Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 05, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Монгол Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгалан

Ээлжит ярилцлагадаа бид Монголын даатгалын салбарт тэргүүлэгч, ууган компани болох "Монгол Даатгал"-ын гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгаланг урилаа. Сурч боловсрохыг эрхэмлэдэг тэрээр МУИС-ийг ЭЗС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсөөд, ажиллаж байх хугацаандаа "Хандон Глобал" сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Гүрэн дээд сургуулийн төрийн удирдлагын магистрын зэргийг тус тус хамгаалж, мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Ажлын гараагаа "Чингис Хаан Банк"-нд тусгай төслийн аудитороор эхлүүлсэн бөгөөд 2010 оноос "Монгол Даатгал"-ын санхүүгийн газрын захирлаар есөн жил ажиллажээ. Карьерынхаа туршид мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, хөрөнгө оруулалтын зөвлөх, аудиторын эрхүүдийг авч байсан нь түүний арвин туршлагатай бизнесийн лидер болохыг илтгэнэ. Ингээд улс даяар 30 салбар, 250 ажилтан, 1000 төлөөлөгчтэй “Монгол Даатгал”-ыг 85 жилийн ойн босгон дээр нь залуурдан чиглүүлэх үүргийг хүлээгээд буй Ч.Энх-Амгалан захиралтай ярилцсанаа хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Монгол Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 8 Plus
Хэрэглэдэг компьютер: HP Spectre, Dell
Сошиал хуудсууд: EnkhAmgalan_C(Твиттер), EnkhAmgalan.ch(Фэйсбүүк)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өдөр өдөр харьцангуй өөр байдаг. Ер нь өглөө 6 цагт босoхыг хичээдэг. Фитнесст явдаг. Эргэж ирээд хүүхдээ цэцэрлэгт нь хүргээд, ажилдаа ирдэг юм. Заримдаа дотоод уулзалтууд хийнэ, өдөржин гадуур уулзалт хийх өдрүүд ч бий. Ер нь уулзалт ихтэй.

Арга барилын хувьд удирдах ажилтны хувьд шийдвэрийг хурдан гаргаж, ажлыг зөв хүмүүст нь хуваарилж, гүйцэтгэлийг чанартай байлгах тал дээр анхаарлаа хандуулдаг онцлогтой. Ингэснээр ажил илүү хурдтай явдаг гэж боддог. Мөн санхүүч суурьтай болоод ч тэр үү, ёс зүйтэй, тогтвортой ажиллахыг илүү анхаарч ирсэн. Байгууллагын нөөцүүдийг үр дүнтэй удирдаж, үйл ажиллагааг хамгийн үр дүнтэй байх тэр цэгт аваачихын төлөө ажилладаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Хэрэглэдэг апп-ийн хувьд энгийн. Microsoft Office-ийн програмууд, Google-ийн Keep, Drive, Docs тэргүүтэй аппууд, статистикийн SPSS програмыг ашигладаг. Хувь хүний хөгжлийн контентыг сонирхож уншдаг, сонсдог болохоор Instaread, Podcast, Audiobook, TEDx зэрэг апп-уудыг ашигладаг. Мөн мэдээний Ubinfo апп, Фэйсбүүк, LinkedIn зэрэг сошиал медиа сувгуудыг дурдаж болно. Орон нутаг дахь салбаруудтай үе үе телеконференц хийдэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би цагандаа их харам хүн. Хүлээх, цаг хийдүүлэх тун дургүй. Тийм ч учраас ажлаа сайн төлөвлөдөг. Замд түгжрэх, хүн хүлээх зэрэг тохиолдолд утсаар ажлаа амжуулах, имэйлээ шалгах, бичих, подкаст сонсох гэх зэргээр цагийг үр ашигтай өнгөрүүлэхийг хичээдэг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утсан дээрээ Google Keep, Note, Reminder аппуудад хийх зүйлсээ оруулдаг. Урт хугацааны зүйлсээ дэвтэрт бичдэг. Гурван ч дэвтэр бий.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Өөрийгөө аливааг задлан шинжилж, үнэлэлт дүгнэлт өгөх, төсөөлөхдөө сайн гэж найддаг. Энэ чанар маань санхүүч болоход нөлөөлсөн байх, тоон дээр олон жил ажилласан маань ч эргээд энэ чадварыг маань хурцалсан болов уу. Бас зохион байгуулах, бусдыг уриалахдаа муугүй гэж бодож байна.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Даатгал нь том зургаараа нийгэмд тун хэрэгтэй бизнес юм. Хүнд, байгууллагад хэзээ ч ямар ч эрсдэл учирч болдог. Энэ үед даатгал тэр санхүүгийн хүндрэл, асуудлыг давахад тусалдаг. Ийм ч учраас даатгал хийлгэх нь эргээд таны ирээдүйг эрсдэлээс хамгаалдаг гэдгийг ойлгоосой гэж хүсдэг.

