Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 26, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - “СИРМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга

Өнөөдрийн дугаартаа бид дэлхийд алдартай Martell, Royal Salute, Chivas, Ballantine’s, Jameson, Absolut, G.H.Mumm, Jacob’s Creek зэрэг 20 гаруй нэр төрлийн брэндийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр нийлүүлж буй “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулгыг урьж ярилцлаа. АНУ ба Японд эдийн засгийн менежментийн чиглэлээр суралцаж, Сингапурт бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан тэрбээр ажиллаж буй салбартаа дэлхийн тэргүүлэх брэндүүдийг таниулах, шинэ соёл, зохистой хэрэглээг түгээхээр шаргуу ажиллаж байна. Ингээд эмх цэгц, зохион байгуулалтыг эрхэмлэдэг залуу захирлын ажлын арга барил, дадал хэвшилтэй танилцацгаая.

Байршил: Монгол Улс, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: “СИРМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Франц, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудсууд: Nasantulga Siizkhuu (Facebook), Nasantulga Siizkhuu (Linkedin)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ТАНЬ ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Би аливаа асуудлын эцсийн шийдлийг гаргахдаа судалгаа шинжилгээ сайн хийж, эрсдэлүүдийг сайн тооцох хэрэгтэй гэж боддог. Нэг хүн дээр төвлөрөхөөс илүүтэй баг хамт олны ажиллагаа, үүрэг хариуцлагыг чухалчилж багийн системээр ажилладаг. Хүмүүстэй ажиллахдаа албан тушаалыг харгалзахгүйгээр түгээгчээс эхлээд менежер хүртэлх багийн гишүүн болгонд хүрч ажиллахыг эрмэлздэг дээ. Тиймээс ажлын өрөөний хаалгаа үргэлж нээлттэй байлгахыг хичээдэг.

Ажлын өдрөө өглөө имэйл, ажлын тайлангаа шалгахаас эхлүүлдэг. Компанийн борлуулалт, санхүү, бусад өдөр тутмын тайлантай танилцаад 10 цагаас хурлаа хийнэ. Ингээд даваа гарагаас авхуулаад менежмент, борлуулалт, маркетингийн багтайгаа нэг бүрчлэн уулзахаас гадна бусад хамтрагч байгууллагуудтай хийх уулзалтуудаа үдээс хойш зохион байгуулдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Имэйл бичих болоод бусад ажлын төлөвлөгөөг гаргахдаа Outlook-ийг түлхүү ашигладаг. Харин ажлын харилцаа холбоо тогтоохдоо Wechat, Viber, мөн дотоод сүлжээний чатаа хэрэглэдэг юм байна. Ернь ихэнх ажлаа Microsroft Excel, Outlook програмууд дээр амжуулж байна даа.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Техник, технологийн асар хурдтай хөгжлийг дагаад бидний амьдралын хэв маяг өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Энэ хөгжлөөс хоцрохгүйн тулд ажлаа маш сайн төлөвлөх нь чухал. Цагийг үр бүтээлтэй, зөв ашиглах нь зөвхөн цаг хэмнээд зогсохгүй хувь хүн, хамт олон, байгууллагын хөгжилд эерэг нөлөө ихтэй. Тиймээс оновчтой төлөвлөлт гэж хариулъя.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ажлын төлөвлөгөөгөө ихэвчлэн ажил дээрээ багийнхантайгаа сууж байгаад гаргадаг. Ингэхдээ Microsoft Excel програм дээр гаргадаг. Харин өдөр тутмын хурлын шийдвэр, төрөл бүрийн уулзалтуудын цагийн хуваарийг тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэдэг юм байна. Сөхөж харахад амар гээд ажлын ширээн дээрээ "Монгол менежер" дэвтрийг байнга тавьдаг юм. Харин гадуур явахдаа Outlook програмын Calendаr, гар утасныхаа Note дээр тэмдэглэл, бүртгэл хийдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Бага байхад аавын минь найз надад шуудангийн марк, ном бэлэглэснээс хойш марк цуглуулах сонирхолтой болсон юм. Энэ үед дуртай зүйлээ хайрлан хамгаалж, олон ширхэг маркийг эмхэлж цэгцлэхийг сурсан. Аав, ээж хоёр маань ч дуртай зүйлээр минь дамжуулан аливааг эмх цэгцтэй, дэс дараатай хийх дадлыг төлөвшүүлж өгчээ гэж боддог. Эмх цэгцтэй, зохион байгуулалттай байх тал дээр сайн шүү.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эх орондоо бизнес эрхэлнэ гэдэг улсдаа татвар төлж, нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулж буй хэрэг боловч хууль эрх зүй, татвар, мэргэжлийн хяналттай холбоотой олон асуудал тулгарах нь бий. Тэр дундаа шингэн хүнсний салбарынхан илүү олон бэрхшээлтэй тулгардаг. Бидний ажил хүний эрүүл мэнд, хоол хүнстэй салшгүй холбоотой учраас татвар хураамж, хяналт, хариуцлага маш өндөр байх нь аргагүй. Мөн архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах хориотой учраас бизнесээ бусдад таниулахад хүндрэлтэй байдаг.

