Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   06 сарын 06, 2019

2020 он гэхэд таны хийчихсэн байх нэг чухал “ажил” бол...

Өнөөдрийн ажил, маргаашийн хурал, дараа долоо хоногийн төлөвлөгөө гэсээр өдөр хоногууд жирэлзэн өнгөрч, нэг л мэдэхэд он тэхий дундаа оржээ. Хүмүүс шоргоолж мэт завгүй ажиллаж, хөгжил гээчийг улам түргэтгэсээр. 

Гэвч хөгжлийг стресс гэдэг зүйл дагаж ирдэг ажээ. Илүү сайхан амьдралыг зорьж хийсэн зүйлс маань эргээд сөрөг зүйлс дагуулдаг нь харамсалтай. Улам бүр хотжиж, байгалиасаа холдох болсон нь стрессийг үүсгэгч нэг том шалтгаан юм. Үүнийг батлах маш амархан. Агаар салхинд гарч, байгальтайгаа ойртоход сэтгэл санаа тань дорхноо сэргээд ирэх вий. Тэгвэл байгаль гэхээр хамгийн түрүүнд бидэнд юу бодогддог билээ? Ургамал мод, уул уснаас өөр юу байв гэж. 

Тэгвэл хувьсамтгай хаврыг үдэж зугаатай ногоотой зуныг эхлүүлж буй энэ өдрүүдэд бид “ой мод” гэсэн чухал сэдвийг хөндөхийг хүслээ. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөн цөлжилтөд нэрвэгдэж буй манай орны газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэг бол дэлхийн нийт хуурай газрын 31 хувь нь ой модоор бүрхэгдсэн байдаг. Угийн ой мод багатай манай улс, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээлж байгаагаар, сүүлийн 20 жилд ойн түймэр, хөнөөлт шавьжийн хор хөнөөл, хууль бус огтлолтоос шалтгаалан 1.2 сая га ойн талбайгаа алджээ. 

Эдгээр асуудлын хор уршиг нь ямар байх вэ? Ер нь ой мод, мод бут бидэнд юу өгдөг вэ? Хэрхэн хайрлан хамгаалж, арчилж ургуулах вэ? зэрэг асуултад зэгсэн сайн хариу өгөхийг бид зорилоо, та болгооно уу.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө, ирээдүйг нь гэрэлтэй байлгахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт хувь хүн, албан байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн тэмцсээр буй. Үүний нэг тод жишээ бол бидний өмнө танилцуулж байсан “Эх дэлхийн өдөр” юм. Гурван жилийн өмнөх “Эх дэлхийн өдөр”-ийг хүн төрөлхтөн “Дэлхийдээ мод тарья” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байв. Тухайн үед, хүн бүр нэг мод тарих буюу 2020 он гэхэд 7.8 тэрбум мод тарья гэсэн зорилтыг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гаргасан юм. Та 2016-2019 оны хооронд нэг мод тарьж амжсан уу? Амжсан бол тэр мод чинь ургаж байгаа юу? Амжаагүй бол 2020 оноос өмнө нэг мод тарья, тэгэх үү?

Дэлхийн нийт хуурай газрын 31 хувийг модтой хэсэг эзэлдэг. Энэ нь дөрвөн тэрбум га газар гэсэн үг бөгөөд жил бүр 13 сая га газраар багасаж байгаа дүн бий. Дэлхий дээр 100 мянган зүйлийн мод, бут байдаг бол манай орны ойн санг нийт 140 зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг байна. Монгол орны ой бүхий газар нутаг нь Сибирийн тайга, Төв Азийн тал хээрийн дундах экологийн шилжилтийн бүсэд байдаг бөгөөд шилмүүст ой, уулархаг нутгийн тайгын ой, говь цөлийн бүсийн заган ой гэсэн хэсгүүдэд хуваагддаг.

Мод бол хөрсийг эвдрэл, элэгдлээс хамгаалахаас гадна бохирдуулалгүй эрүүл байлгадаг эмч юм. Түүнчлэн өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй фитонцид гэх бодисыг ялгаруулдаг. Энэ бодис нь секундын дотор үй олон нян, мөөгөнцрийг устгаж чаддаг төдийгүй нэг га талбай дахь навчит ойгоос гурван килограмм фитонцидыг гарган авдаг байна. Мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар ихэсгэж, дуу чимээг намсгадаг, зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаарыг цэвэрлэдэг гэх мэт олон талын ач холбогдолтой юм.