Тэр утгаараа олон салбарын компаниудтай ойр ажиллаж, бизнесийнх нь онцлогтой танилцахад сонирхолтой байдаг. Дагаад танилын хүрээлэл ч тэлдэг. Мэдээж бас хэцүү, бэрхшээлтэй зүйлс манай салбарт бий. Даатгалын зах зээл өндөр хөгжсөн улсуудтай харьцуулахад манай улсын эдийн засагт эзэлж байгаа даатгалын орон зай хэдэн арав дахин бага байдаг. Энэ нь манай улсын эдийн засгийн хэмжээ, чөлөөт зах зээлд харьцангуй хожуу шилжсэн зэрэгтэй холбоотой. Тиймээс хүмүүст даатгалын үйлчилгээний ач тусыг таниулах ажлыг сайн хийх шаардлагатай байдаг.

Компанийн хувьд манайх 85 жилийн түүхтэй, даатгал гэдэг ойлголтыг Монголд бий болгосон ууган компани. 1990-ээд он хүртэл манай компани даатгалын үйлчилгээг Монгол Улсад дангаар үзүүлж ирсэн. Монголын даатгалын салбарын түүх бол манай компанийн түүхтэй салшгүй холбоотой байдаг. Нэгэн үе Монголын даатгалын салбарын боловсон хүчин манай компаниас бэлтгэгддэг байлаа.

Манай компани бидэнд итгэж даатгуулсан даатгуулагчдын төлсөн цэвэр хураамжийн орлого,бидний зүгээс даатгуулагчдад эрсдэл үүссэн үед олгосон нөхөн олговор гэх мэт гол үзүүлэлтүүдээр зах зээлдээ тэргүүлдэг. Дэлхийн чиг хандлага, бизнесүүдийн онцлог, хөгжил зэргээс харахад даатгалын салбар бүрэн цахимжих, шинэ шинэ инновац нэвтрүүлэх цаг аль хэдийн ирээд байна. Ингэж байж үйлчилгээ хурдан болж, хэрэглэгчдэдээ илүү ойртоно. Манай компанийн хувьд одоогоор гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтрүүлж, иргэдэд зориулсан даатгалыг үйлчилгээг онлайнаар хүргэн ажиллаж байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Шинэ удирдлагын баг бүрдээд байгаа тул компанийн стратегийг шинэчилж байна. Бид иргэдийн даатгалын боловсролыг нэмэгдүүлэх, хэрэглэгчид илүү хүртээмжтэй хэлбэрээр даатгалын үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. Мөн дижитал бүтээгдэхүүнээ цаашид хөгжүүлэх, цахимаар илүү өргөн хүрээнд үйлчилгээгээ хүргэдэг болохыг чухалчилна. Манай салбарт дата гэдэг маш чухал байдаг. Харилцагчийн бүрийнхээ түүхийг үүсгэж байж л илүү үр дүнтэй үйчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэ чиглэлд дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мэдээж бас өөрийн ажлын арга барилыг шинэ албатайгаа уялдуулан өөрчилж, компанийн бүтэц, зохион байгуулалтыг илүү үр дүнтэй болгоход анхаарч байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Их уншдаг. Олон ном зэрэг эхлүүлээд энд тэнд тавьчихдаг юм. Заримдаа зузаан биш номуудыг суурин дээрээ унших нь ч бий. Голдуу баримтат номыг, хааяа нэг уран зохиолын ном уншдаг. Сүүлийн үед номын подкаст сонсож байгаад таалагдвал худалдаж авч уншдаг болоод байгаа.

"Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү?" гэдэг номыг сүүлд уншсан юм байна. "Бар ээж" номыг уншихад өөрийгөө олж харах шиг болсон (инээв). Мөн "Икигай", "Би энгийн амьдралыг сонгосон" зэрэг номууд таалагдсан. Сүүлийн үед минимализмыг сонирхон судалж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжмийг их шимтэж сонсдоггүй талдаа. Аль нэг хэв маяг, аль нэг хамтлаг гэж онцгойлж үздэггүй. Сонсголонтой, тухайн үеийн сэтгэл санаанд тохирсон хөгжмийг сонгоод сонсдог.

 ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Аль аль зан чанар нь байдаг. Тухайн нөхцөл байдалдаа зохицоод л явдаг даа. Ер нь ажил бизнесийн тал дээр хувь хүний эмоцийг гаргахаас илүүтэй тухайн нөхцөл байдлаа мэдрэн зөв оновчтой хариу үйлдэл үзүүлэх ёстой гэж боддог. Зарим үед төвлөрөөд ганцаараа суухыг хүсдэг. Ууланд алхах нь надад ийм боломжийг олгодог юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Аль болох 22 цагт унтахыг хичээдэг ч ихэнхдээ 23-06 цагийн хооронд нойр авдаг юм байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Ууланд алхах хоббитой. Ер нь ууланд хайртай. Би "Хайрхан" аялагч клубийг үүсгэн байгуулсан хүмүүсийг нэг. Нэг хэсэг бол ээлжийн амралтаа аваад л уул руу явчихдаг байсан. Одоо бол жаахан хүүхдүүдтэй учраас амжихгүй байгаа.

Гэр бүлээрээ агаар салхинд бол мэдээж гарна. Өглөөгүүр Aqua Fitness-т явдаг. Мөн хүүхдүүдтэйгээ нэлээн сайн “тулж ажиллах”-ыг хичээдэг. За тэгээд кино үзэх, найзуудтай уулзах гэх мэтийг хийнэ ээ хийнэ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Манай ажлын хамт олны дийлэнх нь шижигнэсэн залуучууд. Тийм болохоор их энерги, эрч хүч мэдрэгддэг юм. Ажиллахад урамтай, аяндаа хурцлагдаад явдаг.Мөн уулын клубийн найзуудаа дурдах ёстой. Бүгд л хийж бүтээе гэсэн өндөр эрмэлзэлтэй, ядарч цуцахаа мэдэхгүй хүмүүс байдаг. Хүн цэвэр агаарт, байгаль дэлхийтэйгээ ойр байж тархиа сайн амраадаг байвал бие махбод тэр болгон ядраад байдаггүйг тэднээсээ ойлгох шиг болдог.

Би олон сайхан багш нартай. Тэд маань бас намайг чиглүүлж, үлгэр дууриал болж байдаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Бага байхад зуны амралтаараа эмээтэйгээ хамт байдаг байлаа. Эмээ маань нар мандахаас өмнө босох ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан. Зун нар мандахаас өмнө гэхээр их л эрт босдог байсан гэсэн үг. Унтмаар санагдвал, ядраад байвал өдөр эргээд унтаж болно гэдэг байв. Ингэж би багаасаа эрт босож өглөөний үнэ цэнтэй цагийг ашиглаж сурсан даа. Одоо тэр болгон эрт босохгүй байгаа ч 6 цаг гэхэд өдрийг эхлүүлчихсэн байдаг. Эмээ маань эрт босохоос гадна өглөө, орой дасгал хийдэг байсан тулдаа 96 гэх өндөр насыг насалсан болов уу. Эмээгийнхээ энэ зөв амьдралын хэвшлээс үлгэр авч, өөртөө шингээхийг зорьдог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛж ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Өөрийгөө хөгжүүлэхээ битгий зогсоогоорой, байнга шинийг эрэлхийлж идэвх зүтгэл гаргадаг байгаарай гэж хэлнэ дээ. Үүний тулд их унших хэрэгтэй, мөн сайн ментортой байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ нэг зүйлийг сануулахад, зүгээр байж байгаад сайн ментортой болно гэж үгүй. Өөрөө хичээл зүтгэлтэй байснаар ментор болох хүнийхээ анхаарлыг татаж, зааж зөвлөх хүслийг нь төрүүлдэг. Нөгөө хүндээ бас "өгч", харилцан ашиг тустай харилцааг үүсгэх ёстой гэж боддог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

NCS-ийн захирал Д.Болор гуайг санал болгоё. Мобиком, Скайтел зэрэг томоохон компаниудыг амжилттай удирдаж байсан ихээхэн туршлагатай, мундаг хүн гэж боддог юм.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

31734   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.