Юм хэрхэн бичих тухай уншиж явахад "The War of Art" номыг уншихыг зөвлөсөн байх нь их. "The Art of War" хэмээх сонгодог бүтээлийн нэрээр "тоглосон" байж болох гарчигтай энэ бүтээлээрээ Стивэн Прессфилд урлаг бүтээнэ, зохиол бичнэ, бүтээлч ажил хийнэ гэдэг бол дайнаас өөрцгүй хүнд хүчир, сахилга бат шаардсан зүйл гэдгийг илэрхийлжээ. "Break Through the Blocks and Win Your Inner Creative Battles" хэмээх дэд гарчгийг нь л харахад бүтээл хийх гэж гацсан, дотроо зөрчилдсөн үедээ яаж урагшлах вэ гэдгийг өгүүлэх нь ойлгогдоно. Энэ бол зөвхөн зохиолч, бичээч хүмүүст төдийгүй бүтээлч байхыг эрмэлздэг хүн болгонд хамаатай ном билээ.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

"Gates of Fire", "Tides of War" зэрэг өндөр үнэлэгдсэн түүхэн романуудыг бичсэн Стивэн Прессфилд анхны хөлс буюу анхны пеннигээ олтлоо 17 жилийн турш, анхны роман болох The Legend of Bagger Vance-ийг хэвлүүлтлээ 27 жилийн турш бичжээ. Энэ хугацаанд 11 мужид 21 өөр ажил хийж байсан гэдэг. Тухайлбал, сургуульд хичээл зааж, трактор жолоодож, зар сурталчилгааны ажил хийж, Холливудад киноны бичээчээр ажиллаж байж. Нэг хэсэг усгүй, цахилгаангүй, хаалга, цонхгүй сарын 15 долларын түрээстэй байшинд хүртэл амьдарч байсан бөгөөд энэ бүх хугацаанд тэр бичсээр л байжээ. Өөрөөр хэлбэл тэр зохиол бичих, бүтээл хийх үйлсэд асар олон жил уйгагүй зүтгэж, хал үзэж халуун чулуу долоосон туршлагаа энэхүү бэсрэг номдоо нэгтгэн базсан байна.

Номоо хэрхэн бичсэн тухайд өөрийн сайт дээрээ тэр ингэж бичжээ: "Найзууд маань надад нэг номын санаа байна гэсээр ирдэг байлаа. Би тэдэнд туслахыг хичээж шөнийн 2 цаг хүртэл сууж Эсэргүүцлийн хүчний (Resistance) талаарх ойлголтыг ярьж, эргэлзээ, айдсаа хэрхэн даван туулах тухай сэтгэл зүйг нь дасгалжуулдаг байлаа. Бараг 10 найздаа ийм байдлаар зөвлөсөн байх. Мэдээж нэг нь ч ном бичээгүй. Үгүй, нэг хүн бичсэн юм байна. Гэвч номыг нь хэвлэх хэвлэлийн газар олдоогүй юм даг. Сүүлдээ би ингэж дасгалжуулах ажлаасаа залхав. Тэгээд өөртөө 'Стив чи яагаад бусдад зөвлөөд байгаа энэ зүйлээ номын хэлбэрт оруулж болохгүй гэж. Хэн нэгэн чамд өөрийгөө зохиолч болж чадна гэж бодож байна, зөвлөгөө өгөөч гээд ирэхэд нь зүгээр л үүнийг унш гээд гардуулах хэрэгтэй' гэж хэлсэн юм."

НОМЫН ТУХАЙ

Өмнө дурдсанчлан, Стивэн Прессфилдийн томьёолсон Resistance буюу Эсэргүүцлийн хүч бол бүтээлч байдлын дайсан буюу урт хугацааны, бэрх, өөрт буюу бусдад хэрэг болох ажлыг хийх үед бидний дотор буй болдог тэр зүйл юм. Энэ Эсэргүүцлийн хүч ямар шинж чанартай, биднийг бүтээлч ажил хийхээс хэрхэн хазаарладаг болохыг зохиогч дэлгэрэнгүй өгүүлжээ. Харин номын хоёр дахь бүлэгт сонирхогч ба мэргэжилтэн хоёрын ялгааг нарийн гаргаж, гурав дахь бүлэгт онгод, урам зоригийн тухай өөрийн бодол санааг хуваалцсан байна. Товчхондоо энэ номоос бүтээл хийнэ гэдэг суу билиг, авьяасын тухай ойлголт бус, ажиллаж гараасаа юм гаргахын нэр гэсэн санааг та бүрэн дүүрэн ойлгох болно.

Хэлбэрийн хувьд тийм зузаангүй, олон дэд гарчигт хуваасан хялбар уншихуйц бүтээл юм. Зохиогч бээр үе үе өөрийн түүх, туршлагыг товч хүүрнэх бөгөөд зарим хэсэгт өөрийн эрхгүй инээд хүрч байсныг онцлууштай.

ЗАРИМ ЭШЛЭЛҮҮД

эрвээ чи өөрөөсөө, найзуудаа "Би үнэхээр зохиолч уу? Би үнэхээр артист уу?" гэж асууж байвал чи үнэхээр мөн байх магадлалтай.
Хуурамч бүтээгчид (counterfeit innovator) өөртөө дэндүү итгэлтэй байдаг. Харин жинхэнэ нь дотроо үхтэлээ айж байдаг юм." 39-р тал

эг нь Сомерсет Маугамаас та цагийн хуваарийн дагуу бичдэг үү, онгод орж ирэхээр бичдэг үү гэж асууж л дээ. Тэгсэн хариуд нь "Би зөвхөн онгод буух үед л бичдэг. Аз болоход онгод минь өглөө бүр яг 9 цагт буудаг юм" хэмээн хариулсан гэдэг." 64-р тал

иднийг мэргэжлийн хүн болоход Эсэргүүцлийн хүч яагаад бууж өгдөг вэ? Учир нь Эсэргүүцлийн хүч бол зүгээр л дээрэлхүү нэгэн юм. Түүнд өөрийн хүч чадал гэж байхгүй бөгөөд хүч чадал нь бидний айдсаас үүдэн гардаг. Давжаа биетэй мангардуу хүн ч өөдөөс нь сөрөн зогсоход дээрэлхүү нэгэн нүүр буруулах болно.

Мэргэжлийн хүн байхын мөн чанар нь гагцхүү ажил ба түүнээс урган гарах үүрэг хариуцлагад төвлөрөхөд л оршдог. Эртний спартчууд өөрсдийгөө сургахдаа ямар ч дайснаа нэр ч үгүй, нүүр ч үгүй хэмээн итгүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл тэд ажлаа л хийж байвал дэлхий дээрх ямар ч хүч тэдний өөдөөс сөрж чадахгүй гэж итгэдэг байсан хэрэг." 99-р тал

го гэдэг Эсэргүүцлийн хүчийг төрүүлдөг ба өндийн гарч ирж буй артист руу довтолдог." 141-р тал

үтээлч ажил (creative work) гэдэг бол амиа хичээсэн үйл, анхаарал татах гэсэн оролдлого биш юм. Энэ бол дэлхий ертөнцөд, үүн дотор оршин амьдарч буй хүн бүрд хүртээх бэлэг юм. Өөрийн өгөх учиртай зүйлийг бүү талаар болгогтун. Юу байгаагаа бидэнд өгөгтүн." 165-р тал