Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 14, 2019

Бутанд зорчсон тэмдэглэл #2 - Үүлс, уулсын дундах нууцлаг орон

Ковер зураг: Тимпү хотыг тольдон уулын орой дээр сүндэрлэх 54 метр өндөр хүрэл Буддагийн хөшөө (Дорденма)

Бутаны нийслэл Тимпү хот өдрийн гэгээнд гоо үзэсгэлэнгээ дэлгэж, үдшийн бүрийгээр нүүрээ буруулдаг мэт санагдсаныг нуух юун. Нарны туяа Монголоос хоёр цагаар сүүлдэн дөрвөн зүг найман зовхист сүндэрлэх уулсыг харанхуйгаас гэтэлгэн өртөөлөхүй нов ногоон ой, хөндий, толгодыг дагуулан барьсан намхан хэдий ч тунчиг үзэмжтэй байшингууд төгс хоршин нүд баясгах нь цаанаа тааламжтай. Хорвоогийн чивэлт нэгэн өдрийг хойш нь чангаасаар харуй бүрий нөмрөхөд байгаль эх, хүний бүтээл хоёрын тэрхүү хоршил маргаашийг хүлээн нам гүмд ор мөргүй уусан алга болох нь соньхон. Хотын төв гудамж сэлүүхэн агаад хаа нэгтээ нохой хуцалдаж, хүмүүс тааваараа ганц нэгээрээ хөлхинө. Худал хуудуугүй жинхэнэ гоо үзэсгэлэн магад ийм л байх ёстой буюу.

Дорденма Буддагийн хөшөөнөөс эргэн тойрноо тольдохуй

Өмнөх нийтлэлийг унших: Бутанд зорчсон тэмдэглэл #1 - Үүлс, уулсын дундах нууцлаг орон

Уулын орой, хөндийг дагуулан барьсан тул төв гудамжнаас бусад нь тэгш хэмтэй хуваасан “грид” бүтэцтэй бус, тахиралдаж мушгиралдсан нь их. Зам нь нэлээн огцом өөд уруу ихтэй, ярвигтай мэт авч Бутанчууд өөрсдөө алхахдаа тун дуртайгаар барахгүй үүргэвчээ үүрсэн сурагч хүүхдүүд, лам хувраг, тэр бүү хэл хүүхдээ манцуйдан ар өвөртөө ороосон эмэгтэйчүүд хүртэл хотоос хэдэн километр зайнд хээвнэг алхалж явах аж. Анх 2005 онд баригдаж эхлээд 2015 онд ашиглалтанд орсон 54 метр өндөр хүрэл Буддагийн хөшөө Дорденмаг үзүүлэхээр манай хөтөч Үген биднийг дагуулан уулсыг сүлжин давхих зуур машингүй амьдрахад хэцүү ч юм уу хэмээх бодол тархины мухарт харвасан даруй явган, дугуйтай хүмүүс замын хажуугаар эрч хүч дүүрэн нь аргагүй явцгаахыг хараад өөртөө жаахан гэмшсэнийг нуух юун. Уулын дугуй, явган аялал нэн хөгжсөн бөгөөд ер нь уул хадаар явах сонирхолтой хүмүүсийн хувьд чухамдаа диваажин ажээ.

Тимпү цайз буюу Ташишо Зонг. Одоо Бутаны засгийн газар байрладаг.

