Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   06 сарын 15, 2019

У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” номын тухай

Монгол төдийгүй дэлхийн орчин үеийн уран зохиолын сор болсон бүтээлүүдэд орчин цагийн шүүмж хийж, Боб Марлигийн “Time will tell” хэмээх дууны нэрээр номын хавтсаа чимсэн У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” хэмээх уран зохиолын эсээ номыг энэ удаа бид танилцуулж байна.

Номын тухай 

“Шүүмж” гэдэг үг танд магадгүй мэргэжлийн, онолын юм байна гэсэн бодол төрүүлэх вий. Гэвч тэрбээр дэлхийн орчин үеийн уран зохиолын 43 туурвилчийг сонгохдоо мэргэжлийн нүдээр харж, уншигчийн түвшинд тайлал хийсэн нь өнөөгийн завгүй уншигчдад тун ч тохирсон, агуулга болоод хэлбэрийн хувьд сэтгэл сэргээж нүд баясгасан чамбай бүтээл болжээ. Зохиогч уран бүтээлчтэй холбоотой өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хуваалцан, бусад амттай түүх, дурсамжийг шигтгэн, холбогдох хам сэдвээр хачирласан нь бүтээлийн үнэ цэн, ач холбогдлыг тал талаас нь харуулж, тухайн зохиолчийг том зургаар, тун сонирхолтойгоор тольдох боломжийг олгожээ.

43 уран бүтээлчийг зохиогч орон зай, цаг хугацаагаар нь ангилаагүй бөгөөд харин “Уншихуй”, “Оршихуй”, “Мэдрэхүй”, “Нээхүй”, “Санахуй” хэмээх бүлгүүдэд хуваан оруулжээ. Гадаад зохиолчдын тухайд гэвэл, бидэнд дасал болсон “сонгодгууд” бус шинэ үеийн шилдэг зохиолчдын нэрс хүлээж байх аж. Д.Нацагдорж, Ч.Лодойдамбаас эхлээд Л.Өлзийтөгс зэрэг монгол зохиолчдын тухай бичсэн эсээтэй танилцахад уран бүтээлүүдийг нь нөхцөлдүүлсэн хүчин зүйлс, урьд хараагүй анзаараагүй өнцөг, нарийн деталиуд өмнө дэлгэгдэнэ. Далимд өгүүлэхэд, зохиогч У.Бямбаням их зохиолч Д.Нацагдоржийн гадаадад зорчсон түүхийн улбааг сэргээн урьд мэдэгдээгүй баримт сэлтийг сөхөхөөр “Найрагчийн мөрөөр” төслийг эхлүүлэн ажиллаж байгаа юм.

Түүний номоос зөвхөн уран бүтээлийн агуулга, бичлэгийн арга барилд хийсэн үргэлжилсэн урт тайлал, шүүмж уншихгүй. Зохиолчийн амьдрал, үзэл бодол рүү өнгийж, түүнийг тойрсон үйл явдал, дурсамжийг хавсарган, өөрт төрсөн мэдрэмжээ ний нуугүй илэрхийлсэн нь уран зохиолын ертөнцөд хийж буй танин мэдэхүйн аяллынхаа талаар таатай уур амьсгалд тухтай хуучилж буй мэт санагдсаныг нуух юун. Тухайлбал, Италийн алдарт зохиолч Умберто Экогийн “Сарнайн нэр” романы талаар өгүүлэхдээ Итали гэр бүлд фашист үзэл суртлаар өссөн түүний хувийн амьдралыг дэлгэж, хас тэмдэгтэй дүрэм хувцас өмссөн нугаршгүй фашист залуу чухам яагаад шашин, тэмдэг судлалыг шимтэн сонирхож, дэлхий дахины анхаарлыг татсан зохиол бичих болсныг өгүүлнэ. Зохиолын талаар дурдахдаа соёлын бэлгэдэл зүй, тэмдэг судлал, шашин шүтлэгийн мөргөлдөөний талаарх ижил сэдвээр бичсэн Да Винчийн код номтой харьцуулахын аргагүй шалтгааныг тайлбарлаж, пост модерн уран зохиолын хамгийн анхны, оргил туурвил болсон уг романы үнэ цэн, ач холбогдлыг тодруулж өгчээ.

