Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   07 сарын 01, 2019

7 хоногийн тойм: Apple-ийн гарз + Трампын хожоо + Олимпийн эрх

Ковер зургийн тайлбар: Дэлхийн хамгийн хүчирхэг улс төрчид Осакад цуглав

Д.Трамп Хойд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Америкийн анхны ерөнхийлөгч боллоо. Тэрээр тус улсын удирдагч Ким Жон Унтай тавин минутын ихэд "найрсаг" уулзалтыг "цэрэггүй бүсэд" хийсэн юм. Осака хотноо явагдсан G20-ийн уулзалтын үеэр Хятадын төрийн тэргүүн Ши Жинпинтэй худалдааны хэлэлцээрээ дахин сэргээх тохироонд хүрсэн Трампын хувьд Азид хийсэн айлчлал нь "төгс" гэмээр өрнөсөн нь энэ байв.

Google-ийн эзэмшдэг Sidewalk Labs компани Канадын Торонто хотыг "ухаалаг" болгох 1524 хуудас төлөвлөгөөгөө танилцууллаа. 2022 онд эхлэх уг төслийн хүрээнд тэд хотын урд хэсгийг бүрэн автоматжуулах бөгөөд үүнд байгальд ээлтэй материал ашигласан байгууламжууд, хоорондоо харьцаж мэдээлэл солилцдог гэрлэн дохио, гэрэлтүүлэг болон усжуулалтын систем зэрэг багтсан байна.

2026 оны өвлийн олимпийн наадам Италийн Милан-Кортина хотуудад зохиогдох боллоо. ОУОХ-ны ээлжит конгрессийн үеэр явагдсан санал хураалтаар тэд Шведийн Стокхольм хотыг ялсан юм. Тэд нийт 82 саналын 47-г нь авсан байна. Хамгийн сүүлд 2006 онд Италийн Турин хот мөн өвлийн наадмыг явуулж байсан билээ.

2025 он гэхэд бүх ундаагаа дахин боловсруулагддаг савтай болгох зорилготой Pepsi анхны томоохон өөрчлөлтөө танилцууллаа. Тэд цэвэр усны Aquafina брэндийнхээ савыг хөнгөн цагаан материалаар сольж, 8000 метр тонн пластикийг хэмнэх боломжтой болсон гэнэ.

Theranos-ийг үүсгэн байгуулагч Элизабет Холмесийн шүүх ажиллагаа 2020 оны 8-р сард албан ёсоор эхэлнэ гэнэ. Тэрээр хөрөнгө оруулагчдыг хуурамч мэдээллээр хангасан, залилангийн шинжтэй үйлдэл гаргасан зэрэг нийт 9 зүйлээр буруутгагдаж байгаа бөгөөд 20 жилийн ял авах боломжтой байгаа юм. Дусал цусаар иж бүрэн шинжилгээ хийх боломж олгох амбицтай байсан түүний компани нэгэн үе 4,5 тэрбум доллараар үнэлэгдэж байв.

Талууд энхийн хэлэлцээрийг ахин эхлүүлэх тохироонд хүрсэн гэнэ

Apple жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Drive.AI-ийг худалдан авлаа. Энэ нь тэдний машин үйлдвэрлэх амбицыг баталж буй хэрэг. Хиймэл оюуны салбарын топ эрдэмтэн Эндрью Нгийн шавь нар болон эхнэрийн үүсгэн байгуулсан тус стартап 4 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд нэгэн үе 200 сая доллараар үнэлэгдэж байлаа.

Твиттер нүүр хуудсаа бүрэн шинэчлэх туршилтыг явуулж байна. Шинэ дизайны дагуу эрэлттэй сэдэв болон санал болгож буй хэрэглэгчдийг харуулдаг байсан булан баруун тийш шилжсэн бол өмнө нь дээд хэсэгт байрлаж байсан шинэ мэдэгдэл, мессежийн хэсэг зүүн талд оржээ. Шинэ шинэчлэл "dark mode" нэмэлттэйгээс гадна хэрэглэгчдэд хувийн мэдээллээ бүрэн удирдах боломжийг олгох аж.

MIT-ийн судлаачид хөхний хорт хавдрыг 5 жилийн өмнө илрүүлэн оношлох чадалтай хиймэл оюуныг бүтээснээ зарлалаа. Тэд нийт 90 мянган өвчтөний датан дээр тулгуурлан хөгжүүлсэн хэрэгслээ нас хүйс, гарал угсаа ялгалгүй ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна. Сонирхуулахад өнгөт арьст эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх магадлал 42 хувиар илүү байдаг гэнэ.

