Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   06 сарын 10, 2019

Онцлох бизнес: Царцаа ногоон - Хогоо ялгаж хаяхыг хялбаршуулна

Хэрэглээ их болсон өнөө үед хог хаягдал гэдэг бол айл болгоны, хүн бүрийн анхаарах ёстой нэг зүйл юм. Фэйсбүүкийн "Хогоо багасгая" группийн залуучууд хог хаях дадлаа байгальд ээлтэй болгохыг уриалж, нийгэмд хандсан зөв зүйтэй санаачилгыг өрнүүлдэг. Бид 17 мянган гишүүнтэй тус группийн үүсгэн байгуулагч Б.Саруултай ярилцан, байгаль орчинд ээлтэй "Царцаа ногоон" үйлчилгээнийх нь ач холбогдол, онцлог, ирээдүйн зорилгыг нь яриулсан юм.

Бизнесийн нэр: Царцаа ногоон
Хаяг: БЗД, 26-р хороо, "Хогоо багасгая" ангилалтын булан
Чиглэл: Дахивар түүхий эдийн тээврийн үйлчилгээ
Хэзээ байгуулагдсан: 2019 оны 2-р сар
Үүсгэн байгуулагч: Б.Саруул, "Хогоо багасгая" группийн үүсгэн байгуулагч Б.Мөнхзул, Энх-Ундрах, Хонгорзул, Н.Мөнхзул
Сошиал хуудсууд: Царцаа Ногоон (Фэйсбүүк хуудас), Хогоо багасгая (Фэйсбүүк групп)

Бизнесийн санаагаа анх хаанаас, яаж олсон бэ?

Анх хогоо ялгаж ангилж хаядаг байя, дахивар цуглуулдаг булантай болцгооё гэж уриалах зорилгоор Б.Мөнхзул маань фэйсбүүк групп нээж, дахивраа ангилах хөдөлгөөнийг эхлүүлсэн гэж болно. Группт маань ээжүүд, хүүхдүүд, оюутнууд нэгдсээр одоо 18 мянган гишүүнтэй болсон байна. Өнгөрсөн 10 дугаар сард хуванцар цуглуулдаг тэргэнцэртэй залууд туслах аянд 140 айл өрх, 3 сургуулийн сурагчид нэгдсэн нь бидэнд их урам зориг өгсөн.

Бид өдөр тутам өсөн нэмэгдэх гишүүдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан олон нийтэд зориулсан 365 хоног, 24 цаг нээлттэй байх ангилалтын буланг тогтвортой ажиллуулахаар болоход иргэдийг бага ч болов дахивраа ялгаж, ангилах дадалтай болгож, мөн өөрсдийн тууштай зангаар тогтмол ангилдаг ч буланд хүргэж өгөх цаг зав нь хомс, машин тэрэггүй иргэдэд зориулж дуудлагаар өгдөг болсон.

Бидний өдөр тутам хэрэглэдэг ус, ундаа, жүүс, тарагны сав, нарийн боовны уут зэрэг нь ихэнхдээ хуванцар материалаас бүрддэг. Энэ төрлийн уут савыг энгийн хог хаягдалтай хамт хаявал 450-1000 мянган жил газрын хөрсөнд шингэхгүй, хөрсний бохирдол үүсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Харин ялгаж ангилаад цуглуулбал боловсруулан цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

Анхны хөрөнгө оруулалт гээд байх зүйл байхгүй, тухай бүрд нь хамтдаа шийдээд л явдаг. Иргэдийг зөв үйлдэлтэй, зөв дадал хэвшилтэй болгох зорилгын хүрээнд сэтгэлээрээ нэгдсэн болохоор хамтын хүчээр л урагшилдаг даа.

Хамтрагчдаа хэрхэн олж, сонгосон бэ?

Групп нээгдэж хөдөлгөөн өргөжиж, гишүүд нэмэгдэхийн хэрээр хийх ажлууд өдөр бүр нэмэгдэж байсан. Тэр дундаас өдөр тутам идэвхтэй байгаа хүмүүс нь аяндаа нэгдэж нягтарсан. Тэрнээс ямар нэг шалгаруулалт гэж байгаагүй.

Танай үйлчилгээний онцлог, давуу талууд?

