Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   07 сарын 25, 2019

Мэдүүштэй: Бүтээмжийг дээшлүүлэх 5 сонгодог арга

Аливаа үр дүнд хүрэхэд нууц гэж байдаг бол тэр нь нэг зүйлд маш сайн төвлөрөх болохыг агуу уран барималч Микелажело Буонаррато өөрийн амьдралын түүхээр харуулсан билээ. Тэрбээр өөр юунд ч сатааралгүй зөвхөн баримлаа барин суудаг байжээ. Харин суут хөгжмийн зохиолч Моцартын арга барил огт өөр байв. Хэд хэдэн томоохон бүтээлийг нэгэн зэрэг бичиж, олон ажлыг нэг дор амжуулдаг байсан аж. Үүнээс үзэхэд хүний амьдралын хэв маяг, бие физиологийн онцлогоос шалтгаалан бүтээмжтэй байх ялгаатай арга барилууд байдаг ажээ. Энэ удаа бид бүтээмжийг дээшлүүлэх таван шилмэл аргыг танилцуулж байна. Та бүхэн туршиж үзээд өөрт тохирсон арга барилаа олоорой.

Getting Things Done (GTD): Ажлыг хийж дуусгах нь

АНУ-ын менежментийн зөвлөх, зохиогч David Allen 2001 онд цагийн менежментийн талаар “Getting Things Done” ном бичсэн нь олны хүртээл болж, дэлхийн 30 гаруй оронд хоёр сая хувь хэвлэгджээ. GTD буюу аливаа ажлыг цуглуулан, ангилж, системчлэх техникээр олон ажлыг цэгцтэй гүйцэтгэж болдог. Энэ аргаар та хийх зүйлсээ одоо төвлөрч буй үүрэг даалгавар, санаанууд, төслүүд, 1-2 жил, 3-5 жилийн зорилго, амьдралын зорилго хэмээн зургаан төрөлд ангилж, тэмдэглэлийн дэвтэр юм уу компьютер дээрээ жагсаалт гаргах учиртай юм. Хэрвээ хоёр минут болон түүнээс бага хугацаа шаардах ажил байвал шууд хийж эхлэхийг зөвлөдөг.

  • Хийж эхлэхэд хэр амархан вэ: Дунд зэрэг
  • Ямар хүмүүст тохиромжтой вэ: Хийх ажил их байгаа ч түүнийгээ хэрхэн зөв хуваарилж, дэс дараатай хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст
  • Давуу тал: Амьдралынхаа бүх зүйлсийг дэс дараатай төлөвлөж, тогтмол хяналт тавих боломжтой
  • Сул тал: Уг аргыг анх удаа турших гэж буй хүмүүст эхлүүлэхэд бага зэргийн хүндрэлтэй байж магад

Дэлгэрэнгүй:
-Дэйвид Аллений ТEDX дээр танилцуулсан бүтээмжийн талаарх илтгэл
-GTD аргыг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай дэлгэрэнгүй нийтлэл
-Getting Things Done номын талаарх видео тойм

Zen to Done (ZTD): Зэн дадлаар гүйцэтгэх нь

Хэрвээ танд GTD арга тохирохгүй байгаа бол ZTD буюу Zen to Done сайн тохирч мэднэ. АНУ-ын зохиогч, блоггер, зургаан хүүхдийн эцэг Лео Бабаута нь Зэнгийн сургаалыг судалж, минималист хэв маягийг эрхэмлэх болжээ. Улмаар өөрийн блогоор дамжуулан энгийн амьдрах тухай, Зэн Буддизмийн талаар тогтмол нийтлэл бичиж, таван ном хэвлүүлснээр TIME сэтгүүлийн оны онцлох блоггероор шалгарч байв. Түүний бичсэн Zen to Done номд ZTG бол аливаа ажлыг хэрхэн системтэйгээр, тодорхой аргачлалын дагуу хийхийг зааварлах биш, энгийн дадлыг бий болгох замаар бүтээмжтэй болгох аргачлал юм гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, GTD нь ажлыг системчлэх тухай бол ZTD нь дадал хэвшилд төвлөрөх тухай юм. Zen to Done аргыг мөрдвөл та өдөрт хамгийн чухал 3 ажлыг (MITs: Most Important tasks) төлөвлөж, түүнийгээ чанартай гүйцэтгэх ёстой. Ингэхдээ аль болох өөрт стресс багатайгаар ажиллаж, төгс хийх гэж хичээхгүй байх нь чухал ажээ. Асуудлыг аль болох энгийнээр харж, сэтгэл санаагаа тайван байлгах нь өндөр бүтээмжтэй байх гол түлхүүр гэж үздэг. Мөн хийж буй зүйлсээ богино хугацаанд өндөр үр дүнд хүргэх гэж хичээх биш, өдөр бүр тогтмол хийж гүйцэтгэх нь зөв дадлыг бий болгож, амжилтад хүрэхэд нөлөөлдөг болохыг онцолдог байна.