Мөн зохиолчийн бичлэгийн онцлог, хэв маягийг тодорхойлохдоо хэвшил болсон мэргэжлийн үг хэллэгээс татгалзаж, уншигчийн төсөөлөлд хамгийн ойр буух зүйрлэлүүдийг ашигласан байна. Тухайлбал, Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг төрсөн өдрийн ширээн дээрх жирийн нэгэн бялуутай зүйрлэсэн нь сонирхолтой. Бялууг гаднаас нь харахад шууд идэх хүсэл төрөхгүй гэх боловч дотор хэсэгт Вольтор, Дидро, Руссо мэтийн философийн романуудаар зуурмаг хийж, хүний зан араншингийн дүрслэл, Ницшегийн философи, Жорж Оруэллийн дистопи зохиолоор чимэглэл, амт шимтийг нь тааруулсан гэжээ. Ийм давхарга бүрдээ нарийн орц найрлагатай бялууг нэгэнтээ хазвал салах аргагүй хэмээсэн нь бүтээлийн чансааг амттанаар төлөөлүүлж тайлбарласан хэрэг.

Өдгөө технологийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч байгаагүй их хэмжээний дата мэдээлэл буюу өгөгдлийг бий болгоод байгаа билээ. Энэ их өгөгдлийн дунд сайн, мууг нь танихгүйгээр олон уран зохиолын зузаан ном эргүүлж, өдөр шөнөгүй “амтлан” суух үнэнч уншигчийн тоо багассаар байгааг анзаарч, тэдний сонголтыг хөнгөвчилж, шилмэл бүтээлүүдтэй танилцах боломжийг энэ ном олгоно. “Цаг хугацаа хэлнэ” бүтээл зарим завгүй уншигчид орчин үеийн уран зохиолуудтай богино хугацаанд, “чанартай” танилцах хамгийн сайн арга болох бол зарим уншигчдад бүтээл бүрийн хойноос нэхэн уншиж, уран зохиолын ертөнцөд гүнзгий дурлах шалтгаан болж ч мэднэ. Эсээнүүдийн дунд шигтгэсэн “Ер нь зохиолчийн тухай сэтгэгдлээ бүрэн орхиод зөвхөн зохиолтой нүүр тулж чаддаг хүнийг л жинхэнэ уншигч гэвэл зохино”, “Уран зохиолын онолд зохиолчийн үхэл хэмээн нэрлэдэг нэр томьёо нь зохиолч зохиолын өрнөлийн гадна үлдээд баатрууддаа үйл явдлыг өрнүүлэх боломж олгохыг хэлдэг” зэрэг онолын хэлтэрхий, оносон дүгнэлтүүд нь ном зохиолыг гярхай уншиж байхыг сэхээрүүлж, өөрийгөө уншигчийн хувиар сайн хөгжүүлэх сэдлийг төрүүлж байлаа.

Бид хэчнээн сайхан амттай хоол идлээ ч шингэн зүйлс уухгүйгээр ходоодондоо шингээхэд бэрх. Түүнтэй адил бүтээл бүрийг танилцуулахын өмнөх хуудсан зохиолчийн хөрөг зургийг хар, цагаанаар дүрслэн, гар бичмэл шиг байдлаар нэрийг нь сийрүүлсэн нь номын өнгө төрхийг улам чимж, эсээ бүрийг амилуулж өгчээ. Түүнчлэн эсээ бүрийнхээ ард тухайн зохиолчийн нэг ном буюу зохиолыг онцлон товч тайлбарыг хадаж өгсөн нь сонирхолтой байв. Эцэст тэмдэглэхэд, шинэ мянганы залуусын төлөөлөл болсон зохиогч У.Бямбаням орчин үеийн уран зохиолын өнгө төрхийг самбарын өмнө зогсож номлох биш жирийн уншигчийн хэл найруулга, шинэлэг бичлэгийн хэв маягаар өгүүлсэн нь уншигчдад уран зохиолын ертөнцтэй гүнзгий танилцах урам зориг, урт аялалд гарах сэдэл өгөх биз ээ.

