Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   06 сарын 17, 2019

Онцлох бизнес: Kids Code Academy - Бүтээхээс бүү няц

Ирээдүйд хүн төрөлхтний ихэнх ажил мэргэжлийг хиймэл оюун ухаан орлоно гэгдэж буй. Техник технологийн асар хурдацтай хөгжил хүмүүсээс код бичих чадварыг аяндаа зайлшгүй шаардах болно. Тийм ч учраас улс орнууд код бичих чадварыг хүүхдүүдэд багаас нь олгодог болоод байгаа юм. Энэ чиг хандлагыг анзааран, бусад улс орноос хоцрохгүйгээр бага балчир хүүхдүүдэд кодчлолын сургалт олгохоор ажиллаж буй Kids Code Academy-ийн үүсгэн байгуулагчид болох Н.Ариунаа, Э.Сүндарь нартай ярилцлаа.

Бизнесийн нэр: Kids Code Academy (Багачуудын Код Академи)
Хаяг: Их Монгол төвийн 3 давхарт, Startup Terminal
Үйл ажиллагааны чиглэл: Хүүхдүүдэд зориулсан кодинг сургалт
Үүсгэн байгуулагдсан: 2018 оны аравдугаар сар
Үүсгэн байгуулагч: Н.Ариунаа, Э.Сүндарь
Цахим хуудсууд: Кидс Код Aкадеми "Kids Code Academy"

бизнесийн санаагаа анх хаанаас, яаж олсон бэ?

Н.Ариунаа: Гурван жилийн өмнө би Эстони улс бага ангийн сургалтын хөтөлбөртөө програмчлалын кодчлолын хичээлийг багтаадаг тухай уншиж байсан юм. Тэр үед л монгол хүүхдүүдийг код бичүүлж сургах хүсэл төрсөн. Ингээд дэлхийн олон улс орнуудын туршлагыг судалсаар Английн Кембрижийн их сургуулийн профессор Эбэн Аптоны бүтээсэн Raspberry Pi хэмээх бяцхан микропроцессортой танилцаж монгол хүүхдүүдэд хэзээ нэгэн цагт түүний ид шидийг үзүүлнэ гэж дотроо амлаж билээ. Цааш нь эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр, 2002 оноос хойш MIT-ийн судалгааны багийн хөгжүүлж буй Scratch сургалтын талбарыг гүнзгийрүүлэн судалсаар 2017 оны намар Санхүү эдийн засгийн их сургууль дээр Мэдээллийн системийн менежментийн тэнхимийн багш Н.Саранчимэгийн дэмжлэгтэйгээр Raspberry Pi сангийн гаргасан загварын дагуу сайн дурын Code club-ийг байгуулсан. Ингээд 24-р сургуулийн 5-7 дугаар ангийн 8 сурагчид Scratch кодчлолын анхны хичээлүүдийг 3 сарын хугацаанд заасан. Энэхүү клуб миний хувьд монгол хүүхдүүдийнхээ сурах хэв маягийг таньж мэдэх боломж олгосон. Цааш нь үргэлжлүүлэн сургалтын хэрэгсэл болон суралцах цахим талбаруудын нарийвчилсан судалгааг хийж дуусгаад 2018 оны намар хичээлийн дараах дугуйлан байдлаар кодчлолыг заах Kids Code Academy-ийг байгуулахаар сэтгэл шулуудсан. Яг энэ үедээ би хамтрагч Э.Сүндарьтай таарч түүнийг Германд Raspberry Pi дээр судалгааны ажил хийж байсныг олж мэдээд Kids Code Academy дээр хамтрах санал тавьсан юм.

хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Н.Ариунаа: Миний хувьд Kids Code Academy байгуулахад шаардлагатай бүх талын судалгааг хийсэн тул ямар ч эргэлзээгүйгээр хөрөнгө оруулалт хийсэн. 17 жил боловсролын чиглэлийн бизнес хийж багагүй туршлага хуримтлуулсан тул маш итгэлтэйгээр санхүүжилт хийсэн. Дээр нь гайхалтай эрч хүчтэй залуухан хамтрагчтай байсан тул хөрөнгө оруулалт минь талаар өнгөрөхгүй гэсэн итгэл улам баттай болсон.

хамтрагчаа хэрхэн олж сонгосон бэ?

Н.Ариунаа: Энэ маш сонин хувь тохиол болсон. Би санаа нийлэх хамтрагч хайсаар бас багагүй хугацаа алдаад байсан юм. Тэгээд нэгэн сайн найзынхаа тусламжтайгаар TEDxUlaanbaatar зохион байгуулагчаар ажиллаж байсан Э.Сүндарийг орчин үеийн боловсролын талаар ижил үзэл бодолтой, бас Raspberry Pi-ийн ид шидийг мэдэрсэн нэгэн гэдгийг мэдэж, улмаар хамтарч ажиллаж эхэлсэн. Бидний сонсдог TED Илтгэлүүд, амтархан уншдаг хүүхдийн номууд хүртэл ижил болохыг олж мэдээд хайж явсан хамтрагч минь мөн байна гэдгийг ойлгож сонгосон доо.

