Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 31, 2019

Хүүхдийн баярын өдөрт: Түүхийг өөрчилсөн 5 хүүхэд

Дэлхий дээр хоёр тэрбумаараа гэрэлтэж, баяр баяслыг түгээж буй бяцхан үрсийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдөр маргааш тохиох байна. Аз жаргал нь болж ирдэг бяцхан үрсийг аав ээж нь өсгөн хүмүүжүүлж, өөрийн биеийг дааж явах хүртэл нь хайрлан халамжилдаг. Ихэнх хүүхдүүд ийн өсөж өндийх боловч зарим нь хурц ухаан, авьяас чадвараараа эрт тодорч дэлхийн түүхийг эргүүлэн, өөрчлөлтийг өртөөлөн авчрах нь бий. Энэ удаа бид яг л тийм түүхүүдийг буюу насандаа багтамгүй эр зориг, хүсэл тэмүүлэл нь томчуудын сэтгээгүй, түүхэнд гараагүй өөрчлөлтүүдийг бүтээж, хүн төрөлхтний итгэлийг сэргээсэн онцгой хүүхдүүдийг онцолж байна.

грета тунберг: уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 

Стокгольм хотод парламентын байрны өмнө 15 настай швед охин 2018 оны наймдугаар сараас эхлэн тав дахь өдөр болгон хичээлдээ суухгүйгээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, улмаар TIME сэтгүүлийн 2018 оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодорсон билээ. Тэрбээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилго бүхий Парисын хэлэлцээрийг засгийн газар нь биелүүлж эхлэх хүртэл тав дахь өдөр болгон хичээлдээ суухгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдэж, өнөөг хүртэл идэвхтэй тэмцсээр байгаа юм. Түүний байгаль дэлхийгээ хайрлах чин хүсэл, эрмэлзлийг дэмжиж дэлхийн 400 гаруй хотын оюутан, сурагчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж, Гретаг Нобелийн шагналд нэр дэвшүүлээд буй. Тэрбээр найман настайгаасаа дэлхийн дулаарлын талаар сонсон судалж эхэлжээ. Хүний тоолшгүй олон буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий маань хэрхэн сүйдэж, тарчилж буйг мэдсээр байж хэн ч юу ч хийж байгаад үнэхээр гайхсан Грета Тунбегр энэ бүхнийг өөрчлөхийг хүссэн байна.

НҮБ-аас тооцоолсноор дэлхийн дулаарлын хэмжээ цельсийн хоёр хувиар нэмэгдэхэд дэлхий тэр чигтээ усанд автан, хүмүүс цэвэр усны хомстолд орж, хүнс тэжээлийн дутагдалд нэрвэгдэх аюултай юм. Тиймээс Грета хэрэгцээгүй хог хаягдал гаргахаа больж, хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг амьтны мах идэхээс татгалзах болжээ. Тэрбээр Европын холбооноос гаргасан 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 45 хувиар бууруулах зорилтоо хэрэгжүүлэх шаардлагыг төр, засгийн удирдлагадаа тавьж, анхаарал хандуулахыг хүсэж байна. Түүгээр зогсохгүй залууст байгаль орчноо хамгаалах сэдэл төрүүлж, аливаа өөрчлөлтийн төлөө эр зориг гарган тэмцэхийг уриалахаар “Өөрчлөлт хийхэд хэний ч хувь нэмэр багадахгүй” номоо зургаадугаар сард олны хүртээл болгохоор болжээ. Тус номонд түүний НҮБ, Дэлхийн эдийн засгийн форум болон бусад олон улсын форум, хэлэлцүүлэг дээр тавьсан илтгэлүүдийг багтаасан аж.

Энн Макосински: биеийн дулаанаар цэнэглэх гар чийдэн бүтээгч 

Шинжлэх ухаанд хайртай 13-18 насны хүүхдүүдийн технологи, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг уралдуулах “Google Science Fair 2013” тэмцээнд 15 настай Канад охин биеийн дулаанаар цэнэглэх “Hollow Flashlight” нэртэй гар чийдэн бүтээснээр ялалт байгуулжээ. Багаасаа л шинжлэх ухааныг шимтэн сонирхож, аливаа үзэгдлийн учир шалтгаан, шийдлийг олохыг хичээдэг байсан тэрбээр цахилгаангүйгээс болж гэртээ хичээлээ давтаж, сургуульд явахад бэрхшээлтэй байгаа тухай ярьсан найзынхаа ярианаас сэдэл авч, туслахаар шийджээ. Ингэхдээ санхүүгийн асуудлаас шалтгаалахгүйгээр эрчим хүч бий болгох шийдлийг эрэлхийлж, хүний бие 24 цагийн турш 100 ваттын гэрлийн чийдэнг ажиллуулахад хүрэлцэх хэмжээний цахилгааныг үйлдвэрлэдэг болохыг нарийвчлан судалж эхэлсэн байна. Ингээд гарын дулаанаар эрчим хүч бий болгож, LED гэрэл үүсгэх гар чийдэнг зохион бүтээжээ.

