Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   07 сарын 22, 2019

Онцлох бизнес: Эко Эрдэнэ - Зэрлэг жимсээр үйлдвэрлэв

Эко амьдралын хэв маяг өдрөөс өдөрт дэлгэрэхийн хэрээр төрөл бүрийн шинэ содон, хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрэх боллоо. Энэ удаагийн дугаартаа бид байгалийн зэрлэг жимсийг ямар ч химийн нэмэлтгүйгээр боловсруулж чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэдэг нэгэн байгууллагыг онцолж байна. Тэр бол "Эко Эрдэнэ" юм. Тус бизнесийн үүсгэн байгуулагч Б.Билгээ, гүйцэтгэх захирал О.Мишээл нартай ярилцсаныг хүлээн авна уу.

Бизнесийн нэр: "Эко Эрдэнэ" ХХК
Хаяг: Нэрийн дэлгүүр 1: "Будда Виста" дахь "Будда маркет", Нэрийн дэлгүүр 2: Central Tower-ийн 3 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Байгалийн жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан: 2000
Үүсгэн байгуулагч: Б.Билгээ
Цахим хуудсууд: www.ecoerdene.mn, Фэйсбүүк: Eco-erdene fresh juice and berries, Инстаграм: @eco_erdene

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ЯАЖ ОЛСОН БЭ?

Б.Билгээ: Би хүнсний технологич мэргэжилтэй. Одоогоос 51 жилийн өмнө Москвагийн Хүнсний Технологийн Дээд Сургуулийг инженер, технологич мэргэжлээр төгссөнөөс хойш насаараа хүнсний салбарт ажиллаж байна. 90-ээд онд байгалийн зэрлэг жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг газар байгаагүй. Социализмын үед ийм төрлийн үйлдвэр байсан боловч зах зээлд шилжээд алга болсон юм. Тэр үед л Монголд ургасан жимсийг боловсруулахгүй байна, Монголд ургасан жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байна гэж бодож энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсэх болсон. Мэргэжлийн хүний хувьд салбартаа юу хэрэгтэй байгааг мэдэрсэн гэх үү дээ. Тэгээд зэрлэг жимсийг гэрийн нөхцөлд биш, үйлдвэрийн аргаар боловсруулахаар “Эко Эрдэнэ” компаниа байгуулсан юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Б.Билгээ: Би 2000 онд хуурай дүүгийнхээ хамтаар хөрөнгө босгон "Эко Эрдэнэ" компаниа байгуулж байсан юм. Анх уураар даралт үүсгэдэг цахилгаан тогооноос өөр зүйлгүй, жимсээ гар аргаар шүүсэлдэг байв. Хэсэг хугацааны дараа дүү маань хувиа аваад компанийг орхиж өөрийн бизнестэй болсон. Үүнээс хойш манай компани зуун хувь манай гэр бүлийн мэдэлд шилжсэн юм.

Танай үйлчилгээний онцлог давуу талууд?

Б.Билгээ: Бид бүтээгдэхүүндээ ямар нэгэн будагч, нөөшлөгч зэрэг элдэв химийн бодис нэмэлтээр хэрэглэдэггүй, байгалийн зэрлэг жимсийг цэвэр жимс чигээр нь чанамал, шүүс болгон үйлдвэрлэдэг. Манай компани дэлхийн стандартад нийцсэн хүнсний аюулгүй сав баглаа болох шилэнд бүтээгдэхүүнээ савладаг. Байгалийн үнэт чанарыг нь алдагдуулахгүйгээр чацарганыг чихэржүүлж, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэх онцгой эрхийг улсдаа анх удаа авч байсан түүхтэй. Байгалийн зэрлэг жимс болох чацаргана нь поливитамин өндөр хэмжээгээр агуулдаг тул хүний биед нэн хэрэгцээтэй жимс хэмээн тооцогддог. Манай нөөшлөгчийн үүргийг сахар гүйцэтгэдэг. Сахар нь өөрөө химийн гаралтай биш, ургамалын гаралтай учир нөөшлөгч, консервологч үүргийг гүйцэтгэдэг. Аньс, нэрс, чацаргана нь угийн исгэлэн жимс, мөн исэх үйл явц хүчтэй явагддаг тул бид үүнийг зогсоох үүднээс сахарыг хэрэглэдэг юм. Манай Монгол орны хөрс эрүүл тул элдэв бордоо хэрэглэдэггүй. Ер нь ч тэгээд Хөвсгөлийн тайгад очоод хэн бордоо хийгээд зогсох вэ дээ. Иймээс бид байгалийн энэ сайхан бэлгийг тэр чигээр нь хүмүүст хүргэдэг.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

О.Мишээл: Бид 2004 оноос эхэлж Япон улсад чацарганын цэвэр шүүсийг чихэргүйгээр экспортолсон. Одоо ч гэсэн экспортолж байгаа. Үүнийхээ хүчинд өөрсдийн гэсэн байртай ч болж, тоног төхөөрөмжөө шинэчлэн хагас автомат болгосон юм. Бидний ойрын зорилго бол бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах. Одоогоор гурван төрлийн жимсээр бүтээгдэхүүн хийж байна. Гэхдээ мэдээж энэ гурваас өөр Монголын хөрсөнд ургасан жимс олон бий тул тэдгээрийг ашиглахыг хүсэж байна. Жишээлбэл манайхны “чонын элэг” гэж ярьдаг далан хальст жимс, нохойн хошуу зэргийг авахаар гэрээ хийсэн.
Мөн “Органик” гэсэн баталгаажилт хийлгэхээр зорьж байгаа.

