Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   06 сарын 24, 2019

Онцлох бизнес: Мөрөөдөл зуслан - Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй

Хүүхэд насаа хүүхдийн зуслантай холбоотой ямар нэг дурсамжгүйгээр үдсэн хүн ховор байдаг. Зуслангийн хэд хоногт үеийн олон хүүхэд нэг дор цуглаад, сайхан нөхөрлөлийг үүсгэж, биеэ дааж, өөрсдийгөө сорьж, баяр хөөрт умбаж, олон эерэг зүйлийг өөртөө шингээдэг. Бүлгийн уриа, өдрийн хоол, бороотой өдөр, урлагийн үзлэг, оройн тоо... Энэ бүхэн мартагдашгүй сайхан. Гэсэн ч сүүлийн үед зусланд явах хүүхдийн тоо, ажиллаж буй зуслангийн тоо мэдэгдэхүйц багассан. Харин азаар ийм нөхцөлд зуслангийн шинэ үеийн менежмент бий болжээ. Бид энэ удаа олон янзын шинэ, сонирхолтой хөтөлбөрүүдээр дамжуулан "зуслангийн найзууд"-ыг хөгжүүлж, олшруулж байгаа "Мөрөөдөл" олон улсын хүүхдийн төвийг үүсгэн байгуулагч А.Цогтмагнайтай ярилцлаа.

Бизнесийн нэр: "Мөрөөдөл" олон улсын хүүхдийн төв
Хаяг: Happy Land төв, 2-р давхар (оффис)
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол түшээ гүний хөндий (зуслан)
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдийн зуслан
Үүсгэн байгуулагдсан: 2007 он
Үүсгэн байгуулагч: А.Цогтмагнай
Цахим хуудсууд: Мөрөөдөл зуслан

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Анх нэгэн танил маань Мөрөөдөл зусланг хариуцаж ажиллаач гэх санал тавьсан юм. Би өмнө нь энэ төрлийн бизнес огт эрхэлж байгаагүй боловч үйл ажиллагааг нь сайжруулж, хичээж ажиллаж чадна хэмээн саналыг нь хүлээн авсан. Энэ төрлийн бизнес нь хүүхдэд хэрэгтэй зөв дадлуудыг суулгах, бие даалгах замаар нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирдаг. Манай зуслан БНМАУ-ын үед Барилгын яамны харьяа “Баянгол” амралт, пионерийн зуслан байсан юм билээ. Ийнхүү хувьчлагдсаныхаа дараа 2007 оноос "Мөрөөдөл" зуслан нэрээр үйл ажиллагаа явуулах болсон юм. Харин бид 2015 оноос хойш түрээслэн шинэ менежмент, шинэ аргачлалаар удирдан хөгжүүлж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Зуслангийн орлогоороо шууд зардлаа нөхөж байсан учир нэмэлт хөрөнгө оруулалтын шаардлага гарч байгаагүй.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?

Манай хамгийн том давуу тал бол хүүхдүүдийг хүсэл мөрөөдөл, сонирхол хоббигоо олж танихад нь тусалдаг олон янзын хөтөлбөрүүд. Бид ээлж бүрд өвөрмөц хөтөлбөр боловсруулж, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг. Манайх "Франклин Кови"-той хамтарч "Бяцхан манлайлагч" хөтөлбөр, "Их талын дуулиан"-тай хамтарч "Дуулиан 2020" хөлбөмбөгийн хөтөлбөр, "Ард-Этүгэний ирвэсүүд"-тай хамтарч "Аll Star" сагсан бөмбөгийн хөтөлбөр, "Start"-тай хамтарсан "Entrepreneurs" хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Бас хүүхдийг идэвхжүүлэн хөгжүүлэхэд анхаарч "Dream got Talent" шоуг зохион байгуулж, шилдэг оролцогч хүүхдийг шалгаруулж нэг сая төгрөгийн клип хийлгэн, хоолой бичүүлэх эрх өгдөг. Эдгээрээс гадна хүүхдүүдийг зугаатай амрахад зориулж X-ажиллагаа адал явдал, X-ажиллагаа экстрим хөтөлбөрүүдийг боловсруулсан. Хүүхэд бүр энэ хөтөлбөрүүдээс өөрийн сонирхлын дагуу ээлжээ сонгоод, нэмэлтээр манай арван дугуйланд хичээллэх боломжтой байдаг.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Бидний хэтийн зорилго бол хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг, олон улсын стандартад нийцсэн зуслан болох. Хүүхэд хүсэл мөрөөдлөө нээхийн тулд олон төрлийн хөтөлбөрт оролцож үзээд, өөрийн юунд дуртайг таньж мэднэ. Энэ алсын хараандаа тулгуурлан бид орлого бүрээсээ тодорхой хэсгийг нь зуслангаа шинэчлэн сайжруулахад зарцуулж байгаа. Зуслангийн орчноо тансаг сайхан байлгахад биш аюулгүй найдвартай байлгахад анхаарч байна. Хөтөлбөрүүдийн тухайд илүү олон болгож, чанаржуулахад анхаарч байна даа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бид амрагч хүүхдүүдээ ирээдүйд сайн иргэн болоход нь хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тиймээс хөтөлбөрүүдээ зөвхөн тоглож наадуулахаар хязгаарлалгүй хувь хүний хөгжилд чиглүүлж ажилладаг юм. Хүүхдүүд тоглоом наадгайн сонирхолтой аргаар олон зүйлийг сурдаг. Бид хүүхдүүдийг зусланд байгаа долоон хоногийн хугацаандаа зөв дадал хэвшилтэй болгоход их анхаарч ажилладаг. Зөв дадал бол бүхний суурь. Тиймээс үүнийг үлгэрлэх багш нар, үргэлж дэргэд нь байх эмч, тогооч, хамгаалагч гээд бүх ажилтнаа “Франклин Кови”-ийн сургалтад хамруулаад байгаа. Мэдээж үргэлж хүүхэд хамгааллын бодлогыг баримтлан ажилладаг.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид өөрсдийн хөтөлбөрийг бусад зусланд санал болгож эхэлсэн. Энэ жил "Янзага" зуслангийн менежментийг бас хариуцан ажиллаж байгаа. Цаашдаа ч зуслангуудын чанар, боловсон хүчний чадварыг дээшлүүлэхээр ажиллах юм. Яагаад гэвэл эцэг эхчүүд аль нэг зуслан дээр асуудал үүсэхэд яг тухайн зуслан гэж хүлээж авалгүй хүүхдийн зуслан гэж нийтэд нь хүлээж авдаг. Тиймээс нэг л зуслан хариуцлага алдахад бүтэн салбарын нэр хүнд унах эрсдэлтэй байдаг тул бүх зуслангууд хамтдаа сайжрах учиртай юм.