Түүнээс гадна манай улсад хилийн чанадаас хууль бусаар чанаргүй, хуурамч, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж зах зээлд нийлүүлж байгааг цэгцлэх шаардлагатай байгаа. Ингээд яривал энэ салбарт шийдэх ёстой олон асуудал байгаа нь үнэн. Гэхдээ бид асуудал бүрийн даван туулах арга замыг эрэлхийлж, сорилт хэмээн хүлээн авдаг. Манай компанийн нэр болох “CRM” гэдэг үг нь Customer, Responsibility, Multi branding хэмээх үгний товчлол юм. Бид хэрэглэгчдэдээ баталгаатай, сайн чанарын, олон төрлийн бүтээгдэхүүнийг хүргэх зорилгоор дээрх түлхүүр үгсийг товчлон оруулсан. Энэ хүрээнд бид чанартай бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчдэд зөв зохистой хэрэглээг түгээж, шинэ соёлыг бий болгохыг хичээсээр ирлээ. Хэдэн мянган жилийн дарсны хэрэглээтэй Европын орнуудын дэргэд сурах зүйл бидэнд их бий.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид энэ ондоо брэндүүдийнхээ нэр төрлийг нэмэхээс гадна тодорхой хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр төвлөрөн ажиллаж байна. Хэрэглэгчид өмнө нь гаднын томоохон брэндүүдийн олон нийтэд танигдсан бүтээгдэхүүнийг сонирхдог байсан бол одоо аль болох олонд танигдаагүй, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, гэр бүлийн бизнесийн хүрээн дэх онцгой бүтээгдэхүүнийг сонирхдог болсон байна. Тиймээс бид Франц улсын алдартай коньяк Braastad, Ирланд улсад чанар, нэр хүндээрээ дээгүүрт ордог Teeling нэрийн вискиний албан ёсны эрхийг авахаар ажиллаж байна. Саяхан бид Испани улсын Vicente Gandia хэмээх дарс үйлдвэрлэгч компанийн Sandara хэмээх дарсны таван төрлийг зах зээлд танилцууллаа. Энэ бүтээгдэхүүн хатуулаг багатай хийжүүлсэн дарс гэсэн шинэлэг байдлаараа хэрэглэгчдийн сонирхлыг их татаж байгаа.