  • Хийж эхлэхэд хэр амархан бэ: Амархан
  • Ямар хүмүүст тохиромжтой вэ: Аливааг урт хугацаанд тогтвортойгоор хийхийг хүсдэг, богино хугацаанд үр дүн гаргахаас илүүтэй чанартай, бүтээмжтэй байхад анхаарал хандуулдаг хүмүүст
  • Давуу тал: Зэн дадлыг хэн ч, хэзээ ч эхлүүлэхэд тохиромжтой, амархан, хөнгөн арга юм.
  • Сул тал: Зарим хүний ажлын онцлогоос шалтгаалаад Зэн дадал тийм ч тохиромжтой биш байдаг. Учир нь энэ аргыг сонговол тухайн ажлын цаг хугацааг төлөвлөж, түүнд баригдахаас илүүтэй гүйцэтгэлийн явцыг чухалчлах болдог.

Дэлгэрэнгүй:
-Минимализмын тухай Лео Бабаутагийн оролцсон баримтат нэвтрүүлэг
-Zen to Done аргыг хэрхэн эхлүүлэх тухай дэлгэрэнгүй нийтлэл
-Zen to Done номыг уншсан хүмүүсийн сэтгэгдэл

Pomodoro Technique: Помодоро техник

Германд бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Cirillo Consulting” компанийг үүсгэн байгуулагч Францеско Сирилло хэмээх залуу их сургуульд суралцаж байхдаа хичээлээ хэрхэн үр бүтээлтэй хийх талаар судалж эхэлжээ. Олон цаг тасралтгүй ажиллах нь хүний бие физиологид үр дүнгүй, уршигтай болохыг олж мэдсэн тэрбээр “Pomodoro” хэмээх аргыг бий болгосон байна. Pomodoro гэдэг нь италиар улаан лооль гэсэн үг ажээ. Уг техникийг хэрэгжүүлэхэд тун хялбар. Та 25 минутын турш өөр зүйлд сатааралгүй зөвхөн хийж буй зүйлдээ төвлөрөх ёстой. Ингэхийн тулд утсан дээрээ сэрүүлэг тохируулж болох юм. Ингээд 25 минутын дараа таван минутын завсарлага авч, ус уух юм уу хөнгөн дасгал хөдөлгөөн хийх зэргээр түр сатаарах хэрэгтэй. Үүний дараа буцаад ажилдаа орж 25 минутын турш төвлөрнө. Энэ байдлаар дөрвөн удаа завсарлага авсны эцэст 15-30 минутын амралтыг өөртөө өгч болно. Зарим хүмүүст 25 минут ажиллаад завсарлага авах нь гүн төвлөрсөн байдлыг тасалдуулж бүтээмж бууруулаад байгаа мэт санагддаг тул хугацааг нь бага зэрэг хойшлуулж өөртөө тааруулж болох юм.

  • Хийж эхлэхэд хэр амархан бэ: Амархан
  • Ямар хүмүүст тохиромжтой вэ: Анхаарал төвлөрөл муутай, өөр зүйлд амархан сатаардаг хүмүүст
  • Давуу тал: Хэт ачаалалтай ажиллахаас сэргийлж, энергиэ нөхөх боломжийг олгоно. Ажил, амралтыг хослуулан бүтээмжтэй байх тэнцвэрийг бий болгоно.
  • Сул тал: Аливаа ажлыг хайрцаглаж, дунд нь завсарлага авах байдлаар ажиллах болдог тул шахуу хуваарьтай, ачаалалтай ажилладаг хүн хэрэгжүүлэхэд хэцүү. буй хүнд хэрэгжүүлэх боломжгүй.