Гэвч мод хэрэглэдэггүй улс, хот, салбар гэж үгүй билээ. Физик-механикийн өндөр чанартай, боловсруулахад хялбар, химийн ба механик боловсруулалтын аргаар шинж чанарыг нь өөрчлөн сайжруулах боломжтой байдаг тул модыг түгээмэл хэрэглэдэг. Үүнээс гадна мод нь цаас ба модлог хавтангийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болдог юм. Хүн төрөлхтөн нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрдаг. Дэлхий дээр минут тутамд 190 тонн цаас хэрэглээнд нэвтэрч байдаг гэх ганцхан баримтаас л бид модыг хайрлан хамгаалах, мод тарих асуудалд хэр их ач холбогдол өгөх ёстойг харж болно.

"ҮНЭНДЭЭ, МОД БОЛ ҮРЖИХ ХӨРӨНГӨ ЮМ. ЗУУН ЖИЛИЙН ДАРАА БИ БАЙХГҮЙ Ч МИНИЙ ТАРЬСАН МОДНУУД ҮЛДЭНЭ. ТЭР ҮЕД ЭНЭ МОДЫГ 100 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГ ЗОХИОЛЧ ТАРЬСАН ГЭНЭ ЛЭЭ ХЭМЭЭН ДУРСАХ БАЙЛГҮЙ."
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан

Цахим товхимолд бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

чиг хандлага 

Дэлхий даяар модыг хайрлан хамгаалах, тарьж ургуулах хүрээнд бодит ажил хийж хэрэгжүүлж буй санаачилга, хөдөлгөөнүүд олон. Мод тарих үйлсэд манлайлан ганцаараа, хоёулаа үлэмж том өөрчлөлтүүд хийсэн жишээнүүд ч бий. Африк эмэгтэйчүүдээс анх удаа Нобелийн шагнал хүртсэн хүн нь Африк тивд 30 сая мод тарьсан Кенийн Вангари Маатай байв. Гэрэл зурагчин Себастиго Сальгадо эхнэр Лилия Делиуз Ваникийн хамтаар Өмнөд Африкийн бүс нутгийн 129 га талбайг 20 жилийн хугацаанд нөхөн сэргээсэн гайхалтай түүх бий. Тэд ийм талбайг нөхөн сэргээснээр 172 зүйлийн шувуу, 15 зүйлийн мөлхөгч, 15 зүйлийн хоёр нутагтан амьтад тус газар амьдрах болжээ.

Хүн амынхаа эрүүл мэндийг боддог улс орнууд, хотууд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид гойд анхаарч, амьдрах орчныг таатай болгодгийн нэг тод жишээ нь Нью-Йоркийн Төв парк (Central Park) юм. Тэнгэр баганадсан олон зуун барилга бүхий энэ хотыг зоригсдын заавал үзэхийг хүсдэг, оршин суугчдынх нь бахархдаг нэг газар бол яахын аргагүй 1876 онд ашиглалтад орсон Төв парк. 341 га талбай бүхий энэ парк 20,000 төрөл зүйлийн модны "гэр" ажээ.

Ногоон хөгжил, тогтвортой хөгжил нэн чухал болж буй өнөө үед ой мод, бут ургамлыг хамгаалах, тарьж ургуулахтай холбоотой ажлууд улам бүр эрчимжих нь ойлгомжтой. Нэг сонирхолтой жишээ хэлэхэд, АНУ-ын "Bios Urn" хэмээх компани бурхан болоочийн чандрыг модны үр ба бордоотой холин мод тарих үйлчилгээ үзүүлдэг. Нас эцэслэснийхээ дараа байгаль дэлхийдээ шингэх мод болон ургах боломжийг олгох энэ санаа АНУ-аас халин гарч, Европ тивд хэдийнэ нэвтэрсэн байна.

Манай оронд харин тийм дэвшилтэт санаанууд хараахан хэрэгжиж амжаагүй байгаа. Манай улс 2010 оноос хойш жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэж байгаа нь иргэдийн байгаль, мод ургамлыг хайрлах сэтгэлгээг нэмж байгаа билээ. Улаанбаатар хотод гэхэд 114 цэцэрлэгч нийслэлийг өнгө үзэмжтэй, шороо тоос багатай, хүчилтөрөгчөөр арвин байлгахын төлөө ажилладаг, 249 иргэн, байгууллага, ойн нөхөрлөл ойжуулалтын үйл ажиллагаа гүйцэтгэдэг байна. Тэр дундаас зарим иргэд, холбоодыг онцлон дурдвал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ХБНГУ-ын Холбооны гавьяаны загалмайн одонт, зохиолч Ч.Галсан өөрийн хөрөнгөөр нэг сая мод тарьж буй аж. Шилэн хүлэмжинд үрээ нахиалуулж, дараа нь хөрсжсөн үндсийг газарт суулгах аргыг сонгон ажилладаг “Чинагийн Галсан сан” аль хэдийнэ 500 мянга гаруй мод тариад амжжээ. Залуучуудын сайн мэдэх П.Сэрдарам багштай “My Club” клуб харин 12 жилийн хугацаанд 700 мянган мод тарьжээ.