Э.Сүндарь: Би кодчлол ямар чухлыг бага зэрэг хожуу ойлгосон болохоор дүүгээ үүнээс хоцроохгүй, багаас нь танилцуулахаар 3, 4 наснаас нь эхлэн кодчлолтой холбоотой ном, тоглоом авч өгч, хамт уншиж, тоглож, логик сэтгэлгээ болон бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд их анхаарсан юм. Хүүхдүүдэд зориулсан кодчлолын сургалт хайгаад, АНУ-д гэр бүлээрээ аялж байхдаа дүүгээ хамруулах гэсэн боловч долоо хоногийн 2000 ам.доллар буюу маш үнэтэй байсан. Ариунаа эгч кодчлолын сургалт явуулах төлөвлөгөөтэй байгааг сонсоод маш их сонирхож, хийсэн судалгаатай нь танилцаад хамтран хийх боломжтой төсөл байна гэж үзсэн юм. Мөн бид хамтрахаасаа өмнө бие нэгнээ сайн таньж, үнэхээр ижил алсын хараа, зорилготой юу гэдгээ мэдэхэд багагүй цаг зарцуулсан. Стартап хамтран үүсгэн байгуулагч нарт зориулсан ярилцлагын асуултуудад тусдаа хариулан, хариултуудынхаа хүрээнд ярилцах зэргээр бид хоёр юу бодож, төсөөлж байгаагаа хүртэл маш албан байдлаар ярилцаж байсан. Улмаар ижил зорилготой, хамтдаа ихийг бүтээх хүсэлтэй байсан тул сургалтын газраа хамтран үүсгэн байгуулсан.

танай үйлчилгээний онцлог давуу талууд?

Н.Ариунаа: Манай сургалтын гол онцлог нь Монголд нийтлэг ажиглагддаг багшаас хүүхэд рүү мэдлэгийг дамжуулдаг нэг чиглэлт уламжлалт сургалтын аргачлалаас татгалзаж, хичээлийн агуулгад хүүхдүүд хариу үйлдлээ чөлөөтэй илэрхийлдэг хоёр чиглэлт интерактив хандлага юм. Бас нэг онцлох зүйл нь бид зөвхөн хүүхдүүдтэй төдийгүй эцэг эхчүүдтэй ажилладаг. Манай сургалтад суухаасаа өмнө эцэг эхчүүд хичээлийн хөтөлбөртэй танилцах үнэ төлбөргүй сургалт семинарт хамрагддаг. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт заавал нэг хичээлд суудаг. Ингэснээр бид гурвалсан холбоос үүсгэж, харилцан бие биеэ дэмжин ажилладаг.

Э.Сүндарь: Бид бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох, хийсвэрлэн сэтгэх чадваруудыг хөгжүүлэхэд анхаарч, хүүхэд бүрийн дахин давтагдашгүй чанарыг хүндэлдэг. Сонирхолтой, хүүхдийг стрессдүүлж ядруулахгүй, онц сурдаг болгохын тулд биш өөрөө өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, туйлын сониуч болж төлөвшүүлэхэд анхаардаг. Хүүхдийг “мундаг” болгоход бус алдаа хийхээс эмээдэггүй, шинийг эрэлхийлэн судалгаа шинжилгээ хийдэг, аливааг олон талаас шүүн тунгаан бодож сургахад их анхаардаг.

Танай ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Сүндарь: Одоогоор манайх бага, дунд ангийн түвшинд кодчлолын хөтөлбөр санал болгож байгаа, энэ чиглэлээр ажиллаж буй анхдагч байгууллагуудын нэг. Энэ жилдээ багтаан ахлах ангийн хөтөлбөрийн судалгааг дуусгаж, ахлах ангийн хүүхдүүдэд хувь хүний хөгжил, кодчлол, судалгаа хийх чадвар гэсэн цогц сургалт санал болгохоор ажиллаж байна.

Н.Ариунаа: Бидний алс хэтийн зорилго бол технологийн давуу талыг ашиглан Монголын өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд, тодруулбал хөдөө нутгийн малчин өрхийн багачуудад програмчлалын кодчлолыг заах явдал юм. Энэхүү мөрөөдлийн мэт зорилгодоо бид алхам алхмаар дөхсөөр байна. Бид үүний төлөө шаргуу ажиллах болно. Яагаад гэвэл Монгол улсын ирээдүйг өөрчилж, хөгжүүлэх хүүхдүүдэд өнөөдөр төдийгүй ирээдүйд хамгийн хэрэгтэй мэдлэг болох кодчлолыг тэгш хүртээмжтэйгээр хүргэх нь бидний нийгмийн хариуцлага юм.

бизнесийн үнэт зүйл баримталдаг зарчим тань юу вэ?

