Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   06 сарын 03, 2019

Онцлох бизнес: Avlaa.mn - Захисан бараагаа ухаалгаар авцгаая

Худалдан авагчийн зан төлөв улам бүр өөрчлөгдөж буйтай холбоотойгоор онлайн худалдааны сайтууд нэмэгдсээр буй. Эдгээр бизнесүүд нэг нэгээсээ тэр болгон ялгарахгүй байгаа энэ үед тус зах зээлд хүчтэй түрэн орж ирж буй нэг платформ байгаа нь Avlaa.mn юм. Тэд саяхан AvlaaBOX гэх хүргэлтийн ухаалаг хайрцгийг нэвтрүүлээд байгаа Улаанбаатар хот даяар тоог нь нэмэхээр ажиллаж байна. Хэрэглэгчийн нүдээр бизнесээ харж, улам бүр сайжруулан хөгжүүлсээр буй Avlaa.mn-ий үүсгэн байгуулагч Б.Батжаргалтай ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: Avlaa.mn
Үйл ажиллагааны чиглэл: Онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Б.Батжаргал
Үүсгэн байгуулсан он: 2019
Цахим хуудас: www.avlaa.mn
Сошиал хуудас: Авлаа.мн (Фэйсбүүк), @avlaamn (Инстаграм)
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, HUB Innovation center, 4 тоот

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Өөрт тулгарсан асуудлаас үүдэн бизнесийнхээ санааг олсон. Охиндоо агаар цэвэршүүлэгч авахаар хайлт хийхэд нэг брэндийн ижил бүтээгдэхүүн 5 өөр худалдааны төв буюу сайтад 5 өөр үнэтэй байв. Өмнө нь ийм байдаг гэж огт мэдээгүй. Тэгээд судлаад үзэхэд үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх шат дамжлага тутам ямар нэгэн нэмэлт өртөг тухайн барааны үнэд шингэдэг юм билээ. Хэдийгээр манайд онлайн худалдаа, үйлчилгээний олон шийдэл байгаа ч бүрэн төгс бас болоогүй л байна.

Ер нь аливаа бизнесийг хамгийн сайнаараа хийсэн ч 75 хувийн гүйцэтгэлтэй л хийж чаддаг, үлдсэн 25 хувийг нь өрсөлдөгчид нь хөгжүүлж байдаг гэдэг. Өөрөөр хэлбэл 25 хувийн орон зай байнга байдаг гэсэн үг. Тиймээс бид энэ онлайн худалдааны зах зээлд зориглон орж, нэмүү үнэ цэн шингээн өрсөлдөх боломжтой гэж үзсэн юм.

Ингээд, ороод үзвэл хамгийн хямд, чанартай бүтээгдэхүүн байдаг гэдэгт хэрэглэгчид итгэлтэй байдаг, хүргэлтийн сонирхолтой шийдэл бүхий онлайн платформ бий болгохоор яг жилийн өмнөөс санаагаа боловсруулж эхэлсэн.

Анхны хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ?

Энэ хугацаа л хамгийн урт байлаа. Би дижитал маркетингийн чиглэлээр илүү мэргэшсэн хүн болохоор стартап эхлүүлэхийн тулд бүгдийг нь эхнээс нь суралцах хэрэгтэй болсон. Яг л хүүхэд А үсэг бичиж сурдаг шиг техник эдийн засгийн үндэслэл гэж юу болох, санхүүгийн тооцооллуудыг хэрхэн хийдэг зэргийг дэс дараагаар сурч эхэлсэн гэж болно. Тэгээд азаар бидний зорилгыг дэмжих лидерүүдтэй танилцаж, анхны хөрөнгө оруулалтаа амжилттай авсан. Өнгөрсөн 12 дугаар сард бизнес найраанд (pitch) оролцон санаагаа танилцуулаад, HUB Инновацын төвийн инкубаторт бойжих болсон маань илүү хурдан өсөлт үзүүлэх боломжийг олгосон.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Ер нь хүн ганцаараа юуг ч хийж чадахгүй шүү дээ. Энэ бүхэн санаа төдий байхаас эхлэн анхны хүргэлт хүртэл хамт байж, сорилт бэрхшээлийг хамтдаа туулсаар буй хамтрагч минь бий. Би өөрөө уламжлалт арга барилаар ажилладаг талдаа, аливаад нэлээд өндөр шаардлага тавьж ханддаг бол манай хамтрагч тун нээлттэй, шинийг санаачлагч байрын хүн. Ингэхээр бид хоёр сайн хослол болж чаддаг. Манай Цолмон ажиллах орчин, байгууллагын уур амьсгал, хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авах зэрэгт их анхаардаг.

