Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 23, 2019

7 хоногийн тойм: Либра ажиллагаа + Тоглоомын түүх + Шинэ товч

Ковер зургийн тайлбар: Libra: Фэйсбүүкийн шинэ зэвсэгтэй танилц!

Дэлхий Дахинд

Хятадын удирдагч Ши Жинпин БНАСАУ-д албан ёсоор айлчилж, Ким Жон Унтай албан уулзалт хийлээ. Энэ нь сүүлийн 14 жилд Хятадын төрийн тэргүүний тус улсад хийж буй анхны, Ши Жинпиний хувьд 11 жилийн дараах айлчлал нь болсон юм.

Истанбул хотын захирагчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Э.Имамоглу 54 хувийн саналаар ялалт байгууллаа. Энэ нь Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоганы нэр хүнд ямар түвшинд байгааг харуулсан томоохон цохилт боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

НҮБ-аас 9 сарын өмнө амиа алдсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашожжигийн хэрэгтэй холбоотой бие даасан тайлан гаргалаа. 101 хуудас бүхий уг тайланд дурдсанаар Саудын Арабын ханхүү М.Бин Салман шууд холбоотой буюу хувийн зүгээс тушаал өгсөн байж болзошгүй, мөн одоогоор буруутгагдсан албан тушаалтнуудыг шүүх ажиллагаа хэт хаалттай байгаа зэргийг онцолсон байна.

Биткойны үнэ сүүлийн 15 сар дахь хамгийн өндөр түвшиндээ хүрч, 11 мянган долларыг давлаа. 2017 оны сүүлээр 19.5 мянган долларын үнэд хүрч байсан биткойны ханш тасралтгүй уруудсаар сүүлийн саруудад 3000-4000-д хэлбэлзэж байсан юм.

Энэтхэг 2027 онд дэлхийн хамгийн их хүн амтай улс болж, Хятадыг гүйцнэ хэмээн НҮБ-ын тайлан онцоллоо. Хятадын хүн ам 2050 он хүртэл 31.4 саяар буурах бол Энэтхэгийнх 1.5 тэрбум болж өсөх гэнэ. Дэлхийн хамгийн олон хүнтэй улсуудын жагсаалтад Этиоп, Танзани, Конго зэрэг улсууд шинээр орж ирэх ажээ.

Ши-Кимийн тав дахь уулзалт найрсаг уур амьсгал дор өнгөрөв

технологийн ертөнцийн эргэн тойронд

Ангараг гараг дээр ажиллаж буй Curiosity Rover өнгөрөгч долоо хоногт их хэмжээний метаныг илрүүлсэн байна. Энэ нь тус гараг дээр микробын түвшинд амьд биетүүд байх магадлалыг нэмэгдүүлж байгаа аж.

Google таблет үйлдвэрлэл болон хөгжүүлэлтээ зогсоож байгаагаа зарлалаа. Өнгөрсөн жил гаргасан Pixel Slate нь хүлээлтэд хүрсэн амжилт үзүүлж чадаагүй нь үүний гол шалтгаан. Тус компани гэхдээ лаптоп руу бүрэн анхаарлаа хандуулж, зах зээлийн гол тоглогчдын нэг болох амбицтай байгаа юм.

Microsoft компьютерийн гар буюу кэйбордод оффисийн програмууд руу шууд нэвтэрдэг нэмэлт товч нэмэх төслийг хэрэгжүүлж байгаа гэнэ. 25 жилийн өмнө тэд зүүн доод буланд "виндовс" товчийг нэмснээр үйлдлийн систем дэх монополь байдлаа улам лавшруулсан гэгддэг билээ.

Агаарын тээврийн салбарын гигант Airbus дуудлагын нисдэг тэргийг санал болгох Voom үйлчилгээгээ танилцууллаа. Энэ намар нээлтээ хийх Voom 2025 он гэхэд 25 оронд нэвтрэх бөгөөд жилд 2 сая хэрэглэгчид хүрэх зорилготой гэнэ. Сонирхуулахад энэ сарын эхээр Uber мөн ижил зорилготой Copter үйлчилгээгээ гаргасан билээ.

