Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   06 сарын 16, 2019

7 хоногийн тойм: Интернетийн чиг хандлага + Дайчдыг сөхрүүлсэн ялалт + Байгальд ээлтэй ирээдүй

Ковер зургийн тайлбар: Хуванцрын эсрэг дайнд Канад нэгдэв!

онцлох

Цахиурын хөндийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч, шинжээчдийн нэг Мэри Мийкер жил бүр гаргадаг "Интернетийн чиг хандлага" тайлангаа танилцууллаа. 1995 онд Морган Стэнлид ажиллаж байхаасаа гаргаж эхэлсэн тус тайлан технологийн гол трендүүдийг базсан "гарын авлага" болсоор ирсэн билээ. 333 хуудастай энэ жилийн тайланг эндээс үзээрэй.

Нийт хүн төрөлхтний талаас илүү нь буюу 3.8 тэрбум хүн (51%) өнгөрсөн жил интернет хэрэглэсэн байна. Америкчууд өдөрт 6.3 цаг онлайн байгаа нь түүхэн амжилт болсон бөгөөд 25 хувь нь "үргэлж интернеттэй холбоотой" байдаг хэмээн хариулжээ.

Интернет сурталчилгааны бизнес 22 хувиар өссөн байна. Google, Facebook энэ салбарт тэргүүлэгч хэвээр байгаа ч Amazon, Twitter-ийн өсөлтийг анхаарахыг Мийкер сануулав. Онлайн худалдаа нийт худалдааны салбарын 15 хувийг эзлэх болсон ч өсөлт нь удааширч байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн 1-р улирлын байдлаар нийт интернет хандалтын 87 хувь нь "хамгаалагдсан" байсан нь 3 жилийн өмнөхтэй харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт. Топ компаниуд хэрэглэгчийн аюулгүй байдалд илүү анхаарч, түүнийгээ борлуулалтын гол суваг болгон ашиглаж байгааг тэр онцолжээ.

Интерактив тоглоомын зах зээл эрс өсөж, 2.4 тэрбум хүн ямар нэгэн байдлаар Fortnite, PUBG зэрэг шинэ үеийн тоглоомуудыг туршиж үзсэн байна. Тэд зөвхөн тоглохоос гадна бусад оролцогчидтой харилцаа үүсгэх, хувь нэмрээ оруулах сонирхолтой болж байгаа нь ажиглагдав. Сошиал дахь контентууд ч зөвхөн текстээс илүүтэй видео, зурагтай хослох болсон нь нийт жиргээний талаас илүү нь мультимедиа файлтай хамт бичигдсэнээс харагдана.

Энэ жилийн тайланг эндээс уншаарай.

Их Британи улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэг болгох зорилго тавилаа. Хэрвээ бусад улс орнууд энэхүү жишгийг дагавал 2100 онд агаарын температур 1.5 хэмээр нэмэгдэх магадлал 50 хувиар буурах учиртай. Тэд улсын эрүүл мэндийн зардал буурна, амьдралын чанар нэмэгдэнэ хэмээн энэхүү шийдвэрийнхээ үеэр онцолжээ.

Канад улс 2021 гэхэд нэг удаагийн хуванцар сав, гялгар уут, соруулыг хэрэглээнээс хасах шийдвэр гаргалаа. Тус улс жил бүр 15 тэрбум гялгар уут, хуванцар хэрэглэдэг бөгөөд ердөө 10 хувийг нь л дахин боловсруулдаг гэнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Канад жил бүр 3 сая тонн хаягдлыг дахин боловсруулах зорилго тавьжээ.

Хонгконг улс Хятад руу ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Өнгөрөгч долоо хоногийн туршид сая сая жагсагчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, улмаар хүчний байгууллагатай мөргөлдөөн үүсгэн, олон тооны хүмүүс гэмтэж бэртсэн явдал гарсан юм. Ард иргэдийн дунд улсын лидер Карри Ченийг огцрохыг шаардсан хандлага нэмэгдсээр байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

QZ: Одоо тэд юу хүсэж байна вэ?

