Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   06 сарын 07, 2019

Бутанд зорчсон тэмдэглэл #1 - Үүлс, уулсын дундах нууцлаг орон

Монголоос гарснаас хойш бараг 36 цаг буюу 2160 минут 129,600 секундыг элээж, 3 нислэг 4 орон дамжсаны эцэст, 2448 километрийн тэртээх сүрлэг үүлсийн доор, сүмбэр уулсын хөндийд шугуй модоор бүрхэгдсэн нууцлаг нэгэн оронд газардав. Бутаны Паро нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн аюултай онгоцны буудлуудын нэгт тооцогддог бөгөөд дэлхийн ноён оргил Эверестийн чанх хажуугаар нисэн өнгөрөөд доошлохдоо өндөр уулс сүлжин, асар хүчтэй салхи гэтлэн хоёр уулын дундуур орж газарддаг нь дотор сууж явсан миний хувьд бас л цоо шинэ мэдрэмж байлаа.

Жомолунгма (төвд), Эверест (англи), Сагармата (балба) (д.т.Д 8848 м) - Дэлхийн хамгийн өндөр уулын оргил. Байнга ингэж тод харагддаггүй, ихэнхдээ үүл манан дунд байдаг тул нисгэгч биднийг тун азтай байна гэсэн юм.

Аргагүй л далайн түвшнээс дээш дунджаар 2400 шахуу метр өндөрт байдаг гэсэн шиг өндөр хайрхнууд тойролдон сүглийж, манан будан нь үүлстэй холилдон зах хязгааргүй битүү ороон мушгирчээ. Онгоцноос толгойгоо цухуйлгаад шууд гадагшаа шатаар буусныг ч хэлэх үү, цэнгэг агаар ховдоглон сорж харь орны үзэсгэлэнд алмайран бишрэх зуур зөөлөн тусах нарны илчтэй цуг борооны хэдэн дусал илбэх мэт болохуйд аян замын алжаал ядаргаа агшин зуурт ууршин алга болох нь тэр. Тосож авсан Бутан андууд маань хилээр нэвтэрмэгц цагаан хадаг (Зонгка буюу Бутаны үндэсний хэлээр хадар гэх аж) хүзүүнд ороон угтан авсан нь элгэмсүү ч гэж жигтэйхэн, саяхан л Энэтхэгт Нью Делигийн онгоцны буудлын бандан сандал дээр багтаж ядан эвхрэлдэж, агааржуулагчийн хүйтэнд хөлдөх шахан байснаа таг мартаад эх орондоо ирж байгаа мэт л орж явчив.

Паро онгоцны буудал

Үндэсний уламжлалт, Буддын шашны нөлөө нэвт шингэсэн барилга бүхий тэрхүү нисэх буудлыг багахан алмайрахуй сонирхол жигтэй хөдөлж, асууж шалгаасаар Бутаны хамгийн өндөр барилга 6 давхар бөгөөд засгийн газраас нь барилгын дотор тал ямар байх хамаагүй, гагцхүү гадна тал нь цагаан, цайвар, шаргал өнгөтэй, үндэсний онцлогийг шингээсэн дээвэр, чимэглэлтэйгээр барьж байх хуультайг мэдэж авав. Хөгжлийн түвшин, уламжлалаас гадна газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог нь ийм намхан байшингуудтай байхаас өөр аргагүй байдалд хүргэдэг ажээ. Бутан байшингууд газар хөдлөхөд бараг яах ч үгүй гэж үүднээс угтан авсан хөтөч маань бахдангуй ярилаа.