NASA Санчир гарагийн хоёр дахь том дагуул Титаныг судлах зорилготой Dragonfly төслөө танилцууллаа. 2026 онд эх дэлхийг орхиж, 8 жилийн дараа Титанд хүрэх уг төслийн хүрээнд тэд агаар мандалтай, шингэн урсах судлуудтай хэмээгдэх уг дагуулыг Ангараг дээр ажиллаж буй Ровертой төстэй төхөөрөмжөөр дамжуулан илүү нарийвчлан судлах, гадаргуугаас дээж авчрах, амьдралын эх үүсвэрийг илрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Toyota, Softbank-ийн хамтран үүсгэн байгуулсан, жолоочгүй автобус түрээсийн үйлчилгээ хөгжүүлэгч MONET Японы топ автомашин үйлдвэрлэгчдийг нэгтгэснээ зарлалаа. Daihatsu, Subaru, Isuzu, Mazda, Suzuki компаниуд тус бүр 2 хувийг эзэмших болж, ноу-хоу хуваалцах, технологи хөгжүүлэх ажилд хамтран оролцох болжээ. Уг автобусын туршилт Тойота хотноо энэ оны эхээр хийгдэж эхэлсэн билээ.

Шинэчлэгдсэн твиттер хэр санагдаж байна?

Apple-ийн домогт дизайнер Жонни Айв 27 жилийн дараа компаниа орхиж байгаагаа зарлалаа. С.Жобсын хамгийн итгэлт хамтрагчдын нэг байсан тэрээр iPhone, iPod, Mac-ийн дизайныг гаргаснаараа алдаршиж, дизайны салбарт хувьсгал хийсэн бүтээгдэхүүн-төхөөрөмжүүдийг "бүтээсэн" нэгэн. Тэрээр LoveFrom нэртэй фирм байгуулж, Apple-тай хамтран ажилласан хэвээр байх болно хэмээн хэлсэн юм. Энэ мэдээний дараа Apple-ийн зах зээлийн үнэлгээ 9 тэрбум доллараар буурав.

The Verge: Apple-ийн нэгэн эрин Айваар дуусав

Lego-г үүсгэн байгуулагч К.Кристиансений гэр бүл дэлхийн 2 дахь том парк, тоглоомын газрыг сүлжээг эзэмшигч Merlin Entertainment-ийг худалдан авлаа. Лондоны алсыг харагч, Мадам Туссадын лааны тосон музей, Леголанд зэргийг ажиллуулдаг Merlin 6 тэрбум долларын үнэ хүрсэн байна. Тус компани дэлхийн 25 оронд 121 салбартай бөгөөд өнгөрсөн жил 2,1 тэрбум долларын борлуулалттай ажилласан байна

Uber Нигерийн Лагос хотноо завин таксины үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. 22 сая хүн амтай Лагос хотын хувьд нийтийн тээвэр хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд түрээсийн үйлчилгээг гол шийдлүүдийн нэг гэж үзэж буй. Uber завин таксиг энэ жилдээ багтаан Абижан, Дакар хотуудад мөн нэвтрүүлэх зорилготой байгаа гэнэ.

Coca Cola болон China Mengniu Dairy компаниуд 2021-2032 оны хооронд Олимпийн түншээр ажиллах гэрээ байгуулснаа зарлалаа. Уг түншлэлийн өртөг 3 тэрбум доллараар үнэлэгдэж буй нь олимпийн түүхэн дэх хамгийн том гэрээнүүдийн нэгт тооцогдоно. Кола 1928 оноос хойш ОУОХ-той хамтарч буй бол өвөр монголд гол үйлдвэрүүд нь байршсан China Mengniu Dairy анх удаа "таван цагаригийг ашиглах" эрхтэй болж байгаа нь энэ.

Эмийн салбарын гигантууд нэгдэж, Abbvie 63 тэрбум доллараар Allergan-ийг худалдан авлаа. Ингэснээр Abbvie тус бүр 20 тэрбум долларын жилийн борлуулалттай Botox, Humira гэсэн брэндүүдийг эзэмших болж байгаа юм. Сонирхуулахад, 3 жилийн өмнө Allergan-ийг 150 тэрбум доллараар худалдан авах саналыг Pfizer тавьж байсан ч удирдлага нь татгалзаж байсан түүхтэй.

Жонатан Айвыг алдсан нь Жобсоос хойшхи хамгийн том хохирол болов

"Toy Story 4" 2 дахь долоо хоногтоо бокс оффисийг тэргүүлж, нийт орлого нь 496 сая долларт хүрэв. Ингэснээр тэд энэ жилийн хамгийн амжилттай киноны жагсаалтад 4-р байрт бичигдэж эхэлсэн нь энэ. Conjuring ертөнцийн 7 дахь бүтээл "Annabel Comes Home" 2-р байрт, найруулагч Д.Бойлийн шинэ кино "Yesterday" 3-р байрт тус тус бичигджээ. Харин Аватарын амжилтыг эвдэх зорилготой шинээр уртасгасан хувилбараа гаргасан Avengers: Endgame 5.5 сая долларын орлогоор топ 10-т шинээр орж ирсэн байна. Тэдэнд бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино болоход 26 сая доллар дутаж байгаа гэнэ.

