Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 11, 2019

Techworm: Apple Design Awards 2019-ийн шилдэг 9 апп-ийг танилцуулах нь

Програм хөгжүүлэгчдэд зориулсан нөлөө бүхий шагналуудын нэг “Apple Design Awards”-ийн энэ жилийн шилдэг есөн апп шалгарлаа. Apple компани 1987 оноос хөгжүүлэгчдэд зориулан “Worldwide Developers Conference”-ийг зохион байгуулж байгаа юм. Таван хоногийн турш үргэлжилдэг тус арга хэмжээний үеэр Apple компани өөрийн шинэчлэл, өөрчлөлтүүдийг танилцуулахаас гадна салбарын мэргэжилтнүүдийн шинэлэг, дэвшилтэт ажлуудыг зарлан тодруулдаг болоод удаж байгаа билээ. “Apple Design Awards” шагналыг тухайн апп-ийн шинэлэг санаа, үйлдэл, дизайн, гоо зүй, ойлгомжтой, хүртээмжтэй байдал зэрэгт мэргэжилтнүүд нарийн дүгнэлт өгсний дүнд гардуулдаг байна. Ингээд “Apple Design Awards 2019” шилдэг 9 апптай танилцъя.

1989 онд Apple “Worldwide Developers Conference” дээр Mac-ийн OS7 үйлдлийн системийг олонд танилцуулж байсан бол энэ жил тус компани iOS 13, macOS Catallina, watchOS 6, tvOS 13 зэрэг үйлдлийн систем, iTunes, Find My зэрэг аппийн шинэчлэл, Mac Pro-ийн гурав дахь эрин, Pro Display XDR дэлгэц зэргийг олны хүртээл болголоо. Энэ мэдээллийн бид уржигдар 7 хоногийн тоймоороо хүргэснийг эндээс үзээрэй.

Ойрын хоёр жилд 1-2 тоглоомны апп шалгарч байсан бол энэ жил уг тоо өссөн нь онцлог байв. 2012 оныг хүртэл энэ шагналыг Mac, iPad, iPhone зэрэг төхөөрөмжинд хэрэглэх апп гэж ангилан шагнадаг байсан юм. Одоо харин iOS үйлдлийн системд ажиллах апп хэмээн нэгтгэн олгодог болжээ. ADA шагнал урьд нь “Human Interface Design Excellence Awards” нэртэй байсан гэдгийг салбарын зарим мэргэжилтнүүд мэдэх биз ээ.

Ordia 

Компани: Loju (Англи)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2017
Татах: iOS

Харь гаригийн харанхуй ертөнцөд шинэ амьдрал үүсгэхээр зорин яваа бичил эс / бичил үр бол тоглоомын баатар. Тус бичил үрийг цэгээс цэгийн хооронд чирэн харвах буюу дээш үсрүүлснээр тоглоом эхлэх юм. Энэ хугацаанд үсэрхэг харь гаригийн амьтдаас бултах ёстой. Ингээд аль болох олон үе давж, дээшлэх тусам газрын гүнээс гарч өнгөн хөрсөнд хүрэх боломж нэмэгдэх юм. Гэхдээ мэдээж, утасны бусад тоглоомын нэгэн адил бариа хүртэл тодорхойгүй хол зай үргэлжилнэ. Тоглогчийн сонирхлыг улам өдөөхийн тулд 30 үе давсны дараа хүнд үе, бонус үеүд нээгддэг юм билээ. Нэг хуруугаараа л тоглох боломжтой Ordia платформыг Apple компани визуал илэрхийллээр баялаг ухаалаг концепт гэж дүгнэсэн байна.

Flow by Moleskine 

Компани: Moleskine (Итали)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019
Татах: iOS

Хар зураг зурах, ноороглох, тэмдэглэх боломжтой тус апп ган мэт цайвар саарал, усан цэнхэр, электрик ягаан, гялгар шар гэх мэт өнгөний баялаг сонголтоороо олныг гайхшируулж байгаа билээ. Түүнчлэн, үзэгний сонголтоороо ч мөн “Flow by Moleskine” энэ төрлийн аппуудаас ялгарч байна. Тодруулбал, бүдүүн үзэг, судалбар зураг зурах нарийн харандаа, үзэг, бэхэн үзэг, дугуй толгойтой фалмастер, тодруулагч, air brush гэх мэт долоон төрлийн үзэгний сонголттой юм. Flow by Moleskine-ийг Apple компани арвин чадамжит функц, гоёмсог дизайны хослол гэж үнэлжээ. Ташрамд сонирхуулахад, WWDC 2019-өөс хойш долоо хоногийн хугацаанд энэ аппийг үнэгүй татах боломж олгож байгаа юм байна.

The Gardens Between

Компани: The Voxel Agents (Австрали)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018
Татах: iOS

Өсвөр насны Arina охин, Frendt хөвгүүн хоёр хөршүүд болохоор дотно найзалжээ. Тэд нэгэн бороотой шөнө модон байшинд нуугдаж байгаад шуурганд өртсөнөөр тоглоом эхлэх юм. Сюрреал ертөнцөд үргэлжлэх тус эвлүүлдэг тоглоомыг iOS үйлдлийн системээс гадна Xbox, Playstation дээр ч тоглох боломжтой. Сонирхол татам адал явдал, бодит мэт зураглал, чимэг ая, нөхөрлөлийн үнэ цэнийг онцолсон нь энэ тоглоомын үнэлгээг өсгөж байгаа юм. The Gardens Between-ийг Apple компани тоглоом хүний зүрх сэтгэлд хэрхэн нөлөөлж чаддагийн нэгэн жишээ гэж дүгнэжээ.

