Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   06 сарын 22, 2019

Жулиа Эндэрсийн “Гэдэс” номын тухай

Гэдэс бол бидний хоол боловсруулах хамгийн чухал ажлыг нугалж, маш их мэдрэлийн эс, судлуудтайгаараа тархинаас дутахааргүй хүний сэтгэл зүйд нөлөөлдөг хамгийн чухал эртхэн ажээ. Бактери, шимэгч зэрэг олон төрлийн оршин суугчидтай, төрөл бүрийн авьяастай энэхүү чухал эрхтний талаар Германы доктор Жулиа Эндэрсийн бичсэн “Гэдэс: Хүний биеийн хамгийн “шоовдор” эрхтний тухай хүүрнэхүй” номыг энэ удаа бид онцлон танилцуулж байна.

Номын тухай 

Энэхүү номыг Time сэтгүүлээс “Бие засах тухай ичилгүй ярихад өдөөсөн бүтээл” хэмээн товч дүгнэжээ. Шинэ мянганы залуусын төлөөлөл болсон залуу зохиолч хүмүүсийн олны дунд тэр бүр яриад байдаггүй эрхтэн тогтолцооны талаар өгүүлэхдээ элдэв даруу үг, онолын хэллэгээс зайлсхийж, ходоод, гэдэсний үйл ажиллагааг тун хөгжилтэйгөөр өгүүлжээ. Германд төрсөн өссөн тэрбээр 17 настайдаа биеэр нь дүүрэн яр гарч, мэдрэлийн гаралтай арьсны өвчнөөр өвчилж эхэлсэн аж. Өвчнөө эдгээхийн тулд хооллолтод анхаарч сүүн бүтээгдэхүүн, цавуулагтай зүйл бараг амсахаа больж эхлэн өвчнийхөө талаар янз бүрээр судалж үзсээр эцэст нь анагаахын шинжлэх ухаанд татагдаж эхэлжээ. Ингээд Франкфуртын Гёте их сургуулийг ходоод, гэдэсний чиглэлээр бичсэн судалгааны ажлаараа докторын зэрэг хамгаалан, судлаачаар ажиллаж эхэлсэн байна. Энэ хүрээнд зохиогч 2012 онд “Гэдэс” хэмээх илтгэлээрээ Берлинд болсон “Science Slam” шоунд тэргүүн байр эзэлж, Youtube суваг дээр түүний илтгэл байршсанаар олны анхаарлыг татжээ. Энэхүү явдал нь түүнд гэдэс хэмээх хоол боловсруулахаас гадна тархи, мэдрэлийн чухал эсүүдтэй холбогддог нарийн төвөгтэй эрхтний талаар хүмүүст энгийнээр ойлгуулах сэдэл болж, ном бичиж эхэлсэн байна.

Уг ном нь Сэтгэл татам гэдэс, Гэдэсний мэдрэлийн тогтолцоо, Микробын ертөнц гэх гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. “Сэтгэл татам” гэдэс бүлэгт өтгөн хаталт болон өтгөн хэрхэн гадагшилдаг тухай өгүүлснээс гадна гэдэсний бүтцийн талаар тун хөгжилтэйгөөр тайлбарлажээ. Ходоод, гэдэсний үйл ажиллагааны талаар өгүүлэхдээ амны хөндийг хоол боловсруулах эрхтний "үүдний өрөө" гэж нэрлээд шүлсний тухай сонирхолтой баримтуудыг хөндсөн аж. Тухайлбал, бид өдөрт тасралтгүй нэг литр шүлс ялгаруулж, опиорфин хэмээх морфиноос ч илүү хүчтэй өвчин намдаах бодис ялгаруулдаг байна. Тиймээс юм идэх үед опиорфин хэмээх бодис ялгарч, сэтгэл санааг дээрдүүлдэг болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоосон гэнэ.