Н.Ариунаа: Боловсрол бол хэрэглэгчийн сэтгэл ханамж нь шууд нүдэн дээр ил харагдах худалдаа, үйлдвэрлэл биш. Энэ бол урт хугацаанд хүний амьдралд эерэг өөрчлөлтийг авчрах хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулагчид биднээс шударга, ёс зүйтэй байхыг л хүлээж байгаа. Тэгэхээр энэ л манай бизнесийн үнэт зүйл, баримталдаг зарчим юм.

Э.Сүндарь: Сургалт талаасаа бид хүүхдийн кодчлолын боловсролд анхаараад зогсохгүй сэтгэл зүйн хөгжил, эрүүл ахуй гээд бүхий л зүйлд нь анхаарал тавьж ажилладаг. Анги дүүргэлт маань арван хүүхэдтэй байдаг учир хүүхэд бүрийн сурах арга барил, онцлогийг хурдан тодорхойлж, шаардлагатай үед эцэг эхчүүддээ зөвлөж, мэдээлэл солилцдог. Боловсролын байгууллага тул сурагчийг дээд зэргээр хүндэлж, сурагч бүрд хүрч ажиллахыг эрхэмлэдэг дээ.

одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байна?

Сүндарь: Үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа ч манайх өнгөрсөн өвөл “Өсвөрийн Судлаач: Coding Bootcamp”, энэ хавар ахлах ангийнханд шинжлэх ухаан, технологийн салбаруудад ажиллах боломжийг танилцуулах “STEAM Career Fair” зэрэг олон нийтийн боловсрол, хөгжилд анхаарсан үйл ажиллагаанууд зохион байгуулсан. Энэ зун Монголд анх удаа 11-14 насныханд зориулсан “Summer Coding Camp” буюу зуны кодинг зуслан зохион байгуулах бэлтгэл ажилдаа ороод явж байна. Гадаадад маш өндөр төлбөртэй байдаг энэ зуслан хөдөө орон нутаг, гадаадад оршин суудаг, эсвэл манай сургалтанд хамрагдах цаг бололцоо муутай хүүхдүүдэд долоон хоногийн хугацаанд нэг бүтэн хөтөлбөр хичээлд хамрагдах, үеийн найзуудтайгаа зуныг мэдлэг дүүрэн өнгөрөөх боломжийг олгох болно.

энэ бизнесийг эрхлэхийн эерэг давуу тал, хэцүү бэрхшээлтэй тал?

Э.Сүндарь: Эерэг тал бол үргэлж хүүхэдтэй ажиллах, тэдний сургалтдаа дуртай нь аргагүй ирж, анги дээрээ бүтээсэн тоглоомоо тоглон инээлдэж, бие биеийнхээ хийсэн зүйлийг харан баясаж байгаа нь хамгийн сайхан. Мэдээж хүүхэдтэй ажиллана гэдэг амаргүй. Мөн жижиг ч гэсэн компани болоод явж байгаа учир өдөр тутмын хүндрэл бэрхшээл тоо тоймгүй. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд үнэхээр анхаарч, бидэнтэй хамтарч ажиллаж байгаа тул сэтгэл хангалуун байна. Мөн технологийн өндөр хөгжлийн эринд Монгол хүүхдүүдээ хоцроохгүй, өндөр хөгжилтэй орноос дутаахгүй авч явах том зорилгоо байнга санадаг.

Н.Ариунаа: Бид хоёр хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дуртай болохоор ямар ч хэцүү бэрхшээлийг давахад бэлэн байдаг. Хүүхдүүд манай сургалтаас сэтгэл хангалуун гарахгүй байх вий гэдгээс л жаахан эмээдэг. Харин энэ тал дээр хүүхдүүд, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэн далангүй илэрхийлдэг нь сайхан санагддаг. Сурагчид маань бидэнд дүн тавьдаг гэсэн үг. Онц дүн авах мөч бол манай бизнесийн хамгийн таашаалтай эерэг давуу тал гэж бодож байна. Харин тэд үүнийгээ мэдэхгүй байж магад. Бид хоёр хүүхдүүдээс л онц дүн авах гээд ажиллаад байгаа юм шүү дээ, үнэндээ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАРИМ сэтгэгдлээс хуваалцвал?

Э.Сүндарь: Сүүлд хүүхдүүдээр сэтгэгдэл бичүүлэхэд нэг 9 настай сурагч маань: “Ярих юмгүй сургалт байна, маш их таалагдлаа” гэсэн. Харин өөр нэг 9 настай сурагчийн маань ээж: “Танай сургалт бараг амьдралын утга учир нь юм биш үү” гээд инээлдэж байсан. Сургалтаасаа хоцрохгүй, таслахгүй гэж яаран ирдэг, ирээд "Багшаа, өнөөдөр юу хийх вэ?" гэж догдолдог нь манай сургалт сонирхолтой аргаар хүүхдийг идэвхтэй сургах зорилгоо биелүүлж байгаа болов уу гэж бодогдуулдаг.

16936   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Г.АНАНД




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.