Boeing-ийн CEO Д.Мюлленберг олон нийтийн өмнө анх удаа буруугаа хүлээж, уучлал хүслээ. 737 Max загварын онгоц нь хоёр ч удаа осолдсоноос 3 сарын дараагаар тэрээр системийн алдаа байсныг хүлээн зөвшөөрч, ийм алдаа ахин гарах ёсгүй гэдгийг онцолсон байна. Даваа гарагт нээгдэж буй Парисын Агаарын Шоуны үеэр тэдний гол өрсөлдөгч Airbus шинэ загварын илүү хүчирхэг A321 онгоцоо танилцуулж, Boeing-д улам бүр дарамт нэмэх төлөвтэй байгаа билээ.

технологийн ертөнцийн эргэн тойронд

Өнгөрөгч долоо хоногт хийсэн Elevate арга хэмжээнийхээ үеэр Uber агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилготой UberAir үйлчилгээнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцлаа. 2021 оноос эхлэн туршилтаа хийж, улмаар 2023 онд албан ёсоор хэрэглээнд нэвтрэх төлөвтэй байгаа нисдэг таксины зогсоол нь Лос Анжелес, Даллас хотуудаас гадна Австралийн Мельбурнд эхлэн хийгдэнэ гэнэ. Нислэгийн үнэ нь машин эзэмшихээс хямд байна гэдгийг тэд мөн энэ үеэр онцолжээ.

Tesla-ийн үүсгэн байгуулагч Элон Маск жил бүрийн хөрөнгө оруулагчдын цугларалтын үеэр компани нь уул уурхайн бизнест орж магадгүй талаар дурдсан байна. Tesla батерей үйлдвэрлэхэд гол түүхий эд болдог никель, зэс ба литиумын олборлолт, нийлүүлэлтийн сувагт өөрийн гэсэн байр суурь эзлэх нь стратегийн хувьд чухал ач холбогдолтойг тэр онцолсон байна. Тэд 2020 оны төгсгөлд бүрэн цахилгаанаар ажилладаг ачааны машин гаргахаар зэхэж байгаа билээ. Энэ үеэр Tesla даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлж байгаагаа мөн ил болгожээ.

Google 10-р сард худалдаанд гаргах Pixel 4 загварын утасны эхний гэрэл зургуудыг албан ёсоор ил болголоо. Тус утас нь ардаа "харьцангуй" том дөрвөлжин сууринд гурван камертай болсон нь дизайны өвөрмөц шийдэл байв. Мөн FaceID-тэй төстэй нууцлалын систем, илүү хүчирхэг Google Assistant-тайгаар гарч байгаа гэнэ.

Facebook 2020 онд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг болох зорилгынхоо хүрээнд Техасд шинэ цогцолбор барьж байгаагаа зарлалаа. 379 мегаваттын чадалтай, 500 сая долларын өртөгтэй уг сэргээгдэх эрчим хүчний парк нь тэдний хувьд энэ салбарт хийж буй анхны хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Volvo болон Uber 2 жилийн турш хамтран хөгжүүлсэн жолоочгүй машины шинэ загвараа танилцууллаа. XC90 нэртэй уг машин 2020 оны эхээр үйлдвэрлэгдэн гарах бөгөөд аюулгүй ажиллагааны олон талт байдлыг хангасан, хамгийн найдвартай автомат машин хэмээн онцлогджээ.

Uber агаарын тээврийг ийн төсөөлж байна.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Salesforce түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, дата аналитикийн стартап Tableau-г 15.7 тэрбум доллараар өөрийн болголоо. Salesforce-ийн үүсгэн байгуулагч М.Бениофф энэхүү наймааг "дэлхийн №1 CRM платформ дэлхийн №1 дата платформтой нэгдлээ" хэмээн онцолсон байна. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Google өөр нэг дата аналитикийн стартап Looker-ийг 2 тэрбум доллараар худалдан авснаа зарласан билээ.