Зам дагуу Энэтхэгийн армийн том машинууд зөрөхөд гайхан асууваас Бутаны хилийг хамгаалахад Энэтхэг тусалдаг аж. Хятад, Энэтхэг (Непал, Бангладештай мөн хиллэдэг) хэмээх дэлхийн хоёр томоохон гүрэнтэй хил залгаа Бутан орон Энэтхэгтэй нь илүү ойр байдаг нь тохиолдлын ч хэрэг биш бололтой. Гадны брэндүүд байхгүй, үйлдвэрлэгч орон угаас биш (цай, зөгийн бал, нэг ааруул шиг чихэр маягийн юмнаас өөр Бутан брэндтэй таараагүй билээ), үйлдвэрлэгч байх ч боломжгүй шахуу тул бараг бүх зүйлсээ Энэтхэгээс импортоор авдаг бөгөөд Энэтхэг, Бутан хоорондоо визгүй, бараг муж хооронд зорчиж буй мэт зүгээр л яваад орчихдог гэнэ. Бутанчуудын дийлэнх нь Энэтхэгийн их сургуулиудад боловсрол эзэмшсэн, тэнд их бага хугацаагаар амьдарч үзсэн байх бөгөөд Бутанд жилдээ 200 мянга гаруй Энэтхэг жуулчид ид халуун улирлаараа зугтааж “сэрүүцэх” зорилготой ирдэг байна. Энэ далимд сонирхуулахад Энэтхэгээс бусад орны жуулчид Бутанд өдөрт багадаа $250 ам.доллар “үрэх” ёстой бөгөөд ингэж жуулчдын чанарыг хадгалахын сацуу эдийн засгаа дэмжих зорилготой нь нэг талаар зөв санагдав. Нэгэнт хамгийн том ажил олгогч нь төр тул (хоёрт аялал жуулчлал, гуравт хувийн хэвшил) төсвөө бүрдүүлэх ухаалаг арга замууд нэн хэрэгтэй нь мэдээж. Дээрхээс 65 ам.доллар нь засгийн газрын “тогтвортой хөгжлийн хураамж” гээч рүү явдаг бөгөөд үнэгүй боловсрол, үнэгүй эмнэлэг зэрэг “гайхамшиг” чухам энэ хураамжаас санхүүжилтийнхаа ихээхэн хувийг бүрдүүлдэг аж. Мөн ядуурлыг бууруулж дэд бүтцийг сайжруулах зэрэг томоохон зорилтуудад уг мөнгө зарцуулагддаг тул аялангаа нэг орны хөгжилд хувь нэмэр оруулж буй мэт таатай мэдрэмж жуулчдад төрдөг нь ойлгомжтой.

Сүмийн жижиг цонхоор агаарлаж буй лам

Бутанчууд тогтвортой хөгжил, эко буюу байгальд ээлтэй хэв маягт асар их анхаарлаа хандуулж, бодитой ажил хэрэг болгодог нь миний хувьд тухайн орноос хамгийн их биширч, урам зориг авсан зүйлсийн нэг байлаа. Дэлгүүрээс худалдан авалт хийхэд байгальд 30-60 хоногт шингэж алга болдог материалтай торонд хийж өгөхөөс эхлээд, барилгын хаягдлаар юм уу цэвэр ургамлаас будаг гарган авч уран бүтээлээ хийдэг артистууд, хуванцрын хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, тэр бүү хэл ус ундааны хуванцар савыг сүм хийд, хотын тохижилтдоо хүртэл ашигласан нь гайхамшигтай санагдав. 92 хувь ойгоор бүрхэгдэж, уулын орой дээр байрласан Бутан улс миний амьсгалж байсан магад хамгийн цэвэр агаарыг бэлэглэх атлаа агаарын бохирдолд, тэр бүү хэт электрон хаягдалд (гар утас, компьютер гэх мэт) одооноос санаа зовж, хотжилт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд дорвитой арга хэмжээ авч байгаа нь Улаанбаатарын утаан дундаас нүүрс үнэртүүлэн очсон надад ичгэвтэр ч санагдах шиг. Дээр нь хоёрдогч зах зээлд гарч буй бус зөвхөн шинэ машин л оруулж ирдэг бөгөөд ингэж ул суурьтайгаар агаарын бохирдлоос сэргийлж буй нь бүр босож зогсоод алга ташмаар. Ганц ярвигтай нь банк санхүүгийн зах зээл бүрэн хөгжөөгүй тул лизинг, зээлийн сонголт үндсэндээ байхгүй, Монголын хориод жилийн өмнөх шиг байр, машин авахдаа мөнгөө цуглуулж байгаад баруун зүүнээрээ солилцдог юм билээ. Дундаж цалин 200-300 ам.доллар, ихэнхдээ түрээсийн байранд амьдардаг, өөрийн байртай хүмүүс баяндаа ордог гэх. Машинууд нь шинэ, буруу талдаа хүрдтэй, дан механик байх бөгөөд худалдан авалтын энэ ярвигтай хэлбэрээсээ болоод жижиг машинууд зонхилох аж. Энэ бүгдээс харахад Монгол ч гэсэн алсаа харьж, дорвитой хөдөлсөн бол одооных шигээ “УТААНбаатар” болохгүй байх бүрэн боломжтой байсныг Бутанд ухаарч тархиа цоо хатгуулж буй мэт болов. Шулуухан хэлэхэд ардчилал, санхүү, ерөнхий хөгжлийн хувьд бид Бутаны урд байж болох ч тогтвортой хөгжил, байгальд ээлтэй байдалд анхаарч буй талаасаа ард нь холоо гэгч хоцорч буй нь нүдэнд ил байлаа.