Цаашид бид экспортоо ч нэмэгдүүлэх зорилготой. Одоогийн байдлаар манай бүтээгдэхүүнийг Тайваньд судалж байна. Монгол орны баялаг болох гурван жимсийг ашиглан Улаанбаатар хотын хүн их цуглардаг цэгүүдэд “Juice Corner” нээх зорилготой. Шүүсийг тэр дор нь найруулаад хэрэглэгчдэд шууд уух зориулалттайгаар өгнө гэсэн үг. Одоогоор эхний салбараа Зайсангийн “Будда маркет” дээр нээсэн, дараагийн салбараа “Central Tower”-ийн гурван давхарт тун удахгүй нээх гэж байна. Манай нэг бүлэг зорилтот хэрэглэгч бол хүүхдүүд. Тиймээс бүтээгдэхүүнээ сургууль, цэцэрлэгүүдэд их өгдөг юм. Хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлөх олон витамин байдаг тул өөрсдийн бүтээгдэхүүнийг тэдний өдрийн хоолны нэг хэсэг болгохыг зорьж байна.

Түүнчлэн манай жимсний чанамлыг зорьж хэрэглэдэг хүмүүс их бий. Бид савлагаагаа шинэчлэн жижиг буюу 20 граммаар гурван төрлийн жимсний чанамал гаргаж агаарын тээвэр, жуулчны бааз, зочид буудлуудад нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Дээр дурдсан бүх зүйлс нийлээд манай энэ жилийн төлөвлөгөө гэж болно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Б.Билгээ: Үнэнч шударга байх. Бид нар элсэн чихрээс өөр юу ч холихгүй байгаа гэдэг бол үнэн. Байгаль ийм сайхан зүйл өгч байхад дээр нь химийн бодис хийх шаардлагагүй. Манайх технологио хатуу барьдаг. Бас бид сав баглаа боодлоо аюулгүй, хүний биед ээлтэй байлгахыг хүсэж шилэн сав ашигладаг. Өдгөө дэлхий даяар хуванцар саваас татгалзаж байгаа шүү дээ.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

О. Мишээл: Саяхан хаяг, сав баглаагаа шинэчилсэн. Шинэчлэл маань хэрэглэгчдэд их таалагдаж, манай бүтээгдэхүүн "ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2019" олон улсын үзэсгэлэнгээс “Онцлох сав баглаа боодол”-той бүтээгдэхүүнээр шалгарсан шүү. Одоо бид 2019 оны шинэ ургац хүлээх авах бэлтгэлээ хийхээс гадна хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн дээр төвлөрч ажиллаж байна. Жишээ нь одоо ашиглаж буй жимснүүдийн алинд нь зөгийн бал зохицох вэ гэдгийг судалж байна. Ер нь туршил, судалгааны ажлыг нэлээд эрчимтэй хийж байна. Чацаргана гэхэд C витамины агууламж өндөртэй учир аскорбины хүчил идэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Аньс бол эрдэс бодис ихтэй учир ханиаданд хэрэглэдэг. Нэрс бол биологийн идэвхт бодис ихтэй, дархлаа дэмжихэд хэрэглэдэг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Б.Билгээ: Байгалийн зэрлэг болон тарималжуулсан жимсний нөөцөд тулгуурлан хэрэглэгчдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэдэг урамтай ажил.

Нөгөөтээгүүр, бид гурил будаа шиг хялбархан олддог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Өөрөөр хэлбэл жимс нь өөрөө улирлын чанартай байдаг. Улс даяар бэлтгэх нэгдсэн систем байхгүй учраас намар ургац хураах үед л жимсээ нөөцөлж авах боломжтой байдаг. Энэ нь жижиг үйлдвэрүүдэд их хэмжээгээр жимсээ нөөцлөх гэсэн эргэлтийн хөрөнгөө удаан хугацаанд түгжих маягийн шаардлагыг тулгадаг. Үүнтэй холбоотойгоор бодсон санасан хэмжээндээ тултал үйлдвэрлэл явуулахад хэцүү байдаг.

ЗАРИМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

О.Мишээл: Аньсны өтгөрүүлсэн шүүс өвлийн улиралд, харин нэрсний чанамал улирал үл хамааран борлуулалт өндөртэй байдаг. Манай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг олон хэрэглэгч байдаг. Тэд бидэнд урмыг үг их хэлдэгт их урамшдаг шүү. Цөөн тооны хүмүүсээс сахар их байна, сахараа багасгаач гэдэг санал ирдэг юм. Гэвч сахар нь химийн гаралтай биш, ургамлын гаралтай учир нөөшлөгч, консервологчийн үүргийг гүйцэтгэдэг. Аньс, нэрс, чацаргана нь өөрөө исгэлэн жимс, мөн исэх процесс хүчтэй явагддаг тул үүнийг зогсоох үүднээс сахарыг хэрэглэдэг юм. Үүнийг хэрэглэгчид маань ойлгоосой гэж хүсэж байна.

ижил төстэй бизнес эрхлэгчдЭдээ ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА?

Б.Билгээ: Хуванцар саваас аль болох татгалзаж, хүнсний аюулгүй сав хэрэглээрэй. Элдэв химийн бодисоос бас боломжоороо татгалзаасай хэмээн хүсэж байна.

4823   1


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.