Өдгөө дэлхийн дээр 1.3 тэрбум хүн байнгын цахилгаангүй амьдарч буйн улмаас амьжиргаагаа дээшлүүлэхэд бэрхшээлтэй хэвээр байгааг Дэлхийн эдийн засгийн форумын үеэр онцолсон. Тиймээс Энн Макосински охины бүтээсэн энэхүү чийдэн олон сая хүмүүсийн амьдралд ач тус өгөөд зогсохгүй, байгальд ээлтэй эрчим хүчний хэрэглээг бий болгосныг онцлох нь зүйтэй. Энн Макосински TIME болон Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг 30 хүртэлх насны, дэлхийг өөрчилж буй эрхмүүдийн жагсаалтад багтаж, АНУ, Канадад болсон “TEDx” арга хэмжээнүүдэд илтгэгчээр оролцжээ.

Мөн “Makotronics Enterprises” компанийг үүсгэн байгуулж, байгальд ээлтэй эрчим хүч бүтээх бүтээлүүдээ гаргаж байна.Тухайлбал, халуун устай савнаас эрчим хүч гарган, ухаалаг гар утсаа цэнэглэх EDrink хэмээх бүтээл гаргасан байна. Шинэ үеийн залуусын дунд ухаалаг утас, компьютерын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь байнга цахилгаанаар цэнэглэх хэрэгцээ үүсгэж байгааг анзаарч, халуунаа барьдаг савны ёроолд халуун шингэнээс гарах энергийг эрчим хүч болгон хувиргах технологийн шийдлийг олсон байна. Өөрөөр хэлбэл, EDrink хэмээх аяганд халуун ус хийгээд л доод хэсэгт нь гар утасны цэнэглэгчээ залгахад таны утсанд цэнэг дамжуулах болно.

Бояан слат: далайн хог хаягдлыг шүүх технологийг бүтээгч 

Нидерландад төрсөн Бояан Слат хэмээх хүү 3 настайгаасаа инженер болохыг мөрөөдөн, янз бүрийн шинжлэх ухааны туршилтуудыг хийдэг байжээ. Тэрбээр 16 настайдаа буюу 2011 оны зун Грекээр аялахдаа далайд их хэмжээний хог хаягдал хөглөрч буйг хараад ихэд санаа зовсон тул түүнийг шийдэх ямар арга байгааг судалж эхэлсэн байна. Дэлхийн амьтдыг хамгаалах байгууллагаас мэдээлснээр, өдгөө жил бүр 9 сая тонн хог хаягдлыг далайд хаягдаж байгаагийн 80 хувь нь хуванцар хэрэгсэл аж. Байдал энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд далайд хаягдсан хог хаягдлын хэмжээ 400 сая тоннд хүрэх тооцоо бий.

Тиймээс Бояан далайд байгаа амьтдыг гэмтээхгүйгээр хог хаягдлыг түүж авах аргыг судалж, далайн давлагаа, түрлэг ашиглан хог, хаягдлыг авах технологийг боловсруулжээ. Цаашид далайн гүн хүртэл шумбаж жилд тэрбум тонн хогийг түүхээр “The Ocean Cleanup” старпап компанийг байгуулсан юм. Далайн хог түүх машинаа илүү сайжруулахын тулд дэлхийн 160 гаруй орны 38 мянган хандивлагчаас 31.5 сая ам.доллар цуглуулан, сайн дурын ажилтнуудтай хамт кампанит ажил өрнүүлсэн нь НҮБ-ын анхаарлыг татсан бөгөөд тус байгууллагаас Бояаныг шилдэг байгаль хамгаалагчаар тодруулсан билээ.

