Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 04, 2019

Апп тойм: Таныг сайхан хувцаслахад туслах 4 апп

Бид амьдралынхаа бүтэн нэг жилийг хувцас сонгоход зарцуулдаг гэх судалгаа бий. Хувцаслалтдаа анхаардаг зарим хүний хувьд бүр ч ангайлгам тоо гарч мэднэ. Хувцас сонгох гэж цаг алдахгүй гэсэндээ нэг хувцсаа олон өдөр давтаж өмсдөг алдартнууд ч цөөнгүй байдаг. Хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ гэдэгчлэн хувцаслалт, гадаад төрхөндөө анхаарах нь өөртөө итгэлтэй байх, бусдад сэтгэгдэл төрүүлэхэд тустай байдаг болохоор цаг үрэхэд яах вэ дээ гэж боддог хүмүүс ч байгаа байх. Гэхдээ бага хугацаа зарцуулан илүү загварлаг харагдах боломж бидэнд бий. Өнөөдрийн нийтлэлдээ бид таныг цагаа хэмнэж, сайхан хувцаслахад туслах дөрвөн апп-ийг онцолж байна.

Mode-Relier

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018
Татах: iOS

Энэ апп таныг дүүрэн хувцастай шүүгээгээ онгойлгон “өмсөх юм нэг ч алга” гэж бухимдан зогсохоос аварна. Таны хийх ёстой гол ажил бол Mode-Relier-т өөрт байгаа хувцаснуудын зургийг оруулах. Апп таны үсний өнгө, арьсны туяаг хүртэл чухалчлан авч үзэх болно. Та энэхүү апп-ийг ашиглан ямар ч үед өөрт тохирох хувцсыг сонгох боломжтой. Апп таны хувцаслалтуудыг төрсөн өдөр, анхны болзоо, амралт зугаалга, ажлын ярилцлагад орох зориулалттайгаар нь хүртэл ангилж чадна. Мэдээж өөрт байгаа хувцсууддаа зохицуулан шинээр ямар хувцас худалдан авбал зохистойг бас хэлж өгөх болно. Мөн таны хувцсыг өнгө, загвар, размераар нь ангилдаг болохоор яг юу хэрэгтэйг та хялбархан тооцоолох боломжтой юм.

Screenshop by Craze

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2017
Татах: iOS

Та Instagram гүйлгэж байхдаа хэн нэгний зурган дээрх хувцсыг худалдаж авахыг хүсэж байсан уу? Тийм бол Screenshop by Craze-ийг туршаад үзээрэй. Юуны түрүүнд энэ апп-ийг Vogue-ийн зүгээс хувцасны Shazam хэмээн тодорхойлсон гэдгийг онцлоё. Тэгэхээр ямар зарчмаар ажилладаг нь тун ойлгомжтой болж байна уу? Facebook, Instagram, Snapchat гээд хаанаас ч бай өөрт таалагдсан хувцасны зургийг Screenshot хийж аваад уг апп-д оруулснаар төстэй хувцас, аксесуарууд гарч ирэх юм. Улмаар худалдан авах хэсэгт дарж орон хаанаас ямар үнээр худалдаж авч болохыг харах боломжтой.

Vogue Runway

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2015
Татах: iOS

Энэ бол хувцаслалтын санаа авахад хамгийн тохиромжтой апп. Vogue Runaway танд Нью Йорк, Лондон, Милан, Парис тэргүүтэй дэлхийн хаанахын ч загварын шоуг бүрэн эхээр нь утаснаасаа үзэх боломжийг олгоно. Санд нь 1991 оноос эхлээд бүхий л томоохон загварын шоу, нийт 12,000 загварын шоу, нэг сая үзүүлбэр бий. Хувцасны санаануудыг зөвхөн загварын шоугаар биш, загвар зохион бүтээгчдээр нь хайж үзэж болдог. Хоёр долоо хоногийн өмнө энэ апп-д сайжруулалт хийгдэж шинээр Street Style хэсэгтэй болсон байна лээ. Тэндээс та гайхалтай гэрэл зурагчид, дизайнеруудын бүтээлийг харах боломжтой юм. Мөн алдартнууд үдэшлэг, арга хэмжээнд хэрхэн хувцаслаж очсоныг харж болно. Эдгээрээс өөрт таалагдсан загвараа тэмдэглэж, алдартай шүүмжлэгчдийн бичсэн сэтгэгдлийг ч уншиж болно.

Combyne

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2017
Татах: iOS, Android

Та энэ апп-ийг ашиглан найман зуун брэндийн мянга мянган хувцаснаас өөрөө биеэр өмсөхгүйгээр, хүссэнээ хослуулан шинэ имиж бүрдүүлж харах боломжтой. Гаргаж ирсэн загваруудаа апп дээрх өөрийн хуудсанд байршуулж хүмүүсийн сэтгэгдлийг сонсож, дагагчидтай болж, цаашлаад өөртэйгөө ижил мэдрэмжтэй хүмүүсийг олж болно. Бас та энэ бүх хувцсыг худалдан авч болно. Энэ апп нэг дор загвар, харилцаа, худалдаа гэх гурван зүйлийг хамтатгаж чадсанаараа онцлог. Тиймээс та энэ апп-ийг хэрэглэвэл загварын ямар ч трендээс хоцрохгүй гэдэгтээ итгэлтэй байж болно. Тэд апп-ийг хэрэглэхэд хялбар байлгах үүднээс даашинз, малгай, жинс гэх мэт 35 категорийг гаргасан байдаг.

51911   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Номинжаргал




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.