Манай бизнесийн нэг онцлог нь хэрэглэгчдэд эхлээд тухайн бүтээгдэхүүнийг зүй зохистой хэрэглэх соёлыг таниулах шаардлагатай байдаг. Бид дарсыг эмчилгээний журмаар, хоол, хүнсэндээ болон баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хэрэглэж заншаад удаагүй. Харьцангуй богино хугацаанд зөв хэрэглэдэг болоод байна. Харин вискиний хувьд сайн, мууг нь ялгахгүйгээр хямд, их савлагаатайг сонгох нь түгээмэл. Бид өмнөхөө бодвол зохистой хэрэглээг ойлгож, суралцаж эхэлж байна. Гэхдээ цаашид суралцах зүйлс олон бий. Дэлхий дахинд энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл өсөлттэй байгаа. Олон улсад энэ төрлийн бизнесийн гол чиг хандлага нь Азийн зах зээл рүү чиглэж, Ази хүмүүст зориулсан коньяк, виски, дарсыг үйлдвэрлэж байна. Түүнээс гадна жижиг тариалангийн талбайтай, сайн чанарын бүтээгдэхүүн гаргадаг гэр бүлийн бизнесүүд хүчээ авч эхэлсэн.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Орчин үеийн гүйцэтгэх захирлуудыг жилд 60-аас доошгүй ном уншихыг зөвлөдөг юм билээ. Хувь хүн аль болох өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргах ёстой учраас бололцоо гарвал хэрэгтэй номоо уншихыг хичээдэг. Тиймээс гадагш ажлаар явах болгондоо хувь хүний хөгжил, бизнесийн чиглэлийн ном худалдан авч уншдаг даа. Хамгийн сүүлд "Art of strategy" гэдэг номыг уншсан юм байна. Аливаа компанийг удирдахдаа ирээдүйн төлөвлөгөө, алсын хараагаа нарийн нягт боловсруулах хэрэгтэй учраас стратеги төлөвлөлт гэдэг маш чухал болох тухай уншсан. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Growth Summit” арга хэмжээний үеэр зохиолч Кристиане Корреагийн бичсэн "Dream Big" номын монгол орчуулгыг оролцогчдод тараасныг уншиж байна. Бразилын бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, энтрепренерүүдийн талаар тус улсын эдийн засгийн сэтгүүлчийн бичсэн сонирхолтой ном байна лээ.