Үндэсний хувцастай хүмүүс гудамжаар нь хөлхилдөх 150 мянган хүн амтай Тимпү хот алсаас

Манай жолооч гадаа хүлээж байсан агаад англиар эелдэг нь аргагүй мэндэлж, ачаануудыг маань гараас аван, машины хаалга онгойлгож өгөв. Хүн амьтнаар хаалга онгойлгуулж дасаагүйг ч хэлэх үү, хүзүүндээ хадаг ороолгуулаад, өөрсдөө нэг машинд, ардаасаа нэг машин дагуулан Бутаны нийслэл Тимпү рүү битүү ойгоор бүрхэгдсэн (газар нутгийн 92 хувь нь ой) уулсын хөндийгөөр давхих тэр цаг хагасын хугацаанд чухам л эрх дархтай V.I.P хүн шиг мэдрэмж авч, маадгар гэгч нь жигтэйхэн явлаа. Англи хэл гэснээс Бутанчуудын дийлэнх нь англиар ярьдаг агаад хөдөө, тосгонд байдаг хэсэг нь л зөвхөн үндэсний Зонгка хэлээрээ ярьдаг ажээ. Хэдийгээр дэлхийд үүд хаалгаа дөнгөж нээж байгаа хиртэж бохирдоогүй, ариун дагшнаараа, тэгээд түүхэндээ ямар нэг гүрний шууд колоничлолд орж байгаагүй гэхэд англи хэлийг боловсролын системдээ оруулах хэмжээнд анхаарсан нь тун биширмээр (англи хэлээр ерөнхий боловсролын хичээлүүд ордог). Их Британичууд уг орныг колоничлохыг үл хүсэн орхин буцсан ч хэлний нөлөө нь үлджээ. Бутаны багийнхантайгаа оройн хоол идэж байхдаа Зонгка хэлэнд хайр гэдэг үг байхгүй агаад “Би чамд хайртай” гэж хэлэх боломжгүй, хосууд болзох үедээ англиар ярихыг илүүд үздэг гэхийг сонсоод тархи дэлбэрэх мэт болсныг нуух юун. Хэмжээгүй эрхт хаант засаг (монарх) байж байгаад 10 орчим жилийн өмнө ард түмэндээ ардчиллыг тулгасан гэх хачирхалтай түүхтэй Бутан хөгжлөөрөө одоохондоо магад хоцорч явж болох ч нэгэнт хэлний бэрхшээл үгүй тул Азийн орнуудыг дорхноо гүйцэхээр үл барам үсрэнгүй хөгжихөд ч гайхах зүйл үгүй мэт.

Манай хөтөч Үген (баруун), жолооч Пема (зүүн)

800 мянган хүн амтай жижигхэн эл улсын иргэд ардчилалдаа тийм ч дуртай бус, харин хаанаа тахин шүтэх нь элбэг агаад үүнийг бүх оффис, айлуудын өлгөсан Тавдугаар “Луут Хаан” буюу Жигмэ Хесар Намгел Ванчугийн хөрөг, бараг бүх хүний энгэртээ зүүсэн хааны тэмдэг зэргээс төвөггүйхэн ойлгож болно. Монголоос ялгаатай нь нэгдсэн нэг итгэл үнэмшил, үлгэр дууриал авах хүмүүнтэй байна гэдэг нэг талаар бахархмаар ажээ. Үнэхээр ч шуналдаа идэгдсэн ухаангүй дарангуйлагч бус ард түмнийхээ, улс орныхоо эрх ашгийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, хайрыг нь татаж чадсан удирдагч бол ингэхээс ч яах билээ. Ард түмэндээ өөрөө ардчиллыг авчирна гэдэг бол бас л арай өөрөөр харж чаддаг хүмүүн гэдгийн илрэл мөн буюу. Хэдий ардчилсан эрх чөлөөт улс мөн боловч үндэсний уламжлал, Буддын шашны ёс суртахуун өдөр тутмын амьдралд нь нэвт шингэсэн нь үнэхээр өвөрмөц ертөнцийг буй болгожээ. Ажлын цагаар бүх Бутанчууд үндэснийхээ хувцсыг өмсөх ёстой бөгөөд сүм хийд орох, онцлох үйл явдалд оролцохдоо ч хувцасны "код"-оо мөн адил мөрдөх аж.