ом пракаш гуржар: хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг тэмцэгч 

Энэтхэгийн жижиг тосгонд төрсөн нэгэн жаал хүүг ердөө таван настай байхад нь эцэг, эх нь өр төлбөрөө төлж дийлээгүйн улмаас тариан талбайд гурван жил ажиллуулахаар авч явжээ. Өдөрт маш бага хоол идэж, халуун наранд өдөржингөө ажилладаг байсан тэрбээр насандаа багтамгүй хүнд хүчир ажил хийхээс илүүтэй мэдлэг, боловсролоо дээшлүүлэхийг юу юунаас илүү хүсэж байсан аж. Түүнийг анзаарсан Нобелийн шагналт, хүний эрхийн идэвхтэн Кайлаш Сатьяртхи буцаад сургуульд нь явуулж, хүүхдийн боолчлол, наймаа, хүчээр гэрлүүлэхийн эсрэг хамтдаа тэмцэж эхэлсэн байна. Тухайлбал, Энэтхэг хүүхдүүдийг төрсний гэрчилгээжүүлэн, улсын бүртгэлд албан ёсоор оруулах ажлыг эхлүүлсэн нь тэдний эрхийг хамгаалах хамгийн эхний арга хэмээн үзэж, хүний наймаа, хүчээр гэрлүүлэх хууль бус үйлдлийн эсрэг нийгмийн хөдөлгөөнүүдийг араасаа дагуулжээ. “Хүүхдийн нөхөрсөг тосгон” хэмээх сүлжээ байгуулж, хүүхдийн наад захын эрхийг хангахын төлөө олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснийг нь үнэлэн түүнд 1993 онд Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал гардуулж байв. Нийгэмд чиглэсэн ажлынхаа хажуугаар тэрбээр мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр, бизнесийн удирдлагын чиглэлээр магистраа хамгаалсан байна.

жак андрака: нойр булчирхайн хорт хавдрыг эрт оношлох аргыг бүтээгч 

АНУ-ын ахлах сургуулийн 15 настай хүү авга ахыгаа нойр булчирхайн хорт хавдраар нас барсны дараа харамсал, уй гашууд автаж, ахыгаа амьд үлдээх боломж байсан л байх ёстой гэж бодсоор байжээ. Ингээд тэрхүү хорт хавдрын талаар интернетээс өдөр бүр судалгаа хийж эхэлсэн байна. Нойр булчирхайн хорт хавдрын нийт тохиолдлын 85 хувь нь хожуу оношлогдож, хоёрхон хувь нь амьд үлдэх магадлалтай байдгийг мэдсэнээс гадна оношилгооны өртөг хэт өндөр тул хүмүүс тэр бүр эрт илрүүлж чаддаггүйг ухаарчээ. Улмаар тэр нойр булчирхайн хорт хавдраар өвчлөгчдөд тохиодог уургийн өөрчлөлтийг хэмжих аргыг нарийн судлах лабораторийг байгуулахаар 150 гаруй профессор луу судалгааны төсөл бичин явуулсан бөгөөд тэдний ганц нь л хамтран ажиллахыг зөвшөөрсөн байна.

Ингээд тэд долоон сарын турш лабораторид ажилласны эцэст таван минутын дотор алдаа багатайгаар хямд зардлаар шинжлэх боломжтой оношилгооны аргыг бүтээсэн нь хуучин оношилгооноос 150 гаруй дахин хурдан, 400 гаруй дахин илүү нарийвчлалтай байжээ. Энэхүү оношилгооны тест нь зөвхөн нойр булчирхай гэлтгүй өндгөвч, уушгины хорт хавдрыг ч эрт илрүүлэх боломжтой аж.Тэрбээр өөрийн судалж боловсруулсан энэхүү тестээрээ 2012 онд “Intel International Science and Engineering Fair” (ISEF) тэмцээнд шалгарч, нийт 105 мянган ам долларын шагналыг хүртсэн билээ. Жак Андрака одоо антропологи ба цахилгаан инженерийн чиглэлээр Стэнфордын их сургуульд суралцан, "Andraka Technologies" спарт ап компанийг байгуулаад байгаа юм.

Ийнхүү насандаа багтамгүй эр зориг, хүсэл тэмүүллээр хөглөгдсөн хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт өөрчлөлтийг бүтээж, өртөөлөн алхаж байна. Хүүхэд нас бол баяр баясал, дэггүйтэл, сониуч зандаа хөтлөгдөн, бүхнийг танин мэдэх хүслээр дүүрсэн хорвоотой танилцах аялал билээ. Хүний орчлонгийн чимэг болсон хүүхэд бүрийг хамгаалан хайрлаж, аз жаргал бэлэглэж байгаарай. Дэлхийн өнцөг булан бүрд хүүхдийн аз жаргалтай инээд цалгиж, хорвоо ертөнцийг гэрэлтүүлж байг.

8798   0


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.