Татах: IOS / Android

DON’T BREAK THE CHAIN: ГИНЖИЙГ БҮҮ ТАСАЛ

АНУ-ын хошин шогч, жүжигчин Жерри Сейнфилдийн дэлгэрүүлсэн арга бол Don’t break the chain юм. Тэрбээр нас залуу, өөрийгөө таниулах гэж хичээдэг байх үедээ жил бүрийн нэгдүгээр сард өрөөнийхөө ханан дээрээ том календарь өлгөж, өдөр бүр нэг хошигнол бичиж байх зорилт тавьдаг байжээ. Тэгээд энэ даалгавраа биелүүлсэн өдрөө улаан балаар X тэмдэглэгээ хийдэг байсан аж. Улмаар дараалсан өдрүүдэд Х тэмдэглэгээ хийж чадвал энэ нь гинж мэт үргэлжилж, улам тууштай хийх сэдлийг өгдөг байна. Гэхдээ зарим тохиолдолд улаанаас өөр өнгөөр тэмдэглэж болох гэнэ. Тухайлбал, бие өвдөх юм уу гэр бүлтэйгээ амарсан бол сард 1-3 удаа ногоон өнгийн тэмдэглэгээ хийж болох юм. Хамгийн гол нь гинжийг таслахгүйгээр төлөвлөсөн ажлуудаа хийх юм.

  • Хийж эхлэхэд хэр амархан бэ: Амархан
  • Ямар хүмүүст тохиромжтой вэ: Шинэ дадал хэвшүүлэхээр зэхэж буй хүмүүст
    Давуу тал: Хийж буй зүйлсээ хойшлуулж, цагийг нь тулгадаг хүмүүст тун тохиромжтой. Мөн урт хугацаанд өдөр бүр давтсанаар урт хугацаанд таатай үр дүн гаргах зорилтууд дээр хэрэгжүүлбэл тун тохиромжтой арга юм. Тухайлбал жингээ хасах, шалгалтад бэлтгэх, өглөө эрт босох гэх мэт.
  • Сул тал: Энэхүү арга нь өдөр бүрийг нарийн төлөвлөдөг хүмүүст хэт ерөнхий санагдаж мэднэ. Хийх ажлын жагсаалтаа цагийн хуваарийн дагуу гаргадаг хүмүүст тохиромжгүй.

Татах: IOS / Android

Personal Kanban: Канбан

Энэхүү арга нь Toyota компанийн бий болгосон төслийн менежментийн систем юм. Аливаа албан байгууллага, хувь хүнд хийж буй ажлынхаа үйл явцыг тодорхой мэдэж, гүйцэтгэлийн түвшингээ байнга хянаж байх шаардлага гардаг. Канбан арга нь ажлын үйл явцыг тодорхой болгоход туслах хамгийн зөв арга юм. Та том самбарыг гурав хуваагаад To Do, Doing, Done буюу хийх ажлууд, хийж буй, хийсэн гэх төлөвт хуваах хэрэгтэй. Ингээд өнгө өнгийн жижиг цаасан дээр хийх ажлуудаа бичээд үйл явцынх нь дагуу дээрх гурван хэсэгт хувааж наана. Ингэснээр ямар ажил хэр гүйцэтгэлтэй явж байгааг том зургаар хянах боломжтой юм. Гэхдээ заавал гурав хуваах албагүйгээр өөртөө ойлгомжтой байдлаар 4-5 хэсэгт задалсан ч болох юм.

  • Хийж эхлэхэд хэр амархан бэ: Амархан
  • Ямар хүмүүст тохиромжтой вэ: Олон ажил эхлүүлсэн ч гүйцэтгэл нь хангалтгүй, удаашралтай байгаа тохиолдолд
  • Давуу тал: Хийж буй ажлынхаа гүйцэтгэлийг том зургаар харах боломжтой.
  • Сул тал: Олон шат дараатай, цаг хугацааны нарийн дэс дарааллын дагуу гүйцэтгэх ажлуудыг тавихад бага зэргийн хүндрэлтэй. Мөн самбар дээр цаас наахдаа эмх цэгцтэй байхгүй бол амархан замбараагүй болж, харахад төвөгтэй болж мэднэ.

Дэлгэрэнгүй:
-Канбан аргыг хэрхэн үр бүтээлтэй хэрэгжүүлэх тухай зөвлөгөө нийтлэл
-"Personal Kanban: Mapping Work Navigating Life" номын талаарх сэтгэгдлүүд


Нийтлэлийг Zen to Done аргаар төлөвлөж, Pomodoro техникийн дагуу бичиж дуусгав.

Эх сурвалж:
www.doist.com, www.teamgantt.com

Холбоотой нийтлэлүүд:
-Бүтээмжид хамгийн чухал нөлөөтэй энергийн менежментийг хэрхэн хийх вэ? #1
-Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль
-Цагийн менежментийн 20 чухал зөвлөгөө

16281   1


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.