Тимпү хотын гудамж

Буддын шашинт орон тул амьтны амь таслахыг цээрлэж, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд эгнэгт залбирч амьдрах тул ан хийх, загас барихыг хүртэл хорьжээ. Уг итгэл, бишрэлийн илрэл мэт золбин нохойнууд хотоор ч, хотоос гадуур ч асар элбэг бөгөөд тун ч номхон, хүмүүстэйгээ зохицож амьдраад нэгэнт сурчихсан, хаа сайгүй хэвтэж, байсхийгээд юм горьдон дөхөн ирдэг нь амьтнаас айдаг хүнд харин хэцүү байж магад мэт санагдсаныг нуух юун. Үндэсний нохой нь мастиф буюу Түвд банхар, бидний ярьж заншсанаар Монгол банхартай бараг ижил юм билээ. Нохой хэт олшроод байгаа тул засгийн газраас нь арга ядаад үргүй болгох арга хэмжээ авч байгаа аж.

Гудамжинд салхилж суугаа Бутан хөгшин

Амьтны амь таслахыг цээрлэдэг нь хоол хүнсэнд нь хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн мэт санагдсан. Цагаан хоолтон тун элбэг агаад үндсэн хоол нь нэлээн хуурайдуу байдлаар бэлдсэн ногоо (голдуу төмс, лууван, хэрээ нүдэн буюу аспарагус), будаа, халуун чинжүү, тэгээд тодорхой хэмжээний тахиа, үхэр, гахайн мах байх аж. Гэхдээ шашнаас болоод үхэр, гахай иддэггүй хүмүүс нэлээд байдаг юм билээ. Цэвэр Бутан хоол нь халуун ногоотой бяслаганд төмс юм уу чинжүү чанасан зутан маягийн идээ байсан нь будаатай холиод идэхэд тун давгүй амттай аж. Махыг ер нь л тун бага хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд манай Бутан багийнхны нэг, банкны салбарт ажилладаг Бир гэх залуу сард ганцхан л удаа мах иддэг гэсэн билээ. Монголчуудын идэж дассантай төстэй зүйлс мэр сэр байсан бөгөөд үхрийн борцыг тансаг идээд тооцдог хэмээн дайлсан нь тунчиг амттай байлаа. Мөн чихэртэй сүүтэй цай, давстай цөцгийтэй цай зэрэг нь монгол сүүтэй цайтай нэлээн төстэй боловч ихээр ууж чадахааргүй амттай байсан юм.

Бутан үндэсний хоол. (Би хоолны зураг авч чаддаг хүн биш юм билээ)

Үндэсний хувцас, шашин, заншил, хэл, хөгжил, ардчилал, хаант ёс энэ бүгд нийлээд уг орныг 21-р зууны хэрнээ өнгөрсөн зууны тунчиг хачирхалтай, орц найрлага нь таарсан хосолмол ертөнц болгожээ. Азийн зарим орнуудаар зорчсон багахан туршлагадаа үндэслэн бодоход Бутан үнэхээр тэс өөр хийгээд бусдаас эрс ялгаатай орчин, тэс ондоо мэдрэмжийг шууд өгснийг хэлэх нь зүйтэй биз ээ.

Хоёрдугаар хэсгийг унших

Тимпү цайзын ханан дахь шавар бурхан

БУСАД АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ УНШИХ

-Арабын инноваци буюу Дубай, Абу Даби хотуудаар аялсан тэмдэглэл #1
-Арабын инноваци буюу Дубай, Абу Даби хотуудаар аялсан тэмдэглэл #2
-Хятадын инновацийн хөгжил буюу Бээжин, Гуанжоу, Шэнжэн хотуудаар аялсан тэмдэглэл #1
-Хятадын инновацийн хөгжил буюу Бээжин, Гуанжоу, Шэнжэн хотуудаар аялсан тэмдэглэл #2

НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya

Гэрэл зургийг:

Zack Batzaya

Хандалт / Сэтгэгдэл:

26271   5

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.