Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   06 сарын 13, 2019

“Залуусын дуу хоолой” буюу шинэ үеийнхэн хувь заяагаа гартаа авах нь

Өдгөө дэлхийн нийт хүн амын 42 хувийг буюу дөрвөн хүн тутмын хоёр нь 25-аас доош настай залуус эзэлж байна. Аж үйлдвэрийн хувьсгал, технологийн хөгжлийн эринд шинэ үеийн залуусын амьдралын хэв маяг, хандлага эрс өөрчлөгдөж, улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлэх оролцоо улам өргөжин тэлэх болсон нь алхам бүрд харагдах болжээ. Бидний ирээдүйд хийх ажил эцэг, эх, эмээ, өвөөгийн хийж байсан ажлаас тэс ондоо болж, өөрчлөгдсөөр байгаа нь гайхах зүйл биш. 

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар бага сургуульд суралцаж буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд өнөөдөр бий болоогүй, цоо шинэ ажил хөдөлмөр эрхэлдэг болох ажээ. Шинэ үеийн залууст орон зай, цаг хугацааны хязгаар үгүй болж, хүссэн газар луугаа явж, бодол санаагаа илэрхийлж, өөрчлөлтийг өртөөлөн явах боломжоор дүүрэн болжээ. Энэ хэрээр нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо, орон зай бий болж, олон салбарт эерэг нөлөөллийг бий болгож, түүхийн шинэ хуудсыг бичиж байна. Тиймээс энэ удаа бид залуусын оролцооны сэдвийг онцлон бидэнд тулгарч буй асуудал, түүнийг шийдэх ямар боломж байгааг танилцуулахын хамт
"Залуусын дуу хоолой 2019" чуулганы мэдээллийг хүргэе.

Залуусын дуу хоолой

Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош настай миллениалууд эзэлж байгаа ч тэдний зөвхөн хоёр хувь л Засгийн газрын гишүүнээр ажиллаж, улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна. Нөгөө талд түүнээс хоёр дахин их буюу нийт залуусын 20 хувь нь ямар ч боловсролгүй, тогтсон ажил эрхэлдэггүй ажээ. Нийгмийн олон салбарт залуусын орон зай үгүйлэгдэж, тэдний нөлөөлөл, дуу хоолой дутагдаж байгааг энэ мэт олон жишээ батлан харуулна. Тиймээс Монгол залуусын нийгэмд үзүүлэх оролцоо, хувь нэмрийг дээшлүүлж, олон салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчрах сэдлийг өгөх зорилгоор Азийн сан байгууллага (The Asia Foundation Mongolia) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй долоон олон улсын байгууллагатай хамтран “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулахаар болжээ.

Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд залуусын хувь нэмрийг хэлэлцэхээс гадна сайн засаглал, байгаль орчин, бизнес, улс төр, нийгмийн оролцоо, боловсрол сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг хийж, сонирхолтой илтгэлүүдийг танилцуулах юм. Энэ хүрээнд Монголын 18-35 насны 1000 гаруй залуус цуглаж, дээрх асуудлаар үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцох гэж байна. Чуулга уулзалтад олон талт оролцоог хангахын тулд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг, суманд ажиллаж буй залуусын төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, үзэл бодлоо хуваалцах ажээ.

Залуусын оролцоо яагаад чухал вэ?

Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 50 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Тэд бол өнөөгийн ардчилсан нийгэмд, шинэ үзэл бодол, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй өсөж торниж буй буй анхны үеийнхэн билээ. Тэд асуудлыг дэлхийн хэмжээнд сэтгэж, урьд өмнөхөөс илүү харилцаа холбоог бий болгож чадах өөрчлөлт шинэчлэлийн зоримог хүч гэж хэлж болно. Гэвч залуучуудын улс төрийн оролцоо хангалтгүй, шийдвэр гаргах түвшинд манлайлал хязгаарлагдмал хэвээр байна. Залуус сонгуулийн нийт ирцийн 45 хувийг бүрдүүлдэг ч өнөөдөр таван залуу тутмын нэг нь л сонгуульд саналаа өгч байгаа нь улс төр дэх залуусын оролцоо сул байгааг харуулж байгаа юм.

Зөвхөн улс төрийн оролцооноос гадна залуусын дунд ядуурал, ажилгүйдлийн түвшин өндөр хэмжээнд байгааг Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлд дурдсан байдаг. НҮБ-аас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар их, дээд сургуулиа төгссөн залуус ажлын байртай золгох гэж Азийн бусад орнуудтай харьцуулахад хоёр дахин урт хугацааг зарцуулж байгааг онцолжээ. Энэ талаар “World Learning" олон улсын боловсролын хөгжлийн хөтөлбөрийн дэд захирал Д.Хулан “Монгол залуус мэдлэг, боловсролтой боловч нийгмийн идэвхтэй оролцооны хувьд сул байгаа нь анзаарагддаг. Залуус өөртөө итгэлтэй, хийж буй зүйлдээ эзэн болж, гомдоллох бус үйлдэл хийж, асуудал шийдэх гарцыг хайх нь нийгмийн оролцооны энгийн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, хувь хүнийхээ өмнө хүлээн үүрэг хариуцлагаа ухамсарлах тухай асуудал билээ. Харин нийгэм, улс төрийн оролцооны тухайд дараагийн шатны асуудал болно” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Тиймээс залуус бид тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хамгийн гол хүч төдийгүй бусдыг уриалан дуудаж, манлайлах учиртай. Нийгэм байнга өөрчлөгдөж хувьсахын хэрээр шинэ мянганы залуусын мэдээлэл авах хэлбэр, хурд өөр болж, аливааг зоригтойг эхлүүлж, юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг болсон. Бид оршин тогтнож буй нийгмийнхээ нэг хэсэг гэдгээ ойлгож, өөрчлөлтийг түүчээлэн оролцоогоо нэмэгдүүлэхийг хичээцгээе.

Чуулга уулзалтын талаарх мэдээлллийг: Залуусын дуу хоолой

7025   0


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.