Google-ийн эзэмшдэг жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Waymo Франц, Японы зах зээлд машинаа гаргахад нэг алхам ойртлоо. Тэд Nissan, Renault-той хамтран ажиллах гэрээ байгуулж, технологи хуваалцах, хамтран хөгжүүлэх гэрээ хийсэн нь энэ юм. Үүний өмнөхөн Fiat Chrysler Amazon-ий хөрөнгө оруулсан Aurora-той гэрээ байгуулсан билээ.

Майкрософтын шинэ товч бидний хэрэглээг тэр чигт нь өөрчлөх үү?

бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Facebook албан ёсоор хэрэглэгчид хоорондоо маш бага шимтгэлтэйгээр мөнгө шилжүүлж, гүйлгээ хийх боломж олгох криптовалютаа танилцууллаа. Libra нэртэй уг валютыг Facebook дангаар удирдаж хянахын оронд, дор хаяж 10 сая долларын хөрөнгө оруулсан Visa, Uber зэрэг түншүүдийг багтаасан эвслийг байгуулсан нь анхаарал татав. Libra 2020 онд багтаан зах зээлд нэвтрэх бөгөөд үүнтэй зэрэгцэн Calibra нэртэй хэтэвчийг мөн гаргана гэдгээ зарласан байна.

Байгууллагын харилцааны хамгийн алдартай хэрэгслүүдийн нэг Slack IPO хийж, нээлттэй компани боллоо. Тэд Spotify-ийн адилаар шууд хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа арилжаалсан нь эрсдэлтэй алхам байсан ч хувьцааны үнэ нь эхний өдрөө 48.5 хувиар өсөж, үнэлгээ нь 20 тэрбум долларын босгыг давжээ. Сонирхуулахад, тус компанийн үүсгэн байгуулагч Стьюарт Баттерфилд өмнө нь Flickr-ийг байгуулж, Yahoo-д зарж байсан түүхтэй билээ.

Techcrunch: Slack үүссэн түүх

Дэлхийн хамгийн алдартай дуудлага худалдааны төвүүдийн нэг Sotheby's шинэ эзэнтэй боллоо. 9.1 тэрбумын хөрөнгөтэй Франц эрхэм П.Драль тус төвийг 3.7 тэрбум доллараар өөрийн болгосон нь энэ юм. Sotheby's сүүлийн 31 жилийн турш нээлттэй компани байсан билээ.

Америкийн эмийн салбарын тэргүүлэгч компани Pfizer 10.6 тэрбум доллараар хорт хавдрын эсрэг эм үйлдвэрлэгч Array-ийг худалдан авлаа. 2016 онд тэд өөр нэг өрсөлдөгч Medivation-ийг 14 тэрбум доллараар худалдаж авч байв. Ингэснээр тэд хорт хавдрын эсрэг эмчилгээний зах зээлд дэлхийд давамгайлах боломжтой болж байгаа юм.

Лас Вегасын хамгийн том казино эрхлэгчид болох Eldorado, Caesars нэгдэж, 18 тэрбум долларын эзэнт гүрнийг үүсгэлээ. Ингэснээр тэд Америк даяар 70 гаруй салбартай, MGM, Wynn, Las Vegas Sands зэрэг томчуудтай шууд өрсөлдөх боломжтой болж байгаа юм.

Ирээдүй юу, эсвэл зүгээр нэг бүтэлгүй оролдлого уу?

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Toy Story 4 нээлтийн долоо хоногтоо 118 сая долларыг цуглуулж, Хойд америкийн бокс оффисийг тэргүүллээ. Үүнээс гадна тэд нээлтээ хийсэн бусад 37 улсын зах зээлээс 238 сая долларыг олсон байна. Тус кино түүхэн дэх хамгийн амжилттай нээлт хийсэн анимэйшний жагсаалтын 4-т бичигдэж эхэлжээ.

Удтал хүлээлгэсэн Harry Potter: Wizards Unite гар утасны тоглоом нээлтээ хийлээ. Pokemon Go-ийн бүтээгч Niantic -ийн тоглоом АНУ, Их Британийн зах зээлд эхний өдрөө 400 мянган хэрэглэгчтэй болж, 300 мянган долларын орлого олсон байна. Одоогоор Австрали, Герман зэрэг 23 оронд татаж болохуйц байгаа уг тоглоомын амжилт нь Pokemon -ий эхний 24 цагт 1.6 сая хэрэглэгчтэй болсонтой харьцуулахад дарууханд тооцогдож байна.