Шигтгээ: Ном бүтсэн түүх

Бид зохиогчтой холбогдон номоо хэрхэн бичсэн тухай дараах тодруулгыг авсан юм.

У.Бямбаням:
“Гоодаль” сэтгүүлд чөлөөт сэтгүүлчээр бичдэг байх үеэс номын эхлэл тавигдсан гэж болно. Тэр үед Б.Одгэрэл, Т.Содномнамжилын тухай эсээ бичсэн юм. Дараа нь “Гэрэг” сэтгүүл гарч, уран зохиолын буланд Г.Аюурзана, Б.Галсансүхийн талаар нийтлэлүүд бичсэн. Ингээд ер нь Г.Аюурзана ахын “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” гэсэн хар номоос өөрөөр залуу уншигчдад баримжаа болчих ном ховордсон, дээр нь уран зохиолыг харах өнцөг маш хурдтай өөрчлөгдөж буйг анзаарч, ном болгоё гэж шийдсэн дээ. Яс суусан нь жил, харин барин тавим хийж эхэлснээс тооцвол гурван жилийн ажил юм. Хэдэн бичгийн цаас үрж, хэдэн файл үүссэнийг бараг тоолж чадахаа байсан. Нэг хүн дээр 10 хуудас юм гаргаад тэндээсээ хэт хүнд, мэргэжлийн түвшний хэсгийг хасаад хялбарчлан 3-4 хуудас болгоно.

Бичих явцдаа яруу найрагч Роберт Хассын “Гэрэл юу бүтээдэг вэ?”, Жон Максвилл Күтсигийн “Дотоод ажлууд” уран зохиолын эсээний номыг уншиж, “Тагтаа”-ийнхантайгаа зөвлөж байлаа. Номоо бичихдээ аль болох тээртэхгүй, хүслээ дагаж бичихийг хичээсэн. Уран зохиолын эсээ бол шүүмжээсээ бичлэгийн хувьд өөр, онцлогтой. Бичиж буй хүний хувь амьдрал, дурсамж, сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөөр дамжиж хүрдэг бичлэгийн төрөл. Тиймээс хэзээ, хэнийг бичих үү гэдгээ, хэрхэн бичих үү гэдгээ бүтээлч байдлаар төлөвлөсөн. Хавар, намар яруу найрагчдыг, дүн өвлөөр урт урт романуудын тухай гэх мэтээр. Умберто Эко, Милан Кундера, Салман Рушди гээд бичлэгийн хувьд амар барахааргүй зохиолчдын бүтээлийн уншиж ойлгоод, тэмдэглэл хийж, тэрийгээ бусдын бичсэнтэй харгалдуулж тайлбарлана гэдэг үнэхээр хэцүү хэрэг.

Дээр нь би орчуулгаар мэргэшсэн хүн биш шүү дээ. Тиймээс уншихад л хамаг хүч, тэнхээгээ барна. Ихэнх нь орчуулаагүй бүтээл. Дээр би заримыг нь их эрт бичсэн гэж ярьсан. Тэр бичвэрүүдээ устгаад бүр шинээр бичих үе ч байсан даа. Тэр үед л яахаа мэдэхгүй, хуучнаараа ч явдаг байж уу гэж бодож байлаа. Уншигчдын хувьд дэлхийн уран зохиолтой танилцъя, харах хүрээгээ илүү өргөн болгоё гэвэл Эдвард Лиминовын “Бадрангуй суутнууд”, Г.Аюурзанын “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил” номыг, дотоодын уран зохиолын талаар уншъя гэвэл М.Цэрэндоржийн “Утга зохиолын тухай”, С.Эрдэнийн “Зохиолчийн хөдөлмөрийн тухай эргэцүүлэл”, Г.Аюурзана “Утга зохиолын тухай яриа”, мөн сайн өгүүллэгийн түүврүүд “Монголын сонгомол өгүүллэг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” гэсэн улаан хавтастай номууд, Б.Баясгалангийн орчуулсан “Дур булаам” түүврийг уншихыг санал болгоё.

6851   5


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.