Мөрөөдөл зуслангийн тухайд бол энэ жил экстрим адал явдалт хөтөлбөрүүд дээрээ төвлөрч ажиллаж байна. Жишээ нь зуслангийн арын ойд чөлөөт уналт, савлуур, дүүжин гүүр, харанхуй өртөө гэх мэт экстрим постууд нэмсэн шүү.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Нэг талаар энэ бизнесийг хамгийн хэцүү бизнес ч гэж хэлж болно. Яагаад гэвэл хүүхдүүд гэртээ байхдаа ч эрсдэлд өртөх гээд байдаг, тийм эмзэг. Гэтэл бүр 200 гаруй хүүхдийг гэрээс нь хол асран хамгаалахын зэрэгцээ сурган хүмүүжүүлнэ гэдэг асар том хариуцлага. Анх энэ бизнесийг эхэлж байхад таньдаг хүнээсээ асар олон асуудал сонсоод хэцүү санагдсан ч гэсэн “Тэгсэн ч гэсэн би тэр эрсдэлүүдийг хамгийн бага түвшинд байлгаж, сайн ажиллаж болохгүй гэж” хэмээн бодсон доо.

Заавал бага төлбөр аваад, порц багатай хоол өгч, бага цалингаар чадваргүй хүн авах албагүй шүү дээ. Төлбөрөө л жаахан нэмэхэд бүх зүйлсийг сайжруулж болно гэж бодсон. Манай ажилчдын цалин дунджаас дээгүүр. Давуу тал нь энэ бизнес өөрөө нийгэмд томоохон эерэг нөлөөг үзүүлж чаддаг. Ирээдүйн иргэдийг зөв төлөвшихөд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулдаг нь сайхан.

ТАНАЙ ЗУСЛАНД АМРАГч хүүхдүүд, эцэг эхчүүдийн ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАЖ боЛОХ УУ?

Бид нарыг бичлэг хийж байх үеэр нэг хүүхэд “Захиралдаа хандаж юу хэлэх вэ” гэсэн асуултад “Ийм гоё Мөрөөдөл зусланг байгуулсанд баярлалаа” гэж хэлж байсан. Эцэг эхчүүд болохоор “Олон төрлийн сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлдэгт баярлалаа” гэдэг. Ер нь хүмүүс манай олон янзын хөтөлбөр, дугуйлантайд их сайшаалтай ханддаг.

Хүүхдүүд манай Dream Talk Show-д их дуртай байдаг. Тэнд хүүхдүүдийн хүндэлдэг урлаг соёлын одод, алдартнууд ирж хүүхдүүдтэй ярилцдаг. Эцэг эх нь мянга хэлээд хүлээж авахааргүй зүйлсийг хүндэлдэг хүн нэг л удаа хэлэхэд хүүхэд амархан хүлээж авдаг. Жишээлбэл манайд гар утас хэрэглэхийг хориглодог. Энэ талаар яг үнэндээ эцэг эх нь хэлээд нэмэргүй байдаг шүү дээ. Харин нэг алдартай хүн ирээд өөрий түүх, туршлагыг ярихад хүүхэд шал өөрөөр тусгаж авдаг юм билээ.

8620   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.