CIO: Salesforce-ийн наймаа IT салбарт хэрхэн нөлөөлөх вэ?

Fortnite тоглоомоороо дэлхийг байлдан дагуулж буй Epic Games 250 сая хэрэглэгчтэй видео чат апп HouseParty-г худалдан авлаа. Ингэснээр тэд тоглоомчдыг илүү ойртуулж, дүрстэй харилцаа үүсгэх замаар илүү хүчтэй коммюнити үүсгэнэ хэмээн найдаж байгаа юм.

Unread: Апп тойм - Houseparty: Бөөнөөрөө цуглах цахим үдэшлэг

Гэрээт ажлын талбар Fiverr Нью Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, нээлттэй компани боллоо. Эгнээндээ 850 мянга гаруй фрийлансеруудыг нэгтгэсэн тус платформын хувьцааны үнэлгээ эхний өдрөө 90 хувиар өссөн байна. 2010 онд байгуулагдсан Израйлд төвтэй тус стартап 600 сая долларын үнэлгээтэйгээр 111 сая доллар амжилттай босгосон нь энэ.

Үүлэн системд суурилсан програм хангамж, үйлчилгээ хөгжүүлэгч CrowdStrike-ийн IPO амжилттай болж, 8 настай стартап 11.4 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Тэдний хувьцааны үнэлгээ эхний өдрөө 90 хүртэл хувиар өссөн нь хөрөнгө оруулагчид зөвхөн эрэлттэй топ чиглэлүүдээс гадна аюулгүй байдал, веб сервис зэрэг үндсэн платформуудад итгэл хүлээлгэсээр байгааг илтгэсэн дүн болов.

Үүний дараа гэрийн тэжээмэл амьтдад зориулсан онлайн дэлгүүр Chewy мөн IPO хийж, эхний өдрөө л 59 хувийн өсөлт үзүүлэв. 2011 онд байгуулагдсан тус стартап өнгөрсөн жил 267 сая долларын алдагдалтай ажилласан ч 8.8 тэрбум долларын үнэлгээтэйгээр арилжаагаа амжилттай эхлүүлэв. Сонирхуулахад, АНУ-ын хэрэглэгчид зөвхөн өнгөрсөн жил "бяцхан найзууддаа" 72.6 тэрбум доллар зарцуулжээ.

Технологийн стартапуудын хувьд ээлтэй долоо хоног байв.

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Харийнхантай тэмцэх тусгай албаны хар хувцастнуудын түүхийг өгүүлэх ээлжит бүтээл "Men in Black: International" 24 сая долларын орлоготойгоор бокс оффисийг тэргүүллээ. Өмнөх гурван анги нь тус бүрдээ дебют долоо хоногтоо 50 саяас дээш борлуулалт хийж, нийт 1.6 тэрбумын ашиг олсонтой харьцуулбал энэ бол тийм ч сайн тоо биш. Дараагийн байруудад "The Secret Life of Pets 2" болон "Alladin" бичигджээ.

Netflix өөрсдийн оригинал кинонуудаас сэдэвлэсэн шинэ видео тоглоомууд гаргах гэж байгаагаа зарлалаа. Хамгийн эхний тоглоом нь 7-р сарын 4-нд 3-р бүлгээ гаргах Stranger Things байх гэнэ. Шинэ тоглоомын веб хувилбар нь кинотойгоо зэрэг цацагдах бол гар утасны тоглоом нь 2020 онд гарах аж. Netflix үүнтэй төстэй загвараар өөр хэд хэдэн тоглоомыг хөгжүүлж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Энэ онд эргэн нэгдэж, дэлхийгээр аялан тоглолтоо хийж буй Spice Girls ирэх жил бүрэн хэмжээний кино гаргах гэж байгаа гэнэ. Paramount-ийн мэдээлснээр тус кинонд Spice Girls-ийн бүх одод тоглох бөгөөд хит дуунуудаас нь гадна шинэ уран бүтээлүүд ч тоглогдох аж.