Томоохон компани байгууллагуудаас жишээ татвал, “2030” цахим товхимлыг хамтран гаргагч ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлдэг. Тус банкны 2007 оноос хэрэгжүүлэх болсон “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар байрлах ХААН Банкны салбар, нэгжийн ажилтнуудын оролцоотой нийт 23,000 ширхэг мод, бут тарьж ургуулжээ. ХААН Банк Сангаас байгаль орчныг хамгаалах чиглэлд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 160 сая орчим төгрөг зарцуулаад байгаа ажээ.

Мод тарьж ургуулах үйлийн бүх л үе шат нь адилхан чухал учраас хүнээс ихээхэн тэвчээр хатуужил шаарддаг. Модны сайн ургах эсэх нь суулгаснаас хойших хоёр жилийн арчилгааг хэр сайн хийхээс шалтгаалдаг байна. Мод арчилж ургуулахтай холбоотой зөвлөгөөг хүргэе:

  • Хаврын улиралд модыг 10 хоног тутамд тогоог нь дүүргэн услах хэрэгтэй. Хавар газар гэсэж, үндэс нь хөрснөөс чийг авах хүртэл мод ургамал гол иш ба мөчирт нь агуулагдах өмнөх жилийн ус чийгээр амьдардаг байна. Өөрөөр хэлбэл, намар хангалттай чийг усалгаатай байсан ургамал хаврыг дажгүй давчихдаг.
  • Эрс тэс уур амьсгалтай Улаанбаатарын орчимд хучлага бүтээлгийг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй юм. Хучлага нь ургамлыг хэт хүйтнээс, салхины аясаар чийгээ алдахаас, хаврын түлэгдэлтээс хамгаалдаг. Мөн агаарын бохирдлоос үүсэх хөө тортгоос хамгаална.
  • Салхи ба хаврын түлэгдэлтээс хамгаалах бас нэг арга бол модны тулгуур бэхэлгээ юм. Тулгуур бэхэлгээ нь модыг салхинд унах, үндсийг хөдөлгөөнд орохоос сэргийлдэг.
  • Хатсан мөчир салаа нь бусад хэсгүүддээ нөлөөлж, модны чийгийг алдагдуулдаг тул болбол тайрч байх нь зүйтэй. Гэхдээ тайралтыг горимын дагуу хийж гүйцэтгэхгүй бол эсрэг үр дүн авчирдгийг нийслэлийн 5-р сургуулийн хашаан дахь моднуудын жишээ харуулдаг.
  • Модыг тогтвортой усалбал үндэсний систем бэхжиж ус шингээх чадвар нь сайжирдаг. Тавдугаар сарын дундаас эхлэн Улаанбаатар орчимд модыг долоо хоногт 2-3 удаа услах учиртай гэнэ. Хол газар мод суулгасан тохиолдолд усалгааг нь хянаж болдоггүй тул найдвартай харж хандах хүнтэй, усалгаа хийгддэг газар мод тарих нь хамгийн зөв сонголт юм.
  • Тарьсан модонд мал, мэрэгч амьтад гээд “дайсан” мунддаггүй. Тиймээс хашаа барьж, хор цацаж, ойр ойрхон шалгаж байх хэрэгтэй.

санал болгох 

ҮЗЭХ: Хашаандаа 250 мод тарьсан Монгол иргэн өөрийн туршлага болон модны арчилгааны талаар дэлгэрэнгүй ярьж байна. Улаанбаатарын хашаатай айл өрхүүд мод тарих бүрэн боломжтой билээ.
Хашаандаа 250 гаруй мод суулгасан монгол залуу

УНШИХ: Автомашингүй өдрийг тохиолдуулан Unread-ийн редакц дэлхийн томоохон хотууд машины хэрэглээг хэрхэн бууруулж байгаа талаар нийтлэл бэлтгэснийг үзээрэй.
Машингүй өдөрт: Автомашины хэрэглээг бууруулж буй олон улсын жишээнүүд

Тогтвортой хөгжлийн эргэн тойронд болж буй үйл явдлууд, чухал мэдээллүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан хүргэх 2030 цахим товхимлын дараагийн дугаарыг та энд бүртгүүлэн хүлээн аваарай.

7261   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.