Ангилалтын булантай болсноос хойш хүмүүс хогоо хуванцар, шил, хатуу хуванцар гэж ангилан сард 1–2 удаа авчирдаг болсон. Харин хол гэртэй буюу их хэмжээний дахивар цуглуулсан хүмүүс ирээд авч болох уу, хотхон бүрд ийм дахиврын булан байгуулж болохгүй юу гэсэн саналыг олноор ирүүлж байсан болохоор энэ хавраас эхлэн айл өрх, албан байгууллагаас дахин боловсруулах хог хаягдлыг дуудлагаар очиж авах үйлчилгээг нээсэн байгаа.

Ингэж цуглуулсан дахивраа УБ хотод байрладаг дахин боловсруулах 10 үйлдвэрт (Мог Пластик ХХК, Пластик Центр ХХК, Од Пластик, Сан Оргиу ХХК, Хэв Хашмал Хуванцар ХХК гэх мэт) түүхий эд болгон өгсөөр өнөөдрийн байдлаар 3 тонн орчим хуванцрыг эдгээр үйлдвэрүүдэд хүргэсэн байна. Үүнээс гадна өөрсдийн шилийг буцаан авдаг хэд хэдэн үндэсний үйлдвэрүүд бий. Жишээ нь, АПУ, Үлэмж Органик, AYC зэрэг компаниуд өөрсдийн архи, пивоны шилийг буцаан авдаг нь шилийг 450 жил газрын хөрсөнд булагдан үлдэхээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм. Мөн Сайн Цаас ХХК картон хайрцаг дахин боловсруулж хэрэглээний цаас үйлдвэрлэдэг, Түмэн Шувуут ХХК бичгийн цаас авч өндөгний сав хийдэг. Мөн Амарсанаа Степ ХХК лааз дахин боловсруулан усан онгоцны эд анги хийж экспортонд гаргадаг гэх зэрэг сайн жишээнүүд бий.

Манай "Царцаа ногоон" үйлчилгээ дахиврын түүхий эдийг ялган ангилахад зориулсан GoBox дахиврын савыг бүтээн байгууллага, хотхонуудад санал болгож байгаа юм. Яагаад дахиврын сав хийх болсон бэ гэвэл иргэд хогоо ангиллаа ч сав нь жижигдээд байна, тохиромжтой сав олдохгүй байна, үнэтэй байна гэх нь их байдаг. Тиймээс бид өнөөдрийг хүртэл хийсэн судалгаа, туршилтанд үндэслэн GoBox-ийг бүтээсэн юм. Энэхүү сав нь хэмжээ том дизайнтай, эко материалтай, гар аргаар хийгдсэн, өөрт тохиромжтой байдлаар байршуулах боломжтой зэрэг давуу талтай.

Одоогийн байдлаар ОюуТолгой, Монос Фарм ХХК, Нэгдсэн Үндэстний Байгууллага, NCP барилга, Сакура Констракшн, Ичиро ресторан зэрэг 5-6 албан байгууллага GoBox дахиврын саванд дахивраа ялган ангилж байна. Ингэж айл өрх, албан байгууллагаас цуглуулсан дахиврыг цуглуулах нь байгальд шууд ил хаягдах хуванцар савны хэмжээг бууруулж, цаашлаад үзүүлэх хор нөлөөг тодорхой хувиар бууруулах юм.

Танай ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Бидний ойрын зорилт бол албан байгууллагууд, олон нийтэд үйлчлэх үйлчилгээний газруудыг хогоо ангилан ялгах боломжийг бүрдүүлж өгөх. Цаашлаад, ЕБС-уудад энэ жишгийг тогтоох. Бидний хамгийн гол зорилтот бүлэг бол хүүхэд, багачууд учраас хамгийн түрүүнд улсын сургуулиудыг дэмжинэ. Бидний хэтийн зорилго бол улс даяар дахиврыг ангилдаг болгох. Ангилдаг болбол дотоодын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайжирч, улам олон төрлийн дахивар түүхий эдийг ангилах боломжтой болж, тэр хэрээр олон төрлийн бүтээгдэхүүн хямд өртгөөр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, үр өгөөжтэй эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдэнэ. "Хогоо Багасгая" группийн гишүүд Завхан, Булган зэрэг өөрийн орон нутагт энэхүү хөдөлгөөнийг дэмжин ТББ байгуулсан байгаа. Цаашлаад бүр мөрөөдөх юм бол дахивар түүхий эдийг дэвшилтэт технологийн түвшинд ашиглах боломжийг бүрдүүлэх юм. Нөгөө талаас байгаль орчиндоо ээлтэй амьдрах хэв маягийг түгээх, үр хүүхдүүдээ зөв үйлдэлтэй иргэн, хувь хүн болгон хүмүүжүүлэх, сургах нь гол зорилго юм.