Э.Шийран хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон аялан тоглолтын эзэн болж байна. 8-р сарын 26-нд дуусах Divide аялан тоглолтын нийт орлого 750 сая доллараар хэмжигдэж буй нь 2011 оны U2-ийн тогтоосон дээд амжилтыг 15 саяар ахиулсан хэрэг юм. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 94 тоглолт хийсэн түүний тасалбарын үнэ зах зээлийн дунджаас 20 орчим хувиар бага буюу 89 доллар байдаг гэнэ.

Star Wars, Star Trek-ийн найруулагч Ж.Абрамс өөрийн хүүгийн хамтаар "Хүн Аалз"-ын шинэ комикийн зохиолыг бичиж байгаа гэнэ. Марвелын мэдээлснээр талууд хамгийн анх 10 жилийн өмнө хамтран ажиллах талаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд түүний 20 настай хүү төсөлд нэгдсэнээр албан ёсоор төсөл эхэлсэн нь энэ аж.

Disney энэ оны хамгийн том хит Avengers: Endgame-ийн илүү урт, хасагдсан бичлэгүүдийн нэмсэн шинэ хувилбарыг кино театраар цацах гэж байна. Энэ нь тэд Аватарын эзэмшиж буй түүхэн дэх хамгийн өндөр орлоготой киноны амжилтыг эвдэх зорилготой байгаагийн илрэл. Avengers одоогоор 2.74 тэрбумыг олоод байгаа бөгөөд нэгт бичигдэхэд 400 сая доллар шаардлагатай байгаа юм.

алдалгүй унших арван мэдээ

The Verge: Chernobyl Podcast-ийг сонсох уу?
Чернобилийг үзсэн биз дээ? Тэгвэл яагаад бүх нарийн деталь, арын түүхийг өгүүлэх подкастыг туршиж болохгүй гэж?

CNN: Иран АНУ-ын "тагнуулын дроныг" устгав
Иран олон улсын журмыг зөрчсөн хэмээн АНУ-ыг буруутгалаа. Харин АНУ Ираныг "халдлага" хийлээ хэмээн эсэргүүцлээ

The Guardian: Мөнх амьдралыг хүсэж байна уу?
Үүрд амьдрахыг хүсэхгүй хүн байдаг гэж үү? Сонин, хачин, жигтэй, этгээд хэлбэрүүдээр хэрхэн насаа уртасгаж болохыг эндээс уншаарай

CNBC: Google 20 мянган байшин барихыг хүсэж байна
Google 1 тэрбум долларын хөрөнгө оруулж, Цахиурын хөндийн хамгийн том асуудлыг шийдэхийг хүсэж байна

The Diplomat: Foxconn-ий үүсгэн байгуулагч Терри Гоу үүрэгт ажлаа өглөө
Тайвань тэрбумтан улсынхаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй

SCMP:
Тайланд тэрбумтан дараагийн Теслаг бүтээхийг хүсэж байна
С.Ахунай Зүүн Өмнөд Азийг цахилгаан машинаар эзлэхийг зорьж байна. Юу түүнийг бусдаас ялгаруулж байгаа вэ?

Techcrunch: Хэн Либраг хэрэглэх вэ?
Facebook-ийн дараагийн том найдлага үнэхээр бодит гэж үү? Зорилтот хэрэглэгч нь хэн бэ, ямар хүмүүс хэрэглэх вэ?

Refinery: Hunger Games-ийн шинэ ном гарна
Сюзанн Коллинз бестселлерийнхээ өмнөтгөлийг гаргахаа зарласан нь фенүүдийг баясгав

Vox: Сайн LGBTQ хөдөлгөөн ямар байх хэрэгтэй вэ?
Pride Month-ийн үеэр бүгд хөдөлгөөний нэг хэсэг байж, дэмжигч гэдгээ харуулахыг зорих болов. Гэхдээ дүр эсгэх үнэхээр хангалттай гэж үү?

9421   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.