NBA-ийн 2019 оны улирлын аваргаар Торонто Рэпторс тодорлоо. Тэд сүүлийн 2 жилийн аварга Голден Стэйт Уарриорсыг талбайд нь гурвантаа буулган авч, цувралд 4:2-оор илүүрхэн түүхэндээ анх удаа аварга болсон нь энэ. Канадын цорын ганц төлөөлөл Торонтогоос К.Леонард финалын хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон байна. К.Дюрант, К.Томпсон зэрэг оддоо гэмтлийн улмаас алдсан Голден Стэйт тун ховор амжилт болох гурав дараалан түрүүлэх боломжоо ийн алдав.

Тэгвэл Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лиг NHL-ийн энэ улирлын аваргаар Сэйнт Луйс Блюз тодорлоо. Тэд финалд Бостон Бруйнзыг 7 тоглолтын эцэст ялж, түүхэндээ анх удаа аварга боллоо. 1967 онд лигийн анхны 6 багийн нэг болон элсэж байсан Блюз өмнө нь 4 удаа финалд шалгарч бүгдэд нь ялагдаж байв.

Умардын баярын парадад 2 сая хүн оролцоно

Алдалгүй унших арван мэдээ

NYTimes: Хөгжим шатсан өдөр
2008 оны 6-р сарын 1. Дэлхийн хамгийн том энтертэйнмент эзэнт гүрэн Universal-ийн оффис галд автав. Бид өдийг хүртэл бүрэн хохирлыг, юуг алдсаныг мэдээгүй л байлаа.

IndieWire: Билл Мюррэй: Холливудын хамгийн нууцлаг жүжигчин
Lost in Translation-ий одод агент эсвэл менежер байхгүй. Түүнтэй холбогдохыг хүсвэл зөвхөн өөрийнх нь гэрийн утсыг л олохоос өөр арга үгүй.

Fox: CBS, Viacom нэгдэхэд ойрхон байна
Америкийн хамгийн том медиа компаниуд нэгдвэл юу болох вэ? Тоглоомын дүрмийг хэрхэн өөрчлөх бол?

The Atlantic: Сара Сандерс Сага
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч С.Сандерс үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэв. Түүний үлдээсэн өв, оргил мөчүүдийг эргэн нэг санацгаая

Vice: Фэйсбүүкийн шинэ сорил - Deepfake
М.Зукерберг, К.Кардашиан, Д.Трамп зэрэг алдартнуудын бичлэгийг ашиглан хэлээгүй үгсийг нь яг л амьд мэт харагдуулах "гүн хуурамч" видео олон нийтийг айдаст автуулав

Axios: Bird гол өрсөлдөгчөө худалдан авлаа
Скүүтер түрээслэгчид нэгдэж, Uber-ийн эзэмшдэг Bird Сан Францискод нэвтрэх эрхтэй боллоо.

CNN: Оманы хойгт юу болов?
Барууныхан Оманы хойгт газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцонд гарсан халдлагад Ираныг буруутгаж байна.

RFEL: Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ээлжит хурал болов
Бишкек хотноо болсон ШХАБ-ын хуралд Ши Жинпин, В.Путин болон Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга нар оролцлоо

Techcrunch: E3-ийн хамгийн онцлох мэдээнүүд
Видео тоглоомын салбарын хамгийн том цугларалтын сонин хачин энд бүгд бий.


Unread-ийн 7 хоногийн тоймыг шууд имэйлээрээ хүлээн авмаар байна уу? Бид онцлох мэдээнүүдийг илүү дэлгэрэнгүй бөгөөд хялбар байдлаар багцлан тайлбарласан Unread Weekly цахим товхимлоо санал болгож байна. Энд дарж ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

10535   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.