Танай бизнесийн онцлог, давуу тал юу вэ?

Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг хүргэх SMARTBOX-ийг нэвтрүүлж байгаа нь манай хамгийн гол онцлог. Одоогоор Улаанбаатар хотод 3 цэгт хүргэлтийн хайрцаг буюу SMARTBOX-ийг байршуулаад байна. Хэрэглэгч Авлаагаас бүтээгдэхүүн захиалсан бол тантай хамгийн ойр байрлах SMARTBOX-д хүргэлт хийх, эсвэл таны хаягаар хүргэж өгөх гэсэн 2 сонголт бий.

“Avlaa.mn” хямд үнэ, найдвартай бүтээгдэхүүн, үнэгүй баталгаат хүргэлт, хэрэглэгчид үйлдвэрлэгчийн дундын баталгааг санал болгож байгаа. Ихэнх гаднын сайтууд дээр хэн ч бай өөрийн онлайн дэлгүүрийг нээж бүтээгдэхүүнээ худалдаалах боломжой байдаг. Үүнд тухайн платформ бус үйлдвэрлэгч нь хариуцлага хүлээдэг тул чанартай, чанаргүй ямар ч бүтээгдэхүүн байх боломжтой. Харин бид Avlaa.mn дээр орох бүх бүтээгдэхүүнд чанарын шаардлага тавьдгаараа ялгарна. Хүүхдийн памперс л гэхэд хамгийн сайн шингээлттэй, харшил үүсгэдэггүй сайн чанарын памперсыг л худалдаалах болно. Тиймээс Avlaa.mn гэвэл чанар гэж харах боломжтой.

Мөн бид зах зээл дээр тасалдсан, олдохгүй байгаа бүтээгдэхүүнийг ч тогтмол үнээр, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх хамгийн хямд шийдлээр худалдаалах юм. Одоохондоо хамгийн хямд нь гэж хэлэхгүй ч энэ талын шийдэл дээр анхааран ажиллаж байна.

Танай ойрын болон хэтийн зорилго юу вэ?

Охин маань дөнгөж 7 сартай болохоор, ялангуяа эхнэрт маань хэрэгтэй зүйлээ найдвартай газраас хурдан шуурхай захиалж авах хэрэгцээ их байдгийг улам бүр ойлгож байна. Тиймээс хамгийн эхний зорилго бол ээж, хүүхэдтэй холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг албан ёсны нийлүүлэгчээс нь хямд үнээр, найдвартай хурдан хүргэх явдал. Цаашлаад хэрэглэгчид гадаад дотоодын аль ч брэндийн бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хямд үнээр захиалан авах боломж бүхий шийдлийг нэвтрүүлж, чанартай бүтээгдэхүүнийг түгээдэг хамгийн том онлайн худалдааны сүлжээ болох зорилготойгоор ажиллаж байна.

Бизнесийн үнэт зүйл, баримталдаг зарчим тань юу вэ? 