Тэр хүртэл иргэдээ хог хаягдлаа ялган ангилдаг, хуванцар сав, тоглоом, хатуу хуванцар зэргийг зориулалтаар ангилдаг болгоход чиглэсэн нөлөөллийн ажлууд хийх болно. Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2030-ыг эх орондоо хэрэгжүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нөлөөлөх ажлууд ч мөн хийгдэж таарна.

Бизнесийн үнэт зүйл, баримталдаг зарчим тань юу вэ?

Зөв амьдралын хэв маягийг түгээх. Байгальд ээлтэй амьдардаг хүүхэд залуусыг бий болгох нь маш чухал. Гэр бүл, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, байгальд ээлтэй амьдарч сургах нь бидний хийж чадах чухал зүйл гэж боддог.

Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Хууль эрх зүйн орчныг нь илүү сайн болгоход анхаарч байна. Хэдийгээр хог хаягдлын тухай хууль байгаа ч дахивар ангилах журам батлагдаагүй, ямар шаардлага, заалт байх ёстой нь тодорхойлогдоогүй асуудлууд байгаа. Тиймээс бид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлээ тодорхой болгож, саналаа илгээх нь зөв гэж харж байна.

Тухайлбал, албан байгууллага, хотхонууд хогийн сав, хог хаягдлаа хэрхэн ялган ангилах, дахиврын булан байх шаардлагатай юу гэх мэт олон зүйлс дээр судалгаа хийн ажиллаж байна.

энэ бизнесийг эрхлэхийн эерэг давуу тал, хэцүү бэрхшээлтэй тал?

Сургуульд хог хаягдлаа хэрхэн ангилах талаар сургалт орвол хүүхдүүд хогоо ялгаж хурдан хэвшдэг, гэртээ очоод ээж, аавдаа зааж өгдөг. Харин томчууд нь шууд хүлээн авч чаддаггүй, төр засаг нь хийх ёстой ажлыг бид хийх ёстой юу гэж эсэргүүцэх хандлага байдаг. Тийм хандлагатай хүмүүст бусад нь хийнэ, бусад нь туслах ёстой гэж хүлээх шаардлагагүй, хүлээх ч цаг хугацаа байхгүй гэдгийг л ойлгуулах гэж хичээдэг.

Хамгийн түрүүнд хийж эхлэх алхам бол гэртээ цомхон хэлбэрийн дахиврын нэг, хоёр хайрцгийг байршуулан өдөр тутам хэрэглэж байгаа савнуудаа хийж цуглуулж үзээрэй гэж ихэнх хүмүүст зөвлөдөг. Бид хогоо өдөр бүр л хаядаг. Түүн дээрээ нэмээд хуванцар хийдэг нэг сав гаргаад тавьчихвал өдөр тутамд хаядаг байсан хогний хэмжээ багасч 3 өдөрт нэг хаядаг болох гэх мэтээр ачаалал багасдаг. Мөн өрхийн хэрэглээ, зардлаа хянах ч боломж бүрддэг.

Хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцВАЛ?

Манайх бямба гарагт л айл өрхүүдээр явж хуванцар цуглуулдаг. Ихэнхдээ ээжүүд 2–3 тор хуванцар савтай бүтээгдэхүүн хэрэглэсэн байна лээ гээд өгдөг. Хогоо ялгаж ангилбал хэрэглээгээ хянаж эхэлдэг. Мөн манай группийн гишүүн дэлгүүр орох бүрдээ 50-ийн торноос худалдаж авдаг байсан нь сар, жилээр тооцоход маш их тоо гарсныг бидэнтэй хуваалцаж, даавуун торны хэрэглээг уриалж байх жишээтэй. Ингээд харахаар зөвхөн хогоо ялгаж ангилъя хэмээн эхлүүлсэн групп маань ээжүүд гэлтгүй бүх хүний зөв зохистой хэрэглээ, амьдралын хэв маягаа хуваалцах нэг талбар болчихсон юм шиг санагддаг.

6409   4


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.