаж байсан Кристиан Лагард үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр Европын Төв Банкийг удирдах болсон нь энэ шийдвэрийн гол шалтгаан. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагчдын нэг тэрээр 2021 он хүртэл ОУВС-д ажиллах төлөвтэй байсан юм.

Тамхийг бүрэн хориглосон анхны хот боллоо

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч AB InBev Ази, номхон далайн бизнесээ салган нээлттэй компани болгох гэж байгаагаа зарлалаа. Хонгконгийн бирж дээр хийх IPO-оороо тэд 9,6 тэрбум доллар босгох зорилготой байгаа. Энэ нь түүхэн дэх шингэн хүнсний салбарын хамгийн том IPO болно гэсэн үг юм.

Дэлхий даяар 90 гаруй сая төлбөр төлдөг хэрэглэгчтэй Corel Draw, WordPerfect зэрэг алдартай програмуудыг бүтээгч Corel шинэ эзэнтэй боллоо. Тэднийг 16 оронд санхүү, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг фирм KKR 1 тэрбум доллараар худалдан авчээ.

Тесла энэ оны 2-р улиралд 95,200 машин үйлдвэрлэж, дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн улиралд ердөө 63 мянган машин зах зээлд гаргаснаар хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаад байсан Тесла 700 сая долларын алдагдалтай ажиллаж байна.

Германы хамгийн том банк Deutsche Bank үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд нийт ажилчдынхаа 20 хувийг буюу 18 мянган ажилтныг цомхотголд оруулах болсноо зарлалаа. 2022 он хүртэл үргэлжлэх уг үйл явцад Нью Йоркийн Уалл Стрийтийн салбар бүрэн хамрагдаж, үйл ажиллагаагаа зогсоох бөгөөд 6 тэрбум долларын зардал хэмнэнэ гэсэн тооцоог гаргажээ.

Саудын Арабын төрийн өмчит газрын тос олборлогч Aramco түр хугацаанд зогсоогоод байсан нээлттэй компани болох төлөвлөгөөгөө үргэлжлүүлж эхэлснээ мэдэгдлээ. Дэлхийн хамгийн өндөр орлоготой компанид тооцогдох тэд 2 триллион долларын үнэлгээтэйгээр 100 тэрбум доллар босгох зорилготой байгаа билээ.

AB InBev тэргүүлэгчийн байр сууриа баталгаажуулахыг хүсэж байна

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Монголын медиа стартап "World Plus" Сингапур улсад дэлхий нээлтээ хийлээ. Сэтгүүлийг бүрэн интерактив хэлбэртэйгээр дижитал хэлбэрт шилжүүлсэн талбарыг үүсгэж буй тэд Forbes, Elle зэрэг топ компаниудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Мюнхений Технологийн Их Сургуулийн эрдэмтэд анх удаа онгоцыг жолоочгүйгээр автомат удирдлагын горимд газардууллаа. Туршилтын онгоц хэдий жижиг хэмжээтэйд тооцогдох ч буудлын болон нисэгчийн тусламжгүйгээр орон зайг бүрэн мэдрэн амжилттай буулт хийсэн нь агаарын тээврийн салбарт томоохон нөлөө үзүүлэх амжилт болж байгаа юм.

Гүүглийн хөгжүүлж буй агаарын бөмбөлөг ашиглан дэлхий даяар интернет түгээх Loon энэ оны сүүлээр Кенид албан ёсоор үйлчилгээгээ нэвтрүүлэх зөвшөөрлөө авлаа. Үүнээс гадна тэд агаарт тасралтгүй 223 хоног бөмбөлгөө хөөргөснөөр өөрсдийн дээд амжилтаа тогтоосон байна. Р-446 загварын агаарын бөмбөлөг 2018 оны 11-р сард Пуэрто Рикогоос хөөрөн дэлхийг тойрсон нь энэ.

Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчид болох Daimler, BMW урт хугацааны түншлэл үүсгэж, ямар ч хүний оролцоогүйгээр замд гарах боломжтой жолоочгүй машины технологийг хөгжүүлэх тохиролцоонд хүрлээ. 2 тал 2024 онд хамгийн ахисан түвшний технологи бүхий машиныг зах зээлд нэвтрүүлнэ хэмээн мэдээлжээ.

Samsung 8-р сарын 7-нд шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зарлалаа. Энэ жилийн гол хүлээлт шинээр танилцуулагдах Galaxy Note 10 загварт хандаад байгаа. Үүнээс гадна тэд ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийн шинэ загваруудаа танилцуулах төлөвтэй байна.

Шинэ үеийн цахилгаан машиныг гигантууд бүтээж байна

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"Spider-Man: Far From Home" нээлтийн долоо хоногтоо 185 сая долларын орлогыг Хойд Америкийн зах зээлээс цуглуулж, бокс оффисийг тэргүүллээ. Хүн аалзийн өмнөх анги 117 сая долларын дебют хийж байсантай харьцуулахад энэ бол том амжилт. Дэлхий даяар тус кино аль хэдийн 600 сая долларын борлуулалт хийгээд байгаа гэнэ. Жагсаалтын 2-р байрт "Toy Story 4", 3-р байрт "Yesterday" бичигджээ.

Disney 2020 оны 3-р сард нээлтээ хийх "Mulan" киноны анхны трэйлэрээ цацлаа. Уг киноны гол дүрд Хятадын жүжигчин Лиу Иүфэй тоглож байгаа юм. 1998 онд гарсан анимэйшн кино нь Диснейг Азийн зах зээл рүү хүчтэй нэвтрэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн хэмээн мэргэжилтнүүд үздэг билээ.

Тэгвэл ирэх онд зураг авалтаа эхлүүлэх өөр нэг гүнжийн түүх "Little Mermaid"-ийн гол дүрийн жүжигчнээр залуу дуучин Халле Бэйли тодорлоо. Бэйонсегийн "ивээлд" багтан нэрд гарсан Chloe x Halle хамтлагийн дуучин тэрээр 1989 онд анх үзэгчдийн хүртээл болсон Ариэл гүнжийн дүрийг бүтээх юм.

АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга цолоо хамгааллаа. Тэд Франц улсад явагдсан ДАШТ-ий шигшээд Нидерландын шигшээ багийг 2:0-ээр хожсон нь энэ. АНУ эмэгтэйчүүдийн ДАШТ-д 4 дэх удаагаа түрүүлж байна. Харин Өмнөд Америкийн цомын тэмцээн Копа Америкад Бразилын шигшээ баг түрүүлжээ.

Amazon-ий бүтээж буй "Lord of The Rings" зохиолоос сэдэвлэсэн телевизийн цувралын найруулагчаар нэрд гарч буй уран бүтээлч Ж.Байона ажиллах болсон байна. Тэрээр "Jurassic Park"-ийн сүүлийн ангийг найруулан алдаршсан юм. Мөн тус киноны зураг авалт өмнө мэдээлж байсанчлан Шотландад бус, бүрэн хэмжээний киноныхоо адилаар Шинэ Зеландад явагдах болжээ.

Танилц, шинэ Мулан

7974   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.