Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 27, 2019

Гайхамшигт зунаар ганцаараа, олуулаа хийж болох 8 зүйл

Зун, зун, зун. Хэлээд л баймаар, хүсээд л баймаар сайхан улирал. Халуун ам бүл, найз нөхдөөрөө цуглах цаг. Таатай уур амьсгалтай ийм сайхан улиралд сайхан зүйлсийг хийхгүй бол дэндүү хайран билээ. Зуны сарыг зургаа болгомоор байвч тийм боломж байхгүй учраас болоод өнгөрөх богинохон хугацаанд нь амжиж хөгжилдье, алжаалаа тайлъя. Энэхүү нийтлэлд дурдах 8 зүйлээс та бүхэн санаа аваарай, бас өөрсдөө бүтээлчээр сэтгэн сонирхолтой зүйлсийг бодож олоорой.

АЯЛАЛД МОРДОХ

Өвлийн утаа униар, хаврын хуйсагнуур аашийг даван туулсны эцэст урин цагтай золгосон юм чинь хэдүүлээ одоо зуны сайхныг бүрэн мэдэрч, жилийн алжаалаа тайлах гэж хичээцгээе. Хамгийн эхний сонголт бол мэдээж АЯЛАХ. Аялал бол байгалийн сайхныг, шинэ газрыг үзэнгээ гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ойртон нягтрах, гэгээлэг дурсамжийг бүтээх гайхамшигтай боломж билээ. Хэдийгээр хаашаа аялах, хэнтэй аялах вэ, яаж аялах вэ гээд бодох зүйл, бэлдэх зүйл их ч яг үүнд зориулан бид цуврал нийтлэл бэлдэж байгаагаа дуулгахад таатай байна.

АГААР САЛХИНД ГАРаХ

Аялалд явахыг бид зөвлөж байгаа ч хүн болгон аялалд явж чадахгүйн зэрэгцээ аялал зуны турш үргэлжилнэ гэж үгүй. Тэгвэл хотод байх шаардлагатай үедээ ядаж хагас, бүтэн сайн өдрүүдэд лагер явах, гол дээр очих, ойрхон амралтын газар очиж хонох зэргээр "богино хугацааны аялал"-д гарч болно шүү дээ. Зарим нэг нь магадгүй "манайх лагерийн байшингүй шүү дээ" гэж бодож байж мэдэх юм. Гэхдээ зоривол бүтнэ гэдэг шиг үнэхээр явахыг хүсвэл болж л таараа. Найз нөхөд, хамаатан садныдаа зочилж, магадгүй хашаанд нь майхнаа зоогоод унтчихаж болохгүй гэж үү?

ШОРЛОГ,ТОГООНЫ ЦУЙВАН, ХОРХОГ ИДЭХ

Энэ зорилт яахав, өмнөх хоёрт багтчихаж болно л доо. Гэхдээ дангаар нь зорилт болгоход сонирхолтой бөгөөд догь санагдлаа. Хээрийн хоол амттай, хүзүүний мах шимттэй (сүүлийн хэсгийг нь зохиочихлоо шүү) гэдэг дээ. Олуулаа хоол хийнгээ мар мар хийж суух ч үнэхээр сайхан амралт болдог. Би хувьдаа энэ жил сайхан шорлог хийж суръя гэсэн зорилт тавьчихаад байгаа. Удахгүй шор, хэрэглэлээ аваад сайн хийдэг хүмүүсээр заалгана даа. Гурилыг нь хайрч хийсэн тогооны цуйван бас саяхан идэж таарсныг хэлэх үү, бодогдоод ер салахгүй л байна. Аан бас, алдарт хорхогоо мартаж болохгүй. Хорхогны халуун чулуу яаж ийгээд бариарай.

ОРОЙ НАЙЗУУДТАЙГАА ТЕРРАСТАЙ ГАЗАР СУУХ

За, бас дандаа хотоос гарч гүйгээд байж чадахгүй нь ойлгомжтой. Зуны өдрүүдэд хотод ихэвчлэн бүгчим халуун, харин орой үдшийн цагаар налгар сайхан болдог. Тиймээс оройн цагаар задгай талбай, террас бүхий пааб, ресторанд найзуудтайгаа тухлаарай. Тэр дундаа харагдац сайтай газар сонгож чадвал бүр ч гоё. Хараад байхад, ийм боломжийг олгох үйлчилгээний газрууд хангалттай олон болсон байна лээ.

ЗАДГАЙ ТАЛБАЙД КОНЦЕРТ, ФЕСТИВАЛЬ ҮЗЭХ

Хотын зуныг сонирхолтой концерт, фестивалиудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Олон жил явж буй Playtime тэргүүтэй хөгжмийн фестивалиуд, Төв цэнгэлдэхэд хийгдэх хамтлаг дуучдын концертууд бол алжаалаа тайлах сайхан боломж юм. Ташрамд дурдахад, энэ жилийн манай Unread-ийнхан Playtime дээр бүтээлч хүмүүсийг урин сонирхолтой хэлбэрээр яриа хийлгэдэг PechaKucha Night Ulaanbaatar Vol.4 арга хэмжээгээ зохион байгуулах болно. Нээрээ, хэдхэн хоногийн дараа бас Никитоны тоглолт байгаа юм билээ. Сүхбаатарын талбайд бас наадмын үеэр зөндөө олон сонирхолтой шоунууд болдог.