Бутаны уламжлалт халуун чулуугаар халаадаг усны газрын ажилчид. Чулууг улайстал нь халаагаад модон ваннд хийхэд ус буцлан дарвиж, чулуу хага үсрэх бөгөөд тийм ваннд хэвтсэнээр чулууны эрдэс биенд шингэж ээлээ өгдөг гэж үздэг байна.

Үүнд засгийн газраас хийж буй ажлууд төдийгүй иргэдийнх нь хандлага ч нөлөөлж буйг цохон тэмдэглүүштэй. Товч өгүүлбээс, манай багийнхан Паро Такцанг буюу “Барын үүр” (Tiger’s Nest) хэмээх Бутаны хамгийн алдартай, "заавал очих" үзвэр болох далайн түвшнээс 3000 метр өндөр уулын оройн хадтай хэсэгт байрлах, Хоёрдугаар Будда уулан дээр нь оршиж хөндийн иргэдийг зовоон байсан буг чөтгөрийг дарж агуйд нь бясалгал хийн суудаг байсан гэх домогтой, 1692 онд баригдсан сүмд очих завшаан олдсон юм. Дээш авирах жим өгсүүр, цаг агаар халуун байсныг хэлэх үү, явдалдаа овоо ядарч, тэнхээгээ буухдаа зориулан тэрүүхэндээ нөөж, нэг үгээр хэлэхэд ёстой л орчлонгийн тоосыг хөдөлгөн бэдэрч явлаа. Бүтэн нэг цаг хагас дээш авирсны эцэст зорьсон газартаа хүрч амьдралдаа магад ганц л удаа харах тэр үзэмжийг тархиндаа мартахааргүй буулгаж аваад эргэн хөдлөв. Буцах тэрхүү нэлээн огцом уруу, өвдөгний шандсыг шалгасан замд манай Бутаны багийнхан хүмүүсийн хаясан байгальд шингэдэггүй хуванцар сав, уут зэргийг түүж эхэлсэн юм. Үүнийг хэн нэг нь санаачлаагүй, уриалаагүй. Энийг хийснээрээ тэд алдарт нэртэй болохгүй, сошиал медиа дээр олон лайк авахгүй. Бүгд л ижилхэн авирсан, халууцсан, ядарсан. Гагцхүү байгалиа хайрлах, иргэнийхээ үүргийг биелүүлэх гэсэн чин хүсэл, зорилгоор л тэр бүхнийг хийж буй нь надад бахдалтай санагдсан билээ. Доош буух цаг гаруйн хугацаанд хоёр энгийн, дөрвөн том уут дүүрэн хаягдал түүж, хогийн цэг дээр асгасан бөгөөд замд явж байсан бусад Бутанчууд ч уутанд нь пластик хаягдлууд авчирч хийж байлаа. Үүнийг хараад нэг юм хийхээрээ ял мэт, алба мэт сошиалаар “Би хог түүлээ” гээд өөрсдийгөө сурталчлаад эхэлдэг, эсвэл машин дотроосоо уусан юмныхаа савыг чулуудчихдаг, нэгийгээ юм хийж байхад туслахгүй атлаа эвэр хошуулдаг Монгол чаралбаануудыг бодоод нүүр улалзах шиг болсон. Plastic-free буюу хуванцар-үгүй гэх консепт ямар байх боломжтойг чухам Бутанд хоёр цэхрээрээ үзэж, утгаар нь ойлгож, цаашид тогтвортой хөгжилд анхаарал хандуулах нь ирээдүйн чиглэлүүдийн минь нэг зайлшгүй мөн юм байна гэдгийг яс, махандаа шингэтэл ойлгосон юм.

Пластик хаягдал түүж эхэлсэн багийнхнаасаа бяцхан яриа утсаараа бичин авсныг доор толилуулахыг хүслээ. Бичлэгний тааруухан аудио ба уулнаас бууж явсан тул амьсгаадаж ярьж байсандаа хүлцэл өчье.