Asphalt 9: Legends

Компани: Gameloft (Франц)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018
Татах: iOS

Жолоог аль болох амархан удирдах нь машин уралдааны төрлийн тоглоом сонирхогчдын туйлын хүсэл байж таарна. Gameloft компани өмнөх загвар дээрээ жолоодлогыг хялбарчлахаар оролдож, амжилттай үр дүнд хүрсэн байсан. Үүнийгээ ч Asphalt 9: Legends дээр хадгалсан нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байна. Түүнчлэн, бодит мэт зураглал, автозамын сонголтуудаас гадна Apple энэ удаа тус тоглоомын гайхалтай график, хурдны тохиргоо, хийц зэргийг сайшаан үнэлжээ.. Мөн 4 сая хэрэглэгч тоглодог Asphalt 9: Legends-г хүртээмжтэй байдлыг хайхралгүй өнгөрөөгүй болов уу.

Pixelmator Photo

Компани: Pixelmator (Литв)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019
Татах: iOS

Зураг, бичлэг засдаг бусад апп-ийг бодвол гэрэл, өнгө, эффектийг гараар тохируулахгүйгээр, заавал цаанаас санал болгосон өгөгдлийг сонгох нь эхэндээ гайхшируулж байсан. Гэхдээ арвин сонголтой учир нэг их гонсойлгохгүй юм билээ. Энэ апп 20 сая зураг хадгалж, зургийн чанарыг хүссэнээрээ нэмэх боломжтой, RAW файл уншина гэх мэт онцлогтой. Apple компани Pixelmator Photo-г цэгцтэй интерфэйсд суурилсан тул анхлан сурагцагчдын зураг янзлах чадамжийг нэмэгдүүлж байна гэж дүгнэсэн юм.

ELOH

Компани: Broken Rules (Австри)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018
Татах: iOS

Энэ бол тоглоом тоглонгоо дуу чимээний нөлөөгөөр ажлын ачааллаас хөндийрөхөд зориулсан апп юм. Тодруулбал, ELOH нь спикерийн дүрсэн дээр даран, түүнээс гарах дуу авианы долгион бүхий утсаар дөрвөлжин хөшөөнүүдийг хооронд нь холбодог. Тус тоглоомын визуал дүрсийг гараар будсан байна. Түүнчлэн тоглоомонд ашигласан бүх дуу авиаг оруулахдаа бодит шуумыг бичин буулгасан гэдгээрээ онцлог болжээ. Өөрөөр хэлбэл, дижитал програмын зохиосон дуу чимээ бус бодит шуум хүнийг илүү тайвшуурлна гэж тус апп-ийг хөгжүүлэгчид үзсэн байна. Энэ нь ч биеллээ олж, Apple компани ELOH-ийг тайвшрах, түр амрах шилдэг арга гэж үнэлжээ.

Butterfly IQ - Ultrasound

Компани: Butterfly Network (АНУ)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019
Татах: iOS

Төхөөрөмж утсандаа холбоод л хэвлий дэх үрээ харах боломжтой болно гэж хэн санах билээ. Даралт үзэх, зүрхний цохилт хэмжихээс ч илүүгээр зүрхээ хэрхэн цохилж байгааг харах боломжийг энэ апп олгоно. Эрүүл мэндийн мэргэжлийн үйлчилгээг гар утас, удирдлага бүхий жижиг төхөөрөмжийн тусламжтайгаар авах боломжтой тус платформын шинэлэг санаа програм хөгжүүлэгчдэд ихэд таалагджээ.

Thumper: Pocket Edition

Компани: Drool (АНУ)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018
Татах: iOS

Энэ бол 2016 онд гарсан, Playstation дээр тоглох боломжтой 80-аад оны неон зураглал, хүнд метал аяаар чимэглэгдсэн виртуал тоглоомын гар утасны хувилбар л гэсэн үг. Тоглоомын хурд, электрон визуал дүрслэл, хөгжмийн хэмнэл яах аргагүй адреналин ялгаруулж, тоглох хүслийг нэмж байна гэж Apple компани дүгнэжээ.

HomeCourt: The Basketball App

Компани: NEX team (АНУ)
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018
Татах: iOS

Энэ апп-ийг татсанаар гар утас тань сагсан бөмбөгийн дасгалжуулагч болох болно. HomeCourt: The Basketball App хэдэн минут бэлтгэл хийх, хэдий хэр хурдтай гүйх, ямар дасгалыг хэрхэн хийх гээд сагсан бөмбөгийн бүхий л техникийг зааж өгөх юм. Энд дан ганц бичлэг үзэх биш, урд камераараа өөрийнхөө дүрсийг бичсэн тохиолдолд апп автоматаар техникийн алдаа гаргаж буй эсэхийг чинь хэлж өгөх боломжтой аж. Түүнчлэн бэлтгэлээ хийж байгаа үедээ бичлэг хийвэл HomeCourt: The Basketball App хөдөлгөөнийг мэдрэн, дасгалын тоог таны өмнөөс гаргах юм.

10895   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.