ТА АЖИЛЛАХ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Төвлөрөхөд тус дөхөм болдог учраас ажиллаж байх үедээ хөгжим сонсох дуртай. Гэхдээ хэт их хэмнэлтэй орчин үеийн дуу биш төгөлдөр хуурын ая, жааз аялгуу гээд ихэнхдээ сонгодог хөгжим сонсдог доо.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Нойр гэдэг яахын аргагүй бүтээмжтэй холбоотой. Ажлын найман цагтаа бүтээмжтэй, эрч хүчтэй байхын тулд сайн амарч, нойр авах нь чухал. Гэхдээ амарна гэдэг унтаад л байхыг хэлэхгүй. Тархиа сайн амраах тухай юм. Гэр бүлтэй болсноосоо хойш өөрийнхөө ажил, амрах хуваариас илүүтэй хүүгийнхээ унтаж амрах цагт тааруулан нойроо авдаг болсон доо. Тиймээс оройдоо ихэвчлэн 23 цагаас өмнө унтаад өглөө 7 цагт босдог. Аль болох л найман цаг унтаж амраад босохыг хичээдэг юм. Бүтээмж бол нэг бүхэллэг ойлголт биш, том циклийн нэг хэсэг гэж хэлж болно. Тэр цикл нь хувь хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, хувийн зохион байгуулалт гэх мэт бүрдлүүд багтсан цогц зүйл учраас тэр бүхний тэнцвэрийг хадгалан, нэг бүрчлэн анхаарал тавих хэрэгтэй гэж боддог. Энэ болгондоо жигдхэн анхаарч чадвал хүн цөөн цаг ажиллаад өндөр бүтээмжтэй байх боломжтой.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ажиллаагүй үедээ аль болох гэр бүлийнхэнтэйгээ аялах дуртай. Амралтын өдрүүдээрээ хааяа сагс тоглож, спортоор хичээллэдэг. Ажлынхандаа, гэр бүлийнхээ фитнесст явна гэсэн амлалт өгсөн ч биелүүлж амжаагүй л явна. Тиймээс энэ зун ажиллаагүй үедээ фитнесс клубт явах төлөвлөгөөтэй байна.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Урам зоригийг заавал том зүйлээс, эсвэл мундаг хүнээс авах учиртай гээд хүлээгээд байх хэрэггүй болов уу. Өдөр тутам хийдэг энгийн, жижигхэн зүйлээс ч эрч хүч авж болно шүү дээ. Бүх зүйл хоёр урсгалтай. Юу ч хийсэн түүнээсээ суралцаж, ганц ч гэсэн зүйлийг мэддэг болж байж хүн цааш хөгжинө. Гэр бүлтэйгээ хамт очиж үзээгүй газраараа аялж, шинэ зүйлстэй танилцах нь надад урам зориг өгдөг. Аялал хүнд амьдарч байгаа орчноо гаднаас нь харж, хайрцагнаасаа гарч сэтгэх боломжийг олгодог шүү дээ. Аялалд явах нь биеийг амраахаас илүү сэтгэл санааг баясгаж, дараагийн ажилдаа эрч хүчтэй орох сэдэл болж өгдөг. АНУ-д сурч байхад үед тэндхийн хүн бүр бусадтай чөлөөтэй харьцдаг, ямар ч зүйлийг хийж турших боломж чөлөөтэй байсан нь их урам өгч байлаа. Харин Японд бүх зүйл нь дүрэм журмын тодорхой хязгаарлалт, хаалттай байсан учраас огт өөр орчин угтсан. Японд сурч байхад хүн нэг зүйлийг хийхдээ маш гаргууд, тууштай байх ёстойг мэдэрч, хөдөлмөрлөж чаддаг хүн л амжилтад хүрдэг юм байна гэдгийг ойлгосон доо. Харин Сингапурын хувьд хүний ажиллаж амьдрах орчинг маш сайн бүрдүүлж өгсөн юм шиг санагдсан. Тэндхийн нийгэм, эдийн засгийн тогтолцооноос үлгэр жишээ авахуйц олон сайн туршлагыг олж харсан шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би амьдралдаа өндөр амжилтад хүрсэн хүмүүсээс ч, эргэн тойрныхноосоо ч олон зөвлөгөө сонсож байсан. Монголчууд цайлган цагаан сэтгэлээрээ хүнд зөвлөж, чадахаараа туслахыг хүсдэг юм шиг санагддаг. Тэр бүх зөвлөгөө миний амьдралд эергээр нөлөөлж, сайхан зүйлсийг дагуулж ирсэн. Тэр дундаас бага байхад аавын минь тэвчээртэй, тууштай байхыг зөвлөж, тэвчээр бүхнийг ялна хэмээн хэлдэг байсан нь сэтгэлд хоногшиж үлджээ. Хэдийгээр бусад хүмүүст ойлгомжтой юм шиг боловч ойлгомжтой зүйлийг ч гэсэн өөртөө байнга сануулж байх хэрэгтэй байдаг шүү дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Бидэнд шинэ мянганы залуус буюу милленниал, Gen Y, Gen Z үеийнхнийг ойлгож, хамтран ажиллах нь багагүй сорилт болоод байна. Тэдний төрж өссөн орчин, нийгэм нь бидний үеийнхээс огт өөр. Тиймдээ ч давуу тал олон, дутагдалтай талууд ч бий. Технологийг сурамгай ашиглан шинийг санаачилж, өөрийгөө алхам тутамд хөгжүүлэхийг хичээж байгаа нь сайшаалтай боловч залуус ажлыг маш хурдан хийгээд богино хугацаанд үр дүн гаргахыг хүсээд байдаг. Аливааг хийхдээ аль болох хурдан амжилтад хүрэх гэдэг нь, мундаг харагдах ажлыг барьж авч хийх гэсэн хэт өндөр хүлээлттэй байдаг нь сул тал болов уу. Уг нь ямар ч ажлыг том, жижиг гэж гололгүйгээр хийж сурах нь чухал. Энэ хандлагаасаа болоод тогтвортой ажлын байр, тогтсон зорилгогүй яваад байдаг залуучууд цөөнгүй байдаг юм шиг ажиглагддаг. Тиймээс залуустаа зорилгодоо тууштай, хүлээцтэй, алсын хараатай байхыг зөвлөе.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Би анх MCS компанид шалгалт өгч, ажлын ярилцлагад орохдоо тухайн үед “MCS Holding” компанийн хүний нөөцийн албаны захирал байж байгаад хожим дэвшсэн Л.Гантөмөртэй хоёр цаг ярилцан тэр хүний ярианаас их зүйлийг ойлгож, урам зориг авч байлаа. Л.Гантөмөр захирлын ажлыг арга барил байнга сонирхлыг минь татдаг учраас ярилцлага хийгээрэй хэмээн санал болгоё.

НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Гэрэл зургийг:

Г.Ананд

Хандалт / Сэтгэгдэл:

18474   12

Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.