Бизнес модельдоо баримталдаг зарчим бол хэрэглэгч сэтгэлгээ. Би хүүхдэдээ юу захидаг билээ, юу хэрэг болдог билээ, ямар байвал надад илүү амар байх вэ гэх мэтээр хэрэглэгчид юу хүсдэгийг сайн бодож тооцоолж, яг л тийм үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Магадгүй ирээдүйд Avlaa.mn маш олон залуусыг ажлын байраар хангах, бүтээгдэхүүнээ байршуулах борлуулалтын суваг болох байх. Манай залуучууд өдөр бүр ямар нэгэн шинэ зүйлийг сурч, тэр бүхнээ бизнестээ нэвтрүүлэх, шинийг эрэлхийлэх зарчим барьж ажилладаг. Avlaa.mn гэсэн нэрэн дор цуглаж байгаа бүх хүн л жаргалтай байгаасай гэж хүсдэг. Эцсийн эцэст монгол хүнд очих бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар, хамгийн хурднаар хүргэж болох шийдлийг л гаргаж ирэхээр тэмүүлж байна.

Яг одоо юун дээР төвлөрӨН ажиллаж байГАА вэ?

Хүргэлтийн цоо шинэ систем болох AvlaaBOX-оо зах зээлд таниулах, ашигтай байршлууд дээр нэмж байршуулах, хэрэглэх соёлыг түгээх маркетингийн ажлууд дээр илүү төвлөрч байна. Хамгийн анхны AvlaaBOX-оо HUB Инновацын төв дээр байршуулж, дахиад хэд хэдэн байршилд амжилттай нэвтрүүлээд байна. Хүргэлтийн ухаалаг box-уудыг байршуулснаар хэрэглэгч гэртээ байхгүй байсан ч, AvlaaBOX-д ирсэн бүтээгдэхүүнээ өөрийн боломжит цагт авах боломж бүрдэх юм. Мөн намар хүртэл Avlaa апп дээрээ нэлээн төвлөрөх байх.

avlaabox-ийН ТАЛААР ЖААХАН ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

Бид AvlaaBOX буюу хүргэлтийн ухаалаг шүүгээнүүдийг Монголд анх удаа байршуулаад байна. Онлайн худалдааны сайтуудаар бараа захиалахад хүргэлт нь хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, хэлсэн цагт нь хүлээгээд л байх нэг асуудал байдаг. Энэ нь хэрэглэгчид ихээхэн төвөг чирэгдэл учруулдаг. Бидний нэвтрүүлж буй AvlaaBOX нь таны гэрийн доор байрласан байна. Та гэртээ байхгүй байсан ч бараа шүүгээнд хүргэгдэх тул гэртээ ирэх үедээ гар утсанд ирэх нууц үгийг ашиглан захиалсан бараагаа авах боломжтой болж байгаа юм. Цаашид манай AvlaaBOX-ууд хот даяар нэмэгдсээр байх болно.

Энэ бизнесийг эрхлэхийн давуу тал болон хэцүү бэрхшээлтэй тал нь юу вэ?

Стартап бизнес эрхлэхэд өдөр бүр шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйлсийг сурдаг. Хувь хүн талаасаа олон зүйлд суралцаж байна. Харилцагчдын тоо өсөхийн хэрээр худалдан авагчид нэмэгдэж, хүргэлтийг илүү хурдан болох, сэтгэл ханамжийг өндөр байлгах нь томоохон сорилт болж байна. Гэхдээ сорилт бүхэн шийдэлтэй байдаг. Бид аливаа асуудлыг багаараа хэлэлцээд дор бүр нь шийдээд явдаг. Бэрхшээлтэй тал нь гэвэл Монголд интернет худалдааны соёл дөнгөж л төлөвшиж эхэлж байгаа. Тэгэхээр асуудал мундахгүй ихтэй, сорил бэрхшээл байнга л тулгарч байдаг. Гэхдээ үүнийг боломж болгон харах нь л чухал гэж үздэг.

Хэрэглэгчдээс ямар сэтгэгдэл хамгийн их ирдэг вэ?

Хэрэглэгчид маань байнга урмын үг хэлж биднийг эрч хүчээр цэнэглэж байдаг. Ялангуяа “Яаралтай үед хэрэгтэй бүтээгдэхүүнийг маань хурдан шуурхай хүргэж ирсэнд баярлалаа” гэх сэтгэгдэл нялх хүүхэдтэй ээжүүдээс их ирдэг шүү.

21200   11


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг:

Г.Ананд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.