Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   06 сарын 01, 2019

Билл Гэйтсийн энэ зун уншихыг санал болгож буй 5 ном

Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс жилд 50 орчим ном уншдаг гэдэг. Тэрээр зун болгон тухайн жил уншсан номуудаасаа заримыг нь онцлон нэрлэдэг бөгөөд энэ зуны жагсаалтаа саяхан гаргаж, энэ удаа хөнгөн биш, бодож эргэцүүлэх зүйл ихтэй номуудыг санал болгож байгаагаа онцолсон байна. Ажил харьцангуй хөнгөрч унших цаг ихтэй болдог зуны улиралд юу унших билээ хэмээн бодож суугаа бол та эдгээр сонирхолтой номуудыг сонирхоод үзээрэй. Ташрамд хэлэхэд, Билл Гэйтсийн сүүлийн 9 жил уншсан номуудын тэмдэглэлийг www.gatesnotes.com сайтаас нь унших боломжтой юм.

Upheavel

Билл Гэйтс жагсаалтын эхэнд өөрийн унших дуртай түүхч, зохиолч Жаред Даймондын хамгийн сүүлийн ном болох "Upheavel" номыг онцолжээ. Түүний 1997 онд бичсэн “Guns, Germs and Steel” хэмээх олны сайн мэдэх бүтээл Пулитцерын шагналыг хүртэж байсан юм. Энэ ном нь улс орнууд иргэний дайн, гаднынхны дайралт, эдийн засгийн доройтол зэрэг төрөл бүрийн хямралын үеэр ямар арга хэмжээ авдаг, хэрхэн даван гардгийг өгүүлдэг байна. Билл Гэйтс энэ номын тухай “Хүнд хэцүү зүйлсийг бичсэн боловч энэ номыг дуусгах үед хүн төрөлхтний асуудлыг шийдвэрлэх чадамжийг биширч, улам ч өөдрөг болсон шүү" гэж бичжээ. Та бүхэн Япон, Чили, Индонез, Герман, Австрали, АНУ зэрэг олон улс оронд болж байсан хямралт үеүд, түүнийг давсан туршлага, сургамжийг мэдье гэвэл энэ номыг сонирхоорой.
Дэлгэрэнгүй тоймыг унших

Nine Pints

Билл Гэйтс нэг тодорхой сэдвийг нарийн шинжилсэн номуудад дуртай гэнэ. Сэтгүүлч, зохиолч Рөүз Жоржийн бичсэн “Nine Pints” бол цусны тухай нэвтэрхий толь л гэсэн үг. Энэхүү номд цусны бүтэц, цусны бүлэг, цусны өвчлөл, халдварын талаарх шинжлэх ухааны тайлбар, тэр ч бүү хэл цустай холбоотой улс төр, нийгмийн үзэл суртал, цусны бүлгээс үүдсэн түүхүүдийг багтаасан ажээ. “Шинжлэх ухааны баримт нотолгоог сонирхолтой жишээнүүдтэй сүлж бичсэн нь энэ номыг улам сонирхолтой, амт шимттэй болгосон байна” хэмээн тэр бичжээ.
Дэлгэрэнгүй тоймыг унших

A Gentleman in Moscow

"Эргэн тойрны бүх л хүн энэ номыг уншсан мэт санагдсан. Хүргэн маань надад илгээмэгц уншсандаа баяртай байгаа" хэмээн тэр бичжээ. “A Gentleman in Moscow” ном нь Оросын хувьсгалын үеийг гүн Александр Ростовын амьдралаар төлөөлүүлэн өгүүлдэг. Билл Гэйтс Оросын тэр үеийн түүхийг унших дуртай бөгөөд Оросын түүхийг ухаалгаар, хөгжилтэйгөөр харуулах энэ романд хайр дурлал, улс төр, тагнуулын ажиллагаа, яруу найраг, эцэг эх байх зэрэг олон сэдвийг шингээсэн нь түүнд таалагджээ. Билл Гэйтс Достоевскийн бүх номыг уншсанаа мөн дурдаж.
Дэлгэрэнгүй тоймыг унших

The Future of Capitalism

Сүүлийн үед дэлхий дахинд болж буй үйл явдлууд олон хүнд капитализмын ирээдүй хэрхэх бол гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж буй. Ийм цаг мөчид Английн эдийн засагч Пол Коллиер “The Future of Capitalism” номоо бичжээ. Зохиогчийн өгүүлснээр, хурдтай хөгжиж буй хотууд ба жижиг хот тосгод, дээд боловсролтой иргэд ба боловсролгүй иргэд, өндөр орлоготой улсууд ба бага буурай улсуудын зөрүү улам бүр нэмэгдэж байгаа нь капитализмын ирээдүйн тухай эргэцүүлэх сэдлийг төрүүлж байгаа аж. Билл Гэйтс зохиогчийн номынхоо гол санааг задлан шинжилсэн нь дэвшүүлсэн шийдлүүдээсээ илүү ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна.
Дэлгэрэнгүй тоймыг унших

PRESIDENTS OF WAR

Билл Гэйтс Вьетнамын дайны талаар судлахыг хүссэн учраас энэхүү номыг барьж авчээ. Түүхч Майкл Бешлошийн бичсэн энэ номд Вьетнамын дайны тухай төдийгүй АНУ байгуулагдсан үеэс 1970-аад оныг хүртэлх тус улсын оролцсон гол дайнуудын тухай өгүүлдэг. Тухайн үеийн ерөнхийлөгчдийн дайнтай холбоотой гаргаж байсан шийдвэрүүд, дайны үеийн манлайллыг дэлгэрэнгүй бичсэнээрээ хойчийн удирдагч нарт томоохон сургамж болж чадна хэмээн энэ номын тухай дүгнэсэн байна.
Дэлгэрэнгүй тоймыг унших

19313   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Э.Сударчулуун




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.