НААДАМ ТЭМДЭГЛЭХ

Зуны хамгийн оргил мөч бол яахын аргагүй Үндэсний их баяр наадам. Наадам ч яахав жилийн жилд болдгоороо болно. Харин та жилийн жилд үздгээрээ үзэх үү? Энэ жил наадмыг яаж өөрөөр тэмдэглэх вэ гээд нэг бодоод үзээрэй. Дандаа зурагтаар наадмын нээлт үздэг бол Төв цэнгэлдэхэд яагаад нэг удаа үзэж болохгүй гэж? Наадмын үеэр бичил бизнесийн санаануудыг ч туршихад боломжтой байдаг. Төрийн далбаа бүхий туг зарахаас арай өөр санаа хэрэгжүүлээд үзсэн ч болох шүү дээ.

ТОГЛООМ, СПОРТ ХӨӨХ

Манай байрны гадаах саравчинд өвөө нар шатар тоглоод эхэлсэн байна лээ. Нэлээд олон хүн цуглаад ширүүхэн юм болж байгаа юм. Яг л энэ ёсоор найз нөхөд, гэр бүлээрээ цуглан хөзөр, даалуу тоглох бол энэ зун заавал хийж үзэх зүйл мөн байх аа. Board game буюу хөлөгт тоглоомууд ч бас их зугаатай шүү. Мөн гадаа хөлбөмбөг, теннис, 3х3 сагс тоглох, гүйх, дугуй унах гээд "хийж" болох спортууд олон байна.

ШИНЭ ЮМ СУРАХ

Аялж зугаалж, алжаалаа тайлахын сацуу үсрэлт хийх боломжийг зун олгодог. Урин дулаан цагийн аясаар цаанаасаа л өөрчлөгдөх сэтгэл санаа, хөхүүн байдал бидэнд шинэ юм сурах, турших сэдлийг өгдөг шүү дээ. Тийм болохоор удаан бодсон нэг зүйлээ ч юм уу барьж аваад сурч, туршиж эхлээрэй. Мотоцикл унаж сурах, шинэ гадаад хэл сурах, сэлж сурах, нэг хөгжим дарж сурах гээд юу ч байж болно. Одоо зун дуустал хоёр ч бүтэн сар байна. Бүх зүйл идэвхжих есдүгээр сарыг шинэ чадвар, шинэ дадлаар угтах гээд үзвэл ямар вэ?

НОМ УНШИХ

Хэрэглэгчдээ сайн уншигч байгаасай гэж хүсдэг манай багийнхан мэдээж ном уншихыг санал болгохоо мартахгүй. Уншина даа гэж бодсоор амжаагүй өдий хүргэчихсэн номууд байгаа л биз дээ? Тэгвэл тэр номуудаа тавиураасаа, эсвэл номын дэлгүүрээс бушуухан авагтун. Лагерийн байшингийн сүүдэрт, эсвэл аялж яваад амсхийхдээ, хөдөө айлын орон доор хаяаг нь шуучихаад уншиж хэвтэх сайхан. Лав өөрийн туршлагаас харахад зун илүү сайн уншаад байдаг юм.

Нийтлэлийнхээ төгсгөлд бидний өдөр бүр ууж амны цангаагаа тайлдаг, биднийг сэргээдэг ус ундаа, шүүс, цайг үйлдвэрлэдэг М-Си-Эс Кока-Кола компанийн эхлүүлсэн үнэнч хэрэглэгчдээ урамшуулах нэгэн сонирхолтой урамшуулалт хөтөлбөрийг танилцуулъя.

“Гайхамшигтай зун” “Гайхамшигтай бэлэг”

Тус компаниас “Гайхамшигтай зун”, “Гайхамшигтай бэлэг” урамшуулалт хөтөлбөрийг 6 сарын 24-ны өдрөөс 07 сар 08-ны өдрийг хүртэл явуулах аж.

iCoke.mn болон iCoke Mongolia апп-д бүртгүүлээд, М-Си-Эс Кока-Кола компанийн Coca-Cola, Sprite, Fanta, Minute Maid, Bonaqua 8+ Fuze tea, Schweppes брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэн бөглөөн доторх кодыг нь бүртгүүлсэн тус хөтөлбөрт оролцох боломжтой юм. Хэрэглэгчид оноогоо цуглуулан төрөл бүрийн бэлэг авдаг бөгөөд энэ удаад 10 азтай хэрэглэгчид цахилгаан скүүтэр, 1 азтай хэрэглэгч Renault SANDERO Stepway автомашины эзэн болох юм. 14-хөн хоногт ганган улаан Renault SANDERO Stepway машины эзэн болно гэдэг гайхамшигтай биш гэж үү?

Хэрвээ та iCoke-ын хэрэглэгч болж амжаагүй бол яг одоо iCoke.mn, iCoke Mongolia апп-д бүртгүүлээрэй. Та бүхэн гайхамшигтай зунаар гайхамшигтай бэлгүүдийн эзэн болоорой.

Татаж авах

9378   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.