Харин Хятадын бокс оффисийг 18 жилийн өмнө анх гарсан Японы Жибли студийн бүтээл "Spirited Away" хоёр долоо хоног дараалан тэргүүлэв. Тус анимэйшн дэлхийг байлдан дагуулж буй "Toy Story 4", "Spider-Man"-ийг илүүрхэж, ийм амжилт үзүүлж буй нь гайхалтай. Алдарт уран бүтээлч Х.Мияазакид Оскарын шагнал авчирсан уг кино нь Хятад-Японы улс төрийн тогтворгүй харилцааны улмаас албан ёсоор цацагдаагүй байсаар өдийг хүрсэн юм.

Хойд Америкийн хөгжмийн салбарын статистик мэдээллийн тоймыг Nielsen танилцууллаа. 2019 оны эхний 6 сарын хугацаанд Америкийн сонсогчдын онлайнаар дуу сонссон тоо хагас триллионд хүрсэн нь өмнөх жилээс 39,6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Хамгийн эрэлттэй жанр нь хип хоп/R&B байсан бол Lil Nas-ийн "Old Town Road" бүтээл хамгийн их буюу 1,3 тэрбум удаа тоглуулагджээ. Гэхдээ цомог, пянз, дижитал дууны борлуулалт бүгд буурсныг тэд онцолсон байна.

Sony Pictures дэлхий даяар 144 сая хувь борлуулагдсан тоглоом Final Fantasy-аас сэдэвлэсэн телевизийн кино цувралыг бүтээх болсноо зарлалаа. Тэд энэ үеэрThe Expanse, The Witcher-ийг бүтээгч HiveMind-тай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Одоогоор шинэ цуврал хэзээ гарах нь тодорхойгүй байна.

Дэлхийн хамгийн алдартай энтертэйнмент шоу Glastonbury энэ өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. The Killers, Stormzy, The Cure болон Кайли Миноуги нарын гол артистуудтай уг шоу байгальд ээлтэй хэлбэрээр зохиогдсон нь олны талархлыг хүлээв. Тус наадам пластикаас татгалзаж, 00-ийн асуудлаа ч байгальд ээлтэй хэлбэрээр шийдсэн нь жишиг болохуйц үйл явдал байв.

Эдгээр уран бүтээлчид стриминг тоогоороо тэргүүлэв

Guardian: Г.Тюнберг болон А.Ортиз нар уулзах цагаар
Дэлхийн хамгийн алдартай бас эрэлттэй, мандаж яваа активистууд маш сонирхолтой яриа өрнүүлснийг заавал уншаарай

NYTimes: Путин үнэхээр юу хүснэ вэ?
Оросын ерөнхийлөгчийн туйлын хүсэл юу вэ? Мөнхийн ноёрхол уу, дэлхийг айлгах уу?

Variety: Spider-Man: Far From Home нээлтээ хийлээ
Марвелын ээлжит бүтээл Япон, Хонгконг, Хятадын зах зээлээс 111 сая долларын орлого олов. Уг кино бусад улсад энэ долоо хоногт нээгдэж буй


The Verge: Google, Udacity-ийн үүсгэн байгуулагчдын стартап Boeing-той хамтарна
Kitty Hawk нэртэй энэ компани нисдэг машиныг ахин шинээр тодорхойлохыг хүсэж байгаа билээ

Konbini: Breaking Bad эргэн ирэх үү?
Киноны гол дүрийн жүжигчид үүнийг үгүйсгэсэнгүй. Хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн цуврал бүрэн хэмжээний кино болж магадгүй

Techcrunch: Ханс Зиммер BMW-д зориулж хөгжим зохиожээ
Холливудын хамгийн алдартай хөгжмийн зохиолч цахилгаан машины ирээдүйг ийн төсөөлж байна

Vox: Appolo-ийн авчирсан чулуу хэрхэн сансар судлалыг өөрчилсөн бэ?
Саран дээр хүн газардсаны 50 жилийн ойн хүрээнд NASA хамгийн чухал олдвороо нээлттэй болгов. Харин бид ач холбогдлыг нь бүрэн мэдэх бил үү?

Poynter: Ардчилсан намын мэтгэлцээний ялагчид ба ялагдагчид
2020 оны сонгуульд өрсөлдөхийг хүсэж буй 20 нэр дэвшигч анх удаа мэтгэлцээнд оролцов. Хэн ялгарч, хэн илүүрхсэн бэ?

CNN: Apple Mac-ийн үйлдвэрлэлээ Хятад руу шилжүүллээ
Худалдааны дайны ид өрнөл дунд Apple хамгийн чухал төхөөрөмжийн үйлдвэрлэлээ Америкаас Хятад руу шилжүүлж байгаагаа зарлав


The Ringer: NBA Free Agency-ийн эргэн тойронд
К.Дюрант, К.Ирвинг Брүүкинд нэгдэж, Бостон К.Уолкерийг өөрийн болгов. Эдгээр болон бусад шилжилтийн мэдээг эндээс нэгтгэн үзээрэй

5088   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.