"Гэдэс ер нь сувдан зүүлт шиг харагдах гээд чадаагүй ч юм шиг. Холоос харахад гэдэс хүсмээр ч биш, дур булаамаар ч биш, хэлтийж тэгш хэмээ алдсан дотуур хаймар шиг л харагдана” хэмээж, энэхүү эртхэн тархинд хэрхэн нөлөөлж, сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүдийг авчирдаг болохыг хоёрдугаар бүлэгт буюу гэдэсний мэдрэлийн тогтолцооны хэсэгт онцолжээ. Гэдсээ арчлах нь хүний тархины эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тухай анхны судалгааг хулгана дээр хийсэн байдаг аж. Гэдэс нь бидний сэтгэл санааны байдал, ааш зан, дадал зуршилд нөлөөлөөд зогсохгүй гэдэсний бактериуд, таргалалт, харшлаас авахуулаад алцхаймерын өвчинд хүртэл хүргэдэг талаарх янз бүрийн судалгааг дурдсан байна. Түүнчлэн дараагийн бүлгүүдэд гэдсэнд байх төрөл бүрийн бактериуд хэрхэн амьдарч, үхдэг талаар бичиж, хеликобактерийн ач тус, хор хөнөөлийг онцлон хөнджээ.

Түүнээс гадна хоол боловсруулах эртхэн тогтолцооны нарийн төвөгтэй бүтэц, үйл явцыг илүү ойлгомжтой тайлбарлахын тулд хар цагаанаар дагнасан дүрслэл зургуудийг багтаасан нь уншигчдад хүний биед хэрхэн хоол, хүнс боловсордог болохыг бүрэн зураглалаар харуулж чаджээ.

Онцлох мэдээллүүд

Энэхүү ном өдгөө дэлхийн 40 гаруй оронд гурван сая гаруй хувиар хэвлэгдээд буй. Зохиогч одоогоор Франкфуртэд байрлах Микробиологийн хүрээнд судлаачаар ажиллахын хажуугаар хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой олон нийтэд зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ. Ингээд та бүхэнд номонд багтсан авууштай мэдээллүүдийг хүргэе.

-Хоол идсэний дараа залхуу хүрч ядардаг шалтгаан нь тархин дахь цусны эргэлт багасч, идсэн хоолыг нарийн гэдэс рүү түрж шингээх бэлтгэл үйл явцад ихээхэн энерги зарцуулж буйтай холбоотой. Ийм үед та аль болох тайван сууж амрах нь нарийн гэдсээ бүрэн чадлаараа ажиллахад нь тусалж буйн хэрэг юм. Тиймээс хоолны дараа тайван сууж ном уншдаг хүн яаралтайгаар ажилдаа буцаад ордог хүнээс илүү сайн хоолоо шингээдэг ажээ.

-Элгээ хайрлаж, өвчнөө намдаая гэж бодвол эм, тарианаас илүүтэй өвчин намдаах лаа хэрэглэх нь зүйтэй. Учир нь, бидний уусан эм элгээр давхар шүүгддэг учраас өндөр агууламжтай байдаг аж. Харин шулуун гэдсээр орж ирэх лаа нь үйлчлэл хурдан бөгөөд тун нь бага хэмжээтэй байдаг байна.

-Нарийн гэдэс яг л жижигхэн хайч шиг идсэн хоол хүнсийг биеийн эс адил жижиг болтол хуваадаг. Гэвч элсэн чихэр л задлагдах шаардлагагүйгээр нарийн гэдсэнд шууд ирдэг төдийгүй цус руу шууд орох боломжтой. Тэгээд энерги болон хувирахдаа маш хурдан ураас тархинд сайхан мэдрэмж төрүүлдэг ажээ.

-Нарийн гэдэс юу ч хийсэн нэг л үндсэн дүрэмд захирагддаг ажээ. Урагшаа, урагшаа, цаг ямагт урагшаа! Хоол хийсний дараа гал тогоогоо шууд цэвэрлэдэг хүмүүс шиг ариун цэвэрч байдлыг тун чиг сайн сахиулдаг гэнэ. Хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа нарийн гэдэс рүүгээ орох юм бол тэнд бүх юм гял цял, хэсэгхэн хугацааны өмнө энд ид ажил оволзож байсан юм шүү гэх ул мөр юу ч үгүй байх болно.

-Эрүүл ходоодтой хүн нэг зүсэм бялуу идлээ гэхэд дунджаар найман цагийн хугацаанд бүрэн боловсорч биеэс гадагшилдаг бол удаан шингээдэг хүмүүсийн хувьд гурван өдөр ч шаардлагатай болж мэднэ.

-Бидний дархлааны тогтолцооны 80 хувь нь гэдсэн дотор төвлөрдөг аж.

-Хоол боловсруулах эрхтнүүдийн үрчлээс, салбан, бичил салбанцаруудыг бүгдийг нь тэгшлээд тавьбал бидний гэдэс ойролцоогоор долоон км урт болох ажээ.

15251   0


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.