Усны хуванцар савнуудыг суварга, цацны чимэглэлд ашигласан байдал.

Бутанаар гэхдээ зөвхөн аялж зугаалах зорилготой бус IRI, USAID Mongolia, World Learning олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлдэг LEAD Alliance хөтөлбөрт шалгарсан Бутаны залуу манлайлагчдийн “Энтрепренершип, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг менторлох хүндтэй хэрнээ хариуцлагатай үүрэгтэй бидний хоёр монгол мэргэжилтэн хэдэн сарын турш ажиллаад байсан төслийнхөө сүүлийн шатны томоохон арга хэмжээнд оролцох гэж очсон билээ. Уг арга хэмжээн дээр Unread Media маань Unplug@Bhutan хэмээх ухаалаг утас хэрэглэхгүй байхыг уриалж, утга учиртай амьд харилцаа үүсгэх зорилготой шинэ эвентээ туршсан нь тун амжилттай болсон юм. Гэхдээ менторлоно гэдэг нь зааж сургах гэхээсээ хамтран ажиллаж, бие биеэсээ, улс улсаасаа суралцах үйл явц байсан гэдгийг энд онцлох ёстой. Тимпү хотод бид Бутаны инновацын төв (iHUB), засгийн газраас буй болгосон стартапуудыг дэмжих төв, LEAD Alliance төгсөгчид, энтрепенерүүд, Бутаны Медиа болон Ардчиллын Төв гээд олон байгууллага, хувь хүнтэй уулзах, санал солилцох, юу бодож явдгийг нь сонсох завшаан тохиолдсоны хүчинд бидний нүд нээгдэж, энэхүү нийтлэлийг бичих мэдээлэлтэй болсон билээ. Энэ боломжийг олгосон IRI, USAID Mongolia, World Learning байгууллагууд болон бүтэн 5 хоног ажлаасаа чөлөө авч биднийг дагуулан явсан багийнхаа гишүүдэд баярласнаа дахин дахин илэрхийлье.

Бутаны Монголтой төстэй тууль хайлах, үлгэр домгийн байдлаар дамжиж ирсэн аман соёл (бараг бүх зүйлс нь өөрийн домогтой аж), үндэснийх нь спорт болох сур харваа, зөвхөн Түвд, Бутанд байдаг гэх үхэр шиг биетэй, ямаан толгойтой Такин гэдэг амьтан (холоос нүдээр харах завшаан тохиосон), зуун хүн шалгалт өгч 2-3 нь л тэнцдэг хэмээх асар нэр хүндтэй Бутаны зэвсэгт хүчин (манай багийн Цэрин цагдаагийн ахмад бөгөөд хүн бүхэн машид хүндэтгэж харьцаж байсан билээ) гээд л бичмээр, харуулмаар, хуваалцмаар байгаа зүйлс асар их байгаа авч хэт ихийг нуршин, оюуныг тань чилээхээс эмээсэндээ бодлоо хазаарлан, цахим үзгийнхээ бэхийг энд хүрээд хатаая.

Хан тэнгэрийн нулимс дусагнан угтаж, халуу дүүгсэн нарны илчээр тэврэн үдсэн Бутан орон, андууд минь баяртай. Эргэж уулзахын ерөөл тавьсу.

Бутаны "Энтрепренершип, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн баг. Зүүн гар талаас Бир, Цэрин, Батзаяа, Цэдон, Мөнхбат, Чоеинг, Барат. #GoTeamBhutan.

Өмнөх нийтлэлийг унших: Бутанд зорчсон тэмдэглэл #1 - Үүлс, уулсын дундах нууцлаг орон

БУСАД АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ УНШИХ

-Арабын инноваци буюу Дубай, Абу Даби хотуудаар аялсан тэмдэглэл #1
-Арабын инноваци буюу Дубай, Абу Даби хотуудаар аялсан тэмдэглэл #2
-Хятадын инновацийн хөгжил буюу Бээжин, Гуанжоу, Шэнжэн хотуудаар аялсан тэмдэглэл #1
-Хятадын инновацийн хөгжил буюу Бээжин, Гуанжоу, Шэнжэн хотуудаар аялсан тэмдэглэл #2

НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya

Гэрэл зургийг:

Zack Batzaya

Хандалт / Сэтгэгдэл:

9926   6

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.